| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/04357/И |
| Дугаар | 102/ШШ2021/00753 |
| Огноо | 2021-02-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/00753
| 2021 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2021/00433 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуур 12 дугаар гудамж, 163 тоотод оршин суух, Сартуул овогт Лхагвадоржийн Ариунгэрэл /РД: ХЖ80101168/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж, 10 дугаар байранд байрлах, “БСБ финанс ББСБ” ХХК-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ариунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ариунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “БСБ финанс ББСБ” ХХК-д нарийн бичгийн ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. “БСБ финанс ББСБ” ХХК нь Ковид-19 цар тахлаас үүдэлтэй үндэслэлээр орон тооны цомхотгол хийж, нарийн бичгийн орон тоог хасаж, “БСБ финанс ББСБ” ХХК-ийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Ф/12 дугаар тушаалаар намайг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн.
Ажил олгогч нь Ковид-19 цар тахлыг далимдуулан цомхотгол гэх нэрийдлээр ажлаас намайг хууль бусаар үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Түүнчлэн, дээрх ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд үндэслэгдээгүй тул хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “БСБ финанс ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Л.Уранчимэг шүүхэд гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Ариунгэрэлийг ажил олгогчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Ф/026 дугаар тушаалаар орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн. Орон тооны цомхотгол хийсэн нь зайлшгүй байсан бөгөөд манай үйл ажиллагаа хумигдаж, зээлдэгчийн тоо буурч байсан бөгөөд дагаад хийж байсан ажил нь ч мөн буурсан.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан бөгөөд уг тушаалыг тэр өдрөө нэхэмжлэгчид мэдэгдсэн. Уг тушаалаар түүнийг мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр ажлаас чөлөөлсөн. Улмаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний ажилгүйдлийн тэтгэмж олгосон. Үүнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилдаа ирээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ариунгэрэл нь хариуцагч “БСБ финанс ББСБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Ковид-19 цар тахлын улмаас зээл олголт, төлөлт хумигдаж, зээлдэгчийн тоо буурсан тул нарийн бичгийн орон тоо хасагдсан, ...хөдөлмөрийн гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцсон” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 5530/20/01 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулагдсан байх бөгөөд эрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад нарийн бичгийн ажил, албан тушаалд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-н өдрийг хүртэл ажиллах, хариуцагч нь гэрээгээр тохирсон хөлс төлөх, ажиллах нөхцөлөөр хангахаар тохиролцож, ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ф/012 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн нарийн бичгийн албан тушаалд томилжээ. /хх 12-14, 35 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, зохигчид талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагч “БСБ финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Ф-026 дугаар тушаалаар Ковид-19 цар тахлын улмаас зээл олголт, төлөлт хумигдаж, зээлдэгчийн тоо буурсан үндэслэлээр “БСБ финанс ББСБ” ХХК-ийн нарийн бичгийн албан тушаалыг хасаж, тухайн албан тушаалын чиг үүргийг албан бичиг хэрэг хөтлөлтийн мэргэжилтэнд шилжүүлж, нарийн бичгээр ажиллаж байсан ажилтан Л.Ариунгэрэлийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. /хх 11 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд мөн зүйлд заасан шийдвэрийг ажил олгогч нь ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Түүнчлэн, ажил олгогчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Ф/026 дугаар тушаалд нэхэмжлэгчийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон шийдвэрийн талаар нэхэмжлэгч нь хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Иймд нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийн талаар шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.
1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.
Хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас зээл олголт, төлөлт хумигдаж, зээлдэгчийн тоо буурсан үндэслэлээр нарийн бичгийн орон тоог хассан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг баримтаар мөн нотлох үүрэгтэй. Гэтэл Ковид-19 цар тахлын улмаас хариуцагч байгууллагын зээл олголт, төлөлт хумигдаж, зээлдэгчийн тоо буурсан гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн, энэ нь нарийн бичгийн албан тушаалыг хасах бодит шалтгаан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
1.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирч дуусгавар болгож болно.
Хариуцагч байгууллагын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Ф-026 дугаар тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүнтэй холбоотой хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирч дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, ажилтан болон ажил олгогч нар хоорондоо хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох асуудлаар урьдчилан ярилцаж нэгдсэн нэг саналд хүрснийг “талууд харилцан тохирсон” гэж үзнэ. Гэтэл хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байхаас гадна хариуцагчаас нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлийг бий болгохгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тогтоохдоо сарын дундаж цалин 1 375 000 төгрөгийг ажилгүй байсан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 92 хоногийн цалин, хөлс нийт 5 883 676 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
3. Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 883 676 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ариунгэрэлийг “БСБ финанс ББСБ” ХХК-ийн нарийн бичгийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “БСБ финанс ББСБ” ХХК-иас 5 883 676 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ариунгэрэлд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ариунгэрэлийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч “БСБ финанс ББСБ” ХХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 109 089 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН