Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/341

 

 

 

 

 

 

 

 

2024         04          01                                         2024/ШЦТ/341

 

                             

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Мөнхтулга,

хохирогч Ч.Э,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т. овогт Э.О-д холбогдох эрүүгийн ******дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ТТ тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,

...... овогт Э.О /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Э.О нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” гэх нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Ч.Э-гийн өмчлөлийн Оро-96 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 827,820 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “...Би Э-тай танилууд байсан уулзсан. Хамт найз нөхөд нь хамт байсан. Хамт ууж идэх гээд гарсан. Зөөгч надаас тооцоо нэхсэн. Манай найз намайг гэрт нь очиход нэлээн уусан байсан. Би тухайн үед уугаагүй. Би эрүүл байсан чинь зөөгч нь надаас та эрүүл байна гээд тооцоо нэхсэн. Тэгээд танай найз надад интернэт банкны нууц үг өгсөн. Утасны нүүрнийх нь код нь цоожлогдчихлоо гэж хэлсэн. Би Т дээр очсон чинь тооцоо хийх боломжгүй байна гээд би тооцоогоо текэн дээр нь очоод бэлэн өгсөн чинь өөдөөс зөөгч нь надад танай найзын утас гээд өгсөн. Би Т-г бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нь очоод утсыг нь өгөөд тооцоогоо 3 хуваагаад төлчих гэж хэлсэн. Гэтэл найз нь одоогоор мөнгө алга гэж хэлсэн. Би мөнгөгүй байсан бол найзаасаа аваад өгчих гээд бид хоёрын дунд үл ойлголцол болсон. Би Т-гийн утсыг өгөөд муудалцаад гараад явсан. Тэгээд 1 сар гарангын дараа цагдаагаас над руу залгаад Т гэдэг хүн гомдол гаргасан гэж хэлсэн. Би цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж байцаалт өгсөн. Би камерын бичлэгээ сайн шүүгээд шалгаад өгөөрэй гэж хэлсэн. Мөрдөн байцаагч А  гэдэг хүн анхнаасаа намайг шууд хэрэг хийсэн юм шиг ярьсан. Чи юмыг нь өг гээд миний өмнөх хэргийг ярьсан. Би ял эдэлж байсан боловч магадлангаар  гарч ирээгүй. Эдлэх ёстой ялаа дуусгаад гарч ирсэн. Яллах дүгнэлт дээр гарч байгаа шиг шунахайн сэдэлтээр хулгайлж авсан юм байхгүй. Тэгээд жилийн дараа ийм хэрэг байгаа. Чи гарын үсгээ зурчих хэргийг хаах саналтай явуулах гэж байна гээд мөрдөн байцаагч хэлсэн. Яваад очсон чинь яллагдагчаар татсан. Би хэргээ үнэн зөвшөөр шийдүүлмээр байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Э мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр О-тай гэртээ нэг том пиво уугаад сууж байсан. О ирээд бааранд оръё гэхээр нь хамт гарсан. Тэгээд бүжиглэж байгаад 2 пиво, 2 устай авсан. Би гадаа салхинд гараад нэлээн согтсон. Тэгээд зөөгч охин тооцоогоо хий гэхээр нь утсаа өгөөд код хэлээд явуулсан. Зөөгч охин дата асаагаагүй тооцоо хийх гэж байгаад блоклосон байсан. Тэгээд болохгүй байна гээд ирэхээр нь дахиад код хэлээд явуулсан. Гэтэл тэр хооронд О тооцоо хийсэн байсан. Би нэлээн согтуу байсан тул цаашаа юу болсон гэдгийг санахгүй байгаа. Тэгээд мэдсэн чинь цагдаа сэргийлэх болоод манай найз охин О байхгүй байна. Чиний утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд утас байхгүй байсан тул уурлаад цагдаад дуудсан. Одоо юмаа мэдэхгүй байгаа учраас санал гомдол байхгүй. Гомдолгүй байна. Би нэлээн архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. Гэртээ бас архи уусан байсан. Би пиво уугаагүй архи уусан. Тооцоогоо хийх гэтэл дуу чимээтэй болохоор дансыг нь авах гэсэн сонсогдохгүй байсан. Тэгээд миний дүү өөрөө хийчих гээд зөөгчид утсаа өгсөн. Надад гар утсыг буцааж өгснийг санахгүй байна. Камерын бичлэг шүүсэн чинь О гар утсыг маань текен дээрээс авч байсан. Би гар утсаа олоогүй байгаа. Найз О  надаас гайгүй согтолттой байсан тул асуухад мэдэхгүй байсан. Тухайн үед тооцоо 60,000 төгрөг гарсныг 3 хуваагаад хийе гэж ярьсан. Гэтэл утасны код болохгүй байсан. О, О хоёр нэлээн маргасан. Би маргалдаагүй бүжиглээд ширээндээ ч суугаагүй. Миний утас шинэ утас байсан. Нөхөр шинэ жилийн бэлэг гэж авч өгсөн гэж харуулж байсан. О бүр өдөр ирсэн байсан. Хар багын найз юм. Камерт О текнээс аваад, ширээн дээр очоод цүнх, хувцсаа аваад гарч байгаа харагдсан. Надад гомдол санал байхгүй” гэв.

           

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дахь тал/,

 

- Хохирогч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн үед найз О, О нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” нэртэй шөнийн цэнгээний газарт орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би тооцоогоо хийх гэж тухайн газрын зөөгчид гар утсаа өгөөд гар утасны код, интернэт банкныхаа кодыг өгсөн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа О-т гар утсыг маань зөөгчөөс авчих гэж хэлээд явуулсан чинь О нь зөөгч дээр оччихоод буцаж ирээд О-ийг авсан гэж зөөгч эмэгтэй хэлж байна гэхээр нь би О-аас гар утсаа асуусан чинь би аваагүй, чи анх зөөгчид өгсөн биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамгаалагч залуугаар нь камер шүүлгэсэн чинь шөнийн цэнгээний газрын текен дээрээс миний гар утсыг аваад бэлэн мөнгөөр тооцоогоо хийж байгаа нь харагдсан. Тэгээд шууд О-аас чи авсан байна шүү дээ гэсэн чинь О би аваагүй гээд зүтгээд байсан. Тэгээд би дахиад О-тай камер шүүж байсан чинь О гараад явсан байсан юм. Тухайн үедээ гар утасгүй байсан учраас Цагдаагийн байгууллагад хандаагүй, өнөөдөр хандаж байна. Би тухайн камерын бичлэгийг найзынхаа гар утсан дээр бичиж авъя гэсэн чинь хамгаалагч залуу нь бичлэг хийлгэхгүй байсан. Цагдаагийн байгууллагаас албан ёсоор ирж авна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,

 

- Гэрч Ч.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би санаж байна. 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг өнгөрөөд 1 цаг дөхөж байхад 3 эмэгтэй хүн орж ирсэн. Тэр эмэгтэй хүмүүсийн нэг нь гар утсаа алдсан гэсэн. Тэр талаар ярьж байх шиг байна. Би тухайн хүмүүст меню өгч, захиалгыг нь авчхаад дараа нь тооцоо өгөх болсон. Ямар юм захиалсан болон хэдэн төгрөг болсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гар утсаа алдсан гэх эмэгтэй тооцоо авах болсон чинь надад интернэт банкны нууц үгээ өгөөд тооцоо эндээс хийгээрэй гэхээр нь тек рүү гар утсыг нь аваад явсан. Тийшээ явж байхад гар утас нь цоожлогдоод, би нууц үгийг нь асуух гээд эргээд очсон. Гэвч тэр гар утасны эзэн нь бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Би гар утсыг нь найз гэх хүн О гэх эмэгтэй байсныг цагдаагийн байгууллагын сангийн зургаар таниулан өгсөн. Тэгсэн чинь тэр эмэгтэй ариун цэврийн өрөө орохдоо эргэж гарч ирээд тооцоо хийнэ гэчхээд орсон. Гарч ирээд бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Дан 20,000 төгрөгийн дэвсгэрт гарч ирж байсан ба би хэдэн төгрөг төлснийг нь сайн санахгүй байна. 40,000 төгрөг орчим байх. Тэгээд тухайн эмэгтэй найз дээрээ оччихоод гараад яваад өгсөн. ...Эргэж орж ирээгүй, харин тэр эмэгтэй эргэж очоод зөөгч охинд гар утас өгсөн гээд надаас гар утсаа алдсан гэх эгчийн өөр нэг найз ирээд надаас гар утсаа нэхэхээр нь би нөгөө гарч явсан найзад чинь өгсөн гэж хэлсэн. Гар утсаа алдсан гэх эмэгтэй нь нэлээд согтуу, өөрийгөө удирдах чадваргүй байх шиг байсан. ...Цагаан өнгийн богино хүрэмтэй, 2 үүргэвчтэй цүнхтэй, хар бараан өнгийн өмдтэй, задгай тавьсан, мөн хар, бор өнгийн үстэй, 30-35 насны эмэгтэй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/,

 

 - Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найз Э-гийнд очсон. Тэднийд хоол унд идэж байгаад 1, 2 ширхэг шар айраг уусан. Нэг мэдсэн орой болсон байсан. Тэгээд Э нэг хүн дуудчихсан байгаа гээд байж байсан чинь 1 дугаар байн байн Э-гийн гар утас руу залгаад байхаар нь сүлжээг нь хаачихсан. Тэгээд байж байтал гаднаас хаалга нүдээд нэг эмэгтэй ороод ирсэн. Э хэлэхдээ О гээд манай найз гэсэн. О гэх хүн орж ирээд усанд ороод, бид хоёрын ууж байсан шар айрагнаас уугаад байсан. Тэгээд байж байгаад О баар оръё гээд байхаар нь би цүнхээ үлдээгээд гэр лүүгээ ороод хувцсаа солиод эргээд ирсэн чинь миний цүнхэнд байсан будгийн тал байхгүй болсон байсан. Тэгээд Э-гаас асуусан чинь мэдэхгүй гээд, нөгөө охиноос нь асуусан чинь байгаа гэхээр нь би “Чи ямар дураараа юм бэ, хүнээс зөвшөөрөл авдаггүй юм уу” гэж хэлсэн. Тэгсэн бүр миний будгийг аваад өөрийнхөө цүнхэнд хийсэн байхаар нь эргүүлээд би авсан. Тэгээд тэднийхээс гарч явах болоод Э 2 гар утастай тул нэгийг нь гэртээ үлдээгээд, намайг аваад яв гээд нөгөө гар утсаа надад өгч, цүнхэнд хийлгэсэн. Баянцээлийн “*****” гэх нэртэй баар луу 23 цаг 40 минутын орчмын үед орсон. Ороод бид шар айраг уусан. 6 ширхэг шар айраг, 1 боодол бохь авчихсан байсан ба би дөрвийг, тэр О хоёрыг уусан. Э уугаагүй. Тэгээд тооцоо хийх болсон. Э-гийн дансанд 50,000 байгаа, О надад 60,000 төгрөг гээд тэр 2 тооцоо хийх гээд явчихсан. Нэг харсан Э бүжиглээд, нөгөө О болохоороо текэн дээр очоод, ирж суугаад л, гарч гүйгээд байсан. Тэгснээ нэг ирэхээр нь “Эгийн гар утсыг өгөөдөх” гэсэн чинь юу яриад байгаа юм өөрт нь байгаа гэхээр нь би Эг шууд дуудаад гар утас чинь хаана байна гэсэн зөөгч, О 2 аваад явсан гэж хэлсэн. Тэгээд тэр 2 маргалдаад байхаар нь би зөөгчийг дуудсан. Тэгсэн О руу заагаад гар утас энэ хүн авсан гэсэн. Тэгээд О гэх эмэгтэй орилоод хашхираад, бид хоёрыг ёс бус үг хэллэгээр доромжлоод, намайг цагдаа дуудлаа гэсэн чинь О өөрийн эд зүйлсээ аваад гараад явчихсан. Тэгээд бид хэд хяналтын камер шүүхэд О гэх эмэгтэй Эгийн гар утсыг авч байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/,

 

  • “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дэх тал/,
  • Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 65-68 дахь тал/,
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дахь тал/,

-    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дахь тал/,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-42 дахь тал/,

 

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-55 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.О нь  2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт найз гэх Э О нарын хамт орж үйлчлүүлж байхдаа Эгийн тооцоо хийлгэхээр зөөгчид өгсөн гар утсыг аваад хохирогчид өгөлгүй шууд явсан болох нь: Хохирогч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн үед найз О, О нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” нэртэй шөнийн цэнгээний газарт орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би тооцоогоо хийх гэж тухайн газрын зөөгчид гар утсаа өгөөд гар утасны код, интернэт банкныхаа кодыг өгсөн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа О-т гар утсыг маань зөөгчөөс авчих гэж хэлээд явуулсан чинь О нь зөөгч дээр оччихоод буцаж ирээд О-ийг авсан гэж зөөгч эмэгтэй хэлж байна гэхээр нь би О-аас гар утсаа асуусан чинь би аваагүй, чи анх зөөгчид өгсөн биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамгаалагч залуугаар нь камер шүүлгэсэн чинь шөнийн цэнгээний газрын текен дээрээс миний гар утсыг аваад бэлэн мөнгөөр тооцоогоо хийж байгаа нь харагдсан. Тэгээд шууд О-аас чи авсан байна шүү дээ гэсэн чинь О би аваагүй гээд зүтгээд байсан. Тэгээд би дахиад О-тай камер шүүж байсан чинь О гараад явсан байсан юм. Тухайн үедээ гар утасгүй байсан учраас Цагдаагийн байгууллагад хандаагүй, өнөөдөр хандаж байна. Би тухайн камерын бичлэгийг найзынхаа гар утсан дээр бичиж авъя гэсэн чинь хамгаалагч залуу нь бичлэг хийлгэхгүй байсан. Цагдаагийн байгууллагаас албан ёсоор ирж авна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Ч.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би санаж байна. 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг өнгөрөөд 1 цаг дөхөж байхад 3 эмэгтэй хүн орж ирсэн. Тэр эмэгтэй хүмүүсийн нэг нь гар утсаа алдсан гэсэн. Тэр талаар ярьж байх шиг байна. Би тухайн хүмүүст меню өгч, захиалгыг нь авчхаад дараа нь тооцоо өгөх болсон. Ямар юм захиалсан болон хэдэн төгрөг болсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гар утсаа алдсан гэх эмэгтэй тооцоо авах болсон чинь надад интернэт банкны нууц үгээ өгөөд тооцоо эндээс хийгээрэй гэхээр нь тек рүү гар утсыг нь аваад явсан. Тийшээ явж байхад гар утас нь цоожлогдоод, би нууц үгийг нь асуух гээд эргээд очсон. Гэвч тэр гар утасны эзэн нь бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Би гар утсыг нь найз гэх хүн О гэх эмэгтэй байсныг цагдаагийн байгууллагын сангийн зургаар таниулан өгсөн. Тэгсэн чинь тэр эмэгтэй ариун цэврийн өрөө орохдоо эргэж гарч ирээд тооцоо хийнэ гэчхээд орсон. Гарч ирээд бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Дан 20,000 төгрөгийн дэвсгэрт гарч ирж байсан ба би хэдэн төгрөг төлснийг нь сайн санахгүй байна. 40,000 төгрөг орчим байх. Тэгээд тухайн эмэгтэй найз дээрээ оччихоод гараад яваад өгсөн. ...Эргэж орж ирээгүй, харин тэр эмэгтэй эргэж очоод зөөгч охинд гар утас өгсөн гээд надаас гар утсаа алдсан гэх эгчийн өөр нэг найз ирээд надаас гар утсаа нэхэхээр нь би нөгөө гарч явсан найзад чинь өгсөн гэж хэлсэн. Гар утсаа алдсан гэх эмэгтэй нь нэлээд согтуу, өөрийгөө удирдах чадваргүй байх шиг байсан. ...Цагаан өнгийн богино хүрэмтэй, 2 үүргэвчтэй цүнхтэй, хар бараан өнгийн өмдтэй, задгай тавьсан, мөн хар, бор өнгийн үстэй, 30-35 насны эмэгтэй байсан..” гэх мэдүүлэг, гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найз Э-гийнд очсон. Тэднийд хоол унд идэж байгаад 1, 2 ширхэг шар айраг уусан. Нэг мэдсэн орой болсон байсан. Тэгээд Э нэг хүн дуудчихсан байгаа гээд байж байсан чинь 1 дугаар байн байн Э-гийн гар утас руу залгаад байхаар нь сүлжээг нь хаачихсан. Тэгээд байж байтал гаднаас хаалга нүдээд нэг эмэгтэй ороод ирсэн. Э хэлэхдээ О гээд манай найз гэсэн. О гэх хүн орж ирээд усанд ороод, бид хоёрын ууж байсан шар айргаас уугаад байсан. Тэгээд байж байгаад О баар оръё гээд байхаар нь би цүнхээ үлдээгээд гэр лүүгээ ороод хувцсаа солиод эргээд ирсэн чинь миний цүнхэнд байсан будгийн тал байхгүй болсон байсан. Тэгээд Э-гаас асуусан чинь мэдэхгүй гээд, нөгөө охиноос нь асуусан чинь байгаа гэхээр нь би “Чи ямар дураараа юм бэ, хүнээс зөвшөөрөл авдаггүй юм уу” гэж хэлсэн. Тэгсэн бүр миний будгийг аваад өөрийнхөө цүнхэнд хийсэн байхаар нь эргүүлээд би авсан. Тэгээд тэднийхээс гарч явах болоод Э 2 гар утастай тул нэгийг нь гэртээ үлдээгээд, намайг аваад яв гээд нөгөө гар утсаа надад өгч, цүнхэнд хийлгэсэн. Баянцээлийн “*****” гэх нэртэй баар луу 23 цаг 40 минутын орчмын үед орсон. Ороод бид шар айраг уусан. 6 ширхэг шар айраг, 1 боодол бохь авчихсан байсан ба би дөрвийг, тэр О хоёрыг уусан. Э уугаагүй. Тэгээд тооцоо хийх болсон. Эгийн дансанд 50,000 байгаа, О надад 60,000 төгрөг гээд тэр 2 тооцоо хийх гээд явчихсан. Нэг харсан Э бүжиглээд, нөгөө О болохоороо текэн дээр очоод, ирж суугаад л, гарч гүйгээд байсан. Тэгснээ нэг ирэхээр нь “Эгийн гар утсыг өгөөдөх” гэсэн чинь юу яриад байгаа юм өөрт нь байгаа гэхээр нь би Эг шууд дуудаад гар утас чинь хаана байна гэсэн зөөгч, О 2 аваад явсан гэж хэлсэн. Тэгээд тэр 2 маргалдаад байхаар нь би зөөгчийг дуудсан. Тэгсэн О руу заагаад гар утас энэ хүн авсан гэсэн. Тэгээд О гэх эмэгтэй орилоод хашхираад, бид хоёрыг ёс бус үг хэллэгээр доромжлоод, намайг цагдаа дуудлаа гэсэн чинь О өөрийн эд зүйлсээ аваад гараад явчихсан. Тэгээд бид хэд хяналтын камер шүүхэд О гэх эмэгтэй Эгийн гар утсыг авч байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр ирсэн” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э.О-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Э.О нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” гэх нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Ч.Э-гийн өмчлөлийн Оро-96 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 827,820 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Эд учирсан 827,820 төгрөгийг шүүгдэгч Э.О-аас гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна. ....Шүүгдэгч Э.О-ийг хохирогчид гар утсыг буцааж өгсөн гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Гагцхүү хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд түүний гэм буруу нотлогдон тогтоогдсон байх ёстой гэдэг хуулийн заалт байгаа. Үүний хүрээнд шүүгдэгч юу ч гэж ярьж болно. Хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгээр хохирогч Эгийн утсыг О авсан гэдэг нь тогтоогдож байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э-гийн гар утсыг авсан нь тогтоогдож байгаа. Э согтуу байсан, гар утас өгсөн гэдгийг мэдэхгүй байгаа гэдгээр нь хэлж байгаа нь шалтаг юм. Хохирогч согтуу байсан гэдгээ хэлдэг. Гэхдээ согтуу байснаар нь буруутгаж болохгүй. Хохирогч согтуу байж болох ч гэрчүүд хохирогчийн гар утсыг авсан гэдгийг мэдүүлдэг. Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэрэг байж болно гэж хэлж байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл итгэмжлэн хариуцуулсан байх ёстой. Энэ нь шүүгдэгчид хохирогч гар утсаа итгэмжлэн хариуцуулж өгөөгүй. Зөөгчид гар утсаа кодын хамт өгсөн байдаг. Тийм учраас зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө байдлаар ярьж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар О нь хохирогчийн гар утсыг авсан нь тогтоогдсон тул тухайн гар утас гээгдсэн гэдэг тогтоогдоогүй. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг шүүхээс гэм буруутайд тооцсон бол төлүүлэх арга хэмжээ авах ёстой учраас улсын яллагчийн зүгээс хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргасан. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналаа дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангалттай шалгаж тогтоосон гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанаар Э.Оюундарийн өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлын тогтооно гэж байгаа. Хэрэг учрал 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө болсон байгаа. Гэтэл тухайн хэрэг дээр шүүгдэгч хохирогчийг утсыг зөөгч охиноос авсан гэдгээ эхнээсээ хэлдэг, хүлээсэн байдаг. Гэтэл Э.О-ийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг авсан. Тэр мэдүүлэг дээрээс л зөөгч охиноос аваад Эд өгсөн гэдэг. Хэргийг уншаад үзэхээр зөөгчөөс өгсөн гэдгийг нотолсон баримтууд л байгаа. Гэрч, хохирогч, зөөгч нарын мэдүүлгээр тухайн утсыг текний хүнээс миний үйлчлүүлэгчийг авсан гэдгийг нотолсон байгаа. Тэгэхээр мөрдөн байцаалтын явцад юуг нотолсон юм бэ?  Гэтэл хэрэгт тухайн утсыг зөөгчөөс аваад Эд өгсөн эсэхийг нотолсон юм уу? Нотлогдсон зүйл байхгүй. Мөрдөгч, прокурор үүнийг нотлох байлаа. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирогч би нэлээн согтуу байсан тул утсаа авсан үгүйгээ мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэллээ. Мөрдөгч нар юу шалгасан юм бэ? Шууд шунахайн санаа, сэдэлтээр хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүний утсыг хулгайлсан асуудал мөн юм уу? Өнөөдөр энэ утас олдоогүй гэж байна. Тэгэхээр зүйл анги нь өөрөөр зүйлчлэх боломж байсан юм шиг хууль зүйн талаасаа харагдаад байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлээр зүйлчлэх боломжтой гэж харж байна. Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлийг завших гэдэг юм уу? Тэгэхдээ өнөөдөр хохирогч утсаа хаана хаяснаа санахгүй байгаа тул миний үйлчлүүлэгчийг бусдын эд зүйлийг хулгайлсан гэж шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлээр зүйлчлэх нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй юм гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгах, гэм буруугүйд тооцох саналыг оруулж байна. Хохирлын тал дээр прокурор тухайн утасны төлбөр болох 827,820 төгрөгийг Э.О-аас гаргуулах саналыг гаргаж байна. Гэтэл хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хувийн байдлыг тогтоох ёстой байдаг. Миний үйлчлүүлэгч дөрвөн дүүгээ авч яваа хүн. Өнөөдөр хорих ялаас суллагдаад, нийгэмшээд явж байхад ийм хэрэгт орж байгаад харамсаж байгаа. Над дээр анх ирэхдээ би аваагүй. Авсан бол төлж болж байна. Аваагүй учраас үнэн зөвийг олоход туслаач гэж хандаж ирж байсан. Хавтаст хэрэгт хувийн байдлыг тодруулсан баримт байхгүй. Өнөөдөр хөнгөрүүлэх талаас нь нотлох баримт шинжлэн судлах гэхээр хэрэгт байхгүй байна. Нэг хохирогч, хоёр гэрчийн мэдүүлгээр хулгайн хэрэг гэж зүйчилж байгаа тул гэм буруугүйд тооцож өгнө үү. ...Шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй. Энэ үүргийг мөрдөгч прокурор биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр текэн дээр байсан зөөгчөөс утас авсан гэдгийг О өөрөө мэдүүлээд хэлээд байхад, мөрдөн шалгах ажиллагаагаар юуг нь нотлоод байгаа юм бэ? Хүлээн зөвшөөрөөд нотлогдсон байсан юмыг нотолсон гэж яриад байна. Мөрдөн байцаалтын явцад үйлчлүүлэгч маань тэр текэн дээрээс утас авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад нотлогдсон гэж яриад байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд О Э-д утсыг нь аваачиж өгсөн үү гэдгийг нотлох ёстой байсан. Түүнээс энэ хүн өнөөдөр зөөгчөөс утас авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байхад юуг нь нотлох юм бэ? Тийм учраас анхны саналаа дэмжиж байна” гэв.

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.О нь хохирогч Ч.Э-гийн гар утсыг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Э.О нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” гэх нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Ч.Э-гийн өмчлөлийн Оро-96 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 827,820 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.О нь хохирогч Ч.Э-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч Э.О-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг бүжиглэж байхад нь утсыг нь зөөгчөөс аваад аваачиж өгөөд явсан, өгөх үед О харж байсан гэж мэдүүлэх боловч энэхүү нөхцөл байдал нь нотлогдохгүй, харин гэрч О, И нарын мэдүүлгээр О нь гар утсыг аваад гараад явсан нь нотлогдсон байна. Түүнчлэн гэрч хохирогч нарын мэдүүлгүүд хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн хоорондоо зөрүүгүй, бие биенээ давхар нотолсон байх тул шүүх эргэлзээгүй үнэн зөв баримт гэж дүгнэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.О-ийг үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 угаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. ...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тэнсэж өгнө үү гэж санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэргийн нөхцөл байдалд тогтоогдоогүй. Мөн өмгөөлөгчийн гаргаад байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлд заасан шинжүүд хангагдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар заалд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршиг арилгасан, арилгахаа илэрхийлсэн нөхцөл байдал байх ёстой. Гэм буруугийн шүүх хуралдаанаар харагдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Хохирогч хохирол төлбөр авахгүй гэж байгаа ч шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй тул эхний саналаа дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцлоо. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялын санал оруулж байна. Шүүгдэгч тухайн хэргийг хийгээгүй гэж хэлж байгаа боловч шүүхээс гэм буруутайд тооцсон тул ялын саналыг хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээ 5 жилээс бага хугацаагаар тогтоосон бол гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэнэ гэж заасан. Иймд хамгийн бага хугацаагаар тэнсэж өгнө үү. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хорих ялын хэмжээ 5 жил түүнээс бага байхаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, төлөхөө илэрхийлсэн бол гэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүн үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг  хэрэглэж болно гэсэн заалт байгаа боловч шүүхээс гэм буруутайд тооцсон тул энэ зүйл ангийг санал болгохоос өөр гарц байхгүй” гэв.

Шүүх шүүгдэгч Э.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.О нь гэм хорын хохирол болох 827,820 төгрөгийг төлж барагдуулаагүй бөгөөд хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт Э.О-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хориглосон хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ