Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

шүүгдэгчийн өмгөөлөгч В.Хүрэлхад,

            шүүгдэгч П.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвдоржийн Наранбаярт холбогдох эрүүгийн 201619000579 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 6, ээж, аав,эгч нарын хамт Улаанбаатар хот 18 дугаар хороолол Залуус хороолол 6-1073 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Дамба Хаван овогт Пүрэвдоржийн Наранбаяр /РД:ШУ88061223/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Наранбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт орших хатуу хучилттай замын 46 дахь километрийн шонгийн орчимд өөрийн эзэмшлийн 20-01 УНР улсын дугаартай “Хюндай Верна Аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Н.Даш-Өлзийгийн эзэмшлийн 1 тооны адууг мөргөн 10000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 дахь хэсэгт заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ,в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Наранбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хамаатан нас барж 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймаг руу ажил явдалд явах замд замын хажуугаас гэнэт нэг морь гарч ирээд дайруулчихсан. Би тухайн үед тормос гишгэсэн боловч үйл явдал хурдан болж өнгөрсөн. Машинд дайрагдсан морийг замаас гаргачихаад аавыг эргэж ирэхдээ арга хэмжээ авъя гэхээр морийг тэндээ үлдээгээд 2 даваа өнгөрч машинаа айлын гадна үлдээчихээд цаашаа явсан. Тухайн үед адуу машинд гэдгийг би мэдээгүй. Хохирогч надаас 10 сая төгрөг нэхэмжилж 5 сая төгрөг төлөхөөр тохирч хохирол төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан гэв.

           

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД   :

Иргэний нэхэмжлэгч Д.Гансүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хуучин Баянцогт сумын нутаг асфалтан зам дээр манай “Өлзий төв” ХХК-ны 1 тооны 4 хөл цагаан хүрэн зүсмийн хязаалан үрээ тээврийн хэрэгсэлд мөргүүлж үхсэн тэгээд байгууллагаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тухайн үед засмал замын ойролцоо бэлчиж байгаад зам хөндлөн гарч байгаад дайруулсан байсан.  Даваадорж гэх манай туслах малчин тухайн үед хариулж байсан юм. Манай адуу цэвэр Араб адуу байсан эцэг эх нь мөн Араб адуу байсан эцэг нь 2016 оны шилдэг алтан азрагаар тодорсон түүний үр төлүүд аймаг улсын наадамд түрүүлж айрагддаг байгаа манай хүрэн адуу бол битүү уяагдаж уралдахад бэлтгэгдэж байсан үрээ тийм учраас 35 сая төгрөгөөр үнэлж байна. Манай машинд мөргүүлдэг хүрэн үрээ огт уралдаж байгаагүй. Би адууныхаа хохирлыг нөхөн төлүүлмээр байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-42 тал/,

Гэрч П.Пүрэвдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос өглөө 10 цаг өнгөрөөгөөд хүү Наранбаярын 20-01 УНР улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй Пүрэв-Ойдов, Отгонбаатар, Пагмадулам бид тав Архангай аймгийн Хотонт сум руу оршуулгийн ажил явдал гараад явж байсан. Тэгтэл Төв аймгийн Аргалант сумын Хуучин Баянцогт гэх газрын ойролцоо асфалтан зам дээр адуун цуваа зам хөндлөн гарч байсан харагдсан. Би ард нь сууж байсан юм тэгээд нэг адуу нь замын хажууд зам хөндлөн гарч амжаагүй бололтой зогсож байсан тэгээд хажуугаар нь машинтай гарах гэтэл гэнэт машины урд руу нөгөө адуу үсэрч ороод дайруулчихсан машины урд салхин шил хагарсан толь хагарч салж унасан тэгээд нөгөө адууны урд хөл доглосон байдалтай замын хажууд зогсож байсан би тэр адууг зам дээр унасаныг нь хараагүй ямарч л байсан машинд тэр адуу мөргүүлсэн тэгээд Наранбаяр их сандараад байсан. Би хүү Наранбаярыг миний хүү яв аав нь дараа нь учрыг нь олно гэж хэлээд Наранбаяр машиныг жолоодоод цааш яваад зогссон машины урд салхин шил хагарсан байсан болохоор Архангай аймагруу машин явах боломжгүй болсон тэгээд Наранбаярыг машинтай нь Улаанбаатар хотын 84 гэж газарлуу буцаагаад бид нар замын унаанд суугаад цааш Архангай аймаг руу явсан. Миний хүү Наранбаяр цоо эрүүл байсан. Осол болох тухайн үед бороо цас ороогүй нартай дулаахан өдөр байсан замын нөхцөл байдал хэвийн байсан. Наранбаярыг би яв гээд явуулсан юм осол болсон талаар хүнд битгий хэлээрэй ээждээ битий хэлээрэй гэж би хэлсэн” гэх мэдүүлэг /хх-45 тал/,

Гэрч Д.Пагмадулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос өглөө 10 цагийн үед байх 20-01 УНР улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй Пүрэвдорж, Пүрэв-Ойдов, Отгонбаатар, Наранбаяр бид тав Архангай аймгийн Хотонт сумруу ажил явдал гараад явж байсан. Тэгтэл Улаанбаатар хотоос холгүй Төв аймгийн Аргалант сумын Хуучин Баянцогт гэх газар явж байтал асфалтан зам дээр адуу зам хөндлөн гарч байсан харагдсан. Би ард нь сууж байсан болохоор юу болсоныг тухайн үед хараагүй гэнэт тас буугаад ямар нэгэн зүйл мөргөх ил болоод урд салхин шил нь хагарсан тэгээд машин зогссон би цонхоороо хартал тооны адуу дайрчихсан бололтой байсан нилээд хэдэн адуу зам хөндлөн гараад зогсож байсан. Тэгээд машин жолоодож явсан Наранбаяр маш их сандарч байсан тэгээд цааш хөдлөөд цааш яваад би машинаас буугаад замын унаанд суугаад явсан. Наранбаяр цоо эрүүл байсан. Осол болох тухайн үед бороо цас ороогүй нартай дулаахан өдөр байсан замын нөхцөл байдал хэвийн байсан. Наранбаярын аав Пүрэвдорж яв гээд Наранбаяр хөдлөөд явчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-46 тал/,

Гэрч Ч.Пүрэв-Ойдов мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос өглөө 10-11 цагийн үед байх 20-01 УНР улсын дугаартай вөрна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй Пүрэвдорж, эхнэр Пагмапулам, Отгонбаатар, Наранбаяр нарын хамт бид тав Архангай аймгийн Хотонт сум руу ажил явдал гараад явж байсан тэгтэл Улаанбаатар хотоос холгүй Төв аймгийн Аргалант сумын Хуучин Баянцогт гэх газар явж байтал асфалтан зам дээр хэдэн тооны адуу зам хөндлөн гарч байсан харагдсан. Тэгээд замын хажууд 1 тооны адуу зогсож байсан тэгээд тэр адууны хажуугаар гарах гэтэл нөгөө адуу зам руу гэнэт гүйж ороод машины урдуур орж машинд мөргүүлээд машины урд салхин шил хагарсан нөгөө адуу замын нөгөө тал руу урд талынх нь хөл нь догпосон байдалтай замын нөгөө талд гараад зогссон тухайн үед машиныг Наранбаяр жолоодож явсан тэгээд Наранбаяр сандарч байгаад машинаа цаашаа үргэлжлүүлээд бариад хөдлөсөн тэгээд осол болсон газрын цаахан талаас Наранбаяр Улаанбаатар хотруу буцахаар болоод машинтайгаа үлдсэн бид нар замын унаанд дайгдаж суугаад Архангай аймагруу цааш явсан. Наранбаяр цоо эрүүл байсан. Осол     болсон тухайн үөд бороо цас ороогүй нартай дулаахан өдөр байсан Замын нөхцөл байдал хэвийн байсан ойрогцоогоор 70-80км цагийн хурдтай л явж байсан. Наранбаярын аав Пүрэвдорж бид хоёр яв яв гээд Наранбаяр ослын газрыг орхиод хөдлөөд явсан” гэх мэдүүлэг /хх47 тал/,

Насанд хүрээгүй гэрч Ё.Ёндонширжүр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр адуугаа ойролцоох мод руу шахаад тогтоосон байсан юм. Тэгээд цайгаа уух гээд гэртээ очоод цайгаа уучихаад буцаад адуун дээрээ очиход адуу байрнаасаа хөдлөөд засмал замын ойролцоо усны ёнкосны дэргэд байсан тэгээд адуун дээрээ очиход засмал замын хажууд хүрэн зээрд зүсмийн 4 хөл нь хязаалан үрээний урд талын нь хоёр хөл нь хугарсан байдалтай тийчлээд хэвтэж байсан босч чадахгүй байсан машинд мөргүүлсэн байдалтай замын хажууд урд талд нь байсан тэгээд мотоциклоо унаад гэртээ очоод адууны эзэн Гансүх ахад утсаар мэдэгдэж хэлсэн. Тухайн үед адууг би хариулж байсан манай аав болон бусад хүмүүс Орхон аймаг руу наадамд явчихсан би гэртээ ээж дүү нарынхаа хамт байсан тухайн адуу байсан замын хажууд цагаан өнгийн машины толь байсан. Тухайн үед би ганцаараа байсан анх адуу дайрагдсан байсныг би анх харсан тэгээд Гансүх ахад мэдэгдсэн. Төв аймгийн Аргалант сумын нутаг Хуучин Баянцогт билүү Цагаан хөтөл гэх газар байсан манай гэртэй ойрхон байсан” гэсэн мэдүүлэг /хх-48 тал/,

Гэрч Ж.Ренценбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Адууны урд хойд болон аль хөл нь хугарахад эдгэрсэн тохиолдолд уралдаж амжилт гаргах ямар ч боломжгүй мөн уналга эдэлгээнд ч ашиглах боломжгүй байдаг. Цэвэр болон эрлийз адуу бол жирийн Монгол адуунаас үнэ ханшийн хувьд өндөр байдаг” гэсэн мэдүүлэг /хх-115 тал/, .. Энэ хавтаст хэрэгт байгаа дайруулсан гэх адууны зургийг харахад цэвэр араб адуу биш байна хольцтой адуу байна гадна харагдах галбир толгой биеийн байдлаараа цэвэр араб адуу биш хольцтой адуу байна” гэсэн мэдүүлэг /хх-133 тал/,

Гэрч Ц.Занданхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Цэвэр Араб цустай адуу бол өндөр үнэ ханштай байдаг уяачид ч гэсэн дундаа үнэ хөөргөж бие биеэсээ худалдаж авцгаадаг юм тухайн адууг би шууд тийм үнэ өртөгтэй гэж хэлж мэдэхгүй ер нь бол Араб үлдэрийн адуу бол уралдсан уралдаагүй жирийн монгол адуунаас үнэтэй байдаг. Цэвэр араб адуу битгий хэл эрлиз адуу хүртэл үнэтэй байдаг миний мэдэхийн доод тал нь манлай уяачийн эрлиз адуу 1000000 төгрөгийн үнэ ханштай байгаа уяачид өөрсдөө энэ үнэ ханшийг тогтоогоод үнээ тохироод өгч авалцдаг юм. Адууны хөл хугарсан л бол уралдах ямар ч боломжгүй уналага эдэлгээнд ч хэцүү хөл хугараад эдгэрсэн адууг дахин унах уяаж уралдуулахад хугарсан хөл нь доголчихсон юм тийм учраас хөл хугарсан адуу бол цаашид уралдах болон уналгад ашиглах ямар ч боломжгүй байдаг” гэсэн мэдүүлэг /хх-116 тал /,

Гэрч А.Өнөржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Цэвэр Араб адуу зах зээлд яг тийм үнэ цэнэтэй гэж хэлэх боломжгүй байна янз бүрийн л үнэтэй байдаг гэхдээ жирийн монгол адуунаас өртөгийн хувьд бол өндөр үнэтэй 25 сая төгрөгөөр үнэлэгдсэн байх боломжтой байдаг юм. Үгүйсгэх арга байхгүй би үнэлгээ тогтоодог хүн биш учраас яг тийм үнэ ханштай гэж хэлж мэдэхгүй байна. Хөл нь хугараад эмчлэгдээд эдгэрсэн адуу дахин уралдах боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-117-118 тал/,

Гэрч Д.Очирсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Даш-Өлзий гэдэг хүнийг би танидаг Монгол Улсын тод манлай уяач байгаа юм тэр хүн сүүлийн 20 гаран жил морь уясан хүн их хурдтай хурдан удмын морьд ихтэй тод манлай уяач цолыг адуу уяж уралдуулаад авч байсан юм. Зургийг нь харахад илт араб адуу мөн байна тодорхой байна 20 гаран жил адуу малтай харьцсан учраас сайн мэдэж байна. 25 сая төгрөг тухайн адууг үнэлэх боломжтой Араб адууг арчилахад их зардал шаарддагдаг. Уралдсан уралдаагүйгээс хамаарч өндөр үнэ өртөгтэй байдаг” гэсэн мэдүүлэг /хх-130-131 тал/,

Гэрч Д.Жанчив мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би тод манлай уяач Даш-Өлзий гэх хүнийг таньдаг. Төв аймгийн Аргалант суманд зун ирж зусдаг юм өвөлдөө нүүгээд явчихдаг. Өнгөрсөн зун энд ирж зуссан. Даш-Өлзий гэх хүнд Монгол адуу бараг байддаггүй Аргалант суманд ирж зусахдаа дандаа эрлийз хурдан адуугаа авч ирдэг. Ер нь Даш-Өлзий гуай маш олон сайхан хурдан буянтай өнгөрдөг зун “Даншиг” наадмаар морь нь түрүүлээд жийп машин авсан “Алтан азарга” өргөмжлөл авсан азарганых нь төлүүд гэж байсан. Даш-Өлзий гуай адуугаа 20 сая төгрөгөөр зарна гэж дуугардаг баян том уяач нар 20 сая байтугай л худалдаж авдаг гэж сонссон их томоотой хашир хүн дээ. Тэр талаар сонссон хурдан удмын адуу нь машинд дайрагдсан гэж сонссон. Би дайрагдаж байхыг нь хараагүй. Зундаа дандаа хурдан адуугаа л авчирдаг өвөлдөө Булган аймагт өвөлждөг гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хх-135 тал/,

Гэрч С.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би тод манлай уяач Даш-Өлзий гэх хүнийг таньдаг гэхдээ ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Зундаа Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт адуу нь ирж зусаад өвөлдөө нүүгээд явчихдаг сураг сонсоход адуу нь Булганд өвөлждөг гэж сонссон. Даш-Өлзий тод манлай уяач маш олон хурдан адуутай гэж сонссон адуунууд нь удам сайтай Араб эрлийз адуунууд байдаг. Би Даш-Өлзий тод манлай уяачийн адуу машинд дайруулсан гэж сонссон ямар адуу дайрагдсан гэдгийг мэдээгүй үнэтэй адуу нь дайрагдсан гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хх-137 тал/, 

Шинжээч Б.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоол хүлээн авч хавтаст хэрэгтэй танилцахад үнэлж байгаа объет болон 1 тооны үрээ /адуу/-ны ижил төстэй адуунуудын үнэ ханшийн тухай адууны үнэлгээтэй харьцуулахад эцэг эхийг нь аль нэгэн Араб адууны үнэ ханштай зах зээлд 8-10 сая үнэ ханштай байна гэсэн судалгаа гарган хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад уг адуу нь цэвэр Араб биш хольцтой адуу гэж харагдсан 10 сая төгрөгөөр үнэлэх дүгнэлт гарсан мөн тухайн адуу нь ямар нэгэн хурдалж уралдаж байсан амжилт байхгүй учраас хольцтой адууны үнээр тогтоосон” гэсэн мэдүүлэг /хх-152 тал/,

            Шинжээч Д.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: .. Миний гаргасан дүгнэлт үндэслэлтэй судалгааны явцад 5 хүнээс судалгаа авсан мөн дээд шүүхийн тайлбарт хурдан адуу гэх тодорхойлолтонд нийцэхгүй мөн хавтаст хэрэгтэй танилцах явцад тухайн адуу ямар нэгэн амжилт гаргаагүй уралдаж байгаагүй аудаа байсан. Хавтас хэрэг дотор мал эмнэлгийн мэргэжилтэний мэдүүлгээр цэвэр Араб адуу биш хольцтой адуу гэж тайлбарласан байсан. Эдгээрийг үндэслэн зах зээлийн үнэлгээг 10 саяар тогтоосон” гэсэн мэдүүлэг /хх-153 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ:

-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05 тал/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-08 тал/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11 тал/,

-зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-12 тал/,

-осол хэрэг гарсан газар хэмжилтийн бүдүүвч /хх-13 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-29, 34 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-30, 35 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-32, 38 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-33 тал/,

-битүүмжлэгдсэн эд зүйлийн гэрэл зураг /хх-36 тал/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-39 тал/,

-“Өлзий төв” ХХК-ны 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар албан бичиг /хх-40 тал/,

-2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт” /хх-50-51 тал/,

-“Далай ван” ХХК-ны “Шинжээчийн дүгнэлтэнд өгөх тодруулга” /хх-52 тал/,

-2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №00000078 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-57 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-89 тал/,

-иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрэл зураг, өргөмжлөлүүд/хх-92-11 тал/,

-Машин дайруулсан гэх адууг үнэлсэн тухай тайлан /хх-143-148 тал/,

-“Ял өөрчилж сонгох тухай” прокурорын тогтоол /хх-161 тал/,

            -шүүгдэгч П.Наранбаярын ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх- 77 тал/,

 

-шүүгдэгч П.Наранбаярыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр /хх-66 тал/, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар /хх-68-69 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Наранбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт орших хатуу хучилттай замын 46 дахь километрийн шонгийн орчимд өөрийн эзэмшлийн 20-01 УНР улсын дугаартай Хюндай Верна Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Н.Даш-Өлзийгийн эзэмшлийн 1 тооны адууг мөргөн 10 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 дахь хэсэгт заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардалагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ,в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,” гэсэн заалтуудыг тус тус зөрчин ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Гансүхийн мэдүүлсэн “Тухайн үед засмал замын ойролцоо бэлчиж байгаад зам хөндлөн гарч байгаад дайруулсан байсан.  Даваадорж гэх манай туслах малчин тухайн үед хариулж байсан юм. Манай адуу цэвэр Араб адуу байсан эцэг эх нь мөн Араб адуу байсан эцэг нь 2016 оны шилдэг алтан азрагаар тодорсон түүний үр төлүүд аймаг улсын наадамд түрүүлж айрагддаг байгаа манай хүрэн адуу бол битүү уяагдаж уралдахад бэлтгэгдэж байсан үрээ тийм учраас 35 сая төгрөгөөр үнэлж байна. Манай машинд мөргүүлдэг хүрэн үрээ огт уралдаж байгаагүй. Би адууныхаа хохирлыг нөхөн төлүүлмээр байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-42 тал/, гэрч П.Пүрэвдоржийн мэдүүлсэн “...Тэгтэл Төв аймгийн Аргалант сумын Хуучин Баянцогт гэх газрын ойролцоо асфалтан зам дээр адуун цуваа зам хөндлөн гарч байсан харагдсан. Би ард нь сууж байсан юм тэгээд нэг адуу нь замын хажууд зам хөндлөн гарч амжаагүй бололтой зогсож байсан тэгээд хажуугаар нь машинтай гарах гэтэл гэнэт машины урд руу нөгөө адуу үсэрч ороод дайруулчихсан машины урд салхин шил хагарсан толь хагарч салж унасан тэгээд нөгөө адууны урд хөл доглосон байдалтай замын хажууд зогсож байсан би тэр адууг зам дээр унасаныг нь хараагүй ямарч л байсан машинд тэр адуу мөргүүлсэн тэгээд Наранбаяр их сандраад байсан. Би хүү Наранбаярыг миний хүү яв аав нь дараа нь учрыг нь олно гэж хэлээд Наранбаяр машиныг жолоодоод цааш яваад зогссон” /хх-45 тал/, гэрч Д.Пагмадуламын мэдүүлсэн “..Тэгтэл Улаанбаатар хотоос холгүй Төв аймгийн Аргалант сумын Хуучин Баянцогт гэх газар явж байтал асфалтан зам дээр адуу зам хөндлөн гарч байсан харагдсан. Би ард нь сууж байсан болохоор юу болсоныг тухайн үед хараагүй гэнэт тас буугаад ямар нэгэн зүйл мөргөх ил болоод урд салхин шил нь хагарсан тэгээд машин зогссон би цонхоороо хартал тооны адуу дайрчихсан бололтой байсан нилээд хэдэн адуу зам хөндлөн гараад зогсож байсан. Тэгээд машин жолоодож явсан Наранбаяр маш их сандарч байсан тэгээд цааш хөдлөөд цааш яваад би машинаас буугаад замын унаанд суугаад явсан” /хх-46 тал/, гэрч Ч.Пүрэв-Ойдовын мэдүүлсэн “..Улаанбаатар хотоос холгүй Төв аймгийн Аргалант сумын Хуучин Баянцогт гэх газар явж байтал асфалтан зам дээр хэдэн тооны адуу зам хөндлөн гарч байсан харагдсан.  Тэгээд замын хажууд 1 тооны адуу зогсож байсан тэгээд тэр адууны хажуугаар гарах гэтэл нөгөө адуу зам руу гэнэт гүйж ороод машины урдуур орж машинд мөргүүлээд машины урд салхин шил хагарсан нөгөө адуу замын нөгөө тал руу урд талынх нь хөл нь догпосон байдалтай замын нөгөө талд гараад зогссон тухайн үед машиныг Наранбаяр жолоолож явсан тэгээд Наранбаяр сандарч байгаад машинаа цаашаа үргэлжлүүлээд бариад хөдлөсөн” /хх47 тал/, насанд хүрээгүй гэрч Ё.Ёндонширжүр мэдүүлсэн “2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр адуугаа ойролцоох мод руу шахаад тогтоосон байсан юм. Тэгээд цайгаа уух гээд гэртээ очоод цайгаа буцаад адуун дээрээ очиход адуу байрнаасаа хөдлөөд засмал замын ойролцоо усны ёнкосны дэргэд байсан тэгээд адуун дээрээ очиход засмал замын хажууд хүрэн зээрд зүсмийн 4 хөл нь хязаалан үрээний урд талын нь хоёр хөл нь хугарсан байдалтай тийчлээд хэвтэж байсан босч чадахгүй байсан машинд мөргүүлсэн байдалтай замын хажууд урд талд нь байсан тэгээд мотоциклоо унаад гэртээ очоод адууны эзэн Гансүх ахад утсаар мэдэгдэж хэлсэн. Тухайн үед адууг би хариулж байсан манай аав болон бусад хүмүүс Орхон аймаг руу наадамд явчихсан би гэртээ ээж дүү нарынхаа хамт байсан тухайн адуу байсан замын хажууд цагаан өнгийн машины толь байсан” /хх-50 тал/, шинжээч Б.Эрдэнэбаатар мэдүүлсэн “бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоол хүлээн авч хавтаст хэрэгтэй танилцахад үнэлж байгаа объет болон 1 тооны үрээ /адуу/-ны ижил төстэй адуунуудын үнэ ханшийн тухай адууны үнэлгээтэй харьцуулахад эцэг эхийг нь аль нэгэн Араб адууны үнэ ханштай зах зээлд 8-10 сая үнэ ханштай байна гэсэн судалгаа гарган хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад уг адуу нь цэвэр Араб биш хольцтой адуу гэж харагдсан 10 сая төгрөгөөр үнэлэх дүгнэлт гарсан мөн тухайн адуу нь ямар нэгэн хурдалж уралдаж байсан амжилт байхгүй учраас хольцтой адууны үнээр тогтоосон” /хх-152 тал/ гэх зэрэг мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-08 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-12 тал/, осол хэрэг гарсан газар хэмжилтийн бүдүүвч /хх-13 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-39 тал/, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №00000078 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-57 тал/, “Машин дайруулсан гэх адууг үнэлсэн тухай тайлан” /хх-143-148 тал/ болон шүүгдэгч П.Наранбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч П.Наранбаярыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.Наранбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Дээрх гэмт хэрэг нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гарсан бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дахь хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүгдэгч П.Наранбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

                                               

Харин шүүгдэгч П.Наранбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дах хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн” 55.1.9 дэх хэсэгт зааснаар “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн”, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

             

Шүүгдэгч П.Наранбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний нэхэмжлэгч Д.Гансүх нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “П.Наранбаяр нь нэхэмжилж байгаа хохирлын мөнгийг бүрэн төлсөн. Одоо П.Наранбаяраас нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1000000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч, 900000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн 50 инчийн зурагт битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, 20-01 УНР улсын дугаартай цагаан өнгийн верна аксент маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг хүчингүй болгох,

 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн автомашины толь 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

бичгийн баримтаар хураагдаж ирсэн №534034 тоот жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч П.Наранбаярт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Наранбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Дамба Хаван овогт Пүрэвдоржийн Наранбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Дамба Хаван овогт Пүрэвдоржийн Наранбаярт холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Наранбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Наранбаяр оногдуулсан 2 жилийн хугацааргаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 900 000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн зурагт, 1000000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг 2 хаалгатай хөргөгч  битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн, 2 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий 20-01 УНР дугаартай цагаан өнгийн верна аксент маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай  мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, №534034 тоот жолоочийн үнэмлэхийг П.Наранбаярт буцаан олгосугай.  

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн автомашины толь 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Энэ хэрэгт ялтан П.Наранбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдасугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Наранбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 зааснаар ялтан П.Наранбаярт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст далгасугай.

 

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан П.Наранбаяр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг П.Наранбаярт танилцуулсугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан П.Наранбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ