Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/00267

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/00267

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,* дугаар хороо, Амарсанаагийн гудамж, * дүгээр байр, * тоот хаягт оршин суух, *-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, Талх чихэр * дүгээр байр, * тоот хаягт оршин суух, *-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгт 3.779.700 төгрөг нөхөн гаргуулах, нэмэлт зардалд 4.156.806 төгрөг гаргуулах, эцэг байх эрх хасуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *, * хоёр нь 2015 онд танилцсан. * Австрали улс руу суралцдаг байсан. Дараа нь * Австрали улс руу суралцахаар явсан. Хүү * нь 2017 оны 05 сарын 12-ны өдөр Австрали улсад төрсөн. Ингээд сургуульдаа суралцах боломжгүй болсны улмаас 2018 оны 02 сард хүүгээ тэврээд сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амсаж, Монголдоо хөөгдөөд ирсэн. Үүнээс хойш одоог хүртэл хүү * эх * болон эмээ *-ын асрамжид байгаа. Нэхэмжлэлийн эхний шаардлага бол Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хоёрдугаарт нь * нь 2018 оны 2 дугаар сараас эхлэн эцгээр тэтгүүлээгүй тул 2018 оны 10 сарын 02-ноос эхэлж 2020 оныг дуустал тооцсоны дагуу 3.779.700 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахыг хүсч байна. Энэхүү мөнгөн дүнг Улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар авч тооцсон.. Гуравдугаарт, хүүхдийн нэмэлт зардалд зарцуулсан 14.514.612 төгрөгийг 50 хувь болох 7.256.806 төгрөгөөс 3.100.000 төгрөгийг хасаж, нийт 4.156.806 төгрөгийг Б.Энхбаяраас нэхэмжилж байна. Энэхүү үнийн дүнгийн задаргаа нь вакцинд зориулж 2.516.732 төгрөг зарцуулсан. Вакцины мөнгө яагаад ийм үнэтэй байгаа вэ? гэвэл хүүхэд анх Австралид төрсөн учраас анх хийлгэсэн вакцин нь Монголд байхгүй, Монголд хийж байгаа вакцины мөчлөг таарахгүй байгаа учраас анх хийлгэсэн вакциныг нь хувийн эмнэлгээр захиж авчруулж хийлгэж байгаа. Нийт 4 удаа вакцин хийлгэсэн ба одоо 2 удаа хийлгэх дутуу байгаа. Мөн * нь хүүхэдтэйгээ буцаж ирэхэд * нь замын зардлыг төлөөгүй. *-ийн зардлыг нэхээгүй хүү *-ийн тийзний мөнгө болох 2.500.100 төгрөг, мөн хүүхдийн цэцэрлэгийн зардал болох 2.390.000 төгрөг болсон. * нь төрөхдөө 18 цаг өвдөж, мэс заслын аргаар төрсөн бие султай, суурь өвчтэй хүүхэд учраас улсын цэцэрлэгт явуулахад тохиромжгүй байсан. Иймд Дэгдээхэй гэдэг цөөн хүүхэдтэй хувийн цэцэрлэгт явуулсан. Ковид-19 цар тахал гарч цэцэрлэгүүд хаагдсан тул гэрээр харуулах шаардлага гарсан. Гадны асрагч ажиллуулахад найдваргүй байсан тул өөрийн хамаатан болох *, * нараар 3.520.000 төгрөгөөр харуулж байгаа нь дансны баримтаар батлагдаж байгаа. * нь жирэмсэн байхдаа хүнд тоос сорогч үүрэн ажилладаг байсны улмаас хүүхэд нь бие муутай болж төрсөн, байнга л хоолой нь өвдөн халуурч, ходоод гэдэс нь хямардаг учир эмчийн хяналтад байнга байдаг. Үргэлж бие нь өвддөг учир эмчилгээний зардал ч их гардаг. Нийт 2.086.780 төгрөгөөс 1.600.000 төгрөгийг хасаж 486.780 төгрөгийг нэхэмжилж байна гэв. * нь хэзээ ч санаачилгаараа хүүхдэдээ мөнгө өгдөггүй үргэлж л шаардуулж, нэхүүлж хэрүүл хийж байж мөнгө өгдөг нь мессеж чатнаас нь харагдана. Иймээс нийтдээ 4.156.806 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилж байна. Эцэст нь *-ын эцэг байх эрхийг хасуулах шаардлага гаргаж байна. Үндэслэл нь *-ийг бие давхар байхад, хүүхдээ төрүүлсний дараа нялх биетэй байхад нь * нь тэр хоёрыг асран халамжилж байгаагүй үргэлж хоол хүнс болон ахуйн хувьд гачигдалтай байлгаж байсан. *-ийн сургалтын төлбөр болох мөнгийг нь үрүүлсэн байсан. Мөн хариуцагч * нь бэлгийн замын замбараагүй байдлаас болж, миний охинд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг вирусийг халдаасан. Хүүхдээ нялхаас нь өсгөж хүмүүжүүлж асран хамгаалаагүй, мөн тэжээн тэтгэхээс зайлсхийдэг. Өөрийн санаачилгаар мөнгө өгч байгаагүй. Заавал хэрүүл хийж мөнгө авдаг байсан. 2018 оны 08 сард * гэдэг эмэгтэйтэй Австралид хамтран амьдарч байсан нь мэдэгдсэн. * нь эцэг байх үүргээ биелүүлээгүй, эцэг байх эрхийг нь хасах нөхцөл байдал хангалттай нотлогдож байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн эцэг байх эрхийг нь хасах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв..

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХүүхдийн тэтгэлэг гаргуулахыг зөвшөөрч байнаа. Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нөхцөл байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байгаа болохоор нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. * * хоёрын хувийн асуудал харилцааг нь ямар байсныг бид мэдэхгүй. Гэхдээ хүүхэд төрсөн нь үнэн, түүн дээр бол маргаагүй. * бол хүүхэддээ тодорхой хэмжээний шаардлагатай мөнгийг өгч туслалцаа үзүүлдэг байсан. Цаашдаа ч мөнгө өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн. Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт өгсөн баримтуудаас харахад * өөрөө зарцуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эх хүн учир үр хүүхдэдээ мөнгө өгөх нь Гэр бүлийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан зүйл байхгүй. * цэцэрлэг гэдэг нь *-ын өөрийнх эсхүл хамаатны цэцэрлэг юм шиг байсан. Нэхэмжлэл гаргахдаа үндэслэл, гаргалгааг нь тодорхой зааж өгөх хэрэгтэй. Тэгэхээс зовсон жаргасан гэдгээр мөнгө ярьж нэхэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч *-т холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү *-т хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн тэтгэлэгт 3.779.700 төгрөг нөхөн гаргуулах, нэмэлт зардалд 4.156.806 төгрөг гаргуулах, эцэг байх эрх хасуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч * нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг тэжээн тэтгэж, шаардлагатай төлбөрийг төлж байсан гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэлээ.

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчид 2015 онд танилцаж, 2015 оны 11 дүгээр сараас Австрали улсад хамт амьдарсан байх ба тэдний дундаас 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүү * төржээ. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хүүг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

Хариуцагч нь хүүг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү *-ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг *-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн тэтгэлэгт 3.779.700 төгрөг нөхөн гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хүүгийн хамт 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад ирж, тэр цагаас хойш хариуцагч хүүхдээ тэжээн тэтгээгүй тул хүүхдийн тэтгэлгийг 2018, 2019, 2020 онуудад тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингээс тооцон шаардаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 2 дугаар сараас хойш хамт амьдраагүй байх боловч энэ хугацаанд хариуцагч нь хүү *-ийн Төрийн банканд байх хүүхдийн мөнгөний хадгаламжид 500.000 төгрөг шилжүүлсэн, хүүхдийн төрсөн өдөрт зориулж хувцас явуулсан, эмнэлэгт хэвтэх, вакцин хийлгэхэд шаардлагатай мөнгөнөөс шилжүүлж байсан зэргээр сар бүр биш боловч хүүхдээ тэжээн тэтгэж байсан байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хүүхдийн тэтгэлэгт 3.779.700 төгрөгийг нөхөн гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хүүхдийн нэмэлт зардалд 4.156.806 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч талаас нэмэлт зардалд Австрали Улсаас Монгол улсад ирэх тийзний зардал, вакцины төлбөр, эмчилгээ, шинжилгээний төлбөр, цэцэрлэгийн төлбөр, асран хамгаалах гэрээний төлбөр зэрэгт гарсан зардлын 50 хувь болох 4.156.806 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг.

Хүү * нь Монгол Улсад ирэхдээ онгоцонд тусгай суудалд том хүний зардлаар ирж, 2.500.100 төгрөгийн зардал гарсан талаар баримтыг хариуцагч няцааж чадаагүй, хүүхдийн өвчний улсаас гарч байгаа тул энэ зардлыг нэмэлт зардалд тооцох үндэслэлтэй.

Монгол Улсад ирснээс хойш хүү * нь захиалгаар вакцин хийлгэж байсан талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч нь вакцины төлбөрөөс шилжүүлж байсан байна.

* эмнэлэгээр 2018 оны 12 дугаар сарын 4, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус тус вакцин хийлгэж, 3.416.830 төгрөгийн төлбөр төлсөн байх бөгөөд 50 хувь нь 1.708.415 төгрөгийг *-аас шаардахаар байна.

Эмнэлэгт хэвтсэн болон эмнэлгээр үзүүлж, оношлогоо шинжилгээ хийлгэхэд 4.173.560 төгрөгийн зардал гарсан гэж 50 хувь болох 2.086.780 төгрөгөөс төлсөн 1.600.000 төгрөгийг хасч, 486.780 төгрөгийг шаардаж байх боловч хэрэгт авагдсан эмчилгээний төлбөрийг баримтаар 2.061.780 төгрөгийн төлбөр төлөгдсөн байна. Үүний 50 хувь болох 1.030.890 төгрөгийг эцэг Б.Энхбаяраас шаардахаар байна.

Төлбөртэй цэцэрлэгт явсан гэж 2.390.000 төгрөг, асран хамгаалах гэрээний төлбөрт 3.520.000 төгрөг төлсөн гэж тус бүр 50 хувийг гаргуулахаар шаардаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан нэмэлт зардалд тооцох үндэслэлтэй үзлээ. Цэцэрлэгийн төлбөрт 2.390.000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байх ба асран хамгаалах гэрээний төлбөрт 3.500.000 төгрөгийг төлсөн байна.

Дээрх зардлуудыг нэмж тооцоход 11.478.610 төгрөг болж байх ба үүний 50 хувь нь 5.739.305 төгрөг, үүнээс *-ын төлсөн 3.100.000 төгрөгийг хасч, 2.639.305 төгрөгийг нэмэлт зардалд гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эцэг байх эрх хасуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нь хүүхдээ тэжээн тэтгэхээс санаатайгаар зайлсхийж, эцэг хүний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж эцэг байх эрхийг хасуулахаар шаардаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж заасан.

Хариуцагч нь хүүхдээ сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагчаас хүүхэддээ тодорхой хэмжээгээр мөнгө шилжүүлж байсан, эмнэлэгт хэвтэх, вакцин хийлгэхэд мөнгөн дэмжлэг үзүүлж байсныг өөрийн санаачлагаар биш нэхэмжлэгчийн шахалтаар хийсэн гэх боловч хариуцагч нь эцэг хүний хувьд хүлээх үүргээ биелүүлж байсан гэж үзнэ.

Иймд эцэг байх эрх хасуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329.850 төгрөгөөс 259.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2021 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатарын хэмжээнээс тооцож/ 94.204 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү *-ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг *-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг баримтлан нэмэлт зардалд хариуцагч *-аас 2.639.305 төгрөг гаргуулж, үлдэх 1.517.501 төгрөг гаргуулах болон 3.779.700 төгрөгийн тэтгэлэг нөхөн гаргуулах, эцэг байх эрх хасуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329.850 төгрөгөөс 259.3650 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцааж, хариуцагч *-аас улсын тэмдэгтийн хураамжид 94.204 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ