| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/253 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/253
2024 03 12 2024/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч З.Хүслэн,
Шүүгдэгч Л.Ю, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Юд холбогдох эрүүгийн 2306 01894 1567 дугаартай хэргийг 2024 оны 03 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны ***-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Л.Ю.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ю нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ю нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,
Хохирогч Ү.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 7 дахь тал/,
Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4046 дугаартай шинжээчийн Дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Л.Юд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Л.Ю нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусаар зорчиж байхдаа Ү.Дтой “цүнхээрээ цохисон” гэх шалтгаанаас маргалдаж, улмаар түлхэж унагах, өшиглөх зэргээр биед нь халдаж түүний биед биед тархи доргилт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Л.Ю нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусаар зорчиж байхдаа Ү.Дтой “цүнхээр цохисон” гэх шалтгаанаас маргалдаж, улмаар түлхэж унагах, өшиглөх зэргээр биед нь халдаж түүний биед биед тархи доргилт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд хохирогч нь энэ хэргийн улмаас шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн хохирол, төлбөргүй байна. Хохирогч Ү.Д нь цаашид гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг арилгуулахад гарсан зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нь “...Миний үйлчлүүлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэт утга агуулга бүхий тайлбарыг өгч байсан. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчтэйгээ завсарлага авч ярилцахад гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохоо ойлгож байгаа талаар нь илэрхийлж байна. Иймд манай зүгээс улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Л.Ю нь улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ…” гэжээ.
Хохирогч Ү.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгсэн чинь тэр охин миний араас намайг шууд дэгээдсэн. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гээд тэр охины цээж рүү түлхсэн. Тэгэхэд намайг тэр охин шууд мангасдсан. Тэгээд бид хоёр маргалдаад би өөрийгөө хамгаалаад тэр охиныг шууд үсдсэн. Автобусны коридороор намайг шалан дээгүүр шууд чирсэн. Тэгээд би газар унаад өндийгөөд босох гэсэн чинь миний зүүн хөхний дээгүүр өсгийтэй гутлаараа өшиглөсөн. Тэгээд би дахиад өндийсөн чинь миний нүүр лүү дахиад өшиглөсөн. Тэгээд би нүүрэнд гал аваад явсан. Тэрнээс хойш юу болсныг нь би мэдээгүй ухаан алдаад унасан. Тэрнээс хойш нэг сэрсэн чинь эмч ирсэн, цагдаа ирсэн байсан. Нөгөө охин байхгүй болсон байсан. Тэгээд би эмнэлэг рүү явсан...” гэж мэдүүлсэн /хх-ийн 7 дахь тал/ нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би хамгийн арын суудалд сууж явсан чинь Ү.Д эгч миний хажууд ирээд суусан, тэгээд буухдаа Ү.Д эгчийг хажууд нь сууж байсан охин дэгээдсэн, тэгсэн чинь Ү.Д эгч тэр охинтой намайг дэгээдлээ гээд муудалцсан, тэгээд нэг мэдсэн чинь нөгөө охин Ү.Д эгчийг шалан дээр түлхэж унагаагаад дээрээс өшиглөсөн. Тэгээд би очоод нөгөө охиныг салгасан чинь Ү.Д эгч ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дахь тал/,
Хохирогч Ү.Дын биед “...тархи доргилт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4046 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/ гарчээ.
Иймд шүүгдэгч Л.Юын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Л.Ю нь таарамжгүй харилцааны улмаас Ү.Дын эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ү.Дын биед үүссэн гэмтэл нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4046 дугаартай дүгнэлтээр “…Тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Ю нь хохирогч Ү.Дын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ү.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Иймд шүүгдэгч Л.Юыг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэжээ.
Иймд шүүгдэгч Л.Юын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Ү.Д нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Ю нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Л.Юыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Уг маргаан гарах болсон учир шалтгаан нь хохирогчийн зүй бус үйлдлээс улбаатай байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзаж үзээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Л.Ю нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний сарын орлого 1.000.000 төгрөг байдаг. Нийгмийн даатгал төлөөд гар дээр 800.000 төгрөгийн цалин авдаг. Би мөн цалингийн зээлтэй учраас тогтсон хугацаанд тодорхой хэмжээний мөнгөн дүнг төлдөг. Миний эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хавтаст хэргийн 21 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/хавтаст хэргийн 38 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
/хавтаст хэргийн 40 дэх тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
/хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Юд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Юд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Л.Юд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Л.Юын эцсийн үгэндээ хэлсэн хүсэлтийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Л.Юд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хохирогч Ү.Дтой уулзах, ямар нэг байдлаар харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Юыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Юд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Ю нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ү.Д нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Юд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хохирогч Ү.Дтой уулзах, ямар нэг байдлаар харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ