| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/03265/И |
| Дугаар | 102/ШШ2021/00384 |
| Огноо | 2021-02-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2021/00384
| 2021 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2021/00384 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******, 28 тоотод оршин суух, Оточ овогт Чойжамцын Даваадорж /РД: ШБ77120512/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,*******, 306 тоотод оршин суух, Тугчин овогт Догсүрэнгийн Хүрэлбаатар /РД: ХА61080815/-т холбогдох,
Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагч Д.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Даваадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Даваадорж нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа “Чингис хаан ” Олон улсын нисэх буудлын Цахилгааны албаны албанд лифт транспортёрын засварчнаар 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. 2003 онд Иргэний нисэхийн Ерөнхий газартай *******, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,*******,*******, 28 тоот орон сууцны төлбөр барагдуулах талаар 3 жилийн хугацаагаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрийг төлж дуусгасан тул Иргэний нисэхийн Ерөнхий газраас тухайн орон сууцыг Ч.Даваадоржид хуваарилан, 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоонд хүсэлтийг хүргүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дээрх орон сууцыг Ч.Даваадоржийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон.
Улмаар Ч.Даваадорж нь 2013 оноос “Чинхутаг-Өндөр” ХХК-ийн Эрчим харуул хамгаалалтад хамгаалагчаар ажилд орж, хөдөө явахаар болсон учир өөрийн өмчлөлийн дээрх орон сууцаа өөрийн үеэл болох Г.Нармандах гэж хүнд түрээслүүлэхээр болсон. Тухайн үед Г.Нармандах нь “...би эмнэлэг барьж байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, түрээсийн мөнгийг нь нэг мөсөн өгье” гэж гуйгаад байхаар нь зөвшөөрөөд түрээслүүлсэн боловч Г.Нармандах нэг ч удаа төлбөрийг төлөөгүй. Би өөрийн дээрх орон сууцыг зарж гадаадад эмчилгээ хийлгэх гээд байрандаа очтол Д.Хүрэлбаатар “...Г.Нармандах надаас мөнгө авсан, ...Г.Нармандахаас мөнгөө авахаар гарна” гээд тухайн орон сууцыг чөлөөлж өгөөгүй бөгөөд Г.Нармандах нь 2015 онд АНУ руу яваад Монгол улсад иргэж ирээгүй гэсэн.
Иймд Ч.Даваадорж нь *******, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,*******,*******, 28 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч тул хариуцагч Д.Хүрэлбаатарын хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн орон сууцыг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г.Нармандахаас Ж.Дүүрэнжаргал нь худалдаж авсан. Г.Нармандах 2015 онд АНУ руу явснаас хойш холбоо тасарсан. Гэтэл нэхэмжлэгч тал 6 жилийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байр суллаж өгөхийг шаардсан. Бид тухайн үеийн ханшаар 53 000 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчийн авга ах Г.Нармандахад өгсөн. Өөрсдийгөө байрны эзэд гээд байгаа нэхэмжлэгч тал яагаад 2012 оноос хойш бүтэн 6 жил таг чиг байснаа 2018 онд гарч ирээд дахин 2 жил таг чиг болсноо өнөөдөр энэхүү асуудлыг сөхөж байгаа нь хачирхалтай. Нөгөө талаас байрны эзэн гэгч Ч.Даваадорж нэг ч удаа өөрийн биеэр гарч ирээгүй түүний аав, ах, эгч гэсэн хүмүүс нь л яваад байгаа. Г. Нармандахыг байрны бичиг баримтыг цэгцэлж өгнө гэж итгэн хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Г.Нармандахыг АНУ руу явж, холбоо тасарсны дараа гэнэт энэ хүмүүс гарч ирж, бидэнд гэрчилгээ байгаа хэмээн биднийг луйвардаж байна.
Нэхэмжлэгч Ч.Даваадорж нь улсын бүртгэлд бүртгүүлсэн цаг хугацааны хувьд 2013 онд өмчлөгч болсон байна. Гэтэл бид 2012 онд тус байрыг худалдаж авсан. Түүнээс хойш энэ байрандаа амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагч Д.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 оноос эхлэн *******, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,*******,*******, 28 тоот орон сууцанд амьдарч байгаа. Учир нь 2012 онд тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн садан төрөл болох Г.Нармандахаас худалдан авсан. Гэтэл Ч.Даваадорж нь уг орон сууцыг 2013 онд хувьчлан авч, гэрчилгээ гаргуулан, улмаар хаяж үрэгдүүлсэн гээд 2017 онд дахин гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Энэ гэрчилгээг ямар замаар, зорилгоор, яаж гаргуулан авсан нь тодорхой бус байхад өмчлөгч гэж үзэх, манайхыг 2012 оноос өнөөдрийг хүртэл энэ байранд хууль бусаар амьдарч байгаа, эзэмшиж байгаа гэж дүгнэх нь хэрэгт авагдсан баримтууд бүрэн дүүрэн нотлохгүй.
Хэрэв энэ байр Ч.Даваадоржийн өмчлөлийнх байсан бол тухайн үед байраа авах, өөрсдийнх хэлснээр түрээслүүлэх асуудлаа бид нартай ярилцаж шийдэх байсан. Гэвч энэ талаар ямар ч асуудлыг хаана ч тавьж байгаагүй бөгөөд 2017 онд дахин гэрчилгээ гаргуулан авсны дараа шүүхэд хандаж байгаа зорилго нь гэр бүлээрээ үгсэж, бичиг баримттай гэдгээр луйвар хийх гэж байна. Энэ орон сууцыг бидэнд худалдсан нэхэмжлэгчийн садан төрөл Г.Нармандах АНУ-д амьдарч байгааг ашиглан гэрчлэх гэрч байхгүй гэж бодон одоо хуулийн байгууллагад хандаж байна. Иймд намайг *******, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,*******, 28 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Даваадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: н.Дүүрэнжаргал, Д.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэчимэг нар тухайн орон сууцыг Г.Нармандахаас худалдан авсан талаар баримт хэрэгт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Даваадорж нь хариуцагч Д.Хүрэлбаатарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...орон сууцыг Г.Нармандахаас худалдан авсан” гэж үгүйсгэн маргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг сөрөг нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолоор *******, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,*******, 28 тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгч Ч.Даваадоржид хувьчилсныг 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050540 дугаарт түүний өмчлөлд бүртгэсэн. Уг улсын бүртгэл хүчинтэй хэвээр байгаа талаарх, маргаан бүхий орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх 27-40, 43-48, 89-114, 116-117 дүгээр тал/
Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 5/352 дугаар албан бичгээр *******, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,*******, 28 тоот хаягт байрлах орон сууцыг тус газрын ажилтан Ч.Даваадоржид хуваарилан олгож, орон сууцыг түүнд хувьчлуулахаар Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд хандсан. Улмаар Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолоор уг орон сууцыг нэхэмжлэгч Ч.Даваадоржид хувьчилснаар 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр орон сууцны анхны өмчлөгчөөр Ч.Даваадорж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргаж буй этгээд өөрөө тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, өмчлөх эрхийг зөрчиж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших, ашиглах буюу шаардлага гаргаж буй этгээдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нь тогтоогдсон байхыг шаардана.
Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өмчлөгчөөс олгосон зөвшөөрлийн дагуу эзэмшиж, улмаар эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хувьчлан авч, улсын бүртгэлд бүтгүүлж, өмчлөх эрх үүссэнийг хууль бус гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар орон сууцыг өмчлөх эрх нэхэмжлэгчид “орон сууцны төлбөр барагдуулах талаар худалдан авагчтай хийх гэрээ”-ний дагуу үүссэн, ийнхүү шилжих үндэслэл болсон хэлцэл хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгч биш гэж үзэх нь үндэслэлгүй байна.
Дээрх орон сууцыг эзэмших, өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр хариуцагч Д.Хүрэлбаатарт үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч нь тухайн орон сууцыг “...Г.Нармандахаас худалдан авсан” гэх боловч хэрэгт авагдсан баримтаар уг үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч болон гэрчийн шүүхэд өгсөн “...орон сууцыг Г.Нармандахаас н.Дүүрэнжаргал худалдан авсан” гэх тайлбараас үзвэл хариуцагчийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.
Гэтэл улсын бүртгэлд авагдсан баримтаар Г.Нармандах тухайн орон сууцны өмчлөгч биш байх бөгөөд хэрэв хариуцагч тухайн орон сууцыг Г.Нармандахаас худалдан авсан бол түүнийг өмчлөгч мөн эсэхийг тухайн үед мэдэх боломжтой байсан. Иймд хариуцагч өмчлөгчийн асуудлыг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул түүнийг маргааны зүйл болж буй орон сууцыг шударгаар олж авсан гэж тооцох боломжгүй юм. Мөн хариуцагч нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгээ, мөн нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч биш гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу нотолж чадахгүй байна. Мөн 2012 оноос хойш тухайн орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа нь нэхэмжлэгчийг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгийг үгүйсгэх, хариуцагчийг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар маргааны зүйл болж буй орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нь орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд мөн зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар уг хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.
Нэхэмжлэгчид дээрх орон сууцны өмчлөлтэй холбоотой хариуцагчид холбогдуулан шаардах эрх 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн байх бөгөөд талуудын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь 2017 онд хариуцагчид тухайн орон сууцыг чөлөөлөх талаар шаардлага гаргасан боловч хариуцагч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлөөгүй болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр улсын бүртгэлийн Ү-2205050540 дугаарт бүртгэлтэй, *******, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,*******, 28 тоот хаягт байршилтай, 42.2 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд уг нэхэмжлэлээ татан авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205050540 дугаарт бүртгэлтэй, *******, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,*******, 28 тоот хаягт байршилтай, 42.2 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг хариуцагч Д.Хүрэлбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Даваадоржид холбогдох, улсын бүртгэлийн Ү-2205050540 дугаарт бүртгэлтэй, *******, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,*******, 28 тоот хаягт байршилтай, 42.2 м.кв талбайтай, нэг өрөө орон сууны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээ хариуцагч Д.Хүрэлбаатар татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 031 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Д.Хүрэлбаатарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН