Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                                  П.Янжмаа

Улсын яллагч                                                 Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч                                                         Д.О          

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын ..... баг, ..... хэсгийн .... тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ..... овогт .....-ийн О, /РД:............../

Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн ..... сумын ..... багийн байшин хороололд иргэн Н.Т-ийн гэрийн гадна асаалттай байсан ЗАА улсын дугаартай, Honda Fit маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Н.Т-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Хохирогч Н.Т нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн ...... сумын ..... багийн байшин хороололд байх гэрийнхээ гаднаас ЗАА улсын дугаартай, Honda Fit маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг алдсан болох нь:

Тээврийн хэрэгслээ алдсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Н.Т-ийн “...2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би машинаа унаж гадуур явж байгаад байшингийнхаа үүдэнд ... асаалттай, ... нормалдаад үлдээчихсэн. Хэдэн цагийн дараа манай эхнэр над руу залгаад Д.О манайд ирчихээд чамайг асуучхаад гараад явсан. Удалгүй цонхоор харсан чинь машин алга болсон байна. ... хүүхэд унаж яваагүй байна. Д.О-ээс гарцаагүй гэж хэлсэн. ... Манай машин 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2013 оны 05-р сарын 03-ны өдөр орж ирсэн, Honda Fit маркийн, 5 хүний суудалтай, олон төрлийн зориулалттай, ЗАА улсын дугаартай, саарал өнгийн жижиг оврын автомашин байгаа юм. Манайх тухайн машиныг 4 жилийн өмнө хүнээс худалдаж авсан... О манай машиныг авч явчихаад буцааж авчирч өгье гэж эхнэр бид хоёрын аль алинаас нь гуйж мэдэгдсэн зүйл огт байхгүй... Би ... машинаа олсон. Миний машиныг Д.О манай гэрийн гаднаас аваад хөдөө явчихсан байсныг цагдаагийн алба хаагчид явж олж саатуулаад миний машиныг буцааж хүлээлгэж өгсөн. Би машинаа бүрэн бүтнээр нь буцаагаад авчихсан учраас одоо надад нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

гэрийнх нь гаднаас машин алдагдсан тухай мэдүүлсэн гэрч Г.А-н “ ...орой 20 цагийн үед намайг ...гэртээ байхад манай гэрт О гэдэг зүс таних залуу огт танихгүй нэг залуугийн хамт орж ирээд манай нөхрийг хаачсан юм гэхээр нь би айл руу явна гээд гараад явсан мэдэхгүй гэсэн чинь тэгээд гараад явсан. Тэр хоёрыг гараад явснаас хойш 1 цагийн дараа манай нөхөр гэртээ ирээд “манай машин хааччихсан юм бэ?” гэхээр нь мэдэхгүй гэж хэлсэн. Нөхөр бид хоёр том хүүгээ машинаа унаад явчихсан юм байлгүй гэж ярилцаад нэг их тоолгүй орхичихсон юм. ... том хүү шөнө гэртээ ирээд би машин унаж яваагүй гэсэн. Хэн унаад явчихдаг юм гээд асууж сураглаад олдохгүй болохоор нь манайд О л орж ирсэн болохоор О-г унаад явчихсан байна гээд өнгөрсөн юм. Тэгээд манай машиныг хонож өнжөөд авчирч өгөхгүй болохоор нь хэлж яриагүй, мэдэгдээгүй аваад явчихсан юм чинь хулгайд алдчихаж байгаа юм биш байгаадаа гэж бодоод цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Н.Т-ийн гэрийн гадна асаалттай байсан тээврийн хэрэгслийг Д.О өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Д.О-г айлын гаднаас машин авч явсан тухай мэдүүлсэн гэрч Б.Д-ийн “...Тэгээд хөдөө явж байгаад тэр найзынд нь очиж чадалгүй машин нь дахиад эвдрээд зогссон. ...Г ахыгаа урдаас ирээд аваач гэж утсаар ярьж байгаад урдаасаа тосуулж авхуулсан юм. Тэгээд ...сумын төв рүү орж ирээд нэг байшинтай айлын гадна хүргүүлээд ...тэр байшинтай айлд ороход эхнэр нь байсан... бид хоёр тэр айлаас гарч яваад гадаа нь хэсэг зогсож байгаад Д.О тэр айлын үүдэнд асаалттай нормалдаж байсан машины жолоон дээр нь суугаад намайг суу явъя гэхээр нь би Д.О-г “яах гээд байгаа юм бэ? эзэнд нь хэлээд аваад яваач” гэж хэлсэн чинь Д.О “зүгээрээ манай хуурай ахын машин байгаа юмаа, дуугай суу явъя” гэхээр нь би тухайн машинд орж суугаад шууд сумын төвөөс хойшоо гараад хөдөө явахаар нь би замд нь зогс гэж зогсоогоод “машиныг нь эзэнд нь хэлээд аваад явсан дээрээ, дараа нь машин хулгайлсан гээд бөөн юм болно хоёулаа буцъя” гэсэн чинь Д.О “за зүгээрээ очих айлдаа очиж байгаад утсаар нь залгаад машиныг чинь авсан гээд хэлчихье” гэхээр нь би тийм юм байлгүй гэж бодоод явчихсан юм. Тэгээд Д.О-ийн найз Н буюу Ш гэх айлд бид хоёр очоод хоносон юм. Тэр үедээ Д.О машиныг нь авсан гэж нөгөө айл руугаа утсаар нь залгаж хэлж мэдэгдээгүй орхичихсон. ...Тэгээд сумын төвийн чиглэлд буцаад явж байхдаа цагдаа нартай таараад .......... сумын төв рүү биднийг тухайн машинтай хамт авчирсан юм. Д.О тухайн үед өөрийнх нь машин эвдэрчихсэн болохоор тэр машиныг хөдөө байдаг найзындаа очих зорилгоор л авч явсан юм...” гэсэн мэдүүлгээр

гэрч Ц.Г-ын “... 2024 оны 02 дугаар сарын 12-ны оройхон 16 цаг болж байхад машин намгийн ард эвдэрсэн намайг ирж ав гэж утсаар над руу ярьсан. Би өөрийн эзэмшлийн машинаар очиж аваад явж байтал Ш буюу Н.Т-ийн гэрийн гадаа буулгаж өг гэсэн юм. Тэгээд би Д.О, Д гэдэг залуу хоёрыг Ш буюу Н.Т-ийн гэрийн гадаа буулгаж өгчихөөд гэрлүүгээ явсан. ...Би тэр хоёрыг Н.Т-д орох гэж байгаа юм байна даа гэж бодоод л явчихсан юм. Тэгээд маргааш үдээс хойш нь Д.О-г Н.Т-ийн машиныг аваад явчихсан гэдгийг Н.Т-өөс өөрөөс нь сонсож мэдсэн юм...” гэсэн мэдүүлгээр

гэрч С.Н-ийн “...Д.О 2024 оны 02 дугаар сарын 13-ны 22 цагаас 23 цагийн хооронд манайд ногоон дээлтэй үл таних нэг залуугийн хамт ирсэн. Тэгээд манайд нэг шил 0.5 литрийн Агар нэртэй архийг хувааж уугаад унтсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед сумын төв рүү явна гээд манайхаас нөгөө ногоон дээлтэй залуугийнхаа хамт гараад явсан. Тэгтэл Д.О манайд очихдоо ........ сумын төвөөс хүний машин хулгайлж унаж очоод хоночихсон байсан юм байна лээ. ...Д.О манайд ирэхдээ шөнө ирсэн болохоор сайн харж чадаагүй, ямартай ч жижиг саарал өнгийн машин харагдах шиг болсон. ...маргааш нь Д.О-г сумын төв рүү явлаа гээд гэрээсээ гаргаж өгөхөд Д.О ЗАА улсын дугаартай Honda Fit маркийн жижиг оврын саарал өнгийн суудлын машин унаж ирсэн байсан ба манайхаас буцахдаа мөн тэр машинаа өөрөө унаад явсан...” гэсэн мэдүүлгээр,

мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.О-ийн “...2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би ...... сумын төвд байж байгаад өөрийнхөө машиныг жолоодоод хөдөө мал руугаа явж байтал миний машин эвдрээд... Г гэх найзыгаа дуудаж авхуулаад Т-ийн гадаа хүргүүлсэн... Т-ийн гэрт ортол эхнэр хүүхдүүд нь байсан. ...гэрээс нь гарч ирээд залгатал утас нь холбогдохгүй, гэрийнх нь гадаа машин асаалттай байхаар нь түүний машиныг жолоодоод Н гэх айл руу явсан. ...машиныг нь хүргэж өгье гэж бодоод сумын төв рүү буцаад явж байтал цагдаа нар зогсоогоод бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хулгайлж явсан байна гээд сумын төв рүү авч орж ирсэн... Би Т-өөс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. ...утас нь холбогдохгүй, машин нь гэрийнх нь гадна асаалттай байсан болохоор шууд өөрөө жолоодоод явсан. ...Би Т-ийн ...тээврийн хэрэгслийг буцааж өгөөд, машинд нь 30 литр бензин хийж өгч түүнд учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Н.Т-д 3181900 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Н.Э-ийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаартай “Honda Fit  маркийн суудлын автомашины үнийг 3,181,900 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгтээ тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр авч явдгаараа төсөөтэй боловч ашиг хонжоо олж завших буюу өөрийн өмчлөлд авах, худалдан борлуулах, сольж арилжих зэрэг шунахай сэдэлтгүй байдгаараа хулгайлах гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

Д.О нь уг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан нь шүүгдэгчийн машиныг буцааж аваачиж өгөхөөр явж байсан тухай мэдүүлэг болон машинтай сумын төв рүү явсан тухай мэдүүлсэн Б.Д-ийн мэдүүлгээр нотлогдсон байна.

Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “ авто тээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг ойлгохоор заасан байна. Дээрх хуулийн заалт болон, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар дээрх автомашин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох авто тээврийн хэрэгсэлд хамаарч байна.

Шүүгдэгч Д.О нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр авч явах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгосон боловч, ийнхүү ухамсарласан хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгон, уг хор уршигт зориуд хүргэснийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний хүсэж үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Д.О-ийн “тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч явсан үйлдэл”  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн обьектив шинжийг, шууд санаатай үйлдлээр тухайн автомашиныг завших зорилгогүйгээр авч явсан  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хохирогч ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.

Шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнд өмнө авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд             

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Д-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Д.О-д 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ