Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

   2024        02          14                                   2024/ШЦТ/160

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч М.Сумъяа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2206 03387 3257 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны *** өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** тоотод оршин суух хаягтай,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаар 350.000 төгрөгийн үнэ бүхий 24 инчийн өнгөт зурагтыг хурааж, 3 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 8 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хорих ялаар тогтоосон,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгэсэн,

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн 90 хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 1 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 3 сар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоосон, регистрийн *** дугаартай, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дэх тал/,

Хохирогч Э.Уы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2017 онд Улаанбаатар дэлгүүрээс худалдан авч байсан 6.5 грамм алтан бөгжийг алга болсон болохыг мэдэж өөрийн *** дугаарын утаснаас найз Гтэй хамт явсан эрэгтэй *** дугаарын утас руу холбогдож миний бөгжийг үзсэн эсэх талаар асуухад “миний цүнх дотроос бөгжийг авсан зүүгээд явж байна удахгүй яваад очно” гэж хэлэхэд нь хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь утас руу дахин залгахад утсаа авалгүй сүүлдээ утсаа унтрааж алга болсон учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Харсан тохиолдолд таних эрэгтэйг хаана оршин суудаг талаар мэдэхгүй. Найз Г *** тоотод оршин суудаг талаар болон ***, *** утасны дугаартай талаар хэлсэн. ...Тэр залуу нь 30-35 орчим настай, нэг нүд нь унжуудуу, махлаг биетэй, дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн байсан юм. Надтай танилцахдаа өөрийгөө Б.Б гэж нэрээ хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,

Хохирогч Э.Уы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “…Facebook-ээрээ танилцъя гэсэн утгатай пост бичихэд нэг үл таних эрэгтэй холбогдсон. Улмаар би түрээсэлж байсан байраа заагаад гэртээ оруулсан..., ...энэ асуудалд Гээ гэх хүн огт байгаагүй, би л тухайн үедээ тэгээд хэлчихсэн юм. Бид хоёр хоёулаа л хамт байсан…” /хх-ийн 159 дэх тал/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БЗ1-23-1753 дугаартай “...Шинжилгээний объектын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2.250.000₮-р үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-62 дахь тал/,

Яллагдагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тухайн эмэгтэйн гэрт хууль бусаар орж эд зүйлийг нь аваагүй. Хамт гэрт нь байхдаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотоос Э.Уы эзэмшлийн алмаазан шигтгээтэй алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотоос Э.Уы эзэмшлийн алмаазан шигтгээтэй алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа сайн дураараа хүлээдэг. Иймд гэм буруутайд тооцоход ямар нэгэн маргаан байхгүй байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч Э.Уд 2.250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БЗ1-23-1753 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 51-53 дахь тал/ тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ.

Иймд Б.Бийн бусдын эд хөрөнгөнд бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Б нь хохирогчийн зөвшөөрлөөр буюу тухайн орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн энэ талаар шүүгдэгчээс шүүх хуралдаанд тодруулахад хохирогчтой хувийн харилцаатай байсан нь хохирогчийн дахин мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд улсын яллагчаас гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх бөгөөд хулгайлах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч Э.Уд 2.250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БЗ1-23-1753 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Уы хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд уг хохирол төлбөрийг төлж барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулах шаардлагагүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Уд төлөх 2.250.000 төгрөгийн төлбөртэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ. Шүүгдэгч Б.Б нь урьд 10 удаагийн ял шийтгэл хүлээж байсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзаж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар түүний урьд эдэлж байсан хорих ялыг нэмж нэгтгэх, энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналыг тус тус гаргаж байна. Дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогчид учирсан 2.250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан “...Үйлчлүүлэгчийнхээ үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах  ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ял эдэлж байсан. Ял эдэлж байх хугацаандаа үргэлжлүүлэн цагдан хоригдсон. Тийм учраас хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.Б нь хорих ангид ял эдэлж байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авдаг. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг цаашид төлж барагдуулах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаж үзээд түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулах ялыг урьд эдэлж байсан ялд нэмж нэгтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна. Өмнө нь үйлдсэн гэмт хэрэг дээр уг үйлдлийг нэмж шалгуулж болох байсан боловч миний үйлчлүүлэгч хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн байна. Улсын яллагчийн зүгээс нэг үйлдэл дээр 3 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байгааг өмгөөлөгчийн зүгээс өндөр байна гэж харж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 76 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа

/хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Түүнд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 03 хоногийн хугацаагаар хорих ял /хх-ийн 209 дэх тал/ дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 03 жил 11 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 35 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 03 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 03 жил 11 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 03 жил 11 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт тус тус  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 2.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Уд олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ШИНЭХҮҮ