| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/04067/И |
| Дугаар | 102/ШШ2021/00241 |
| Огноо | 2021-01-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2021/00241
| 2021 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2021/00241 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, * дүгээр байр, * давхарт байрлах, *-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Зүүн Ард Аюуш, * дугаар гудамж, * тоот хаягт оршин суух, *-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.799.388 төгрөг 33 мөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь манай байгууллагаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 306201927 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж, 950.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 14 сарын хугацаа хэтрээд байгаа тул зээлийн гэрээг цуцалж, шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж байсан. Иймд *-өөс үндсэн зээл 950.000 төгрөг, үндсэн хүү 709.388 төгрөг 33 мөнгө, хугацаа хожимдуулсны шимтгэл 140.000 төгрөг нийт 1.799.388 төгрөг 33 мөнгө гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч *-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.799.388 төгрөг 33 мөнгө гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч *-тэй 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №* тоот зээлийн эрхийн гэрээгээр 1.000.000 төгрөгийг сарын /30 хоног/ 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд ямар ч төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 950.000 төгрөг, зээлийн хүү 709.388 төгрөг 33 мөнгө, шимтгэл буюу хугацаа хэтрүүлсэн анзад 140.000 төгрөг, нийт 1.799.388 төгрөг 33 мөнгө гаргуулахаар шаарджээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ буюу мөн хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй байна.
Хугацаа хожимдуулсны шимтгэл сар бүр 10.000 төгрөгийг тодруулахад хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой анз тооцох заалт гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.5-т Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж зааснаар гэрээний хугацаа хожимдуулсны шимтгэлийн заалт орж байх тул нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний шимтгэлд 140.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн эрхийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хариуцагч * нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авсан 950.000 төгрөгийн төлөлтийг хийгээгүй, нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандах хүртэл 14 сарын хугацаа хэтрүүлсэн байна.
Гэрээнд зээлийн хүүг 30 хоногоор тооцохоор тохирсон байх бөгөөд хугацаа хэтэрсэн хоног нь 14 сар буюу 426 хоног байх бөгөөд 30 хоногийн хүү 950.000 х 5% = 47.500 төгрөг, 14 сарыг 30 хоногоор тооцоход 47.500 х 14 = 665.000 төгрөг, 6 хоногийн хүү нь 47.500/30*6=9.500 төгрөг, нийт хүү 665.000+9.500=674.500 төгрөг байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч *-өөс үндсэн зээл 950.000 төгрөг, үндсэн хүү 674.500 төгрөг, нийт 1.624.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч * ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 174.888 төгрөг 33 мөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40.934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 2811.1 дэх заалтыг баримтлан хариуцагч *-өөс 1.624.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч * ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 174.888 төгрөг 33 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40.934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ