Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1303

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Б-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00747 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Б-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ж П Э Б Т” ХХК-д холбогдох

 

Автомашиныг чөлөөлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт болон учирсан хохиролд 20 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч “Ж П Э Б Т” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаанд нь өөрийн өмчлөлийн Мерседес бенз Е-200 маркийн 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг 30 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан бөгөөд хүүнд 600 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад санхүүгийн хүндрэлээс болж зээлсэн мөнгөө төлж чадаагүй. Төлбөрөө төлөөд автомашинаа авья гэхэд их хэмжээний мөнгө нэхдэг болохоор өнөөдрийг хүртэл автомашинаа өөрийнхөө өмчлөлд авч чадаагүй. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээний хугацаа дууссан гээд 2017 оны 01 дүгээр сард уг автомашиныг замын хөдөлгөөнд оролцож байхад нь хүч түрж авсан бөгөөд үүнээс хойш 45 000 000 төгрөгөөр зарахаар удаа дараа зар тавьсан байсан. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээнд ... гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэхээр ... тохиролцсон байдаг учраас нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээл болон хүүнд 11 200 000 төгрөг төлж, гэрээний үүргээ хожуу ч гэсэн биелүүлсэн гэж үзэж байна. Хариуцагч тал зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж тайлбарладаг боловч энэ талаар бичгийн баримт байхгүй. Нэхэмжлэгч О.Б- гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаж байсан боловч хариуцагч шийдээгүй. Иймд хариуцагчийн барьцаанаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Мерседес бенз Е-200 маркийн 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Б- нь манай компаниас 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд 600 000 төгрөгийн хүү төлсөн бөгөөд үүнээс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Манай зүгээс гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээр нь очсон боловч хаяг дээрээ амьдрахаа больсон байсан бөгөөд утас нь ч холбогдохоо байсан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө төлөхийг хүлээсэн боловч үр дүн гараагүй гэрээний хугацаа дуусч компанийн эзэмшилд бүрэн шилжсэн учраас Төв шуудангийн хойно явж байхад нь ямар нэгэн хүч хэрэглэсэн, дээрэмдсэн зүйлгүйгээр компанийнхаа эзэмшлийн автомашиныг аваад гараашдаа аваачиж тавьсан. Харин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11 200 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр дуусаагүй, гэрээний хугацаа сунгагдсан байгаа. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлж байсан. Бид барьцааны автомашиныг зарах гэсэн боловч Япон автомашин биш Герман автомашин учраас зарагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний харилцаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 23 сар сунгагдаад үргэлжилж байгаа. Өөрөө ч энэ талаар хүсэлтээ гаргаж байсан. Бид нэхэмжлэгчийн машиныг зээл олгосноос хойш бүтэн 1 жил гаруй хугацааны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эзэмшилдээ авсан. Хүч түрэмгийлж авсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь авсан зээлээсээ хүү 600 000 төгрөгийг төлж, өөр төлөлт хийгээгүй байж байгаад анхан шатны шүүх хуралдааны өмнө 11 200 000 төгрөг төлсөн нь үнэн. Гэхдээ зээлийг бүрэн төлж дуусгасан гэж үзэхгүй байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зээлийг тооцвол үндсэн төлбөр, хүү 18 900 000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул 50 хувиар нь тооцож 9 450 000 төгрөг, нийт 28 350 000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 17 дугаар бүлэгт заасан үүргийг нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүй. Бид автомашиныг зарахын тулд 4 000 000 төгрөгөөр засвар хийлгэсэн боловч машин зарагдаагүй өнөөдрийг хүртэл бид гараашдаа хадгалж байна. Нийт зээл, хүү, алданги, машин засварын мөнгө 32 350 000 төгрөг болсон. Үүнээс төлсөн 11 200 000 төгрөгийг хасаад 20 700 000 төгрөг болсныг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид зээл болон фидуцийн гэрээ байгуулсан талаар маргаан байхгүй. Харин зээлийн гэрээг сунгасан асуудал бол байхгүй. Тухайн үедээ нэхэмжлэгч сунгах саналыг амаар хэлж байсан боловч бичгээр хийж, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй. Тийм учраас зээлийн гэрээ дууссан. Бид ч үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Гэрээ сунгагдаагүй учир хүү шаардах эрхгүй. Харин алдангийн хувьд хуульд заасанд нийцэхгүй байна. Мөн манай машиныг жил гаруй өөрсдийн эзэмшилд байлгаж, худалдах зар сонинд нийтлүүлж байсан. Машиныг засварласан гээд байгаа баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар “Ж П Э Б Т” ХХК-нд холбогдох Мерседес бенз Е-200 маркийн 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай О.Б-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Б-ээс 5 600 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ж П Э Б Т” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 15 100 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Б-ий тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 261 450 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, дутуу төлсөн 237 750 төгрөгийг нэхэмжлэгч О.Б-ээс нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, 104 550 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ж П Э Б Т” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00747 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 Шүүхийн шийдвэрт “хариуцагч ... Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, алданги, учирсан хохиролд 20 700 000 төгрөгийг шаардах эрхтэй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин “...4 000 000 төгрөгийн засварын баримт уншигдахгүй байх тул ... хариуцагчаас гарсан зардал гэж үзэх боломжгүй...” хэмээх агуулгаар дүгнэсэн байх тул засварын зардлын нотлох баримтыг дахин гаргуулан асуудлаг жич нэхэмжлэн шийдвэрлүүлэхээр тус гомдлын агуулгын хүрээнд хамруулсангүй. Мөн “...сөрөг нэхэмжлэлээс үлдэх 15 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.2, 222.3, 222.5, 222.7 дахь хэсэгт заасныг тайлбарласан 2010 оны тайлбараас үзвэл нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд 14 сар 10 хоног үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн тул хариуцагч автомашиныг эзэмшилдээ авсан нь хуульд нийцнэ. Энэхүү хугацаанд 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хүү төлөх үүрэгтэй, 10 000 000 төгрөгийн зээлийн 1 сарын хүү 600 000 төгрөг тул 14 сар 10 хоногийн хуульд заасан хүү нь нийт 8 600 000 төгрөг болно. Зээлийн гэрээнд зааснаар алданги нь 4 300 000 төгрөг болно. Үндсэн зээл ба алдангийн хамт 15 000 000 төгрөг, нийт 27 900 000 төгрөг юм. Үүнээс 11 200 000 төгрөгийн хүүг нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн тул 16 700 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл одоогоор биелэгдээгүй байна. Шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэлээс 5 600 000 төгрөгийн ханган шийдвэрлэсэн бөгөөд үлдэх хэсэг 11 100 000 төгрөгийг мөн адил ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргасан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ ба Иргэний хуулийн хэрэглээ гэх сургалтын гарын авлагад зээлийн гэрээний талуудын эрх үүргийн зохицуулалтыг нарийвчлан жишээ хэлбэрээр тайлбарласан ба зээлдэгчийн үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсний улмаас үүссэн хохирлыг дээрхийн адил тооцоолон шаардах эрхтэй гэж ойлгохоор байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 15 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь иргэний эрх тэгш харилцаанд шударга ёс, хууль ёсны итгэл үнэмшилийг хамгаалах нь эрх зүйт төрийн үндсэн зарчим болно. Иргэний хуулийн 17 дугаар бүлэг үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдалд хамаарах 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг шүүх хэрэглэсэнтэй санал нийлж байна. Харин Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглээгүй байх тул хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн, тогтоох хэсэгт 104 550 төгрөгийг гаргуулж хариуцагч компанид олгосон нь тодорхой бус, нэхэмжлэгчээс гаргуулах эсэх нь шууд ойлгогдохгүй байх тул тодруулах хэрэгтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан О.Б-ээс зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний үүргийн дагуу нийт 20 700 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй 11 100 000 төгрөгийг нэмэлтээр ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч “Ж П Э Б Т” ХХК-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуц/-ний дагуу шилжүүлсэн автомашиныг чөлөөлөхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн биелэлт болон учирсан хохиролд 20 700 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан байна.

 

Талууд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцохоор, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Мерседес бенз Е-200 маркийн 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг 30 000 000 төгрөгөөр үнэлж, хариуцагчийн нэр дээр шилжүүлэх, зээлдэгч зээлийг бүрэн төлсөн тохиолдолд хариуцагч нь автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр тус тус тохиролцсон байгаа нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгүүдэд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн хүүд 600 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, хугацаа хэтрүүлсний улмаас хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр фидуцийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар автомашиныг нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сард хураан авсан. Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээл, хүү 11 200 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тус тус төлсөн үйл баримтын талууд маргаагүй байна. /хэргийн 3-7, 28, 29-30, 65 дугаар тал/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан ба хариуцагч “Ж П Э Б Т” ХХК нь хүү тогтоосон зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж тайлбарлах боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул хариуцагч нь зээлийн гэрээгээр тохиролцсон 1 сарын хугацаанаас дээш хугацааны хүү шаардах эрхгүй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.” гэсэн заалт нь мөнгөн төлбөрийн үүргийн хугацаа хэтрүүлэх харилцааг тодорхойлсон ерөнхий зохицуулалт юм. Талууд зээлийн гэрээний 2.2-т алданги төлөх нөхцөлийн талаар тодорхой тохиролцож, зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх үр дагавар буюу хариуцлагыг тодорхойлсон байна.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн өдөр хүртэлх хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Ийнхүү талууд нарийвчилсан хуулийн зохицуулалтын хүрээнд анз төлөх талаар  тодорхой тохиролцсон байхад мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой ерөнхий зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчээс зээлийн хүү гаргуулах боломжгүй юм.

 

Гэвч алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул нэхэмжлэгчээс хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг болох 11 200 000 төгрөгийн 50 хувь буюу 5 600 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу үүргээ бүхэлд нь биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Автомашиныг бусдад худалдах зорилгоор нэхэмжлэгчээс хураан авснаас хойш 4 000 000 төгрөгийг засвар хийсэн нь үнэн зөв эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгө үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн этгээд нь үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгөө буцаан авах эрхтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу төлөх нэмэгдэл үүргээ төлөөгүй байх тул хөрөнгөө шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрээгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                                 С.ЭНХТӨР