Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1258

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/00754 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,

Хариуцагч Д.Б-,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-, Б.Б- нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Б.Б- 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг Б.Б- нь данснаасаа Д.Б-д шилжүүлж өгөөд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа 69 хоногийн хугацаатай. Хүү нь 2 000 000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Хуульд заасан шаардлагыг хангаж гэрээг байгуулсан. Үүнээс хойш Д.Б- нь хүүнд 2 000 000 төгрөг, үндсэн төлбөрт 4 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийг өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусахаар байсан. Зээлийн гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон боловч Иргэний хуульд зааснаар үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж зааснаар тооцоолсон. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн   үлдэгдэл 5 500 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөгийн хамт 8 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өөрийн хүүхдийн данснаас мөнгийг авч шилжүүлсэн. Д.Б-гийн тайлбараас харахад 10 000 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч 12 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа ч тайлбараа баримтаар нотлоогүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрөө мөнгө хүүтэй зээлдүүлэх санал тавьсан ба 5 000 000 төгрөг авчихаар хүн байвал өгчих гэхэд нь би орж авсан. Дахиад хэд хоногийн дараа 30 000 000 төгрөгийг авах уу гэхэд нь арай ийм их мөнгө гаргаж чадахгүй гээд ажил төрлийн холбоогоо бодож 5 000 000 авсан. Гэтэл хэд хоноод 10 000 000 дээрээ нотариатаар орчихъё зүгээр л авсан өгснөө нэгтгээд баталгаажуулчихъя гэсэн. Тэгье гээд би гарын үсэг зурсан. Гэтэл 7 хоноод хүүгээ авъя гэсэн. Юу гэсэн үг вэ энэ чинь сарын дараа нь л ашиг чинь чамд очно гэж хэлэхэд сарын дараа 4 000 000 хүүнд авна гэсэн. Юу гэсэн үг вэ чи юмаа сайн бодож үз, сард 1 000 000 төгрөгийн хүүтэй шүү дээ сайн бод гэж утсаар ярьсан. Гэтэл гэнэт 4 000 000 нэхэмжилсэн. Чи юу яриад байгаа юм бэ өчнөөн удаан хугацаагаар хичнээн саяар ч та авч болно гэсэн чинь мөнгийг чинь тараасан чи тэгвэл өөрөө энэ хүмүүсээс нэхээд ав гэж би уурласан. Тэгээд л би мөнгийг нь буцааж өгч эхэлсэн ба 12 000 000 төгрөг өгсөн. Одоо өргүй. Өөрөө мөнгөний асуудлаас болж ажлаасаа халагдсан гэж ярьж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 750 000 төгрөгийг хэрээсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын  тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн  148 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Б-гаас 70 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/00754 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Би Б.Б-тай мөнгө зээлж, буцааж өгөх талаар тохиролцоогүй, харин Б.Б- нь банкны ажилтан учраас өөрийнхөө албан тушаалыг ашиглан манай байгууллагад түрээсээр ажилладаг ажилчдад 5 сая төгрөгийг 2 удаа өгч, уг мөнгийг би нэр бүхий хүмүүст нь тарааж өгсөн. Б.Б- нь намайг менежер учраас, чи хүнээ таньдаг болохоор өгчих гэж өгчихөөд одоо болохоор намайг өөрөө зээлсэн мэтээр худал яриад байгаад гомдолтой байна. Б.Б-д мөнгийг авсан хүмүүсээс нь 12 сая төгрөгийг авч өгсөн, би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч анх мөнгийг Б.Б-гийн эдийн засагч н.Болормаагаас авч, н.Болормаа мөнгө зээлсэн хүмүүсээс мөнгөө авч байсан. Би энэ талаар н.Болормаа болон мөнгийг авсан хүмүүсийг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан боловч шүүх хуралд оролцоогүй болохоор гэрчээр асуулгаж чадаагүй. Би Б.Б-гийн өмнө үүрэг хүлээх ёсгүй гэж үзэж байна. Надад түүнээс мөнгө зээлж авах шаардлага байгаагүй, харин Б.Б- нь мөнгийг авсан хүмүүсээсээ нэхэх нь түүний асуудал гэж үзэж байна.

Мөн шүүх өмгөөлөгч болон намайг шүүх хуралд оролцуулалгүйгээр нэг талыг барьж, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, Сонгинохайрхан дүүргээс Хан-Уул дүүрэг хүртэл явсаар байгаад 2 минут хоцроход өмгөөлөгч биднийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн. Бидний харъяалах нутаг дэвсгэрээр нь шийдвэрлэх боломж бололцоо баймаар.

Мөн шүүх зээлдэгч Б.Б- уг мөнгийг буцаан шаардах Д.Б- нь зээлийн  гэрээний үүрэгт зээлдэн авсан мөнгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдсон байна гэжээ. Анх би Б.Б-гаас мөнгө зээлдэх талаар тохиролцоогүй, харин тэрээр бусдад мөнгөө зээлдүүлж, хүүлэн авах гэсэн юм гэж надад санал болгосонд би тусалсан нь үнэн. Би Б.Б-гийн өмнө үүрэг хүлээнэ гэж тохиролцоогүй. Энэ талаар анхан шатны шүүхэд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хуралд оролцоогүй учраас өгч чадаагүй. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ нь миний хүсэл зоригийн дагуу хийгдээгүй. Харин Б.Б- намайг хуурч мэхлэн, гарын үсэг зуруулж, үүнийгээ ашиглан үндэслэлгүйгээр 8 250 000 төгрөг нэхэмжилсэнд нь гомдолтой байна.

Мөн шүүх надаас зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөгийг гаргуулж, Б.Б-д олгосонд гомдолтой байна. Б.Б-гаас мөнгө авах хэрэгцээ, шаардлага байгаагүй. Б.Б- бусад хүмүүст зээлдүүлсэн мөнгөө надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Би анх мөнгийг н.Болормаагаас авсан болно. Иймд шүүхийн шийдвэрийг хянуулахаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Талууд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 69 хоногийн хугацаатай 2 000 000 төгрөгийн хүүтэйгээр хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч Б.Б-гаас зээлэхээр тохиролцсон байгааг шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. /хэргийн 2 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээг бичгээр байгуулагдахаас өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 10 000 000 төгрөгийг 2 хувааж хариуцагчид гэрээ бичгээр байгуулагдахаас 2-5 хоногийн өмнө шилжүүлсэн нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны        зарлагын баримт, зээлийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг бусдад зээлсэн, түүнд 12 000 000 төгрөгийг өгсөн” гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Харин шүүх хариуцагчид мөнгийг шилжүүлэх үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар анз, хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулах шаардлагыг зөрчөөгүй байна. Гэвч нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй юм.

 

Иймээс нэхэмжлэгч Б.Б- зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж тайлбарласан тул шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосныг буруутгах үндэслэлгүй.

 

Шүүх хариуцагчийн өмгөөлөгч С.Намжилмаагийн хэргийн материалтай танилцах хүсэлтийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг мөн оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байх ба шүүх хурлын товыг зохигчдод 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн байх тул хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/00754 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                  С.ЭНХТӨР