Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

              Улсын яллагч Э.Уламбаяр,

             Хохирогч Д.Ө,

              Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа

явуулдаг “365” нэртэй зочид буудлыг ажиллуулж байсан Д.Өыг “шөнө хаалгаа онгойлгосонгүй” гэх шалтгаанаар зодож тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ буудлын хаалга, эд зүйлийг хууль бусаар гэмтээсний улмаас 315,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ************дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

           Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

            Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “365” зочид буудалд Д.Өтай “хаалгаа онгойлгосонгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, цээж, мөр, зүүн  шанаа руу нь цохиж, биед  нь тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

          мөн шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “365” зочид буудлын гадна хаалганы автомат татуурга, текний хөлийг хугалж, хаалганы гадна талын жижиг вакум цонхны түгжээг эвдэлж, бусдын эд зүйлийг хууль бусаар гэмтээж 315,000 төгрөгийн хохирол  учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,

             Хохирогч Д.Өын өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө 3 цагийн орчим гэнэт дуу чимээ гарсан. Сэрээд хартал Н.Д шууд орж ирээд хөгшин төгзөг чи намайг даруулах хэн бэ гээд миний хөнжлийг хуу татаад нүдэж эхэлсэн. Тархи,толгой, ар, өвөргүй нүдэж эхэлсэн. Чи яаж байна гэхэд чи намайг гудамжинд хөлдөөлөө гэсэн. Чи болиоч би нүцгэн байна. Хувцсаа өмсье гэсэн.  Шал согтуу байсан.  Намайг тархи, цээж, толгой руу нүдсэн. Би нүцгэн байсан учир яаж ч чадахгүй зодуулсан. Толгой зодуулснаасаа болж балмагдаж тэр үедээ сэтгэж, бодож чадахгүй болсон байсан. Гараад ир гэсэн. Би чи хүлээж бай би хувцсаа өмсье гээд хувцсаа өмсөөд хаалга онгойлгоод гарахад намайг хаалган дээр дагуулаад очсон. Хаалганы дотор талын зөөлрүүлэгчийг эвдээд унжуулсан цаад талын хаалга, цонх онгорхой байсан. Цонхны хажуу талын жижиг цонхыг онгойлгоод хаясан байсан. Түгжээ нь эвдэрсэн харагдсан. Чи яах гэж эвдэж байгаа гэж хэлсэн санагдаж байна. Тэгэхэд чи намайг хөлдөөх гэж байна гээд чамайг ална гэж буцаад дайрсан. Тэгээд би хоёр гараараа бариад авсан. Энгэрээс нь барьсан санагдаж байна. Бид хоёр текний тийшээ барилцаж зууралдаж явахад намайг энд тэндээс цохиж байсан. Тэнд бид хоёр текний араар унасан. Жавж руу гараа хийгээд намайг дарж аваад унасан. Дарахын өмнө нүүр, нүд рүү цохисон. Энэний гараас би яаж амьд гарах уу гэдэг бодол төрсөн. Гарыг нь арай гэж амнаасаа гаргаад арагшаа гараад гүйсэн. Би гүйгээд эвдэрхий машины ард орж нуугдаад харж байсан. .. Манай үйлчлүүлэгч 3 давхраас дуудсан юм шиг байсан. Ахыг алах гээд байна гэж. Тэр бууж ирсэн. Чи юу болоод байгаа гээд Н.Доос асуусан гэсэн. Тэгэхэд юу ч болоогүй гэж хэлсэн байсан. Яг тэр хооронд цагдаагаас хоёр ажилтан орж ирсэн байсан. Тэр үед миний араас гараагүй юм байна гэдгийг дараа нь ойлгосон. Нөгөө хүн хаана байна гэсэн тэнд байсан улсууд дээшээ гарсан өрөө лүүгээ орсон байх гэсэн. Өрөөнд нь очиход дотроосоо цоожилчхоод онгойлгож өгөхгүй байсан. Яаж онгойлгох уу гэсэн ганцхан түлхүүртэй байсан. Өөрт нь түлхүүрийг нь өгсөн байсан. Нилээн удаан онгойлгооч гэж цагдаагийн ажилтнууд шаардлага тавьсан. Ахлах дэслэгч, нэг нь ахмад ирсэн байсан. Онгойлгох арга хэмжээ ав гэсэн. Цоожийг хутга, сүхээр хөшиж байж онгойлгоод Н.Дийг аваад явсан.  2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр энэ хүн над дээр ирсэн. Танайд байр түрээсэлж ормоор байна гэсэн. Мөнгөө би шууд өгч чадахгүй. Төсвийн байгууллагад ажилладаг нэг сарын дундуур өг гэсэн тэгэхээр тэгье гэж зөвшөөрөөд би оруулсан. Хиртэй хувцас болохоо байлаа гээд надад өгсөн би тэрийг нь угаагаад өгсөн.  Гал тогоондоо оруулаад хөргөгч, хөлдөөгч, плитка энэ байна. Миний дүү хоол ундаа хийж ид гээд бололцоо гаргаад өгсөн. Өрөөндөө халуун хүйтэн устай. Дотроо нойлтой тухлаг. Танайд дулаахан сайхан өвөлжих юм байна гэж өөрөө хүртэл хэлж байсан. Тийм сэтгэл энэ хүнд гаргасан. Намайг настай хүн гэж хүндлээгүй. 1 цагаас 2 цаг цохисон гэдэг худлаа. Миний эрүүл мэндэд хохирол учруулсанд гомдолтой байна. Миний даралт 83-130 хооронд байдаг. Одоо 90-100 доод даралт, дээд даралт 140-160 хооронд хэлбэлзэж байнга толгой тархи өвддөг болсон. Би 14,15-аас эмнэлэгт 7 хоногт хэвтсэн. Манай аймгийн томограф ажиллахгүй гээд би Эрдэнэт орж хийлгэсэн. Хамар дотор таславч мурийгаад дотогшоо орсон байна гэсэн. Хамар битүүрч байна. Даралт байнга хөдөлдөг. Толгой байнга өвддөг болсон. Нойр муудсан. Хуучин шиг бүрэн амарч чадахгүй байгаа.  Эрүүл мэндийн хувьд хохиролтой байна. Ийм учир үнэхээр гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Өын өгсөн: “...Би өөрийн хүү Цэрэндоржийн эзэмшлийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах 365 зочид буудлыг хариуцан ажиллуулж байгаа юм. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байхаа Улаанбаатар хотоос  ирсэн гээд Д.ж гэдэг залуу танай буудалд 2 сар хэртэй баймаар байна гэсэн. Тэр залуу манай буудлын мөнгөө 2024 оны 01 дүгээр сарын 15-ны дотор өгнө гэж ярьсан байгаа. Тэр залуу манай буудалд орсон талаар бүртгэл байгаа. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн үед тэр залуу  ирээд өрөөндөө орсон. Тэгээд би гарч явсныг мэдээгүй. Шөнийн 03 цагийн орчим нэг өрөөнд ганцаараа унтаж байтал Д.Ж өрөөний хаалга онгойлгоод миний хөнжлийг хуу татаж аваад хөгшин төгцөг миний намайг хөлдөөж аллаа гээд өрөөн дотор намайг нүцгэн байхад маань нүүр, нүд, толгой, цээж хэсэгт гараараа цохиод байсан. Би тэр залууд намайг аллаа ш дээ гэхэд чи гараад ир хөгшин төгцөг минь миний орж ирсэн газрыг хар гээд өрөөнөөс чирч гаргах гээд байсан. Би хувцсаа өмсье гээд хэлсэн чинь гараад ир чи гээд дайраад, ална шүү гээд байсан. Тэгээд Д.Ж гэх залуу өрөөнөөс гараад намайг хаагуур орж ирснийг хар гээд байхаар нь би хувцсаа өмсөөд үүдэнд очсон чинь нөгөө залуу намайг ална  гээд дайраад байснаа миний хувцаснаас зууралдсан. Тэгэхээр нь би тэр залуугаас өөрийгөө хамгаалах гээд гадуур хувцасны энгэр хэсгээс нь 2 гараараа бариад авсан. Тэгээд намайг тэр залуу гарах хаалганы эсрэг зүг рүү текний араар оруулаад намайг газар унагаж, мөр, зүүн талын шанаа руу цохиод, ам руу гараа хийгээд хуруугаараа татаад байсан. Тэгээд би арай хийж гараас нь мултраад зугтаж ар талын хаалгаар гарсан. Тэр үед манай ажлын үйлчлэгч Мөнх-Оюун харж байсан. Мөнх-Оюун намайг авах гээд Д.Жийг татсан чинь хаалга руу түлхээд цохисон. Мөнх-Оюун гар өвдөөд  байсан гэж байсан.  Энэ асуудал буудлын нэг давхарт болсон ба буудлын нэг давхарт хүн байгаагүй. Ингээд би гарч гүйгээд хашаан дотор эвдэрсэн машины араар орж нуугдсан. Д.Ж араас гарч ирээгүй. Тэгээд би өөрийн бэр охин Энхцэцэгийг дуудсан. Манай буудлын үүдний хаалганы дотор талд байрлах автомат татуургыг эвдэлсэн, текний хөлийг хугалсан, гадна талын хаалганы жижиг вакум цонхны түгжээг эвдэлсэн байсан. Би тэр Д.Жийг буудлаас гарч явсныг мэдээгүй. Ажлаа тараад 18 цагт ирсэн байсан. Манайх шөнө согтуу хүн авдаггүй. Тэр залуу хаалга нүдээд, утсаар залгасан бол би мэдэх байсан. буудлын гадаа үүдэн дээр манай миний утасны  дугаар томоор бичсэн байгаа. Би шөнө галаа түлдэг болохоор сэргэг унтдаг. Мөнх-Оюун гээд үйлчлэгч  маань бас үүний орчим амарч байсан. Хаалга тогшсон бол мэдэх ёстой байсан.  Д.Ж архи уусан согтуу байсан. Үгүй. Би тэр хүнийг цохиогүй.  Би гомдолтой байна. .. Би эрүүл мэндээрээ хохирсон. Тэр Д.Жид би сайн хандсан... Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Энэ хүнд хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгүүлмээр байна. Цаашид миний эрүүл мэнд цаашид яахыг би мэдэхгүй.. Хот явж эмчлүүлмээр байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 17 тал/,

              Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн : “...Хэргийн хохирогч Д.Ө нь аймгийн Нэгдсэн эмнэлгээр   2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн үзлэг, 22,000 төгрөг, яаралтай тусламж 132,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 11, 12-ны  өдөр амбулаторийн үзлэг 22,000 төгрөг, эмийн эмчилгээ 1,489,400 төгрөг,  2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрдэнэт медикал эмнэлэг амбулаторийн үзлэг, 16,500 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн хяналт үзлэг 71,500 төгрөг нийт 1,753,400 төгрөгийн үйлчилгээг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 тал/,

              Гэрч Э.Мөнх-Оюуны өгсөн: “...Манай буудалд ороод нэлээн хэд хонож байсан залуу /нэрийг нь мэдэхгүй/ Ө.Т ахыг цохиж, зодсон. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 01 цаг болж байхад 365 нэртэй зочид буудлынхаа хаалгыг Ө.Т ах бид 2 цоожилсон. Манай буудлыг 1 номерт орсон залуу орой 18 цаг өнгөрч байхад орж байсан. Тэр залууг буцаж гарсныг мэдээгүй. Тэгтэл тэр залуу буудлын хаалга нүдээд хаалганы хажуу талын цонхоор орж ирсэн гэсэн. Тэгээд орж ирээд Ө.Т ахын өрөөнд ороод унтаж байхад нь хөлдөөж аллаа, хаалга тайлж өгсөнгүй гээд унтаж байсан орноос нь татаж босгож ирээд үүдний хажуу талын текний хажуу талд ирж ахыг хөгшин төгцөг гээд нүд, нүүр хэсэгт нь цохиод байсан. Манай өрөө Ө.Т ахын өрөөтэй зэргэлдээ байдаг. Тэгээд ах өрөөндөө зугтааж орсон чинь нөгөө залуу өрөөнд нь орох гээд байхаар нь би хаалгыг нь дараад оруулахгүй гэхэд намайг татаж унагасан. Тэр залуу согтуу бололтой Ө.Т ах руу хөлдөөж аллаа, хаалгаа онгойлгохгүй, хөгшин төгцөг, ална, цонхоор чинь орж ирлээ гэх мэтээр доромжлоод байсан. Тэгтэл тэр залуу буудлын хаалганы төмөр зөөллөгч болон текний хажуу талын хавтанг эвдэлсэн байсан. Намайг тэр залуу зодоогүй, цохиогүй. Намайг хаалга дарж байхад тэр залуу татаж унагасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

              Гэрч Б.Доржжанцангийн өгсөн: “... Н.Д бид 2 СУИС-д хамт сурдаг байсан. Одооч ажлын байранд хамт ажилладаг найзууд байгаа юм. Н.Д нь манай Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Олны өтөг гэх газар 2 жилийн өмнө мал маллаж амьдарч байсан. 2024 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжиж шөнө байхаа 01 цаг өнгөрч байсан санагдаж байна. Манай найз Д.Ж намайг хүргээд өг гээд Олны өтөг гэх газарт дуудсан. Тэгээд би Ганбаа ахтай очиж авахад Д.Ж архи уучихсан бага зэрэг согтолттой харагдаж байсан. Би эрүүл болохоор машиныг нь бариад Мөрөн сумын 13 дугаар баг 365 зочид буудлын ойролцоо  хүргэж өгөөд оруулж өгөөгүй яаралтай ажилтай байсан болохоор яваад өгсөн. Д.Ж тухайн үед энд шилжиж ирээд удаагүй болохоор 365 нэртэй буудалд түр амьдарч байсан. Тэгээд маргааш өглөө нь намайг Д.Ж дуудаад цагдаа дээр би ирж авахад  надад хэлэхдээ би шөнө 2 цаг орчим буудлын хаалга нүдээд онгойлгож өгөхгүй байхаар нь цонхоор нь орсон. Тэгээд буудлын ах руу би хөлдөж үхлээ,  мэдсээр байж хаалгаа онгойлгохгүй гэж муудалцсан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй, би асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 95 дугаартай: “...Д.Өын  биед тархи доргилт  бүхий гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 тал/,

          Орхон аймгийн Эрдэнэт медикал эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт /хх-ийн  35-42 тал/,

          Ашид билгүүн ХХК-ний 2024 oны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 924/8938 дугаартай: “..Дээр дурдагдсан эд зүйлийн нийт бодит үнэ цэнийг 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 315.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-53 тал/,

         Хохирогч Д.Өын өвчний түүх /хх-ийн 84-91 тал/,

         Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  26/034 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын цахим системийн лавлагаа /хх-ийн 99-100 тал/,

         СД-нд үзлэг хийсэн тэмдэгдэл, хэрэгт хавсарган ирүүлсэн CD гэх бичиглэлтэй СИДИ 1 ширхэг  /хх-ийн 7-8 тал/,

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/,

  Шүүгдэгч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 10-наас 11-ний шилжих шөнө 01 цагийн үед би өөрийн байрлаж байсан 365 нэртэй буудлын 01 тоотод орох гэж очсон. Тухайн буудалд би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшоо 365 нэртэй буудалд амьдарч байсан юм. Тэгээд орох гэхэд манай өрөөний хаалга цоожтой байсан Тэгээд би 03 цаг хүртэл тухайн хаалгыг нүдэж зогсон. Тэр үед тухайн буудлын эзэн болох Ө.Т нь гал тогооны  цонхоор харсан байж хаалгаа тайлахгүй байхаар нь хаалганы хажуу талд байсан жижиг цонхоор ороод би Ө.Тын өрөө рүү нь орсон чинь миний өөдөөс чи муу яахаараа орж ирдэг юм бэ гэж хэлээд сандраад надаас асуугаад над руу дайраад байсан тэгэхээр нь би ахаа танд би орж ирсэн байгаа газраа харуулах уу  гэж хэлээд зүүн талын мөрнөөс нь бариад хаалганы орох хаалганы хажуу талд байсан өөрийнхөө орж ирсэн цонхыг харуулсан чинь чи яаж байгаа пизда вэ гээд намайг хоёр гараараа заамдаад авсан тэр үед нь би баруун гараараа түлхэж өөрөөсөө  холдуулаад Ө.Тыг хойшоо болохоор нь би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэр үед нь тухайн буудлын үйлчлэгч болох нэрийг мэдэхгүй байна нэг эмэгтэй хүн ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед би Ө.Т гэдэг хүнд хандаж хөлдөөж алах нуу та нар гэж хэлсэн чи муу хөгшин төгцөг цонхоороо намайг харсан биз  дээ ямар хоролгон ааштай юм бэ гэж хэлээд би өрөөндөө яваад орсон.  Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг харсан байж оруулахгүй байсан шалтгаанаар муудалцаж би цохиж авсан. Бид 2-ын дунд өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй.  Би хүлээн зөвшөөрч байна бодит гарсан хохирлыг барагдуулна.  Би архи уусан өөрийгөө хянах чадвараа алдсан үедээ ийм зүйл хийсэн байсан энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна... Тухайн өдөр би бүстэй, урт, хүрэн өнгийн хүрэмтэй, хар, өмд, гуталтай, цэнхэр цамц, гадуур нь хар цамцтай явсан.. Би эрүүл мэндийн даатгалын санд болон Ө.Т ахад учруулсан хохирлыг төлнө... ” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60, 63 тал/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт хавсарган ирүүлсэн Сиди зэргээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч  Н.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “365” нэртэй зочид буудлыг ажиллуулж байсан Д.Өыг шөнө хаалгаа онгойлгосонгүй гэх шалтгаанаар зодож тархи доргилт бүхий гэмтэл гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ буудлын хаалга, эд зүйлийг хууль бусаар гэмтээсэн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаангүй гэх тул дурдаад явъя. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Өын өгсөн мэдүүлэг, гэрч н.Мөнх-Оюуны  мэдүүлэг, гэрч Н.Доржжанцангийн өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн үнэлгээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хаалганы түгжээ тайлсангүй гэх шалтгаанаар бусдыг зодож гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг санаатайгаар үйлдсэн байх тул бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх нь үндэслэлтэй байна. Тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн буюу бага буюу 300,000 төгрөг түүнээс дээш хэмжээний хохирол буюу 315,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж байх тул бусдын эд зүйлийг устгах гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Д нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Ө, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа,        гэрч Э.Мөнх-Оюун, гэрч Б.Доржжанцан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 95 дугаартай  дүгнэлт, Орхон аймгийн Эрдэнэд медикал эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ний 2024 oны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 924/8938 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Өын өвчний түүх, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  26/034 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын цахим системийн лавлагаа, хэрэгт хавсарган ирүүлсэн СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Н.Дийн гэм буруугаа хүлээн мэдүүлэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “365” зочид буудалд буудлын эзэн Д.Өтай “хаалга онгойлгосонгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, цээж, мөр, зүүн  шанаа руу нь цохиж, биед  нь тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

          мөн шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “365” зочид буудлын гадна хаалганы автомат татуурга, текний хөлийг хугалж, хаалганы гадна талын жижиг вакум цонхны түгжээг эвдэлж, бусдын эд зүйлийг хууль бусаар гэмтээж 315,000 төгрөгийн хохирол  учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ө.Тын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Дийн үйлдэлтэй, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр “365” зочид буудлын эд хөрөнгийг устгасан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Дийн үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Н.Дийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Ө.Тын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн шүүгдэгч Н.Дийн үйлдэл идэвхтэй, “365” зочид буудлын эд хөрөнгийг хууль бусаар устгасан энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийсэн санаатай үйлдэл хийсэн, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн байна.

              Шүүгдэгч Н.Дийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, мөн бусдын бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эд хөрөнгөнд 315.000 төгрөгийн хохирол тус тус учирсан  болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хохирогч Д.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эм эмчилгээний зардалд нийт 667,538 төгрөгийн баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн байна.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 667,538  төгрөгийг хохирогч Д.Өын дансанд шилжүүлсэн Хаан банкны гүйлгээний баримтыг гаргаж өгсөн, хохирогч Д.Ө нь 667,538  төгрөг  авснаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Д нь хохирогч Д.Өад 667,538  төгрөгийн хохирол төлсөн гэж үзлээ.

Хохирогч Д.Өын эд хөрөнгөнд учирсан  315.000 төгрөгийг шүүгдэгч Н.Д нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Доос 315.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Өад олгож, хохирогч Д.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Доос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.753.400 төгрөгийг шүүгдэгч Н.Доос нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Д нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.753.400 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Доос 1.753.400 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Өын бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Дийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаангүй гэх тул дээрх зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл мөн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Н.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Учруулсан хохирлоос төлж барагдуулсан. Үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Учир хор уршиг, үйлдлийн арга хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт 700 нэгжээр торгох Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг ялыг нэмж нэгтгэн 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дийн өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Н.Д нь хувийн байдлын хувьд, ********* зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ийн 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Н.Дид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Дид тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хавсарган  ирүүлсэн  1  ширхэг  СД-г  хэргийн хадгалах хугацаа дуустал

хэрэгт  хавсаргах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Б.Д овогт Н.Д-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ийн 240 (хоёр зуун дөч)  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч)  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг,  мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. Д-д оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан  Н.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

   8. Шүүгдэгч Н.Д-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Доос 1.753.400 /нэг сая долоон зуун тавин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд, 315.000 (гурван зуун арван тав) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ө -д тус тус олгож, шүүгдэгч Н.Доос хохирогч Д.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           10. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

           11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДӨЛГӨӨН