Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 827

 

 

 

 

                                                                       

 

2020            6             25                                             2020/ДШМ/827                          МАЛАЛ

 

 

Ж.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

хохирогч Garret Wilson /Гаррит Вилсон/-ы өмгөөлөгч С.Соронзонболд,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1075 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 44 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ж.Эд холбогдох 1805009440368 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ж.Э, 1994 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Алтайн 14-77 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УЗ94100257/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар сарын 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид дээрх ялыг эдэлж байгаад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;

            Ж.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлын 718 тоотод АНУ-ын иргэн Garret Wilson /Гаррит Вилсон/-ы нүцгэн байдлыг бичлэг хийн бэхжүүлэн авч, улмаар 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын иргэн Garret Wilson /Гаррит Вилсон/-ы эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц дээрх дүрс бичлэг, мэдээллийг тараахаар сүрдүүлж 20.000.000 төгрөг өгөхийг шаардаж заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Яллагдагч Ж.Эд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:

Яллагдагч Ж.Э урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял авсан, миний бие шийтгэх тогтоолоо аваагүй байгаа. ..." гэжээ.

Яллагдагч Ж.Э нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн гэх бөгөөд тухайн шийтгэх тогтоол хавтас хэрэгт авагдаагүй байна.

Ж.Э нь тухайн шийтгэх тогтоолоор ямар ял авсан талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн тухайн хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн тухайн хэргийг шийдвэрлэхдээ цагдан хоригдсон хугацааг хэрхэн тооцсон талаар тодорхойгүй байна.

Мөн Ж.Эд холбогдох хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1811 дугаартай захирамж, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 384 дугаартай захирамжаар тус тус прокурорт буцаасан бөгөөд тухайн захирамжид заагдсан ажиллагаануудыг огт хийгээгүй байна.

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1811 дүгээр захирамжид "шүүгдэгч нь уг бичлэгийг хийхэд Т.Наранбаяр хамт байсан, дараа нь түүнтэй хамт намайг Улсын Их дэлгүүрийн хажуу талын байранд хамт амьдруулдаг байсан. Тэр хугацаанд Гаррет Вилсон руу мөнгө нэхүүлж зурвас бичүүлсэн талаарх мэдүүлгийг шалгах нь зүйтэй. Уг бичлэгийг хийхэд хамт зочид буудалд оролцсон нь тогтоогдсон Т.Наранбаяраас гэрчээр байцаалт авсан байх ба уг хэрэгт холбогдуулан шалгаагүй нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ" гэж дурьдсан ажиллагаа огт хийгдээгүй байна.

Дээрх захирамжид зааснаар тухайн гэмт хэрэг үйлдэхэд Т.Наранбаяр нь хамт байсан бөгөөд дээрх хэрэгт холбогдуулж шалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн уг захирамжид заасан прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлгүй байгаа талаарх ажиллагааг хийгээгүй байна.

Түүнчлэн, хохирогчийн өмгөөлөгч “гэмт хэрэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байхад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг анхаарах нь зүйтэй.

Хохирогчоос мөнгө өгөхийг шаардсан үйлдэл нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Улсын Их дэлгүүрийн хажуу талын байранд болсон талаар гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан газрыг тогтоох нь зүйтэй.

Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Мөрдөн байцаалтын ажиллагаа хийх явцад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн 1809053820393 дугаартай хэрэгт 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлтийг гардуулан шүүхэд шилжүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Э нарт холбогдох эрүүгийн 1809053820393 дугаартай хэргийн шийдвэрлэлтийг хүлээх явцад тус шүүхээс хэргийг шүүхэд шилжүүлсэн тул Ж.Эд холбогдох эрүүгийн 1805009440368 дугаартай хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 647 дугаартай яллах дүгнэлт үйлдэж 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн хугацаанд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Э нарт холбогдох эрүүгийн 1809053820393 дугаартай хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоол гарсан байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эд холбогдох эрүүгийн 1805009440368 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 1811 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Шүүх хуралдаанаар Ж.Э нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдаж гомдол гаргасан талаар мэдүүлсэн.

Шүүхээс буцсан хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж мөрдөгчөөс Б.Даваасүрэн, Б.Амарсанаа, Б.Чинбат, Д.Цэгмид, Т.Наранбаяр, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг "Мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ялтан Ж.Э нь давж заалдаж гомдол гаргасан эсэхийг тодруулах албан тоот хүргүүлж, хариу авсан ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1408 дугаартай албан тоотоор Ж.Э нь 2019/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдаж гомдол гаргасныг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн талаар дурдсан байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас Ж.Эд холбогдох эрүүгийн 1805009440368 дугаартай хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал, хүлээлт үүсэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ДШМ/31 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа уг магадлалд Ж.Э нарт холбогдох хэргүүдийг нэгтгэх талаар дурдаагүй тул уг магадлалыг хэрэгт хавсаргаж 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Эд холбогдох эрүүгийн 1805009440368 дугаартай хэрэгт 45 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд дахин шилжүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр "Ж.Эд холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийг нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй" гэж хэргийг прокурорт буцаасан.

Хэргийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, нэгтгэх боломжгүй тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцсан Ж.Э нарт холбогдох эрүүгийн 1809053820393 дугаартай хэргийг тус дүүргийн шүүхээс шийдвэрлэхийг хүлээсэн бөгөөд тус шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын завсарлага авсан тул Ж.Эд холбогдох эрүүгийн 1805009440368 дугаартай хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 45а дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд дахин шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн хугацаанд буюу 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЩЦТ/386 дугаартай шийтгэх тогтоол гарсан байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаасан.

Тус шүүхийн 1475 дугаартай захирамжид аль ч дүүрэгт мөрдөн байцаалтад байхгүй,   шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт нэгтгүүлэхээр удаа дараа прокурорт буцаасан, гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Т.Наранбаярын болон бусад Б.Даваасүрэн, Б.Амарсанаа, Б.Чинбат, Д.Цэгмид нарын үйлдлийг шалгаж шийдвэрлэсэн байхад дахин шалгах талаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэх заалттай огт нийцэхгүй, үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1075 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 Хохирогч Garret Wilson /Гаррит Вилсон/-ы өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Энэ хэрэгт оролцсон Наранбаяр, Чинбат, Цэгмид нар нь хууль бусаар зочид буудалд нэвтэрсэн үйлдэл, дараа нь дамжуулсан үйлдлийг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон байдаг. Хамгийн сүүлд 2018 оны 1 дүгээр сард Ж.Э нь дангаараа хохирогч Garret Wilson /Гаррит Вилсон/-оос 20.000.000 төгрөг шаардсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг энэ хэрэгтээ нэгтгэж шийдвэрлэх боломжтой байхад хэргийг нэгтгэж шийдвэрлэхгүй байгааг анхаарч үзнэ үү. Мөн энэ хэрэг Чингэлтэй дүүрэгт төгссөн. Шүүхийн харьяаллын асуудал яригдах ёстой болохыг тайлбартаа тодорхой дурдсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ж.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ж.Эд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 44 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Ж.Эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны 90 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 5 сар 14 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж зааснаар шийдвэрлэх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1075 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ж.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ