| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/202/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/77 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Т.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тангадын *******т холбогдох эрүүгийн 2436001020074 дугаартай, 178/2024/0067/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарав ургийн овогт Тангадын *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Шувуун цуглаан” гэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын өмчлөлийн 5631 УБС улсын дугаартай Ланд-76 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуу шидэж хагалан, хохирогчид 350,000 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Шувуун цуглаан” гэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын өмчлөлийн 5631 УБС улсын дугаартай Ланд-76 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуу шидэж хагалан хохирогчид 350,000 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 10-р хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-18-р хуудас),хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяагийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-р хуудас), Эд хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний ХВЦ-24-022 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-35-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хуулийн этгээд буюу Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт 350,000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяа “ манай байгууллагад учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) өгсөн байх тул шүүгдэгч Т.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2436001020074 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шарав ургийн овогт Тангадын *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Шарав ургийн овогт Тангадын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 (зургаа) сарын хорих ялаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн 2436001020074 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС