Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2022/0039 |
Дугаар | 110/ШШ2022/0038 |
Огноо | 2022-06-23 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 110/ШШ2022/0038
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Г дүгнэлттэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчид холбогдох “Эрх бүхий албан тушаалтан Ш.А 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №0010164 дугаартай шийдвэрийн 6 дахь хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” нэхэмжлэлийн шаардлагатай /прокурорын дүгнэлт/ захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Миний бие нийгмийн даатгалын байцаагч Т.Д нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Сагсай сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдсон. Өмнө нь уг албан тушаалд ажиллаж байсан Ш.А нь өндөр насны тэтгэвэрт гарсан байгаа.
Нийгмийн даатгалын байцаагчаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0010164 дугаар шийтгэлийн хуудсаар Б.Е Зөрчлийн тухай хуулийн 10.17.3-д заасан зөрчил гаргасан гэж 50 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгосон. Энэхүү шийтгэлийн хуудсыг бичихдээ уг шийтгэлийн хуудасны 6 дахь хэсэгт үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 50 000 төгрөгийн зардал гаргуулахаар буруу тэмдэглэл үйлдсэн байна.
Иймд аймгийн Прокурорын газраас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №0010164 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Е Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 50 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг шийтгэлийн хуудасны 6 дахь заалтаар “үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 50 000 төгрөгийн зардал” гаргуулахаар шийдвэрлэжээ.
Уг шийтгэл оногдуулсан шийдвэр гаргасан Сагсай сумын нийгмийн даатгалын улсын байцаагч Ш.А нь өндөр насны тэтгэвэрт гарснаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Т.Д Сагсай сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар 2022 оны 05 дугаар сарын 18-аас томилсон байна.
Энэхүү шийтгэлийн хуудасны 6 дахь хэсгийг хүчингүй болгуулж, шийтгэлийн хуудаст өөрчлөх оруулахаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Г тус шүүхэд нэхэмжлэл /прокурорын дүгнэлт/ гаргасныг Сагсай сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байгаа Т.Д бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Г шүүхэд гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Ш.Алмагийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №0010164 дугаартай шийдвэрийн 6 дахь хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурор Р.Г нэхэмжлэлтэй /дүгнэлт/, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ