Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/00222

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр Дугаар 102/ШШ2021/00222 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө Гэрэгэ тауэр, 4 давхар 401 тоотод оршин байрлах Голден фүүдс ХХК /РД:6023894/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 52-10 тоотод оршин байрлах Клэстонбалансир ХХК /РД:5161479/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний бие өөрийн гүйцэтгэх захирал албан тушаал хашдаг Голден фүүдс ХХК-ийн өмнөөс Клэстонбалансир ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхантай Цахилгаан шат худалдах-худалдан авах гэрээ байгуулж, СО150 техникийн үзүүлэлттэй тусгай зориулалтын хоолны цахилгаан шатыг худалдан авч Момо хот пот рестораны хоёрдугаар салбарт суурилуулахаар гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу урьдчилгаа 50 хувь болох 5,500,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Клэстонбалансир ХХК-ийн Хаан банкны 5131102349 тоот дансанд тушаасан. Клэстонбалансир ХХК нь 2020 оны 01 сарын 25-ны өдөр цахилгаан шатыг бүрэн хүлээлгэж өгөх байсан боловч тухайн цаг хугацаанд нийлүүлээгүй.

Тус шалтгаан нөхцөл байдлыг Ковид-19 цар тахлын улмаас үүссэн давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарлаж гэрээний хугацааг сунгасан ба манай талаас ч хүлээцтэй хандаж байсан. Улмаар 2020 оны 07 дугаар сард цахилгаан шатыг үйл ажиллагаагаа явуулах рестораны талбайд буулгасан боловч тус бараа нь шууд угсрахад бэлэн бус, нилээн хэмжээний сэлбэг, зарим эд ангиуд нь дутуу, захиалсан үйлдвэрийн цахилгаан шат мөн эсэхэд эргэлзээтэй, техникийн үзүүлэлт, даац зэргийн нотлох баримтгүй, мөн угсарч өгөхгүй байх зэрэг асуудалтай байна. Уг цахилгаан шатыг хугацаандаа нийлүүлж, угсарч өгөөгүйгээс болж манай рестораны нэг давхар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, зөвхөн хоёр давхартаа үйл ажиллагаа явуулж, түрээслэгч байгууллагадаа нэг, хоёр давхрын түрээс бүтнээр нь төлж хохирч байна. Өнгөрсөн хугацаанд Клэстонбалансир ХХК-нд хэд хэдэн удаа утсаар болон албан тоотоор хандахад удахгүй очиж цахилгаан шатаа угсарч өгнө, хохиролгүй болгоно гэдэг ч хохирлоо барагдуулаагүй, албан тоотуудын хариу явуулаагүй байх тул тус цахилгаан шатыг худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 5,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Голден фүүдс ХХК нь хариуцагч Клэстонбалансир ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Голден фүүдс ХХК болон хариуцагч Клэстонбалансир ХХК нь 2019 оны 12 сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох Клэстонбалансир ХХК нь 2019 оны 12 сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 сарын 25-ны өдрийг дуусах хугацаанд СО150 техникийн үзүүлэлттэй тусгай зориулалтын хоолны цахилгаан шатыг нийлүүлэх, худалдан авагч тал болох Голден фүүдс ХХК нь үнэ 11,000,000 төгрөгөөс 2020 оны 01 сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөр 50 хувь буюу 5,500,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг тоног төхөөрөмжийг талбай дээр буухад төлөхөөр харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан худалдах-худалдан гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдан авагч Голден фүүдс ХХК нь 2019 оны 12 сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөгийг төлж, худалдагч тал болох Клэстонбалансир ХХК нь 2020 оны 07 дугаар сард хоолны цахилгаан шатыг худалдан авагч Голден фүүдс ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн болох нь төлбөр төлсөн баримт (хэргийн 11 тал), Голден фүүдс-ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А20/35 дугаартай Клэстонбалансир ХХК-нд хандаж гаргасан гэрээний үүргээ биелүүлэх тухай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний зүйл болох хоолны цахилгаан шатны эд анги дутуу, техникийн хүчин чадал, үзүүлэлтийг нотлох баримтыг хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2.-т зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас гэрээний зүйл болох хоолны цахилгаан шатны техникийн хүчин чадал, үзүүлэлтийг нотлох баримтыг хүлээлгэж өгөөгүйгээс гадна эд анги дутуу хүлээлгэн өгсөн болох нь Голден фүүдс-ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А20/35 дугаартай Клэстонбалансир ХХК-нд хандаж гаргасан гэрээ цуцлах тухай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч талаас доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд худалдагч тал болох Клэстонбалансир ХХК-аас нийлүүлсэн хоолны цахилгаан шатны сэлбэг, эд анги дугуу байгаа нь тухайн эд хөрөнгийг биет байдлын доголдолтой гэж үзэхээр байна.

Эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх үүргийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зохицуулсан бөгөөд худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй.

Худалдан авагч тал болох Голден фүүдс ХХК нь нэхэмжлэгчээс эд хөрөнгийн биет байдлын доголдлыг арилгуулах талаар худалдагч тал болох Клэстонбалансир ХХКнд албан бичиг хүргүүлж байсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч талаас баримтыг няцаагаагүй тул хуульд заасан хугацааны дотор, доголдол илэрснийг болон арилгуулах талаар хариуцагчид мэдэгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн худалдах-худалдан авах гэрээний зүйл болох цахилгаан шатны сэлбэг болон эд анги дутуу болох нь эд хөрөнгийг хүлээн авах үед мэдэгдэх боломжгүй гэж үзэхээр байх тул худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардах эрхээ алдах хуулийн зохицуулалт хамаарахгүй байна.

Иймд хариуцагч Клэстонбалансир ХХК нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Голден фүүдс ХХК нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 5.500.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Клэстонбалансир ХХК-аас 5,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голден фүүдс ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 10 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулсан ба хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд өөрөө болон төлөөлөгч нь хүрэлцэн ирээгүй, оролцох боломжгүй шалтгаанаа тайлбарлаагүй тул шүүх хэргийг нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Клэстонбалансир ХХК-аас 5,500,000 /таван сая таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голден фүүдс ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Клэстонбалансир ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 102,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голден фүүдс ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ