Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/30

 

Д.Ут холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран 

Прокурор                                                         Б.Төрболд 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                          Д.У нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Г.С-ын гаргасан давж заалдах гомдол, Аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлээр Д.Ут холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, И овогт Д.У.

Шүүгдэгч Д.У нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын .............дугаар баг, “80-ын пайз” гэх газраас иргэн Н.А-ийн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын ........... дугаар баг, “Ямаат” гэх газраас иргэн Д.Д-ын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын ............ дугаар баг, “Ямаатын хар далан” гэх газраас иргэн Д.Д-ын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын .............дугаар баг, “Зүүн сүүж” гэх газраас иргэн Д.Б-ны эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ..............дугаар баг, “Өгөөмөр” гэх газраас иргэн Б.Б-ийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ...........дугаар баг, “Өгөөмөр” гэх газраас иргэн Ц.Б-ийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбат шүүгдэгч Д.Уыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч И овогт Д.Уыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Даваасүрэнгийн Уыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уын цагдан хоригдсон 203 /хоёр зуун гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Н.О-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн .............. улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Р.Э-ын эзэмшлийн “Hyundai Porter” маркийн .................. улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Ц.Б-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн .............. улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Б.П-ийн эзэмшлийн “Hyundai Porter-2” маркийн ............... улсын дугаартай 12000.000 төгрөгийн үнэ бүхий, Д.Н-ийн эзэмшлийн “Hyundai Bongo-3” маркийн ..................... улсын дугаартай 12000.000 төгрөгийн үнэ бүхий, шүүгдэгч Д.Уын эзэмшлийн “Yingang” маркийн .............. улсын дугаартай 1500.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл зэргийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч Н.О, Р.Э, Ц.Б, Б.П, Д.Н, Д.У нарт тус тус буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Уын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уаас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 12.100.000 /арван хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, 2800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын ............. баг, 66-06 тоотод оршин суух, А овогт Н.А /РД: ...............д,  2800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын ................ баг, “Ямаат” гэх газарт оршин суух, Б овогт Д.Д /РД: ................../-д, 3400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын ............... баг, “Зүүн сүүж” гэх газарт оршин суух, О овогт Д.Б /РД............../-д, 1000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын ............ баг, “Өгөөмөр” гэх газарт оршин суух, Х овогт Б.Б /РД: ................../-т, 1000.000 /нэг сая/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ............. баг, ................ тоотод оршин суух, З овогт Д.Н /РД: ................/-д, 1100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын .............. баг, Жуковын .............. тоотод оршин суух, Х овогт Г.С /РД: .............../-т тус тус олгож, хохирогч Ц.Б нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Ц.Б-д төлөх төлбөргүй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Г.С 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Г.С нь шүүгдэгч Д.Ут холбогдох Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.

Би 2019 оны 7 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Нарантуул захаас улбар шар өнгийн .................. улсын дугаартай мотоциклийг 1 800 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тус мотоциклоор Дорнод аймагт такси үйлчилгээнд явдаг байсан. Хамт хааяа такси үйлчилгээнд мотоциклтой явдаг байсан У гэдэг залуу надтай ирж уулзаад “ах аа дүүдээ мотоциклоо түр өгчих дүү нь аймгийн зүүн урагшаа дүүгээ хүргэж өгөх гэсэн юм. Би орой хүрээд ирнэ, мотоциклоо түр өгч туслаач” гэж гуйсан. Би тэгэхээр нь түүнд мотоциклоо өгөөд явуулсан. Гэтэл У хэлсэн ёсоор оройдоо ирээгүй, маргааш нь ч ирээгүй. Би 2, 3 хоног түүнийг аймгийн төвөөр хайж яваад хотын захиргааны зүүн талын барилга дээр ажиллаж байгаа талаар сураг сонсоод тэр барилга руу нь очсон. Тухайн үед У нь тэр барилга дээр ажиллаж байсан бөгөөд миний мотоцикл тэнд байсан. Би түүнд хандаж мотоциклоо аваад явлаа гэхэд “би таны мотоциклийг худалдаж авмаар байна.” гэсэн. Би тэгэхэд нь үнэ ханш тохирвол зарж болно гэсэн. Тэгээд би 1 900 000 төгрөгөөр зарна гэхэд У нь зөвшөөрч байна гээд өнөө орой юм уу маргааш орой цалин буухаар мөнгийг чинь аваад очно гэж хэлээд миний мотоциклийг аваад үлдсэн.

Тэрнээс хойш 7, 8 хоногийн дараа нэхүүлэн барин надад 800 000 төгрөг авчирч өгсөн. Үлдэх 1 100 000 төгрөгийг 7 хоногийн дараа авчирч өгнө гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө бүрэн өгсний чинь дараа мотоциклоо чиний нэр дээр шилжүүлж өгье гэхэд тэг тэг гэсэн. Гэвч тэрнээс хойш У нь надтай ирж уулзаагүй, үлдэх 1 100 000 төгрөгийг ч өгөөгүй, сураггүй болсон. Дээрх мотоцикл нь миний өмчлөлийн мотоцикл байгаа юм.

Гэтэл шүүхээс “Иргэний нэхэмжлэгч Г.С, шүүгдэгч Д.У нар нь “Yingang” маркийн ................. улсын дугаартай мотоциклийг худалдах, худалдан авахаар 2019 оны 09 дүгээр сарын 29-ний орчимд хэлэлцэн тохиролцож амаар хэлцэл байгуулсан ба шүүгдэгч Д.У нь мөн оны 10 дугаар сарын эхээр 800.000 төгрөгийг Г.С-т бэлнээр төлснөөр хэлцэл хийгдсэн байх тул “Yingang” маркийн ............... улсын дугаартай мотоцикл нь шүүгдэгч Д.Уын өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Уаас 1.900.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Сонинбаярт олгох нь зүйтэй байх бөгөөд Д.Уын төлсөн 800.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 1100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.С-т олгохоор шийдвэрлэв.” гэсэн шийдвэр гарсан.

Үүнийг миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би У-тай анх тохиролцохдоо мотоциклийн үнэ болох 1 900 000 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд мотоциклийг түүний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэр утгаараа дээрх мотоцикл одоо болтол миний дээр бүртгэлтэй байгаа. Би мотоциклоо 2019 оны 11 сард хураалгаснаас хойш одоо болтол аваагүй байна. Би Д.Уаас авсан 800 000 төгрөгийг түүнд өгөөд өөрийн мотоциклоо авахыг хүсэж байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний өмчлөлийн “Yingang” маркийн .................. улсын дугаартай мотоциклийг миний эзэмшилд шилжүүлж өгнө үү.” гэжээ.

Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар 2020 оны 6 сарын 15-ны өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “ ... Гэвч Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад шүүгдэгч Д.Уын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгохдоо уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлээгүй нь буруу байна.

Харин иргэний нэхэмжлэгч Д.Н-ийн эзэмшлийн Бонго-3 маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг гаргуулалгүйгээр битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд тэрээр дээрх үхрийг худалдан авахдаа өөрийн тээврийн хэрэгслээр очиж авсан тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж тус тус заасан байх ба шүүгдэгч Д.Уын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.О-ийн эзэмшлийн “Хьюндай портер” маркийн .............. улсын дугаартай, Р.Э-ын эзэмшлийн “Хьюндай портер” маркийн ........ улсын дугаартай, Ц.Б-ийн эзэмшлийн “Хьюндай портер” маркийн .............. улсын дугаартай, Б.П-ийн эзэмшлийн “Хьюндай портер” маркийн ............ улсын дугаартай, Г.С-ын эзэмшлийн “Yingang” /Инган/ маркийн .................. улсын дугаартай мотоцикл зэрэг тээврийн хэрэгслүүдийн үнийг шүүгдэгч Д.Уаас гаргуулалгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөрчсөн байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.У гаргасан тайлбартаа: Надад гаргах тайлбар байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: Уын хувьд тухайн үед тээврийн хэрэгслүүдийг хөлсөлж энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн тээврийн хэрэгслүүд нь Уын өмч биш байсан. Иймд прокуророос “...тээврийн хэрэгслийн үнийг гаргуулна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нямсүрэн гэж хүний тээврийн хэрэгсэл болох “Бонго портер”-ийг айлд орхиж, мотоциклоор цаашаа явсан байдаг. Тиймээс Нямсүрэнгийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэхгүй байгаа. Энэ хүнээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэлээ гэхэд эрх зүйн байдлыг нь улам л дордуулна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Төрболд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ут холбогдох хэргийг иргэний нэхэмжлэгч Г.С-ын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Д.У нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын .......... баг, “80-ын пайз” гэх газраас иргэн Н.А-ийн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын ............ баг, “Ямаат” гэх газраас иргэн Д.Д-ын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын .............. баг, “Ямаатын хар далан” гэх газраас иргэн Д.Д-тын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын .............. баг, “Зүүн сүүж” гэх газраас иргэн Д.Б-ны эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ............... баг, “Өгөөмөр” гэх газраас иргэн Б.Б-ийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ................ баг, “Өгөөмөр” гэх газраас иргэн Ц.Б- ийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.А, Д.Д, Д.Б, Б.Б, Ц.Б, иргэний нэхэмжлэгч Н.О, Р.Э, Ц.Б, Б.П, Г.С, Д.Н, гэрч Д.Э, Н.Х, Д.Э, Х.Ц, Т.О, Д.А, Х.М, А.О, Г.Р, Ж.Г, З.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаанууд, тээврийн хэрэгслийн үнэлгээнүүд, эд зүйлийн үнэлгээнүүд, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Шүүх, шүүгдэгч Д.Уыг иргэний нэхэмжлэгч Г.С-аас “Yingang” маркийн ............... улсын дугаартай мотоциклийг амаар хэлцэл байгуулан, худалдан авахаар тохиролцож, 800,000 төгрөгийг бэлэн төлснөөр өмчлөлд нь шилжсэн гэж дүгнэн мотоциклийг Д.Ут үлдээж, 1,900,000 төгрөгийг гаргуулж Г.С-т олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ”, мөн зүйлийн 2-т “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй. ...” гэж заасан ба иргэний нэхэмжлэгч Н.С мөрдөн байцаалтад “...Миний мотоциклийн бичиг баримтыг Д.У авсан. Би мотоциклийн шилжүүлгийг мөнгөө бүрэн өгсний дараа хийнэ гэж хэлсэн. ...” /1-р хавтас 210/,  шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Ут мотоциклоо 1,900,000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд 800,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн ба үлдэгдэл мөнгийг нь цалингаа буухаар өгнө гэж хэлсэн. Гэтэл одоо хүртэл үлдэгдэл мөнгөө өгөөгүй байна” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд “Yingang” маркийн .......... улсын дугаартай мотоциклийн эзэмшигч нь иргэний нэхэмжлэгч Г.С болох нь тогтоогдож байх тул түүний гаргасан гомдлыг хүлээн авч мотоциклийг өөрт нь буцаан олгож, үнийг шүүгдэгчээс гаргуулахаар  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдэхдээ Н.О-ний эзэмшлийн “Хьюндай портер” маркийн ............ улсын дугаартай, Р.Э-ын эзэмшлийн “Хьюндай портер” маркийн ............. улсын дугаартай, Ц.Б-ийн эзэмшлийн “Хьюндай портер” маркийн ........... улсын дугаартай, Б.П-ийн эзэмшлийн “Хьюндай портер” маркийн .............. улсын дугаартай, Г.С-ын эзэмшлийн “Yingang” /Инган/ маркийн ............ улсын дугаартай мотоцикл зэрэг тээврийн хэрэгслүүдийг ашигласан нь тогтоогдсон байхад шүүх зөвхөн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосноос өөрөөр Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан нь буруу байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Уаас Н.О-ий эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөг, Р.Э-ын эзэмшлийн “Hyundai Porter” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөг, Ц.Б-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөг, Б.П-ийн эзэмшлийн “Hyundai Porter-2” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 12,000,000 төгрөг, Г.С-ын эзэмшлийн “Yingang” маркийн ................ улсын дугаартай мотоциклийн үнэ 1,500,000 төгрөг нийт 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Б-ийн үхрийг хулгайлсан үйлдэлд иргэний нэхэмжлэгч Д.Н-ийн эзэмшлийн “Hyundai Bongo-3” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогдоогүй өөрөөр хэлбэл Д.Н нь Д.Уаас 1 үхэр /1000 боодол өвсний оронд/ авахдаа өөрийн эзэмшлийн машинаар очсон гэдэг нь шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр нотлогдож байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй, мөн шүүх уг тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй байна. Дээрх гэмт хэргийг үйлдэхэд “Hyundai Bongo-3” маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаагүй учраас түүний үнэ 12,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1.4, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/144 дүгээр шийтгэх тогтоолын  5 дугаар заалтыг “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Н.О-ий эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ............... улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Р.Э-ын эзэмшлийн “Hyundai Porter” маркийн .............. улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Ц.Б-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ..............улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Б.П-------------ийн эзэмшлийн “Hyundai Porter-2” маркийн ................. улсын дугаартай 12000.000 төгрөгийн үнэ бүхий, Д.Н-ийн эзэмшлийн “Hyundai Bongo-3” маркийн ............ улсын дугаартай 12000.000 төгрөгийн үнэ бүхий, Г.С-ын эзэмшлийн “Yingang” маркийн ................ улсын дугаартай 1500.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл зэргийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч Н.О, Р.Э, Ц.Б, Б.П, Д.Н, Г.С нарт тус тус буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Уын ........................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан Н.О-ий эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөг, Р.Э-ын эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ..................улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөг, Ц.Б-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөг, Б.П-ийн эзэмшлийн “Hyundai Porter-2” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 12,000,000 төгрөг, Г.С-ын эзэмшлийн “Yingang” маркийн ............ улсын дугаартай мотоциклийн үнэ 1,500,000 төгрөг нийт 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                         З.ЭНХЦЭЦЭГ

                                                            Ж.ДОЛГОРМАА