Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00506

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00506

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******, Ширээт овогт Гомбосүрэнгийн Алтанцэцэг /РД: ЧО56010861/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Алтанцэцэгээс 43 605 000 төгрөг гаргуулан Р.Соёл-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох *******,*******,*******, 9-6 байр, 67 тоот орон сууцыг 89 100 000 төгрөгөөр үнэлсэн “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үнэлгээний тайланг 2020 оны 11 сарын 02-ны өдөр надад танилцуулсан.

 

“Файн эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Тухайн нутаг дэвсгэрт 2 өрөө орон сууцны худалдан борлуулах үнэ 98 000 000-120 000 000 төгрөгийн үнэтэй байдаг. Мөн үнэлгээ хийх аргачлал, стандартад нийцээгүй тул үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Түүнчлэн, томилогдсон ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Отгонбаяр тогтоолоороо “Файн эстимэйт” ХХК гэсэн хуулийн этгээдийг томилсон байдаг. Гэхдээ “Файн эстимэйт” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Тусгай зөвшөөрөлгүй байж иргэн н.Цолмонгэрэл гэдэг тусгай зөвшөөрөлтэй этгээдэд итгэмжлэл олгоод үнэлээд байгаа нь процесс хуулийн дагуу явагдаагүй гэж үзнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийх дүгнэлт гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль заасан  журмыг баримтлах ёстой. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д дүгнэлтээ бичгээр гаргаж гарын үсэг зурна гэж заасан байдаг. Гэтэл томилогдсон этгээд нь гарын үсэг зурсан зүйл байдаггүй. “Файн эстимэйт” ХХК дүгнэлт гаргаад гарын үсэг зурах байтал н.Цолмонгэрэл гэдэг иргэн дүгнэлт гаргаад гарын үсэг зураад байгаа нь буруу.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.2.2-д зааснаар хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийг шийдвэрээр үнэлгээ хийх ёстой байдаг. Энэ заалтаар “Файн эстимэйт” ХХК хийх ёстой байтал иргэн н.Цолмонгэрэл хийсэн байна. Нотариатын тухай хууль, Иргэний хуульд зааснаар энэ итгэмжлэл олгогдох ёсгүй. Иймд үнэлгээ хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2018/01633 дугаар тогтоолоор Г.Алтанцэцэгээс 43 605 000 төгрөг гаргуулан Р.Соёл-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар 13-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Г.Алтанцэцэгт сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн боловч төлбөрийг төлөөгүй, түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******,*******,*******, 9Б дугаар байр, 67 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч болон өмчлөгч төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээ гаргуулахад 88 910 500 төгрөгөөр үнэлсэн.

 

Дээрх үнэлгээг төлбөр төлөгч Г.Алтанцэцэг нь хүлээн зөвшөөрөхгүй 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гарган 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02015 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

 

Үл хөдлөх хөрөнгийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин гүйцэтгэж мөн талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Г.Алтанцэцэг нь хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг гаргуулах тухай хүсэлт ирүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 89 100 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...орон сууцыг хэт хямд үнэлсэн, үнэлгээг аргачлал, стандартын дагуу хийгээгүй, ...шинжээчийн олгосон итгэмжлэлээр үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00938 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1202 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2018/01633 дугаар тогтоолоор Г.Алтанцэцэгээс 43 605 000 төгрөг гаргуулан Р.Соёл-Эрдэнэд олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205019137 дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, 9-Б дугаар байр, 67 тоот орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Төлбөр төлөгч Г.Алтанцэцэг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Р.Соёл-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээр шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2016/16557 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19250425/03 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2205019137 дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, 9-Б дугаар байр, 67 тоот орон сууцыг битүүмжлэн, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх, уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэхийг Г.Алтанцэцэгт мэдэгджээ.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч Г.Алтанцэцэг нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 180 000 000 төгрөгийн санал гаргасан, харин төлбөр авагч Р.Соёл-Эрдэнэ нь үнийн санал ирүүлээгүй, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/532 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар улсын бүртгэлийн Ү-2205019137 дугаар бүртгэлтэй, *******,*******,*******, 9-Б дугаар байр, 67 тоот орон сууцны үнэлгээ хийх шинжээчээр “Файн-Эстимэйт” ХХК-ийг томилсон байна.

 

Үнэлгээчин Н.Цолмонгэрэлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 89 100 000 төгрөг болохыг тогтоосон, уг үнэлгээний дүгнэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4-147/38924 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Алтанцэцэгт мэдэгдсэн байна. Төлбөр төлөгчөөс үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээж авсан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Шүүхийн   шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар хөрөнгийг үнэлгээг хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн хийнэ. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар ”шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/532 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2205019137 дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, 9-Б дугаар байр, 67 тоот орон сууцны үнэлгээ хийх шинжээчээр “Файн-Эстимэйт” ХХК-ийг томилсон. Өөрөөр хэлбэл, Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ хийх шинжээчийг “Файн-Эстимэйт” ХХК гэж үзэхээр байна.

 

Улмаар шинжээч  “Файн-Эстимэйт” ХХК-ийг төлөөлж Ч.Отгончимэг нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр үнэлгээчин Н.Цолмонгэрэлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүрэн төлөөлөх, захиалагч, харилцагчтай харилцах, гэрээ байгуулах, үнэлгээний төлөвлөгөө зохиох, биет үзлэг хийх, үнэлгээнд шаардлагатай мэдээлэл цуглуулж, судалгаа шинжилгээ хийх, үнэлгээ хийх, үнэлгээний тайлан гаргах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгожээ.

 

Үнэлгээчин Н.Цолмонгэрэл нь дээрх итгэмжлэлийн дагуу үнэлгээ хийж, тайланг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгсөн, мөн хариуцагч нь түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч тэмдэглэл үйлдсэн байна.  Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шинжээчээр “Файн-Эстимэйт” ХХК-ийг томилсон, харин шинжээч “Файн-Эстимэйт” ХХК нь итгэмжлэлээр Н.Цолмонгэрэлд үнэлгээ хийх эрхийг олгосны дагуу Н.Цолмонгэрэл нь үнэлгээг гүйцэтгэж, тайлан бичсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчээр “Файн-Эстимэйт” ХХК-ийг томилсноор түүнд хуульд заасан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үүрэг үүснэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хариуцагч нь “Файн-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь мөн хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл шинжээч “Файн-Эстимэйт” ХХК нь өөрт хуулиар ногдуулсан үүрэг болох шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, түүнийхээ үр дагаврыг хариуцах үүргээ бусдад итгэмжлэлээр үнэлгээчин Н.Цолмонгэрэлд олгож, түүний гаргасан үнэлгээг хариуцагч нь шинжээчийн дүгнэлт гэж үзсэн нь Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд тухайн хуульд шинжээч нь шинжилгээ хийх үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх талаар заагаагүй байх тул шинжээч нь үүргээ заавал биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.

 

Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. Харин үүрэг гүйцэтгэгчид хуулиар хүлээлгэсэн салгаж үл болох үүргийг бусдад итгэмжлэлээр шилжүүлсний үндсэн дээр гарсан үнэлгээг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээчин Н.Цолмонгэрэл нь шинжээчээр томилогдсон “Файн-Эстимэйт” ХХК-д ажилладаг эсэх, мөн Ч.Отгончимэг нь “Файн-Эстимэйт” ХХК-ийг төлөөлж Н.Цолмонгэрэлд итгэмжлэл олгох эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас өмнө шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзсан, мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд шүүх хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205019137 дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, 9-Б дугаар байр, 67 тоот орон сууцыг үнэлсэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН