| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/03550/И |
| Дугаар | 102/ШШ2021/00237 |
| Огноо | 2021-01-27 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2021/00237
| 2021 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2021/00237 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, * дугаар байр, * тоот хаягт оршин суух, *,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, * дугаар байр, * тоот хаягт оршин суух, * нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол, Энэбишийн гудамж *, Косо худалдааны төв, 2 давхарт байрлах, *-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн барьцаа хөрөнгөөс хангуулах хэсгээс 30.000.000 төгрөг хасуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Пүрэвням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх * нар 40.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Хариуцагч эцсийн байдлаар тайлбар өгөхдөө менежерээр ажилладаг байсан, зээлийн хүсэлт өгөхдөө өөрийгөө менежер гэж байсан гэсэн зүйлийг дурдсан байсан. *-той хамтран ажиллах санаа зорилго байгаагүй. Аав * нь *-ийн өмчлөлийн байрыг зээлийн барьцаанд тавиад зээл авсан. Сүүлийн 30.000.000 төгрөгийг авахдаа *-д огт мэдэгдээгүй. Хариуцагч тал *-тай утсаа спикер дээр тавьж байгаад яриад, өгсөн гэдэг зүйлийг ярьдаг. Сүүлийн 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа хариуцагч байгууллага нь улсын бүртгэлийн газарт огт бүртгүүлээгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байдаг учир бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой байдаг. 30.000.000 төгрөгийг зээлийн гэрээнд *, * нар гарын үсэг зурсан, * гарын үсэг зураагүй. Иймд * 30.000.000 төгрөгийг аваагүй учир 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн барьцаа хөрөнгөөс хангуулах хэсгээс 30.000.000 төгрөгийг хасч өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * сүүлд байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. 30.000.000 төгрөгийг гардаж аваагүй нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл болсон. Уг гэрээг өмнөх гэрээний үргэлжлэл гэж үзэж байгаа бол *-аар гарын үсэг зуруулах шаардлагатай. Иргэний хуулийн 56.1.8-т заасныг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг. 2016 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үүргийн гүйцэтгэл хангуулах 65.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь менежерээр ажилладаг гэсэн зээл хүсэхдээ өгсөн хүсэлт архивт байсан. Анх хүү, алдангитай нийлээд 140.000.000 төгрөг гаргуулахаар шүхэд хандахад энэ нэхэмжлэгч талын хүсэлтээр 65.000.000 төгрөг болгож эвлэрсэн. * хүлээн зөвшөөрөөд, *-д итгэмжлэл өгч, эвлэрлийн гэрээ байгуулсан. * зээл авахаар хүсэлтээ өгөхдөө би менежерээр ажилладаг гэсэн. Дараагийн зээлийг авахдаа * утсаар яриад би хөдөө явж байна, энэ зээлийг зайлшгүй авмаар байна гэж ярьсан. Манай байгууллагын нярав Алтанцэцэг эгчийн багын найз нь * учир итгэлцлийн үндсэн дээр зээл олгосон байдаг. Зээлээ аваад, тухай үедээ бизнесээ хийчихээд, одоо ингэж болохгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал аав нь төөрөгдүүлээд авсан гэдэг зүйлийг олон удаа ярьж байна. Тэгвэл энэ маргаанаа *-тэй хийх ёстой. 1-рт нэмж зээл авна гэдэг хүсэл зоригоо илэрхийлсэн. 2-рт энэ хүн захирал, би менежер, бид 2 гэр хорооллын барилгажилт гэдэг төсөл дээр түрээсийн орон сууц барих гэж байгаа гэх мэт гэрээ байгуулахдаа гаргасан хүсэлт нь тодорхой байна. * анх гэрээ байгуулахдаа би захирал нь * менежер, цаашдаа * барьцаа хөрөнгөө дааж байгаа гэж гэдгийг хэлж зөндөө зүйл хийсэн. Иймээс хариуцагч байгууллага * нарт итгэл үзүүлсэн. Дараа нь утсаар ярьсан. Утсаар ярьсан нь тогтоогдохгүй зүйл биш, олж болно. Зээлийн гэрээг нэг л удаа бүртгүүлдэг болохоос ахин дахин бүртгүүлэн гэсэн зүйл байхгүй. Эвлэрлийн гэрээг байгуулсан нь энэ бүхний үндэслэл гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн барьцаа хөрөнгөөс хангуулах хэсгээс 30.000.000 төгрөг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд энэ гэрээтэй холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, өөрсдийнх нь хүсэлтээр нэхэмжлэлийн дүнгээ багасгаж эвлэрсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
* нар нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/178 тоот зээлийг гэрээг Энхсар инвест ББСБ ХХК-тай байгуулж, 40.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн байна. Мөн өдөр * нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, * дугаар байр, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, * м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, * тоот барьцааны гэрээ байгуулсан байна. Энэхүү барьцааны гэрээ нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.
2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр * нэмэлт тоот гэрээг * ХХК-тай байгуулж, 30.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/178 тоот зээлийн гэрээний нөхцөл, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/178 тоот барьцааны гэрээ үйлчлэхээр тохиролцож, 30.000.000 төгрөгийг зээлсэн байна.
Эдгээр гэрээний үүрэгт 139.187.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар Энхсар инвест ББСБ ХХК нь *, * нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр 19-ний өдрийн * дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 74.187.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч *-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, 65.000.000 төгрөгийг * 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, * дугаар байр, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, * м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг хүлээн аваагүй, *-д итгэмжлэл олгоогүй, энэ гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний нэмэлтийг байгууулахад * эзгүй байсан тул утсаар ярьж зөвшөөрсний дагуу * гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасантай нийцэж улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр 19-ний өдрийн * дугаар шийдвэрээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийн төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлээр үүснэ гэж зааснаар итгэмжлэл олгоогүй тул зээлийн нэмэлт гэрээ хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч шаардсан боловч зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *-д бүрэн эрх бүхий итгэмжлэл олгосон үйлдлээрээ гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг хожим хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн болон 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг.
Гэрээний хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гарсан буюу хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул зээлийн гэрээний нэмэлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй юм.
Иймд нэхэмжлэгч *-ийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн барьцаа хөрөнгөөс хангуулах хэсгээс 30.000.000 төгрөг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч * нь нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан хариуцагч * ХХК-д холбогдох зээлийн болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул * ХХК-д холбогдох 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн барьцаа хөрөнгөөс хангуулах хэсгээс 30.000.000 төгрөг хасуулахыг хүссэн нэхэмжлэгч *-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. * ХХК-д холбогдох, зээлийн болон зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч * татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ