| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/03519/И |
| Дугаар | 102/ШШ2021/00085 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2021/00085
| 2021 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2021/00085 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, * дугаар байр, * тоот хаягт оршин суух, *-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байр, * тоот хаягт оршин суух, *-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16.185.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 16.770.000 төгрөг нэхэмжилж байсан бол одоо 16.185.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 585.000 төгрөг хасч байна. Би 2019 оны 06 сарын 18-ны өдөр 6.500.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан, зээлдүүлсэн. Зээлийн гэрээндээ алданги тооцохоор тухайн гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 18-ны өдөр дуусаж, 2020 оны 06 сарын 18-ны өдөр хүртэл сунгасан. Иймд үндсэн зээл 6.500.000 төгрөг, 6 сарын 6 хувийн хүү 1 сарын 390.000 төгрөг, нийт 2.340.000 төгрөг болсон. Дараа нь 6 сарын хугацаатай сунгахдаа 5 хувийн хүүтэй сунгасан. 1 сарын хүү 325.000 төгрөг, нийт 1.950.000 төгрөг болж, нийт хүү 4.290.000 төгрөг, алдангийг төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас тооцож, нийт алдангийг 6.500.000 төгрөг дээр хүү 4.290.000 төгрөгийг нэмж, 10.790.000 төгрөг гарснаас 50 хувь 5.395.000 төгрөг гэж тооцсон. Ингээд нийт 16.185.000 төгрөг нэхэмжилж байна. Өмнө 5 хувийн хүүтэй гэдгээ 6 хувийн хүүгээр бодсон байсан. Эхний 6 сар нь 6 хувийн хүү, дараагийн 6 сар нь 5 хувийн хүүтэйгээр тооцсон. 2020 оны 06 сарын 18-наас 2020 оны 09 сарын 28-ныг хүртэл 100 хоногийн алданги 5.395.000 төгрөг болсон. Нийт 16.185.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 06 сард * Та мөнгө зээлнэ гэсэн, танд мөнгө зээлье, гэрээ хийе гээд уранхай цаасан дээр юм бичүүлээд гарын үсэг зуруулаад аваад явсан. Тухайн гэрээнд алданги нь их өндөр, хүү нь 6 хувь гэж бичсэн байхаар нь хүү, алданги өндөр байна гээд зөвшөөрөөгүй. Тэр үед би өмнөх зээлээ төлөөд сууж байсан. Миний гар дээр ямар ч гэрээ байдаггүй. Нотариатаар орьё гэхээр тохирдоггүй, хүү, алданги дээрээ тохирдоггүй. Хоёулаа гэрээ хийгээд гарын үсэг зурчихаад надад нэг хувийн өгчих гэхээр өгдөггүй. Гэнэт би Америк явахаар боллоо, та энд гарын үсэг зур гээд зуруулсан. 2020 оны 04 сарын 20-ны өдөр бас ирээд та энд гарын үсэг зурчих, өмнөх нь ноорог байсан гэж хэлдэг. Надаар 5, 6 удаа гарын үсэг зуруулж байсан боловч миний гар дээр юу ч байдаггүй. Өмнөх зээлээ тэтгэвэр аваад төлж байсан. Урьд нь 5.000.000 төгрөг аваад 7.500.000 төгрөг болж, 2020 оны 09, 10 сард дуусгасан. Энэ 6.500.000 төгрөг маш эргэлзээтэй. Би *-аас тухайн мөнгийг аваагүй. 5.000.000 төгрөгийг авна гэж ярилцаж байсан боловч Та надад өртэй байсан, 200.000 төгрөгөөр зах дээрээс юм авахуулсан, миний зарж байсан болор эдлэлийн үнэ гэж нэмсээр байгаад 6.500.000 төгрөг болсон. Юунаас болж 6.500.000 төгрөг болсныг шалгуулмаар л байна. Зарж байсан барааныхаа үнийг бүгдийг оруулсан байсан. Гомдолтой байгаа зүйл нь миний гар дээр юу ч өгдөггүй. Хэдэн сар, жил болж ирээд гарын үсгээ зур, эсхүл хоёулаа эвлэрье гэж над дээр 3 удаа ирж байсан. хоёулаа шүүх дээр очих уу гэхээр яах юм бэ? Та ингээд биччих гээд бичихээр аваад зугтаадаг. Би таниас юу гэж ийм их мөнгө авахын бэ? Та авсан 6.500.000 төгрөгөө л өгчих гэж хэлээд гарын үсэг зуруулчихдаг. Би чи миний хүүгийн данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Хоёулаа эвлэрлийн гэрээ байгуулаад ч хамаагүй төлье гэж хэлэхээр больчихдог. Тухайн мөнгийг миний данс руу хийсэн баримт байна уу? мөнгөө шилжүүлснээ нотлох баримт байна уу? миний дансанд хэдэн сард ямар мөнгө яаж орж ирсэн, тухайн гэрээний үүргийг биелүүлэх боломж байна уу? 2019 оны 08 сард гэрээ хийснийг санаж байна. Гэхэд 08 сар гэснийг нь 06 сар болгоод 2020 оны 04 сарын 20-ны өдөр ажил дээр ирж гарын үсэг зуруулсан. Би өмнө гарын үсэг зуруулсан нь яасан юм бэ? гэхээр би хаячихсан эсхүл ноорог гэж хэлдэг. Нэгэнт гэрээ хийчихсэн юм чинь гээд гарын үсэг зуруулдаг. Би наймаа хийж байсан учир олон хүнээс мөнгө зээлсэн. Түрээсээ төлнө, бараандаа явна гээд мөнгөний хэрэгцээ их байсан. 2006 оноос хойш Л.Болормаагаас мөнгө зээлж байгаа. 14 хоногт 8 хувийн хүүтэй зээл авч байсан. Тухайн үед Л.Болормаа ломбард ажиллуулдаг байсан. Энэ хүний мөнгийг хангалттай нэмж төлдөг. Хамгийн сүүлд 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 11 цагт Хоёулаа Баянгол дүүргийн шүүх дээр уулзая, эвлэрлийн гэрээ байгуулья гэхээр нь нэгэнт миний хүүхэд рүү мөнгө шилжүүлсэн гээд гэрээ байгуулсан юм чинь гээд бичиж байтал цаасыг булаагаад өрөөнөөс гараад явчихсан. Би *-ийн хүссэн болгон дээр нь гарын үсэг зурдаг, хэдэн гэрээ дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй байна. Надад гэрээ байхгүй, хүү, алданги тохироогүй. Гол нь хэдэн сарын хэдэнд миний данс руу хичнээн төгрөг орсон байна уу нотлоод өгчих. Надад ямар ч мөнгө орж ирээгүй, би тэр мөнгийг хэрэглээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.500.000 төгрөг, зээлийн хүүнд 4.290.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 5.395.000 төгрөг, нийт 16.185.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь зээлийн мөнгийг хүлээж аваагүй, олон удаа гэрээнд гарын үсэг зуруулсан, хүүгийн талаар тохиролцоогүй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч * нь хариуцагч *-тай 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 6.500.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ бичгээр байгуулжээ.
Тэдний байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байна.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн. 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-т гэрээний хугацаанд хүү, мөн гэрээний 5-д хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.
Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч * нь зээлдэгч *-ын өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч *-г нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Хариуцагч нь мөнгийг аваагүй, олон удаа гэрээнд гарын үсэг зуруулсан төлөх ёсгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч * нь гэрээ байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн хүү *-ний Худалдаа Хөгжлийн банкны 4525400942 тоот дансанд 6.5000.000 төгрөгийг шилжүүлэн өгч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч * нь хариуцагч *-ын өмчлөлд мөнгө шилжүүлэх зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна. Энэ нь зохигчдын тайлбар, хариуцагчийн гэрээний ард үйлдсэн тэмдэглэл, Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдлоо.
Зохигчид гэрээ байгуулах үедээ зээлийн хүүгийн талаар тохиролцоонд хүрээгүй, хариуцагч нь 5 хувийн хүүтэй зээлэх, нэхэмжлэгч нь 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зөрчилдөж, улмаар хариуцагч гэрээний ард 6.500.000 төгрөгийг сарын 5-6 хувийн хүүтэй зээлж байна гэсэн тэмдэглэл хийсэн байдлаас 1 сарын хүүг 5 хувиар тооцох боломжтой гэж дүгнэв. Зээлийн гэрээг хариуцагч талын хүсэлтээр дахин 6 сараар сунгасан байх тул энэ хугацааны хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн гэж алдангид 5.395.000 төгрөг шаардсан бөгөөд хэд хоног хэтэрсэн, хоногийн алдангийн хэмжээ хэд болохоо нарийвчлан тодорхойгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй хуулийн шаардлагад нийцүүлж шаардаж байна гэж тайлбарлалаа.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дуусч байх бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь алданги тооцох эрхтэй байна.
Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь үндсэн зээл 6.500.000 төгрөг, 12 сарын хүүг сарын 5 хувиар /325.000 төгрөг/ тооцож 3.900.000 төгрөг, нийт гүйцэтгэх үүрэг 10.400.000 төгрөг, нэг хоногийн 0.5 хувиар алдангийг 10.400.000 төгрөгөөс тооцоход 52.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 87 хоногоор тооцоход 4.524.000 төгрөг гаргуулах боломжтой боловч шүүхээс Ковид-19 цар тахал гарч, хувиараа бизнес эрхлэгч иргэдийн үйл ажиллагаа тасалдсан, орлого олох боломж хязгаарлагдсан нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг баримтлан анзын хэмжээг багасгаж, хугацаа хэтрүүлсэн алдангид 100.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
Иймд хариуцагч *-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.500.000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 3.900.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 100.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *-д олгож, үлдэх 5.685.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч *-аас зээлийн гэрээний үүрэгт 10.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.685.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-аас улсын тэмдэгтийн хураамжид 182.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ