| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/04552/И |
| Дугаар | 102/ШШ2021/00213 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2021/00213
| 2021 01 26 | 102/ШШ2021/00213 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******, Боржигон овогт Хундмаагийн Мөнхзул /РД: МХ80080705/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,аягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 105 дугаар байр, 25 тоотод оршин суух, Шарууд овогт Эрдэнэчулууны Амарсанаа /РД: ТЯ80031519/-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрт 3 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: хариуцагч Э.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 12 дугаар сард Э.Амарсанаатай танилцаж бид үерхэж 2010 оны 4 дүгээр сараас гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч эхэлсэн. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс тусдаа амьдрах болсон.
Хамтын амьдралтай байх хугацаанд бидний дундаас 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү А.Анар, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр охин А.Хонгорзул, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Төрмөнх нар төрсөн. Хамтын амьдралтай байх хугацаанд А.Амарсанаа нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, энэ нь даамжирч улмаар намайг төрөөд удаагүй, хүү А.Төрмөнх 3 сартай байхад биднийг орхиж явсан. Түүнийг буцаад ирэх байх, үр хүүхдүүдээ бодох байх гэсэн итгэл, сэтгэл тээнэ А.Амарсанааг хүлээсэн боловч тэрээр эргэж ирэхгүй нь тодорхой болсон. Учир нь тэрээр н.Отгонтунгалаг гэх бүсгүйтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, тэд дундаасаа хүүхэдтэй болж албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байсан.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг ба эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг эцэг, эх хүлээдэг байна. Мөн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг. Бидний дундаас төрсөн 3 хүүхэд төрсөн эцгээ мэдэх, түүнтэй харилцах, хайрлуулах, халамжлуулах эрхтэй ба мөн Э.Амарсанаа төрүүлсэн 3 хүүхдээ эсэн мэнд амьдрах эрхтэй гэдгийг санаж, хүүхдүүдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах, тэдний хүмүүжилд анхаарч, хүүхдүүдийнхээ хөгжих, боловсрох эрхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжлэг үзүүлэх үүргээ ухамсарлан хүүхдүүдээ тэжээн тэтгэх, тэдэнтэй харилцаж байхыг эх хүний хувьд түүнээс хүсэж, хүүхдүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс тэдний эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Бидний дундаас төрсөн хүү А.Анар нь Сант бүрэн дунд сургуульд суралцдаг бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөгийг, мөн охин А.Хонгорзул нь Шинэ өнөөдөр сургуульд суралцдаг бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4 000 000 төгрөгийг, нийт 7 500 000 төгрөгийг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт миний бие төлсөн. Иймд А.Анар, А.Хонгорзул нарын сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 750 000 төгрөгийг эцэг Э.Амарсанаагаас гаргуулж, хүүхдүүдэд хариуцагчаас тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Мөн миний бие хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд түр оршин сууж байгаа ба цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан орон нутгаас Улаанбаатар хот руу зорчин шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд П.Золбаярт холбогдох шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Э.Амарсанаа нэхэмжлэлийн шаардлага болон ихэсгэсэн шаардлыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Э.Амарсанаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Амарсанаа миний бие 2009 оны 12 дугаар сард Х.Мөнхзултай танилцсан бөгөөд 2010 оны 4 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бид гэрлэлтээ батлуулаагүй. Хамтын амьдралтай байх хугацаанд бидний дундаас 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү А.Анар, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр охин А.Хонгорзул, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Төрмөнх нар төрсөн. Би хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу өгөхийг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдийн сургалтын төлбөрт 3 750 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Мөнхзул нь хариуцагч Э.Амарсанаад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь 3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2009 онд танилцаж, 2019 оныг хүртэл гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарсан, улмаар тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү Амарсанаагийн Анар, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр охин Амарсанаагийн Хонгорзул, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүү Амарсанаагийн Төрмөнх нар төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн №0000642016 г-277, 1107002073, 1107770046 дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Талууд 2019 оноос тусдаа амьдрах үеэс эхлэн хүү А.Анар, А.Төрмөнх, охин А.Хонгорзул нар эх Х.Мөнхзулын асрамжид өсөж байгаа нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн өсөж бойжиж байгаа болон ахуй нөхцөл, хүүхдүүдийн насны онцлог, хариуцагч нь хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар татгалзаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй боловч шүүх хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн, эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хүү А.Анарын 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөг, мөн охин А.Хонгорзулын 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4 000 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг төлсөн байх бөгөөд үүний 50 хувь болох 3 750 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Анар, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.Хонгорзул, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Төрмөнх нарыг эхийн асрамжид үлдээж, эцгээс нь сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдүүдэд олгуулж, 3 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч болон өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Амарсанаагийн Анар, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Амарсанаагийн Хонгорзул, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Амарсанаагийн Төрмөнх нарыг эх Х.Мөнхзулын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Амарсанаагийн Анар, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Амарсанаагийн Хонгорзул, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Амарсанаагийн Төрмөнх нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Э.Амарсанаагаас гаргуулан олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Амарсанаа 3 750 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Мөнхзулд төлөхөөр зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 189 587 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН