| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
2024 02 22 2024/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Г.Булаг-Ундрал, шүүгдэгч Ц.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн “2311019780039” дугаартай, 186/2024/0129/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх,
- урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 207/а дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,
- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорих сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 02 cap 03 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хассан,
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан,
- Ховд аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамжаар 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж эдлээгүй үлдсэн 5 cap 17 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хорих ангиас суллагдсан. Ц.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эбо” төвд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын 302 тоот өрөөний цонхыг хагалж 581.900 /таван зуун наян нэгэн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...302 тоотод ямар нэг зүйл хагарах чимээ гарлаа гэж манай ажилтан хэлэхээр нь орой очоод үзээд цагдаа дуудаад аваад явсан. Дамно хөрөнгийн үнэлгээний газар 590.000 төгрөгөөр хохирлын үнэлгээ гаргасан байсан гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бгийн:..би “Эбо групп” ХХК-нд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш менежерээр ажиллаж байна. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн орой 20 цагийн орчим манай ажлаас манай буудлын ресейпшн Мөнхцэцэг /88521193/ надруу утсаар залгаад 302 тоотод байрлаж байсан хүмүүс хоорондоо зодолдоод цонхны шил хагалчихлаа гэж хэлэхээр нь би ажил дээр ирэхэд нэг залуу би цонхыг чинь төлөөд өгье гэж асуудалгүй гээд яриад зогсож байхаар нь би уулзахад би төлөөд өгнө энэ хүүхдүүдээс юу авдаг юм гэж байснаа гэнэт би төлөхгүй чадахгүй гээд байхаар нь би цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд тухайн залуучуудыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Отгонбаатарын:...2023 оны 9 дүгээр 25-ны өдөр банкнаас зээл авах зорилгоор гэрээсээ гарсан. Тэгээд өдөр 14 цагийн орчим ажлаа хөөцөлдөөд явж байхад манай найз Бат-Эрдэнэ, Тулга нар надруу залгаад бид хоёрын төрсөн өдөр болж байна уулзъя бид хоёр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “ЭБО” төвд байна гэж дуудсан. Би 15 цагийн орчим тэр хоёр дээр очсон. Би очоод тэр хоёр шил 0,75 литрийн /нэрийг нь санахгүй байна/ виски хамт хувааж ууж дуусгаад байж байхад манай найз болох Бат-Эрдэнэ надруу агсарч намайг цохиж үсдээд байхаар нь би гараад явсан тухайн үед 19 цаг болж байсан. Би тэндээс гараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо гахайн байранд байх найз Билэгтбаатарын гэрт нь ирсэн чинь би тухайн буудалд харааны шил болон гар утсаа мартсан байсан тул найз Билэгбаатараар хүргүүлж очиход буудалд үлдсэн манай 2 найз буудлын өрөөнийхөө цонхыг хагалсан гээд тухайн буудлын хүмүүстэй хэрүүл маргаан хийж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Тулгын:...2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр миний төрсөн өдөр болоод би 39 дүгээр сургуулийн хажууд байх Онион гэх нэртэй PC тоглоомын газар хамт тоглоом тоглодог найзууд болох Бороо буюу Бат-Эрдэнэтэй хамт төрсөн өдрөө тэмдэглэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "ЭБО" төв гэх буудлын 302 тоот өрөөг 120.000 төгрөгөөр авч орсон. Тэгээд тэндээ Бат-Эрдэнэ бид нэг шил 0,5 Label-5 гэх нэртэй виски задлаад уугаад сууж байхад гаднаас бид хоёр дээр Отгонбаатар ирээд бид 3 хоёр шил виски хувааж уугаад дуусгасан. Би нилээн согтоод унтаад өгсөн. Нэг сэрэхэд өрөөнд хүмүүс ороод ирсэн Бат-Эрдэнэ рүү цонх хагалсан гээд дайрч байхаар би дундуур нь ороод юу болсон яасан юм гэж асуухад тэр буудлын хүмүүс танай энэ хүн чинь цонх хагалчихлаа гээд дуу дуугаа аваад надруу дайраад байхаар нь би энэ цонхны шилийг төлөөд өгье харин миний төрсөн өдрийн баярыг битгий үймүүлээч гэж гуйж байх үед Бат-Эрдэнэ гараад явсан. Миний авсан байсан 2 шил виски нэг шил Жийн байхгүй байхаар нь би буудлын хүнээс өөрийн юмаа авъя гэхэд бид нар хураасан би маргалдаж эхэлсэн тэгээд би цонхыг чинь ч төлөхгүй гээд маргаад сууж байсан чинь цагдаа нар ирээд намайг манай найз Отгонбаатарын хамт авч явж эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн гэх мэдүүлэг. /хх- ийн 32-33 дугаар тал/,
2.4. “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-23-664 дугаартай Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 36-39 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-14 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, гэрч Л.Отгонбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/, гэрч Э.Тулгын мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-23-664 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-39 дүгээр тал/, яллагдагч Ц.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 42-73 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Эбо” төвд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын 302 тоот өрөөний цонхыг хагалж 581.900 /таван зуун наян нэгэн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бгийн:..2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн орой 20 цагийн орчим манай ажлаас манай буудлын ресейпшн Мөнхцэцэг /88521193/ надруу утсаар залгаад 302 тоотод байрлаж байсан хүмүүс хоорондоо зодолдоод цонхны шил хагалчихлаа гэж хэлэхээр нь би ажил дээр ирэхэд нэг залуу би цонхыг чинь төлөөд өгье, асуудалгүй гээд яриад зогсож байхаар нь би уулзахад би төлөөд өгнө энэ хүүхдүүдээс юу авдаг юм гэж байснаа гэнэт би төлөхгүй чадахгүй гээд байхаар нь би цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд тухайн залуучуудыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр тал/,
- гэрч Л.Отгонбаатарын:...2023 оны 9 дүгээр 25-ны өдөр банкнаас зээл авах зорилгоор гэрээсээ гарсан. Тэгээд өдөр 14 цагийн орчим ажлаа хөөцөлдөөд явж байхад манай найз Бат-Эрдэнэ, Тулга нар надруу залгаад бид хоёрын төрсөн өдөр болж байна уулзъя бид хоёр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо “ЭБО” төвд байна гэж дуудсан. Би 15 цагийн орчим тэр хоёр дээр очсон. Би очоод хоёр шил 0,75 литрийн /нэрийг нь санахгүй байна/ виски хамт хувааж ууж дуусгаад байж байхад манай найз болох Бат-Эрдэнэ надруу агсарч намайг цохиж үсдээд байхаар нь би гараад явсан тухайн үед 19 болж байсан. Би тэндээс гараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо гахайн байранд байх найз Билэгтбаатарын гэрт нь ирсэн чинь би тухайн буудалд харааны шил болон гар утсаа мартсан байсан тул найз Билэгбаатараар хүргүүлж очиход буудалд үлдсэн манай 2 найз буудлын өрөөнийхөө цонхыг хагалсан гээд тухайн буудлын хүмүүстэй хэрүүл маргаан хийж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар тал/,
- гэрч Э.Тулгын:...би нилээн согтоод унтаад өгсөн. Нэг сэрэхэд өрөөнд хүмүүс ороод ирсэн Бат-Эрдэнэ рүү цонх хагалсан гээд дайрч байхаар би дундуур нь ороод юу болсон яасан юм гэж асуухад тэр буудлын хүмүүс танай энэ хүн чинь цонх хагалчихлаа гээд дуу дуугаа аваад надруу дайраад байхаар нь би энэ цонхны шилийг төлөөд өгье харин миний төрсөн өдрийн баярыг битгий үймүүлээч гэж гуйж байх үед Бат-Эрдэнэ гараад явсан. Миний авсан байсан 2 шил виски нэг шил Жийн байхгүй байхаар нь би буудлын хүнээс өөрийн юмаа авъя гэхэд бид нар хураасан гэхээр нь би маргалдаж эхэлсэн тэгээд би цонхыг чинь ч төлөхгүй гээд маргаад сууж байсан чинь цагдаа нар ирээд намайг манай найз Отгонбаатрын хамт авч явж эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн гэх мэдүүлэг. /хх- ийн 32-33 дугаар тал/,
- “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-23-664 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 36-39 дүгээр тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад эвдүүлж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хууль бусаар хагалж, гэмтээснийг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар усгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “ЭБО” групп ХХК-нд 1.970.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ц.Б нь бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Бийг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ