| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/37 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Л.*******,
Өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******д холбогдох тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт Б.*******тай мал нийлсэн асуудлаас маргалдан нүүр хэсэг рүү чулуу шидэж, түүний биед зүүн 1,2,3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.*******г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.******* шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баг малдаа явж байхад саахалт айлын бага малтай нийлэх гэж байсныг явган очиж эргүүлсэн нөгөө айлын малын эзэн болох Л.******* гэх эмэгтэй манай хэдэн ямааг элдсэн хөөсөн. Тэгэхээр нь би уулзах гээд очсон. Тэгсэн тэр хүн мотоциклио шидэж унагаад эргэж хараад газраас чулуу аваад миний нүүр хэсэг буюу уруул шүд хэсэгт онож доод уруул язарсан үүдэн доод 3 шүд хугарч унасан дээд хоёр үүдэн шүд эмтэрсэн. /ХХ-ийн 10-15 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 22-23 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 09 дэх тал/
Шүүгдэгч Л.******* хохирогч Б.*******т 10.755.000 /арван сая долоон зуун тавин таван мянган/ төгрөг шилжүүлсэн баримт /ХХ-ийн 43 дахь тал/
Шүүгдэгч Л.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би биед нь халдаж зодож цохиж байгаагүй. Харин малын бэлчээрт маргалдаж байсан тэр үед болохоор мөн манай малын захад *******ын мал байсан юм билээ. Би тэрийг мэдээгүй мөн малаа услаад бэлчээрт гаргах үед *******ын бууц гэрийн хажуугаар ойрхон гардаг, ойролцоо бууцтай болохоор тэрийг ******* гэрийн хаяанд мал чинь очлоо гэж уурлаж тэрнээс нь болоод маргалдсан. Мөн манай тэдний мал нийлсэн тэр үед маргалдаж муудаагүй малаа ялгаж аваад салгаж байсан. Тухайн маргааны улмаас *******ын шүд хугарсан тухайн шүдийг хэдэн төгрөгөөр яаж эмчлүүлэх ямар зардал гарахыг Б.*******ын хамт Өмнөговь аймгийн төвд байх Хэрмэн цахиур шүдний эмнэлэг дээр очин Б.*******ын биеийг үзүүлэн гарах зардлыг бодуулж эмнэлгийн эмчээр бичүүлж авсан. Энэ бичиг баримтыг өгсөн байгаа. Тэр үнэлгээгээр 10.755.000 төгрөгийг Б.*******ын Төрийн банкны гэх тоот дансанд өгсөн байгаа./хх-ийн 30 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 40 дахь тал/
Эвлэрлийн гэрээ /хх-ийн 68 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.*******, шүүгдэгч Л.******* нар нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрийн асуудлаас болж маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******ын нүүр хэсэг рүү чулуу шидэж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын: 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бага малдаа явж байхад саахалт айлын бага малтай нийлэх гэж байсныг явган очиж эргүүлсэн нөгөө айлын малын эзэн болох Л.******* гэх эмэгтэй манай хэдэн ямааг элдсэн хөөсөн. Тэгэхээр нь би уулзах гээд очсон. Тэгсэн тэр хүн мотоциклио шидэж унагаад эргэж хараад газраас чулуу аваад миний нүүр хэсэг буюу уруул шүд хэсэгт онож доод уруул язарсан үүдэн доод 3 шүд хугарч унасан дээд хоёр үүдэн шүд эмтэрсэн. /ХХ-ийн 10-15 дахь тал/ гэх мэдүүлэг,
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биед 2 зүүн 1,2,3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" /ХХ-ийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би эмчилгээтэй холбоотой болон сэтгэл санааны хохиролд нийт 31.945.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс Л.******* 10.755.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна /хх-ийн 15 дахь тал/ гэжээ.
Шүүгдэгч болон хохирогч нар нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******т гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 10.755.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан “Эвлэрлийн гэрээ”, яллах дүгнэлтийн хавсралтад ...хохирлын талаар маргаангүй тул бусдад төлөх төлбөргүй байна” гэснээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.*******г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Л.*******, хохирогч Б.******* нарын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ний 2 дахь заалтад “Л.******* нь хохирогч Б.*******ын сэтгэл санааны хохиролд 8.580.000 төгрөг, Өмнөговь аймагт эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний төлбөр 385.000 төгрөг, Улаанбаатар хотод эмнэлэгт очиж үзүүлсэн замын зардал 120.000 төгрөг, зураг авахуулсан 90.000 төгрөг нийт 9.175.000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөс өмнө хохирогчийн Төрийн банкны 210800017667 тоот дансаар шилжүүлэхээр тохиролцов” гэх “Эвлэрлийн гэрээ”-нд дүгнэлт хийхгүй байхаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.******* нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлгүй” /хх-ийн 47 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 40 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргав.
Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.*******т 10.755.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т 10.755.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА