Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00176

 


 

 

 

 

      2021 оны 01 сарын 25 өдөр

     Дугаар 183/ШШ2021/00176

                  Улаанбаатар хот

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Э.Д холбогдох

  

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.Д, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие Э.Д 2013 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бид 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин Д.Г 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Э.Д бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах газарт хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Э.Д хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Д.Г нь надтай хамт амьдарч байгаа ба би өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.Б бид хоёр 2015 онд гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Д.Г төрсөн. Б.Б бид хоёр зан байдлын хувьд таарч тохироогүйн улмаас салсан, одоо эвлэрч хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Д.Г эх Б.Бямбажаргалын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Б.Б нэхэмжлэлтэй, Э.Д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

            Б.Б, Э.Д нар 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 11 дугаарт бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.   

 

            Гэрлэгчдийн “...бид эвлэрэх боломжгүй, цаашид хамт амьдрахгүй, гэрлэлтийг цуцлаж өгнө үү” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Б, Э.Д нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.     

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 261 дүгээр тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав. 

 

Гэрлэгчдийн дундаас охин Д.Г 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 110 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд охин Д.Г эрүүл бойжиж байгаа, эх Б.Б хамт амьдарч байгаа болох нь Мөнх-Үжин Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлол, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Мөн зохигчид охин Д.Г эх Б.Б асрамжид үлдээх талаар тохиролцсон байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Д.Г эх Б.Б асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Д.Г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Д тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Б, Э.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.          

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Д.Г эх Б.Б асрамжид үлдээсүгэй.  

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Д.Г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Д тэтгэлэг гаргуулсугай.      

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Б.Б, Э.Д нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бямбажаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Д улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгосугай.    

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.