| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/121 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б-ийн Г-т холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр 2024 онь 02 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “Тэрхэн” гэх газраас түлээ бэлтгэх зорилгоор 2 ширхэг Зм күб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 99-59 ХӨА улсын дугаартай бонго загварын тээврийн хэрэгслээр Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж экологи эдийн засагт 505.986 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 тал/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 19 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол хх-ийн 20 тал/, мөрдөгчийн эд хөрөнгө битүүжилсэн тэмдэглэл /хх-ийн 23 тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 22 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.М-ийн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, гэрч Ж.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, гэрч Э.Ганхуягийн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-эг” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-44 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №1001652 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-50 тал/, Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хх-ийн 51-52 тал/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 53 тал/, Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №ТХҮ 924/9290 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 61-63 тал/, шүүгдэгч Б.Гийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1.517.895 төгрөгийг *********дугаарын дансанд шилжүүлсэн Төрийн банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 83 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Б.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 505.965 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-эг” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1.517.895 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Уг хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч Б.Г нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 дугаартай дансанд төлсөн байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд 3 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, “Киа Бонго” загварын 99-59 ХӨА улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа Бонго” загварын 99-59 ХӨА улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин нь шүүгдэгч Б.Гийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Г-ийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №1001652 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайлан зэргээр тогтоогдож байна.
Иймд Прокурорын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Киа Бонго” загварын 99-59 ХӨА улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б-ийн Г-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Г-гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг журамлан Прокурорын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа Бонго” загварын 99-59 ХӨА улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН