Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00187

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2021/00187 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 13 дугаар хороо, Рашаан 8 УИД гудамж 1 тоотод оршин суух************** овогт*******гийн******* /РД:ХЗ61080314/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 хороолол 65 байр 66 тоотод оршин суух******* овогт*******ын******* /РД:ЧГ80071911/-т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхдуулал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Пүрэвсүрэн миний 2020 оны 07 сарын 29-ний өдөр үнэгүй зарын дагуу Б.Отгонбаяртай холбогдож Mitsubishi Pajero дугаартай автомашин худалдаж авсан. Худалдан авах үед Б.Отгонбаяраас уг машины талаар эхлээд утсаар асууж лавлаад 3.0 сс энгийн мотортой 2003 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд орж ирсэн хийх юм байхгүй гэсэн ба уг автомашиныг үзэж явахад машин асаж, унтраад байсан. Машин яагаад асаж, унтраад байна гэж асуухад кондишн-аас болоод байгаа юм, та кондишн-аа шороон замаар явахаараа асааж, ажиллуулж байхгүй юу гэсэн, Би ч тэрэнд нь итгээд ах нь хөгшиний бие муудаад хөдөө явах гэж байгаа шүү, хийх болон хэлэх юм байвал нуулгүй хэлээрэй гэж хэлэхэд найдвартай сайн машин байгаа шүү, та санаа зоволтгүй гээд байхаар нь хөгшин хүн үгэнд нь итгэж аваад Булган руу явсан. Гэтэл машин нь асаж, унтраад явж болохгүй болсон тул би Б.Отгонбаярын дугаар руу залгахад утсаа авахгүй, аргаа бараад өөр хүний утаснаас ч залгаад утсаа авахгүй болохоор нь би машинаа аргалж явж хотод авч ирж Пажеро сервес засварын газарт үзүүлэхэд таны хэлсэнчлэн энгийн мотортой биш 3.5 сс Жи Ди мотортой байна гэсэн. Мөн мотор кроп солих шаардлагатай машин байна гэсэн. Ингээд би Б.Отгонбаярт залилуулсан болохоо ойлгосон. Иймд чанарын болон эд ангийн доголдолтой машинаа хөгшин хүнийг мэдэхгүйгээр нь далимдуулж зарсан Б.Отгонбаяраас 11,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Пүрэвсүрэн нь 2020 оны 07 сарын 29-ний өдөр Б.Отгонбаяраас Mitsubishi Pajero маркийн 4076 дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлэн 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед зарын дагуу худалдан авагч тал нь 3 өдрийн туршид тухайн автомашиныг худалдан авахаар сонирхож гэр бүлийн хамт үзсэн бөгөөд 3 дахь өдөр дээрээ худалдан авахаар болж нотариатын гэрээ хийх гэсэн боловч шууд гэрчилгээ шилжүүлье гэснээр нисдэг машин төв дээр байрлах авто тээврийн газарт талууд өөрсдөө сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авсан болно. Тухайн шилжүүлэх явцад буюу машин үзэж чанар болон эрхийн доголдолгүй гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд хуучин машин тул үнийг бууруулаач гэсний дагуу дахин үнэ буулган дээрх үнээр худалдан авсан юм. Машин худалдах тухайн цаг үед автомашинд ямар ч доголдол байгаагүй бөгөөд 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэв нэхэмжлэлд дурдсанаар тухайн автомашин үзэх явцад доголдол үүсч байсан бол худалдан авагч худалдан авахаас татгалзах буюу хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар оношлуулан хүлээн авах бүрэн боломжтой байсан ч тийм явдал гараагүй тул чанар байдлыг бүрэн шалган авч худалдан авах бүрэн боломжтой байсан. Гэрээ хийх явцад ямар ч доголдолд дутагдал тухайн автомашинд байгаагүй бөгөөд хэрэв тийм зүйл байсан бол худалдан авалт хийгдэхгүй байсан гэж үзэж байна. Мөн худалдан авсаны дараа тийм гэмтэл байсан бол 2 сарын дараа бус маргааш нөгөөдөр нь л гэхэд засварын газраар оношлуулсан бүрэн боломжтой цаг хугацаа байсныг нэхэмжлэлийн огноо нотолж байна.

Мөн автомашины моторын мэдээлэл зэрэг нь автомашин үзэж байх явцад бүрэн мэдэгдэх боломжтой бөгөөд энэ талаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр бичээстэй, нээлттэй мэдээлэл тул ямарваа нууж хаах, бүр энэ талаар талууд хоорондоо юу ч ярилцаагүй болохыг мөн утасны дугаар 10 гаруй жил барьж байгаа дугаар тул зугтсан болон нуугдсан үйлдэл гаргаагүй болно. Иймд автомашиныг эрхийн болон биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн, мөн худалдан авсанаа 60 хоногийн дараа эвдэрсэн машин хүлээн авсан гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн нь хариуцагч Б.Отгонбаярт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн нь хариуцагч Б.Отгонбаяртай 2020 оны 07 сарын 29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох Б.Отгонбаяр нь 2020 оны 07 сарын 29-ний өдөр Mitsubishi pajero загварын 4076 улсын дугаартай суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг шилжүүлэх, худалдан авагч тал болох Л.Пүрэвсүрэн хариу төлбөрт нь 11,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний дагуу худалдагч Б.Отгонбаяр нь автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч тал болох Л.Пүрэвсүрэн хариу төлбөрт нь 11,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Б.Отгонбаяр нь гэрээний зүйл болох автомашины үйлдвэрлэсэн болон импортлосон огноо, хөдөлгүүрийн төрөл, багтаамжийн талаар ташаа мэдээлэл өгсөн, мөн автомашин доголдолтой буюу мотор, кроп солих шаардлагатай болох нь автомашины оношлогоо, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тодорхой болсон тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2.-т зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс үзэхэд маргаан бүхий автомашин 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 07 сарын 19-ний өдөр импортолсон, 3497 хөдөлгүүрийн багтаамжтай болох нь тогтоогдож байх бөгөөд Үнэгүй групп ХХК-ийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 32/20 дугаартай албан бичгээр ирүүлсэн уг автомашиныг худалдах зарын мэдээлэлтэй харьцуулан үзэхэд үйлдвэрлэсэн болон импорлосон огноо, хөдөлгүүрийн багтаамжийн мэдээлэл зөрүүтэй байна.

Автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэгдсэн болон импортолсон он тухайн автомашины чанар байдал, эдэлгээний хугацаа зэргийг тодорхойлж үнэд нөлөөлөх чухал хүчин зүйл бөгөөд дээрх үзүүлэлт талуудын тохиролцсноос өөр байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх тул уг автомашиныг биет байдлын доголдолтой гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлсон бөгөөд худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь гагцхүү тухайн доголдол эд хөрөнгийг хүлээн авах үед илрүүлэх боломжтой тохиолдолд тухайн доголдолтой холбоотой шаардах эрхээ алдана.

Маргаан бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэгдсэн болон импортолсон он талуудын тохиролцсноос өөр байгаа биет байдлын доголдол нь эд хөрөнгө хүлээн авах үед зохих ёсоор шалгасан тохиолдолд илрэх боломжтой гэж үзэхээр байна. Тодруулбал, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжийн мэдээлэл, үйлдвэрлэгдсэн болон импортолсон он тодорхой тусгагдсан байдаг тул худалдан авагч уг доголдлыг мэдэх боломжтой.

Түүнчлэн нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, хурдны хайрцаг /кроп/ солих шаардлагатай гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна нэхэмжлэгчийн Машин яагаад асаж, унтраад байна гэж асуухад кондишн-с болоод байгаа юм, та кондишныг шороон замаар явахаараа асааж, ажиллуулж байхгүй юу гэсэн гэх тайлбараас үзэхэд уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн байхад тээврийн хэрэгслийг хүлээн авсан гэж үзэхээр байх тул худалдан авагч тал болох Л.Пүрэвсүрэн худалдах-худалдан авах гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Отгонбаяраас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 11,000,000 төгрөг гаргуулах тухай Л.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Отгонбаяраас 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ