| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/04070/И |
| Дугаар | 102/ШШ2021/00023 |
| Огноо | 2020-12-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2021/00023
| 2020 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2021/00023 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:*******,*******,*******,,Г /РД:5890683/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 200 дугаар тогтоолоор Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ нь татан буугдаж, хөрөнгө, ажилтнууд нь тус газарт шилжиж ирсэн. Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ-тай түрээсийн гэрээтэй Төгс хурц консалтинг ХХК 600.000 төгрөгийн өглөгтэй байсан нь тухайн үеийн өглөг авлагын данс хүлээлцэх акт болон санхүүгийн тайлан дээр тусгагдсан байна. Иймд Төгс хурц консалтинг ХХК-иас түрээсийн гэрээний төлбөрт 600.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд манайх гэрээний үлдэгдэл төлбөртэй гэх боловч өнөөдрийг хүртэл тухайн газрын зүгээс ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой асуудлыг хөндөж байгаагүй бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоход бүх төлбөрийг тэглэсэн болно. Гэрээний төлбөртэй холбоотой асуудал байхгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Налайхын барилын материалын үйлдвэрлэл,Г нь хариуцагч Төгс хурц консалтинг ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд энэ хугацаанд үлдэгдэл төлбөрийн талаар шаардаж байгаагүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ, Төгс хурц консалтинг ХХК-ийн хооронд 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 11/13 тоот түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 15 хаягт байрлах Улаанбаатар бизнес хөгжил төвийн байрны 10 дугаар давхрын 10 м.кв талбай бүхий өрөөг сарын 150.000 төгрөгөөр, албан ажлын зориулалтаар түрээслүүлжээ.
Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан өглөг авлагын товчоо тайлангаар Төгс хурц консалтинг ХХК-иас 600.000 төгрөгийн авлагатай гэсэн тайлан гарчээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 200 дугаар тогтоолоор Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, ажиллаж байсан 7 ажилтан, 939.200 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгө, 87.424.138 төгрөгийн эргэлтийн бус хөрөнгийг эх үүсвэрийн хамт Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл,Г-т балансаас балансад шилжүүлсэн байна.
Ийнхүү Төгс хурц консалтинг ХХК-иас 600.000 төгрөгийн авлагатай гэсэн тайлантай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр балансад шилжиж иржээ.
Энэ дагуу Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл,Г нь түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байх боловч гэрээний хугацаа сунгагдсан баримт, 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гарсан 600.000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас шаардаж байсан баримт тус тус байхгүй, хариуцагч нь гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар татгалзсан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан гэрээний хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар шаардах эрхгүй байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн төлбөрт Төгс хурц консалтинг ХХК-иас 600.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.
Зохигчдоос шүүх хуралдаанаар хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу зохигчдыг биечлэн оролцуулаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Төгс хурц консалтинг ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулахыг хүссэн Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл,Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, заалтын дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ