| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 2024/ШЦТ/33 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: А.Мөнхсайхан,
Өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Батбаяр, С.Наранцэцэг,
Өмгөөлөгч: Н.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анжаа дооров овгийн Алтангэрэлийн Мөнхсайханд холбогдох дугаартай хоёр хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч А.Мөнхсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 2 дугаар баг наадмын талбайн ойролцоо шороон замд 2023 оны 05 сарын 25-ны өдөр Toyota allion маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч Б.Санчжил, Ө.Номинчулуу нартай яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 1.3, 3.4, 6.1 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Б.Санчжилын амь нас хохирч, Ө.Номинчулуугийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Мөнхсайханыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Мөнхсайхан шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Номинчулуун гэх хүн аймгаас 3 хүний бүрэлдэхүүнтэй манай суманд ирээд Өтгөний 3 айлаар ороод буцаж Мандал-Овоо суманд ирж хоносон. Машин нь шатахуунгүй болсон учраас талийгаач бид 2 бензин хайгаад 20 литр бензин олоод талийгаач машинд нь хийж өгнө гээд явсан. Тэгээд гаргаж өгч амжихгүй гэхээр нь Раднаасамбуу 2-уулаа гаргаж өгье гэж хэлсэн. Дэлгүүр ороод 8 лааз пиво авсан. Дэлгүүрт байхад манай дүү ирээд хамт гэр рүү явчхаад буцаж сургууль руу нь хүргэж өгсөн. Хаана байна гээд залгахад чамайг хүлээж байна гэж хэлсэн. Би очоод удаагүй байхад талийгаач нэг залуутай мотоциклоор ирсэн. Авч ирсэн пиво уугаад дахиад нэг лааз пиво ууя гээд би дэлгүүр явсан. Эргэж ирээд ууж дуусгахад талийгаач дахиад ууя гэж хэлсэн. Тэгээд талийгаач машинаа өгчих гэхээр нь жолоо шилжүүлэхгүй гээд би өөрөө жолоодоод Номинчулуун бас юм авч өгье гээд хамт явсан. Номинчулуун дэлгүүр рүү орсон. Талийгаач дэлгүүрийн гадаа хүнтэй уулзаж байсан. Дэлгүүрээс гарч ирээд наадмын талбай руу буцаад явсан. Тэгээд дугуй шарвах шиг болсон. Сэрэхэд онхолдсон байсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр итгэмжлэл хийж өгсөн. Үүнийг нэхэмжилье гээд бичиж өгсөн байсан. Нэхээд яах вэ? гэж бодож байна. Өмнө өгсөн нэхэмжлэл өөрчлөгдөж байгаа. Тэтгэмжийн хувьд итгэмжлэл хийгээд мөрдөн байцаагчид өгсөн байсан. Тэтгэмжид 550.000 төгрөг нэг хүүхэд авдаг юм байна. Сэтгэл санааны хохиролд хэн хэнийгээ бодоод өмнө нэхэж байсан нэхэмжлэлийнхээ 50 хувиар бодоод 40.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлөхөөр тохиролцож байгаа. Нэг дор амьдарч байгаа хүмүүс байна. Ялархаад байх зүйл байхгүй. Өвчин зовлон, нэхэмжлэх зүйл их байна. Энэ талаар ярих хүсэл алга. Би тохиролцсон гэж үзэж байгаа.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх шүүх хуралдаанаар 82.500.000 төгрөг нэхэмжилж байсан ч ярилцсан. Гэхдээ тэдэнд тэдэн төгрөг авна гэж тохирсон зүйл байхгүй байна. Сайхан хүүгээ алдсан. Мөнгө авсан ч манай хүүхэд босоод ирэх биш дээ. Хэцүү байдалтай байна. Сэтгэл санаагаар хохирохын дээдээр хохирч байгаа. Саяхан дунд охин хараагүй болоод ирсэн. Айлаас хэдэн төгрөг аваад шоронд орууллаа ч хүү минь босоод ирэх биш дээ. Миний хувьд хэлэх зүйл байхгүй байна. 40.000.000 төгрөгийг төлөх талаар хэлж байна. Тохиролцоод өгөх байх. Нэмж хэлэх зүйл байхгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн засаг дарга Мөнхөө гэх залуутай хамт явж байгаад Мандал-Овоо сумаас баруун тийш 2-3 километрт машин нь онхолдож, улмаар хүү маань гэмтэл авч нас барсан. Талийгаачийг онхолдсон тээврийн хэрэгслээс гаргахад баруун хөмсөг язарсан, баруун нүдний доод хэсэг хамрын хажуу талд язарчихсан, толгойны орой хэсэг нь тэр чигээрээ цус болчихсон байсан. /хх-ийн 49 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн осол болоход Алтангэрэлийн Мөнхсайхан гэх хүн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Манай нөхөр түргэний жолооч хүүгийнхээ хэргийн газар дээр анх очиж нас барсан хүүгээ өөрөө машинаас нь гаргаж ирсэн байдаг. Үүнээс үүдэн сэтгэл санааны маш хүнд цочролд ороод ажил явдлаа дөнгөж өнгөрөөгөөд 3 хоногийн дараа Улаанбаатар хот орж 1 дүгээр эмнэлэг орж зүрхэндээ 2 стэнт гуурс тавиулсан. Одоо ч мөн сэтгэл санаагаар хямарсан хэвээрээ байгаа учраас биеийн байдал нь сайжрахгүй дахин зүрхний хагалгаанд орж стэнт тавиулах гэж байна. Манай гэр бүлийн хүмүүсийн сэтгэл санаа маш хүнд байдалд байна. Осол гаргасан жолоочийн зүгээс ажил явдлын үеэр 2 сая төгрөг өгсөн. Тэрнээс нэг ч удаа утсаар холбогдоогүй бид нарт эмгэнэл огт илэрхийлээгүй. Ажил төрлөө хийгээд аялал зугаалга найр наадам хэсээд инээж хөхрөөд явж байдаг. Бид нар Мөнхсайханыг яаж хандахыг хүлээж байсан. Мөнхсайхан нэг ч удаа ирдэггүй, түүний аав, ээж нь хоног хураахаас өмнө ирээд 2 сая төгрөг өгсөн. Манай гэр бүлийн зүгээс ажил явдлын зардалд 21 сая төгрөгийг нэхэмжилмээр байна. Хүү маань амьд байхдаа малчны зээл, цалингийн зээлтэй байсан. Уг зээлийг нь банкнаас нөхөр бид хоёроос зээлийг нь нэхээд байгаа. Хэрэв хүү маань амьд байсан бол уг зээлийг өөрөө хэвийн төлөөд явах байсан. Уг зээлүүдийг мөн төлж өгөхийг хүсэж байна. Мөн би сэтгэл санааны хохирлоо үнэлүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна. Мөн уг хэргийг хурдан хугацаанд шийдэж өгөхийг хүсэж байна. Манай хүү тухайн үед машины ард сууж явах үедээ зөөлхөн яваач гэж хэлж байсан гэсэн. Тэр үед Мөнхсайхан маш их хурдтай давхисаар байгаад манай хүүхдийг ийм байдалд хүргэсэн байгаа учраас би гомдолтой байна. Тэр үед Мөнхсайхан миний хүүгийн үгэнд ороод зөөлхөн явсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Би нар одоо сэтгэл санааны маш хүнд байдалд байна. /хх-ийн 54-55 дахь тал/
Хохирогч Ө.Номинчулуу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Статистикийн хэлтсийн хяналтын ажил хийхээр 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Мандал-Овоо суманд очсон. 2023 оны 05 дугаар сарын 25-нд Булган сум руу гарах ажилтай байсан. Тэр үед Мандал-Овоо суманд бензин тасарсан байсан. Тэгээд хувь хүнээс 20 литр бензин олоод Булган сум руу гарах гээд Мандал багийн засаг дарга Раднаасамбуу нь хөтөч хийгээд явж байсан. Морь барианы хажууд очиход манай бусад багийн засаг дарга нар гаргаж өгнө гэж байна аа гээд бид нарыг түр хүлээлгэсэн, араас талийгаач мотоциклтой ирсэн, Мөнхсайхан болохоор машинтай ирсэн. Гаргаж өгөх гээд юм яриад сууж байхдаа хоёр, хоёр пиво ууж дуусчихаад явъя гэхэд Мөнхсайхан дахиад нэг нэг пиво уучихаад явъя гээд сум руу явсан. Сум руу явахад Мөнхсайхан жолоо бариад хажууд нь талийгаач суугаад би арын суудалд сууж байсан. Тэгээд сум орж пиво авчихаад буцахад осол болсон. Машинтай нэлээн хурдан явж байсан жоохон зөөлхөн яв гэж хэлсэн. Тэгсэн гэнэт зогсох гэж байгаа юм шиг болоод нүд харанхуйлаад машин хажуу тийшээ унах шиг болсон. Толгой дарагдаад унасан байсан, хүмүүс ирээд амьд уу гэхэд амьд байна аа гэж хэлсэн. Талийгаач бол дуугарахгүй байсан. Тэгээд Раднаасамбуу, Хатанзориг, бас нэг танихгүй залуу, Цэцэгнавч нар ирээд эхлээд жолооч Мөнхсайханыг урд талын салхины шилийг хагалаад завсраар нь татаж гаргаад, дараа нь намайг татаж гаргасны дараа босоод алхахад баруун талын нуруу, цээж хэсгээр хатгуулж өвдөөд босохоор сууж чадахгүй, суухаар босож чадахгүй, хэвтэж бүр болохгүй болчихсон байсан. Тэгж байтал эмнэлгээс эмч нар машинтай ирээд онхолдоод хажуугаараа газарт наалдчихсан байсан машиныг түлхэж дугуйн дээр нь босгоод машин дотроос талийгаач Санчжилийг гаргаад эмнэлгийн машинд хийгээд авч явсан. Тэгээд би албаныхаа машинтай араас нь сумын төв рүү орж эмнэлэгт нь очиж үзүүлэхэд эход хараад цээжний хөндий зурвас шингэнтэй байна гээд өвчин намдаах, цус тогтоох зэрэг эмчилгээг хийж хяналтанд байлгаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед Мандал-Овоо сумаас Даланзадгад сум руу авч явж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Батцэнгэл үзээд рентген зураг аваад уушиг бяцарсан, хавирга хугарсан байна Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй Улаанбаатар хот руу явахад зүгээр гэсэн. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 29-нд Улаанбаатар хот руу явж Мэдтравма эмнэлэгт очиж толгой, цээжний хөндий, нурууны томограффикийн шинжилгээ өгчихөөд Гэмтэл согог судлалын хүлээн авахад очиж үзүүлээд шинжилгээний хариуг өгөхөд цээжний хөндийн битүү гэмтэл гэсэн оноштойгоор хэвтэж эмчлүүлэхээр болж 7 хоног хэвтэж эмчлүүлээд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгээс гарсан. Миний хувьд бие болон сэтгэл санааны хувьд хохирсон, ажилдаа явж чадахгүй бие зовиуртай байгаа, хохирлоо барагдуулж авмаар байна. /хх-ийн 64-65 дахь тал/
Хохирогч Ө.Номинчулуу мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Миний нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 1.670.600 төгрөгийн зардлыг төлж барагдуулсан байгаа. Эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болохоор надад ямар нэг санал гомдолгүй.
Гэрч Э.Раднаасамбуу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Мандал-Овоо суманд өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны хяналт шалгалт, мэдээлэл цуглуулах ажлаар Статистикийн хэлтсийн хүн ам, худалдаа хариуцсан мэргэжилтэн Номинчулуун, жолооч Хатанзориг нарын хамт Мандал багийн 2023 оны 04 дүгээр сарын өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны ажлаар Мандал-Овоо сумын төвөөс баруун тийш 20 км зайд байх Т.Бямбахүү гэх айлд очно гэж бодоод явж байхад талийгаач Санчжил, Мөнхсайхан хоёр араас нь залгаад морь бариан дээр хүлээж бай гэж хэлсэн. Очоод 10 минут хүрэхгүй хугацаанд Мөнхсайхан түрүүлж ирсэн Талийгаач мотоциклтой Сэлэнгэ аймгийн гэх танихгүй залуутай ирсэн. Тэр залууг уурхайд ажилд оруулна хүргэж өгөх гээд явж байна гэж ярьж байсан. Уулзаад 10 лааз пиво уусан. Тэгээд Мөнхсайхан машины араас 8 лааз пиво гаргаж ирээд уусан. Нийт 18 лааз пиво уусан. Тэгээд юм ярьж байгаад Мөнхсайхан талийгаач хоёр Номинчулууныг аваад сум орчоод ирье гэж хэлээд явсан. Хатнаа, би, Навчаа Сэлэнгийн гэх танихгүй залуу бид нар суугаад үлдсэн. Тэгээд нэг харсан ойчсон байсан. Бид хэд цаанаас нь хүрээд очсон. Навчаа гүйсэн, Навчаа эмнэлэг цагдаа дууд гээд би машинд хүүхэд байсан болохоор машин руу явж очоод машинаа асаагаад очоод гайгүй юу гэхэд урд хоёр нь гайгүй арын хүн яачихваа гэхэд талийгаач огт хөдөлгөөнгүй дуугүй байсан. Нэрээр нь хэд хэд дуудсан. Тэгээд урд хоёр хүнийг гаргах гээд цонхыг нь мөнхөө өөрөө цохисон уу хажууд байсан залуу цохиж гаргасан. Эмэгтэйгийнх нь хөл нь хавчуулагдсан бололтой байсан. Тэгээд гараас нь татаад гаргасан. Хөдлөхгүй сууж бай эмнэлэг цагдаа дуудаатахъя гээд дуудахад хурдан ирсэн. Тэгээд түргэний машинаар эмнэлэг авч явсан. Амьд байсан үгүйг нь мэдэхгүй, араас нь машинтай дагаад очсон. Тэгээд эмнэлгийн гадаа машиндаа байсан эмнэлэг рүү ороогүй. Тухайн тээврийн хэрэгслийг Мөнхсайхан жолоодож морь барианаас явсан. /хх-ийн 71 дэх тал/
Гэрч Б.Цэцэгнавч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Машинтайгаа явцгааж байхад сумын баруун талд байх морь барианы хажууд эогсохоор нь яасан бэ гэхэд хоёр багийн дарга хүрээд ирье гэнэ. Та нарыг гаргаж өгнө гэж байна гэсэн. Тэгээд хүлээгээд байж байхад Мөнхсайхан, Санчжил, Отгонбаатар нар ирэхдээ 8 лааз пиво авч ирээд бид нарт өгөхөд би болон жолооч, Отгонбаатар бид гурав авч ирсэн пивоноос уугаагүй. Бусад нь ууцгаасан. Тэгээд Мөнхсайхан буцаад сум руу яваад 10 лааз пиво авч ирээд ууцгаасан. Тэгж байгаад би ажил төрөлтэй явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгэхэд сумын хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа нар залгаад явахгүй юм уу, архи согтууруулах ундаа хэрэглээд байгаа юм уу гэж утсаар холбогдоход нь 6и жолооч уугаагүй эрүүл байгаа гэхэд аюулгүй байдлаа хангаарай гэж сануулсан. Тэгээд бид нар Булган сум руу явах гэж байхад Номинчулуу зөрүүлээд Мөнхсайхан, Санчжил нарт юм авч өгнө гээд буцаад машинтай сум руу явцгаасан. Тэгээд буцаад ирэхийг нь хүлээгээд машиндаа сууцгааж байсан чинь Отгонбаатар “манай хэд онхолдчихлоо” гэхээр нь худлаа яриад бай гээд эргээд харахад тээврийн хэрэгсэл нь хажуу тийшээ хөмрөөд унаж байгаа харагдахаар нь түрүүлээд Отгонбаатар гүйсэн, араас нь би гүйсэн, харин Хатанзориг, Самбуу нар машинтайгаа очсон. Тээврийн хэрэгсэлд байсан хүмүүсийг гаргахдаа урд талын салхины шилийг цааш нь тийрээд эхлээд жолооч Мөнхсайханыг гаргаад дараа нь Номинчулууныг гаргаад дараа нь талийгаачийг гаргах гэхэд дийлдэхгүй байсан. Талийгаачийн толгой хаалганы жижиг цонхоор гараад тээврийн хэрэгсэлд дарагдчихсан юм шиг харагдаж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй эмнэлгээс эмч нар ирээд машиныг өргөөд дарагдсан хүнээ гаргаж аваад эмнэлгийн машин руу хийхэд зүрх цохилж байна, гэхдээ хүнд байна гээд авч явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд удалгүй талийгаачийг нас барчихлаа гэсэн. /хх-ийн 82 дахь тал/
Гэрч Б.Отгонбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед сумаас зүүн тийшээ 40 км-т байдаг хүргэн ахынхаасаа ирээд хүнтэй уулзах гээд гарахад талийгаач Санжчил эмнэлгийн гадна зогсож байхаар нь очиж уулзаад мэнд ус мэдчихээд ажилд орох асуудал чинь юу болж байна гэхээр нь анкет бөглөж өгөх гээд хөдөөнөөс орж ирлээ гэхэд талийгаач би одоо тийшээ явах гэж байна шүү дээ тэр хавиар 2-3 айлаар орох ажилтай хоёулаа хамт явах гэхээр нь тэгье гэж хэлээд салсан. Тэгээд хэсэг хугацааны дараа талийгаач манай гэрийн гадна ирээд явах уу гэхээр явъя гээд араар нь сундлаад хамт явсан. Тэгэхэд шалгалтаар ирсэн хүмүүсийг гаргаж өгөх гэж байгаа тэнд оччихоод явъя гээд морь барианы зүг явж 3 машинтай 5 хүн байсан газар очиход тухайн хүмүүс нь тойроод зогсчихсон хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нь пиво барьчихсан зогсож байсан. Тэгээд талийгаач тухайн хүмүүстэй уулзаад би мотоциклийн хажууд зогсож байхад талийгаач намайг дуудаад чи уухгүй ч гэсэн хажууд зогсож байхгүй гэхээр нь хажууд нь зогсож байгаад буцаад цаашаа явсан. Тэгсэн чинь талийгаач бас нэг эмэгтэй, эрэгтэй хоёртой хамт сум руу машинтай явчихсан. Тэр хэдийг ирэхийг хүлээгээд машины хажууд хамт байсан хүмүүс утсаа оролдоод ярилцаад цаашаа хараад зогсож байхад машин тоормослох шиг сонин дуу гарахаар нь эргээд харсан чинь талийгаачийн сууж явсан машин онхолдоод хажуу талаараа газарт унаж байхаар нь би онхолдсон машин руу гүйж очиход нөгөө хэд араас машинтайгаа ирсэн. Би онхолдсон машины хаалгыг нээх гэхэд нээж болохгүй байхаар нь урд шилийг нь өшиглөж завсар гаргаж байгаад эхлээд жолооны хүрдний ард байсан эрэгтэй гаргаад тухайн эрэгтэй машиныг нь харуулахгүй цааш нь авч яваад нэлээд зайтай суулгачихаад буцаад ирэхэд ард нь байсан эмэгтэй урд суудал дээгүүр тэгнэчихсэн байхад татаж гаргасан. Тэгж байтал эмнэлгээс эмч нар ирээд машиныг цааш нь түлхэж босгоод талийгаачийг гаргаад эмнэлгийн хийгээд авч явсан. Эмнэлэг дээр ирээд удаагүй өнгөрчихлөө гэсэн. /хх-ийн 87-88 дахь тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариундэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач Б.Санчжилтэй нэг ангид сурдаг байсан. 2016 оны 11 сард гэр бүл болж нэг гэрт орцгоосон. 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр том охин С.Энэрэл, 2018 оны 12 дугаар сарын 18-нд дунд охин С.Тэргэл, 2022 оны 08 дугаар сарын 31-нд бага охин С.Мишээлийг төрүүлж ам бүл тавуулаа болж хамтран амьдарч байсан. Талийгаачийн оршуулгын зардалд хэдэн төгрөг гарсныг би хэлж мэдэхгүй байна. Оршуулгын зардлын талаар хадам аав ээж нар л мэдэж байгаа байх. Том охин С.Энэрэл 7 настай, дунд охин С.Тэргэл 6 настай, бага охин С.Мишээл 2 настай. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг улсаас авч байгаа. Гэхдээ нэг хүүхэд дээр нь л тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоодог юм билээ. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг бага охин С.Мишээл авдаг ба сард 550,000 төгрөг авдаг. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр хадам аав Батбаяр, ээж Наранцэцэг нар оролцоод хүүхдүүдийн тэтгэмж тогтоолгохоор оролцож байгаа болохоор миний хувьд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь хадам аав О.Батбаяр, хадам ээж С.Наранцэцэг нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож хүүхдийн тэтгэмжийг нэхэмжлэх эрхтэй тул А.Ариундэлгэр миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохгүй, шүүх хуралд суухгүй байх хүсэлтэй байна. /хх-ийн 92-93 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Санчжилийн цогцост хийсэн үзлэг шинжилгээгээр сээрний 7-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, нугасны няцрал, голтын цус хуралт, хуйхан доорх цус хуралт баруун нүдний дээд зовхи, хамрын язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, хөх өнгийн цус хуралт, дух, цээжин дэх зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Б.Санчжилийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Б.Санчжил нь сээрний 7-р нугалмын хугарал, нугасны гэмтлээр нас баржээ. /хх-ийн 93 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 429 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.Номинчулуугийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун X, XI, XII хавирганы хоёрлосон хугарал, уушгины гэмтэл, бүсэлхийн 1-4-р нугалмын /1.1-1-4/ нугалмуудын баруун хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун бөөр орчмын арьс дахь цус хуралт гэмтлүүд үүсчээ. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийн баруун талд шингэн/цус/ хуралдалт үүсч хүндэрчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 127 дахь тал/
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 19-12 ӨМЭ улсын дугаартай Тоуоta alion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Мөнхсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. 19-12 ӨМЭ улсын дугаартай Тоуоta alion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Мөнхсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. /хх-ийн 102 дахь тал/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, урд болон дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна.
Харин хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Мөн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил их хэмжээтэй цөмөрч хагарсан, кузов, бүхээг, багана, дээвэр зэрэг эд ангиуд нь нэлэнхийдээ их хэмжээтэй хуниралдан чихэгдэж үндсэн рам гажсан, баруун гар талын толь байхгүй, баруун гар талын хаалга хонхойж гажсан, баруун гар талын хойд хаалганы шил хагарч гажсан, баруун гар талын хойд гэрэл комоороо байхгүй, хойд шил хагарсан /байхгүй/, хойд буфер байхгүй, багажны хаалга гажиж чихэгдсэн, зүүн гар талын хойд гэрэл комоороо байхгүй, зүүн гар талын хойд хаалга гажиж бариул хугарсан, копуд гажиж хаагдахгүй, моторын хамгаалалт байхгүй зэрэг их хэмжээний эвдрэлтэй байна. Хариулт б. Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан жолоодлогын систем хэвийн бус ажиллагаатай. Ажлын тоормосны системийг тоног төхөөрөмж ашиглан хэмжилт хийж шалгахад хойд дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй тоормосны систем хэвийн бус ажиллагаатай байна. Мөн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, явах эд анги хэвийн бус ажиллагаатай байна.
Хариулт в. Хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, урд салхины шил их хэмжээтэй цөмөрч хагарсан, кузов, бүхээг, багана, дээвэр зэрэг эд ангиуд нь нэлэнхийдээ их хэмжээтэй хуниралдан чихэгдэж үндсэн рам гажсан, баруун гар талын толь байхгүй, баруун гар талын хаалга хонхойж гажсан, баруун гар талын хойд хаалганы шил хагарч гажсан, баруун гар талын хойд гэрэл комоороо байхгүй, хойд шил хагарсан /байхгүй/, хойд буфер байхгүй, багажны хаалга гажиж чихэгдсэн, зүүн гар талын хойд гэрэл комоороо байхгүй, зүүн гар талын хойд хаалга гажиж бариул хугарсан, копуд гажиж хаагдахгүй, моторын хамгаалалт байхгүй зэрэг их хэмжээний эвдрэлтэй байна.
Хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр зэрэг эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн байх магадлалтай байна.
Урд салхины шил их хэмжээтэй цөмөрч хагарсан, кузов, бүхээг, багана, дээвэр зэрэг эд ангиуд нь нэлэнхийдээ их хэмжээтэй хуниралдан чихэгдэж үндсэн рам гажсан, баруун гар талын толь байхгүй, баруун гар талын хаалга хонхойж гажсан, баруун гар талын хойд хаалганы шил хагарч гажсан, баруун гар талын хойд гэрэл комоороо байхгүй, хойд шил хагарсан /байхгүй/, хойд буфер байхгүй, багажны хаалга гажиж чихэгдсэн, зүүн гар талын хойд гэрэл комоороо байхгүй, зүүн гар талын хойд хаалга гажиж бариул хугарсан, копуд гажиж хаагдахгүй. моторын хамгаалалт байхгүй зэрэг их хэмжээний эвдрэл, гэмтлүүд нь тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. /хх-ийн 108-114 дэх тал/
2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт №1: 19-12 ӨМЭ улсын дугаартай Тоуоta alion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Мөнхсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: 61 хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн зүйлийн Зургаа. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн заалтууд зөрчигдсөн байна. Хариулт №2. 19-12 ӨМЭ улсын дугаартай Тоуоta alion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Мөнхсайхан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодсон нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариулт №3 Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй болно. Дээрх заалтуудыг тус тус зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн ослын газрын үзлэг, фото зураг, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 119 дэх тал/
Шүүгдэгч А.Мөнхсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 дугаар сарын 25-ны өглөө ажил дээрээ очиход Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс ирсэн Номинчулуу, Хатанзориг, Цэцэгнавч нар хяналт шалгалтаар ирээд буцахад нь бензин байхгүй гэхээр нь Мандал багийн засаг дарга Раднаасамбуу, Баянхошуу багийн засаг дарга талийгаач Санчжил, Өтгөн багийн засаг дарга А.Мөнхсайхан миний бие айлуудаар явж бензин олж ирэхэд талийгаачийн гэрт очиж бензинээ хийнэ гээд явсан. Тэгээд намайг засаг даргын орлогч Хашбатын өрөөнд малын тоо хорогдлын тоо гаргаж байхад Раднаасамбуу залгаад талийгаач Санчжилыг урагшаа ажилтай явчихсан, хоёулаа энэ хүмүүсийг гаргаж өгье гэхээр нь Раднаасамбуутай уулзаад дэлгүүр явж 10 лааз пиво, ус, ундаа, чипс зэрэг эд зүйл аваад дэлгүүрээс гарахад манай дүү дэлгүүрийн үүдэнд надтай уулзах гэж ирэхэд нь би дүүгээ аваад гэртээ харьж дэвтрийг нь гаргаж өгчихөөд ажил руугаа явсан. Ажил дээр очоод 30 орчим минут болсны дараа Раднаасамбуу руу залгахад морь бариан дээр байна чамайг хүлээгээд байна гэхээр нь би ажлаасаа гараад морь бариа руу очиход нөгөө хэд пиво уугаад юм яриад зогсож байсан. Тэгээд надад нэг пиво задалж өгөөд удаагүй байхад талийгаач Санчжил араас мотоциклтойгоо нэг хүн сундалчихсан ирээд юм ярьцгааж байгаад талийгаач буцаж дэлгүүр явж юм авч ирье гээд Раднаасамбууд хэлэхэд хүүхэд машинд унтаж байгаа гэхэд намайг машинаа өгчих гэхээр нь би өөрөө цуг явна гэхэд Номинчулуу бас би одоо юм авч өгье гээд хамт явсан. Тэгээд дэлгүүр рүү Номинчулуу ганцаараа орж, талийгаач Санчжил дэлгүүрийн гадна зогсож байсан, би машиндаа сууж байсан. Удалгүй Номинчулуу дэлгүүрээс хайрцагтай зүйл барьж гарч ирээд машинд суухад талийгаач бас машинд суугаад 3-лаа хөдлөөд буцаад морь барианы газар руу явж байхдаа хонхор руу ороод дээшээ гараад морь барианы газраас 100-200 метрийн зайд явж байхад зам жаахан тойруу байсан. Тухайн тойрог дээр тээврийн хэрэгслийн жолоог баруун гар тал руугаа дарахад гэнэт зүүн гар тал руу жолоо булаагаад тэгээд ойччихсон байхад хүмүүс ирээд татаж гаргасан. Эхлээд намайг гаргаад дараа нь Номинчулууг гаргасны дараа талийгаачийг дуудахад огт сэрэхгүй байсан. Тэгэхэд нэг танихгүй залуу намайг цааш нь дагуулж авч явсан. Талийгаачийн хохиролд 7.000.000 төгрөгийг өгчихсөн байгаа. Номинчулуугийн хохирлыг барагдуулах гэж өмгөөлөгч Ц.Баярмаа, ээж Б.Алтантуяа бид гурав уулзаж хохирлыг төлөх талаар ярилцах гэхэд эргээд ярья, эргээд хариу хэлье гэсэн. Энэ тухай ярихаар хэд хэдэн удаа залгасан боловч мөн л эргэж ярья гэсэн хариу өгсөн тул Номинчулуугийн нөхөр Ганхуяг руу залгаж ярилцахад хариу хэлье, эргээд холбогдоно гэж хэлээд эргэж холбогдоогүй. Бидний хувьд хохирлыг барагдуулах эмчилгээний зардлыг төлөх талаар ярилцах гэж байсан юм. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөс болон хохирогч Номинчулуугаас нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулах болно. /хх-ийн 139-140 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 141 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 143 дахь тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 144 дэх тал/
Дүрс оношилгооны шинжилгээний хариу, өвчний түүх /хх-ийн 155-188 дахь тал/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 204-250 дахь тал, 2хх-ийн 10-16 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч А.Мөнхсайхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 2 дугаар баг наадмын талбайн ойролцоо шороон замд 2023 оны 05 сарын 25-ны өдөр Toyota allion маркийн 19-12 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 1.3, 3.4, 6.1 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Ослын улмаас Б.Санчжилын амь нас хохирч, Ө.Номинчулуугийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаярын: 2023 оны 05 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн засаг дарга Мөнхөө гэх залуутай хамт явж байгаад Мандал-Овоо сумаас баруун тийш 2-3 километрт машин нь онхолдож, улмаар хүү маань гэмтэл авч нас барсан. Талийгаачийг онхолдсон тээврийн хэрэгслээс гаргахад баруун хөмсөг язарсан, баруун нүдний доод хэсэг хамрын хажуу талд язарчихсан, толгойны орой хэсэг нь тэр чигээрээ цус болчихсон байсан. /хх-ийн 49 дэх тал/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэгийн: Тухайн осол болоход Алтангэрэлийн Мөнхсайхан гэх хүн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Манай нөхөр түргэний жолооч хүүгийнхээ хэргийн газар дээр анх очиж нас барсан хүүгээ өөрөө машинаас нь гаргаж ирсэн байдаг. Үүнээс үүдэн сэтгэл санааны маш хүнд цочролд ороод ажил явдлаа дөнгөж өнгөрөөгөөд 3 хоногийн дараа Улаанбаатар хот орж 1 дүгээр эмнэлэг орж зүрхэндээ 2 стэнт гуурс тавиулсан. Одоо ч мөн сэтгэл санаагаар хямарсан хэвээрээ байгаа учраас биеийн байдал нь сайжрахгүй дахин зүрхний хагалгаанд орж стэнт тавиулах гэж байна. Манай гэр бүлийн хүмүүсийн сэтгэл санаа маш хүнд байдалд байна. /хх-ийн 54-55 дахь тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Ө.Номинчулуугийн: ...Морь барианы хажууд очиход манай бусад багийн засаг дарга нар гаргаж өгнө гэж байна аа гээд бид нарыг түр хүлээлгэсэн, араас талийгаач мотоциклтой ирсэн, Мөнхсайхан болохоор машинтай ирсэн. Гаргаж өгөх гээд юм яриад сууж байхдаа хоёр, хоёр пиво ууж дуусчихаад явъя гэхэд Мөнхсайхан дахиад нэг нэг пиво уучихаад явъя гээд сум руу явсан. Сум руу явахад Мөнхсайхан жолоо бариад хажууд нь талийгаач суугаад би арын суудалд сууж байсан. Тэгээд сум орж пиво авчихаад буцахад осол болсон. Машинтай нэлээн хурдан явж байсан жоохон зөөлхөн яв гэж хэлсэн. Тэгсэн гэнэт зогсох гэж байгаа юм шиг болоод нүд харанхуйлаад машин хажуу тийшээ унах шиг болсон. Толгой дарагдаад унасан байсан, хүмүүс ирээд амьд уу гэхэд амьд байна аа гэж хэлсэн. Талийгаач бол дуугарахгүй байсан. /хх-ийн 64-65 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.Раднаасамбуугийн: ...Уулзаад 10 лааз пиво уусан. Тэгээд Мөнхсайхан машины араас 8 лааз пиво гаргаж ирээд уусан. Нийт 18 лааз пиво уусан. Тэгээд юм ярьж байгаад Мөнхсайхан талийгаач хоёр Номинчулууныг аваад сум орчоод ирье гэж хэлээд явсан. Хатнаа, би, Навчаа Сэлэнгийн гэх танихгүй залуу бид нар суугаад үлдсэн. Тэгээд нэг харсан ойчсон байсан. Бид хэд цаанаас нь хүрээд очсон. Навчаа гүйсэн, Навчаа эмнэлэг цагдаа дууд гээд би машинд хүүхэд байсан болохоор машин руу явж очоод машинаа асаагаад очоод гайгүй юу гэхэд урд хоёр нь гайгүй арын хүн яачихваа гэхэд талийгаач огт хөдөлгөөнгүй дуугүй байсан. Нэрээр нь хэд хэд дуудсан. Тэгээд урд хоёр хүнийг гаргах гээд цонхыг нь мөнхөө өөрөө цохисон уу хажууд байсан залуу цохиж гаргасан. Эмэгтэйгийнх нь хөл нь хавчуулагдсан бололтой байсан. /хх-ийн 71 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Цэцэгнавчийн: Машинтайгаа явцгааж байхад сумын баруун талд байх морь барианы хажууд эогсохоор нь яасан бэ гэхэд хоёр багийн дарга хүрээд ирье гэнэ. Та нарыг гаргаж өгнө гэж байна гэсэн. Тэгээд хүлээгээд байж байхад Мөнхсайхан, Санчжил, Отгонбаатар нар ирэхдээ 8 лааз пиво авч ирээд бид нарт өгөхөд би болон жолооч, Отгонбаатар бид гурав авч ирсэн пивоноос уугаагүй. Бусад нь ууцгаасан. Тэгээд Мөнхсайхан буцаад сум руу яваад 10 лааз пиво авч ирээд ууцгаасан. ...Тэгээд буцаад ирэхийг нь хүлээгээд машиндаа сууцгааж байсан чинь Отгонбаатар “манай хэд онхолдчихлоо” гэхээр нь худлаа яриад бай гээд эргээд харахад тээврийн хэрэгсэл нь хажуу тийшээ хөмрөөд унаж байгаа харагдахаар нь түрүүлээд Отгонбаатар гүйсэн, араас нь би гүйсэн, харин Хатанзориг, Самбуу нар машинтайгаа очсон. Тээврийн хэрэгсэлд байсан хүмүүсийг гаргахдаа урд талын салхины шилийг цааш нь тийрээд эхлээд жолооч Мөнхсайханыг гаргаад дараа нь Номинчулууныг гаргаад дараа нь талийгаачийг гаргах гэхэд дийлдэхгүй байсан. Талийгаачийн толгой хаалганы жижиг цонхоор гараад тээврийн хэрэгсэлд дарагдчихсан юм шиг харагдаж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй эмнэлгээс эмч нар ирээд машиныг өргөөд дарагдсан хүнээ гаргаж аваад эмнэлгийн машин руу хийхэд зүрх цохилж байна, гэхдээ хүнд байна гээд авч явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд удалгүй талийгаачийг нас барчихлаа гэсэн. /хх-ийн 82 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Отгонбатын: ...Тэгсэн чинь талийгаач бас нэг эмэгтэй, эрэгтэй хоёртой хамт сум руу машинтай явчихсан. Тэр хэдийг ирэхийг хүлээгээд машины хажууд хамт байсан хүмүүс утсаа оролдоод ярилцаад цаашаа хараад зогсож байхад машин тоормослох шиг сонин дуу гарахаар нь эргээд харсан чинь талийгаачийн сууж явсан машин онхолдоод хажуу талаараа газарт унаж байхаар нь би онхолдсон машин руу гүйж очиход нөгөө хэд араас машинтайгаа ирсэн. Би онхолдсон машины хаалгыг нээх гэхэд нээж болохгүй байхаар нь урд шилийг нь өшиглөж завсар гаргаж байгаад эхлээд жолооны хүрдний ард байсан эрэгтэй гаргаад тухайн эрэгтэй машиныг нь харуулахгүй цааш нь авч яваад нэлээд зайтай суулгачихаад буцаад ирэхэд ард нь байсан эмэгтэй урд суудал дээгүүр тэгнэчихсэн байхад татаж гаргасан. /хх-ийн 87-88 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Мөнхсайханы гэм буруутай үйлдлийн улмаас Б.Санчжилд сээрний 7-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, нугасны няцрал, голтын цус хуралт, хуйхан доорх цус хуралт баруун нүдний дээд зовхи, хамрын язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, хөх өнгийн цус хуралт, дух, цээжин дэх зулгаралт гэмтлүүд учирч, 7-р нугалмын хугарал, нугасны гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Номинчулуугийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун X, XI, XII хавирганы хоёрлосон хугарал, уушгины гэмтэл, бүсэлхийн 1-4-р нугалмын /1.1-1-4/ нугалмуудын баруун хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун бөөр орчмын арьс дахь цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан болох нь: Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 429 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Мөнхсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 1.3, 3.4, 6.1 дэх заалтуудыг зөрчсөн болох нь:
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн: 19-12 ӨМЭ улсын дугаартай Тоуоta allion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Мөнхсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. 19-12 ӨМЭ улсын дугаартай Тоуоta allion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Мөнхсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. /хх-ийн 102 дахь тал/ гэх дүгнэлт,
2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн: Хариулт №1: 19-12 ӨМЭ улсын дугаартай Тоуоta allion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Мөнхсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: 61 хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн зүйлийн Зургаа. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн заалтууд зөрчигдсөн байна. Хариулт №2. 19-12 ӨМЭ улсын дугаартай Тоуоta alion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Мөнхсайхан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодсон нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариулт №3 Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй болно. Дээрх заалтуудыг тус тус зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн ослын газрын үзлэг, фото зураг, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 119 дэх тал/ гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэхүү магадлагааг хүлээн зөвшөөрч, дүгнэлттэй маргаагүй байна.
Шүүгдэгч А.Мөнхсайхан нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 1 хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль /%о/ илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэжээ.
Шүүгдэгч А.Мөнхсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь: 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 33 дахь тал/ Согтуурлыг шалгасан драгерийн бүртгэл /хх-ийн 35 дахь тал/, Баталгаажуулсан фото зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгч А.Мөнхсайхан нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 1 хүний амь нас хохироосон байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Мөнхсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 2 дугаар баг наадмын талбайн ойролцоо шороон замд 2023 оны 05 сарын 25-ны өдөр Toyota allion маркийн 19-12 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч Б.Санчжил, Ө.Номинчулуу нарыг тээвэрлэж яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 1.3, 3.4, 6.1 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Б.Санчжилын амь нас хохирч, Ө.Номинчулуугийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мөнхсайханы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх ба оролцогч нар хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байсныг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр өөрчлөлт оруулсан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн байх тул эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Номинчулуугийн биед хүнд гэмтэл учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Миний нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 1.670.600 төгрөгийн зардлыг төлж барагдуулсан байгаа. Эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болохоор надад ямар нэг санал гомдолгүй гэх ба хэрэгт авагдсан Шилжүүлгийн баримт /хх-ийн 15 дахь тал/, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгчийг хохирогч Ө.Номинчулууд төлөх төлбөргүй гэж үзэв.
Ослын улмаас Б.Санчжил амь хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд ... Хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр итгэмжлэл хийж өгсөн. Үүнийг нэхэмжилье гээд бичиж өгсөн байсан. Нэхээд яах вэ? гэж бодож байна. Өмнө өгсөн нэхэмжлэл өөрчлөгдөж байгаа. Тэтгэмжийн хувьд итгэмжлэл хийгээд мөрдөн байцаагчид өгсөн байсан. Тэтгэмжид 550.000 төгрөг нэг хүүхэд авдаг юм байна. Сэтгэл санааны хохиролд хэн хэнийгээ бодоод өмнө нэхэж байсан нэхэмжлэлийнхээ 50 хувиар бодоод 40.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлөхөөр тохиролцож байгаа. Нэг дор амьдарч байгаа хүмүүс байна. Ялархаад байх зүйл байхгүй. Өвчин зовлон, нэхэмжлэх зүйл их байна. Энэ талаар ярих хүсэл алга. Би тохиролцсон гэж үзэж байгаа гэх тайлбар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг шүүх хуралдаанд ...Өмнөх шүүх хуралдаанаар 82.500.000 төгрөг нэхэмжилж байсан ч бид ярилцсан. Гэхдээ тэдэн төгрөг авна гэж тохирсон зүйл байхгүй байна. Сайхан хүүгээ алдсан. Мөнгө авсан ч манай хүүхэд босоод ирэх биш дээ. Хэцүү байдалтай байна. Сэтгэл санаагаар хохирохын дээдээр хохирч байгаа. Саяхан дунд охин хараагүй болоод ирсэн. Айлаас хэдэн төгрөг аваад шоронд орууллаа ч хүү минь босоод ирэх биш дээ. Миний хувьд хэлэх зүйл байхгүй байна. 40.000.000 төгрөгийг төлөх талаар хэлж байна. Тохиролцоод өгөх байх. Миний хувьд нэг жил арай хол хугацаа биш үү гэж бодож байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.Мөнхсайхан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөр болох оршуулгын зардалд 22.000.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул шүүгдэгч А.Мөнхсайханыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн амь хохирогч Б.Санчжилын “Төрийн банк” ХХК-аас амьд ахуйдаа авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6.420.000 төгрөгийг шүүгдэгч А.Мөнхсайхан төлж барагдуулсан талаарх тайлбарыг оролцогчид гаргав.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж тус тус хуульчилсан ба амь хохирогч Б.Санчжилын амьд ахуйдаа “Төрийн банк” ХХК-аас авсан байсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгч, эсхүл өвлөгч хариуцан төлж барагдуулах үүрэгтэй хэдий ч шүүгдэгч А.Мөнхсайхан төлж барагдуулсан байгааг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс сэтгэл санааны хохиролд 82.500.000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч шүүх хуралдаанд ...шүүгдэгч талтай харилцан тохиролцож 82.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 40.000.000 төгрөг нэхэмжлэхээр боллоо гэх тайлбар гаргав.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” хийх тухай, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус хуульчилсан ба дээрх хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас хүн амын дундаж, наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэжээ.
Хохирогч Б.Санчжил нас барсны улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршиг арилаагүй нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хооронд “Эвлэрэн хэлэлцэх тохиролцоо” хийснийг шүүх үгүйсгэж, буруутгахгүйгээр шийдвэрээ гаргав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг шүүх хуралдаанд ... Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн 82.500.000 төгрөгөө 40.000.000 төгрөг болгосон. Үүнийг 1 жилийн хугацаа холдож байна гэж үзэж байна гэх тайлбар гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ... Эвлэрсэн учраас сэтгэцэд учирсан хохирол буюу сэтгэл санааны эдийн бус хохирлыг 40.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд харилцан төлж барагдуулахаар болсон ба нэг жилийн хугацаанд төлнө гэхгүй гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Мөнхсайханы хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 100 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дахь тал/ Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 96 дахь тал/ зэрэг баримтуудаар авагджээ.
Шүүгдэгч М.Мөнхсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Мөнхсайханд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна. 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Оногдуулж байгаа ялын хэмжээнд тусгайлан гаргах санал байхгүй байна. Мөн хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг тодруулж, нэмж ярих тайлбар байхгүй, адилхан саналтай байна. Мөн хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал болон хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд хуулийн нэг ойлголттой байгаа учраас улсын яллагчийн гаргасан байр суурийг дэмжиж байна гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д 2-8 жилийн хорих ялтай байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэх дүгнэлт,
Шүүгдэгч А.Мөнхсайхан ... Би өөрийн болгоомжгүй үйлдлээс болж ийм хэрэг гаргасандаа харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна гэх тайлбар тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан боловч шүүх шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Мөнхсайханы анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч А.Мөнхсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хорих ялыг эдэлж дууссаны дараа шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээний хугацааг тоолж эхлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж хуульчилсан ба шүүх шүүгдэгчид хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.Мөнхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Мөнхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Анжаа дооров овгийн Алтангэрэлийн Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч А.Мөнхсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч А.Мөнхсайханд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхсайханд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхсайханаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаяр нарт олгож, шүүгдэгч А.Мөнхсайхан нь хохирогч Ө.Номинчулууд 1.670.600 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаяр, С.Наранцэцэг нарт 22.000.000 төгрөг, талийгаач Б.Санчжилын “Төрийн банк” ХХК-ийн цалингийн зээл болох 6.420.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон амь нас хохирсны улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч А.Мөнхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хорих ялыг эдэлж дууссаны дараа шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээний хугацааг тоолж эхлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА