Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 110/ШШ2022/0040

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: “Х.Т” хоршооны захирал Нямаа овогтой Пүрэвдорж,

              Хариуцагч: Увс аймгийн Давст сумын Засаг даргын орлогч Б.М нарын хоорондын газрын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.П /цахимаар/, хариуцагч Б.М  /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд Увс аймгийн Давст сумын Засаг даргад холбогдуулан “Давст сумын Засаг даргын “Х.Т” хоршооны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/183 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Давст сумын Засаг даргаас “Х.Т” хоршооны газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн  шаардлагыг багасган эхний шаардлагаасаа татгалзаж, 2 дах шаардлагыг “Багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлт гарган дэмжүүлээд газар эзэмших хүсэлтээ дахин гаргасан боловч сумын Засаг дарга Ч.Т нь хоршооны гаргасан хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэлэлцүүлэхийг даалгах” гэж өөрчилсөн.

              2. Нэхэмжлэгчээс Увс аймгийн Засаг даргад 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр энэхүү маргаантай холбогдуулан гомдол гаргасан байх ба Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуг өгснөөр уг хариуг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

             3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

           3.1. Манай “Х.Т” хоршоо нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Увс аймгийн Давст сумын Засаг дарга Ч.Т нь 2018 онд надтай биечлэн уулзаж, “... Давст сумын нутагт 100 га  эргэлтийн талбайтай хадлангийн газар байдаг, уг хадлангийн газрыг эргэлтэд оруулж хамтран ажиллах”-ыг хүссэн. Уг хүсэлтийн дагуу миний бие 2018 оны намар Давст сумын Хандгайт багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, Хилэнцэгийн усжуулах системийн 100 га газарт  өвс хадлан ургуулж, сумын малчдад болон сумын аюулгүйн нөөцөд хямдралтай үнээр өвс нийлүүлэх тухай санал гаргаж иргэдэд танилцуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн 90 гаруй хувийн саналаар Хилэнцэгийн  усжуулах системийн 100 га газрыг “Х.Т” хоршоонд эзэмшүүлэхийг зөвшөөрсөн.

           3.2. Дээрх үйл явдлын дараа Давст сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/36 тоот захирамжаар манай хоршоонд 100 га газрын ердийн хадлангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Манай хоршооны зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон учраас 2019 оны 11 дүгээр сарын 29-нд 100 га газрын гэрчилгээгээ тариалан эрхлэлтийг дэмжих санд барьцаалж, зээл авахаар хүсэлтээ өгсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээний арын хуудсанд Давст сумын газрын байцаагч Н.Дуламсүрэн 2019 оны 11 дүгээр сарын 29-нд гарын үсэг зурж, газрын байцаагчийн тэмдгээ дарснаар баталгаажсан байдаг.

           3.3. 2020 оны 2 дугаар сард тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэр өөрчлөгдөж хөдөө аж ахуйг дэмжих сан болсон. Манай хоршооны өгсөн хүсэлтийн дагуу 2020 оны 5 дугаар сард хөдөө аж ахуйг дэмжих сангаас 250, 300 метрийн урттай дамартай бороожуулагч, 1 ширхэг өвс хаман боогчийг зээлийн гэрээ байгуулан худалдан авч Увс аймаг руу тээвэрлүүлэн хүргүүлсэн.

             3.4. 2020 оны 6 дугаар сард Давст сумын Хилэнцэгт газар тариалангийн үйл ажиллагаагаа явуулахаар ирэхэд Засаг дарга Ч.Т надтай утсаар ярьж “... сонгууль болж байгаа учраас улс төржилт явагдана, та энэ жилдээ ажлаа зогсооно уу” гэж хэлсэн. Засаг дарга Ч.Тын хэлсэн ёсоор  2020 онд үйл ажиллагаа явуулаагүй буцсан. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Давст суманд ирж Засаг дарга Ч.Ттай уулзахад “... танай “Х.Т” хоршоонд олгосон 100 га газрын гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А/183 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч ажлаа хийж бай, газрыг гэрчилгээг багийн хурал болохоор хэлэлцүүлж шийдэж өгнө” гэсэн үгийг амаар өгсөн захиргааны акт гэж хүлээн авсан учраас 2021 оны 6-7 дугаар саруудад хөлдөж, задарсан трубануудыг гагнах, газар хагалах, чулуу түүх ажлуудыг хийж гүйцэтгэн усжуулалтын системээс  ажилд оруулсан.

       3.5. 2019, 2020, 2021 онуудад газрын гэрчилгээг хүчингүй болгосон тухайгаа хоршоонд албан бичгээр болон сонсгох ажиллагаа огт хийгээгүй болно. Нямаа овогтой Пүрэвдорж миний бие 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр “Х.Т” хоршооны гүйцэтгэх захирлаар сонгогдон  ажиллах болсон. Манай хоршооны 100 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

        3.6. Өнөөдрийн байдлаар манай хоршоо нь Увс аймгийн Давст сумын Хилэнцэгийн услалтын системд дараах хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 20,400,000 дамарт бороожуулагч /250/+41.050.000 дамарт бороожуулагч /300/+21.560.000 хаман боогч =83.010.000 төгрөгийн үндсэн үнэтэй гурван  тоног төхөөрөмж, ХААДСангийн тоног төхөөрөмжийн хуримтлагдсан хүүгийн зардал 10.608.000 төгрөг, үйл ажиллагааны зардлын 2% 408.000+821.000+539.000=1.768.000 төгрөг, хаман боогчийн урьдчилгаанд  5.390.000 төгрөг, даатгалын зардалд 155.760 төгрөг, нотариатын зардал 200.000 төгрөг, Юмз трактор 2ш 30.000.000 төгрөг, тракторын 1ш чиргүүлийн үнэ 3.000.000 төгрөг, тухайн ажлуудыг хийлгэсэн ажилчдын цалин, ажлын хөлс 15.550.000 төгрөг, усны хаалт худалдан авахад 5.036.000 төгрөг, сэлбэг хэрэгсэлд 1.682.000 төгрөг, тээврийн зардалд 2.180.000 төгрөг, кранаар тоног төхөөрөмж өргүүлсэн хөлс 510.000 төгрөг, хөдөө аж ахуйн дагалдах тоног төхөөрөмж худалдан авсан 10.290.000 төгрөг, ажилчдын хоолны зардал 1.266.500 төгрөг, бензин шатахуунд 4.482.429 төгрөг, миний бие тухайн ажлыг хийж гүйцэтгэх явцад энэ ажлаар 3 удаа Улаанбаатар хотод явсан унааны зардал 510.000 төгрөг, Хилэнцэгийн услалтын системийн газрын үнэлгээ хийлгэсэн 450.000 төгрөг өнөөдрийг хүртэл нийт 176.088.689 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

            3.7. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хандгайт багийн хуралд оролцож, 80 га газар эзэмших хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Хуралд оролцсон багийн иргэдийн олонхын саналаар Хилэнцэгийн усжуулалтын системийн газрыг хадлангийн зориулалтаар олгохыг дэмжсэн байдаг. Гэтэл сумын Засаг дарга намайг хоршооноос Хандгайт багийн иргэдийн олонхын саналаар хүлээн зөвшөөрсөн, газар тариалангийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг хуульд заасан журмын дагуу сумын болон аймгийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгуулах ажлыг Давст сумын  Засаг даргын зүгээс хийгээгүйн улмаас өнөөдөр газар эзэмших эрхгүй, хөрөнгө оруулалт хийсэн газартаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болж хууль ёсны эрх, ашиг сонирхол маань хөндөгдөж, эдийн засгийн хувьд ихээхэн хохирол хүлээгээд байна.

          3.8. Давст сумын Засаг даргаас Газрын тухай хуулийн 21.4.1-д зааснаар “сумын Засаг дарга аймгийн  газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд санал өгөх”, 54.4-т “тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна” гэж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59.1.13-т  “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, бэлчээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” зэрэг бүрэн эрхээ биелүүлээгүйг эс үйлдэхүй гаргасан.

         

           3.9. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болсон иргэдийн Нийтийн Хурлаар гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байхад  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байна. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв

          4. Хариуцагч Давст сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

          4.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан газрын гэрчилгээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй тул сумын Засаг дарга захирамж гаргаж гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ талаар  сумын газрын даамал нэхэмжлэгч Н.Пид мэдэгдсэн ба Засаг даргын зүгээс бас мэдэгдсэн байгаа. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/183 дугаар захирамжийг хуулийн дагуу шийдвэрлэсэн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

        5. Хариуцагч Давст сумын Засаг даргын орлогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. “Х.Т” хоршооны гүйцэтгэх захирал Н.П сумын Засаг даргад бичгээр хүсэлт гаргаагүй. Манай байгууллагын бичиг хэргийн ажилтанд тухайн хүсэлтээ өгөөгүй. Мөн Хандгайт багийн иргэдийн Нийтийн Хурлаар уг Хилэнцэгийн газрыг ашиглах нь зүйтэй гэж үзсэн боловч иргэн Н.Пид олгоно гэсэн тогтоол гараагүй.

          Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         8. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         8.1. Өмгөөлөгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Н.Пийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

          8.2. Нэхэмжлэгч Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрт байрлах Хилэнцэгийн 100 га газрыг би эзэмших ёстой гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцаж үзэхэд, тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хурлаар уг асуудлыг ярилцаж байсан. Хурлаас шийдвэрлэгдсэн шийдвэрээр тухайн газрыг “Х.Т” хоршоонд эзэмшүүлнэ гэсэн шийдвэр гарч байгаагүй.

          8.3.Тухайн газрыг эзэмших гэрчилгээ хүчингүй болсны дараа нэхэмжлэгч хуулийн хүрээнд сумын Засаг дарга Ч.Тт хандаж өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй. Энэ нь хэрэгт авагдсан гэрч Н.Дуламсүрэнгийн мэдүүлэг болон сумын Засаг даргын Тамгын газрын дарга Бат-оршихын албан тоотоор нотлогдож байна. Нэхэмжлэгч тухайн Хилэнцэгийн 100 га газрыг дахин эзэмшье гэсэн хүсэлтийг дахин гаргаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

           8.4. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хилэнцэгийн 100 га газарт зөвхөн усалгаа хийх зорилгоор тусгасан. Маргаан бүхий Хилэнцэгийн 100 га газрыг тухайн нутгийн иргэдээс эзэмшье гэсэн хүсэлтийг сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн. Тухайн газрыг заавал Н.Пид эзэмшүүлэх ёстой гэсэн нөхцөл байдал харагдахгүй байна.

            8.5. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр энэ газрыг би авах ёстой байсан, надад өгөх ёстой гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Нэхэмжлэгчээс  тус шүүхэд Увс аймгийн Давст сумын Засаг даргад холбогдуулан “Багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлт гарган дэмжүүлээд газар эзэмших хүсэлтээ дахин гаргасан боловч сумын Засаг дарга Ч.Т нь хоршооны гаргасан хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэлэлцүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

          2. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

           3. Хариуцагчаас 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/36 дугаар захирамжаар нэхэмжлэгчид Хилэнцэг услалтын системд 100 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд  сумын 2019 оны  оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн  газрыг бусдад эзэмшүүлэхээр тусгагдаагүй үндэслэлээр уг захирамжийг  2019  оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/183 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

           4.  Улмаар нэхэмжлэгч нь Хандгайт багийн иргэдийн Нийтийн Хуралд маргаан бүхий газрыг олгох хүсэлт гаргаснаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хуралаар  хэлэлцэж,  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дэх заалтаар  маргаан бүхий газрыг ашиглуулах саналыг гаргаж,  2 дах заалтаар  уг саналыг сумын Засаг даргад уламжлах тухай шийдвэрийг гаргасан байна.

           5.  Дээрх үйл баримтууд   хэрэгт авагдсан Давст сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/183 дугаар захирамж,  “Х.Т” хоршооны захирал Н.Пийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хандгайт багийн иргэдийн Нийтийн хуралд гаргасан хүсэлт,    Хандгайт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоол, Хурлын тэмдэглэл, гэрч сумын газрын даамал Н.Дуламсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

           6. Нэхэмжлэгч нь багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан дээрх тогтоолыг сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэлэлцүүлэхийг даалгахыг шүүхээс хүссэн байх ба үндэслэлээ “... хариуцагчийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн тухайн газрыг хадлангийн зориулалтаар авах  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн, хэрэв уг  газрыг хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн тохиолдолд хариуцагчаас  нэхэмжлэгчид   хадлангийн зориулалтаар газар олгох шийдвэр гаргана”  гэх агуулгаар тайлбарлажээ.

            7. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж  сумын Засаг даргын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд   өргөн мэдүүлэх    нийтлэг болон бүрэн эрхийг  хуульчилжээ.

           8. Хуулийн дээрх заалтаар  сумын Засаг дарга нь жил бүр сумын нутаг дэвсгэр дэх газрыг бусдад хуульд  заасан зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх боломжтой газруудыг төлөвлөж,  төслийг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж батлуулах эрхтэй боловч хариуцагч  ийнхүү тухайн газрыг бусдад хадлангийн зориулалтаар ашиглуулах  төслөө  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн   уг газрыг хадлангийн зориулалтаар эзэмших, ашиглах  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд сэргээгдэхгүй  гэж үзлээ.

            9. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн  энэ заалтаар захиргааны шүүх нь  захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээдийн  субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой бөгөөд захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй  нь нэхэмжлэгчид шууд чиглэсэн байхыг шаардах ба энэ хэргийн хувьд  нэхэмжлэлийн шаардлагыг  хангаснаар    маргаан бүхий газрыг хадлангийн зориулалтаар нэхэмжлэгчид  олгох хууль зүйн  үндэслэл шууд бүрдэхгүй юм.

          10. Түүнчлэн, хадлангийн газрыг зохистой ашиглах, хамгаалах талаар зохицуулсан Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана”, 53.2-т “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж зааснаас үзвэл, сумын Засаг дарга нь  хадлан авах бололцоотой талбайд жил бүр зохион байгуулалт, хуваарилалт хийж иргэдэд ашиглуулдаг байх бөгөөд газрыг хадлан бэлтгэх зориулалтаар олон жилийн хугацаатай, нэг этгээдэд эзэмшүүлдэггүй байна.

           11. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хандгайт багийн хуралд оролцож 80 га газрыг эзэмших хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. ... услалтын системд дараах хөрөнгө оруулалтыг хийсэн” гэснээс үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг олон жилийн хугацаатайгаар эзэмших, ашиглах хүсэлтэй  бөгөөд Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д  “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь хэрэв тухайн газрыг эзэмших хүсэлтэй байвал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр зайлшгүй байх, мөн эзэмшихийг хүсэн иргэн нь  тухайн ургацыг тогтвортой дээшлүүлсэн байх шаардлагатайг тус тус  хуульчилжээ. 

           12. Хуулийн дээрх заалтуудаар хадлангийн зориулалтаар газрыг ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг ялгамжтай байдлаар зохицуулсан байх ба газрыг хадлангийн зориулалтаар ашиглах асуудлыг  сумын Засаг дарга жил бүр зохион байгуулалтын арга хэмжээ авч, хуваарилах, харин эзэмшүүлэх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж 53.5-д заасан шаардлагыг хангасан этгээдэд эзэмшүүлэхээр байна.

            13. Иймээс хуулийн дээрх  үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан шаардлагын хүрээнд хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн хадлангийн зориулалтаар газар ашиглах, эзэмших  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүхээс дүгнэлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  тухай хуулийн 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.4.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 53.5-т тус тус заасныг баримтлан “Х.Т” хоршооноос  Увс аймгийн Давст сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлт гарган дэмжүүлээд газар эзэмших хүсэлтээ дахин гаргасан боловч сумын Засаг дарга Ч.Т нь хоршооны гаргасан хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэлэлцүүлэхийг даалгах”  шаардлага  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША