Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 126/ШШ2022/0011

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 108 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ач хариад С.Ч /регистрийн дугаар РД71121813/-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн аймгийн Засаг дарга, Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох

“Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” А/197 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 04 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол “Г.Оыг ажилд томилох тухай” 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 16409470 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч С.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

1.Нэхэмжлэгч С.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол “Г.Оыг ажилд томилох тухай” 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 16409470 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэргийн нөхцөл байдлын талаар товч:

2.Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “н”, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон.

3.Дээрх тогтоолыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтыг үндэслэн хүчингүй болсонд тооцжээ.

4.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/197 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/334 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшиж сонгогдсон гишүүдийг батламжилсан байна.

5.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн материал ирүүлэх хугацааг 2021 оны 04 сарын 22-ны өдрөөс 05 сарын 12-ны өдрийн 18 цагаар дуусгавар болохыг тогтоож, материал ирүүлэх хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

6.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.18, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дугаартай “Журам батлах тухай” тушаал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дүрмийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлжээ.

7.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.18, 16 дугаар зүйлийн 16.1, 16.4 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дугаартай “Журам батлах тухай” тушаал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дүрмийн 6.3 дахь заалт, Авилгатай тэмцэх газрын 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 05/5601 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн сонгон шалгаруулалтад өндөр оноо авч тэнцсэн Г.Оыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилжээ.

Процессийн түүх:

8.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дээд шатны захиргааны байгууллага байхгүй тул Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 04 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол, “Г.Оыг ажилд томилох тухай” 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шууд шүүхэд хандсан.

Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

9. Хөвсгөл аймагт 2020 оны орон нутгийн сонгууль болж, орон нутгийн сонгуулиар Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан нам олонхи болж, аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар нь Ардчилсан намаас сонгогдсон.

10.Шинэ Засаг дарга томилогдсоноос хойш өөрийн АН-ын нөхдийг ажилтай болгохын тулд төрийн албан хаагчдыг улс төрийн өнцгөөс харж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг шаардах, зөвшөөрөхгүй бол дотоод аудитын шалгалт оруулан ямар нэгэн зөрчил илрүүлж, уг зөрчлөөр нь сахилгын арга хэмжээ авч ажлаас чөлөөлдөг асуудал хэвийн үзэгдэл болсон. Үүний нэг жишээ бол Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч би ажлаас чөлөөлөгдсөн асуудал болсон.

11.Засаг дарга Ш.Идэрбаясгалан нь Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч намайг ирж уулз гэж дуудсан тул би очиж уулзсан бөгөөд ингэхдээ Засаг даргад Нэгдсэн эмнэлгийн талаар дараах танилцуулгыг хийсэн. Үүнд:

12.Би өөрөө 2013 оны аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Нэгдсэн эмнэлгийн даргын ажил албан тушаалд томилогдсон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш би алдаа дутагдал гаргалгүй тасралтгүй 8 жил ажилласан, энэ хугацаанд би өөрийн хариуцсан ажлаа улирал, жилээр Эрүүл мэндийн газарт дүгнүүлэн 86,3-96 үнэлгээ авч ажлаа сайн гүйцэтгэсний үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл аван ажиллаж байсан. Манай эмнэлэг нь ХНХЯ-аас шалгаруулсан Эрүүл ажлын байрыг дэмжигч улсын тэргүүний байгууллагаар, аймагтаа бол 2018-2020 онуудад 1 дүгээр байранд 2020 онд аймгийн Засаг даргын Тамгын газраас “Зүтгэл-Итгэл-Сэтгэл” нэрлэсэн жилд тусгай байранд шалгаран амжилттай ажиллаж байлаа.

13.Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын магадлан итгэмжлэлээр 92.3 хувиар үнэлэгдэн магадлан итгэмжлэлийнхээ хугацааг 4 жилээр хөдөө орон нутгаас ганцаараа сунгуулсан эмнэлэг юм. Ийм үр дүнтэй ажиллаж байгаа талаар танилцуулсан. Гэтэл ажлаа сайн дураар өгөхийг шаардсан. Тэгэхэд нь би ийм байдлаар ажлаа өгөхгүй, би 6 жилд 5 дарга солигдсон удирдлага нь хэн нь юм мэдэгдэхгүй замбараагүй байгууллага авч байсан. Энэ жил манай эмнэлгийн 90 жилийн ой болох тул ойгоо өнгөрөөх, сүүлийн 3 жил ажилчдаа их ажиллуулсан шагнаж урамшуулах, багаар аялуулах гээд амласан зүйл бий, амлалтаа биелүүлээд ажлаа өгнө. Би ч 10 сард ажлаа өөрийн хүсэлтээр өгч өөрөө цус сэлбэлтийн чиглэлээр сурахаар төрийн сангийн сургалтын төлөвлөгөөнд оруулсан, ядаж 10 сард ойгоо тэмдэглэчихээд ажлаа өгч болох юм” гэж хэлсэн. Гэтэл Засаг дарга тэгвэл би өөрийн зүгээс сайн, муу аргаар авч болох байлгүй дээ, та утсаар бичлэг хийгээгүй биз дээ гэж хэлсэн.

14.Манай эмнэлэг 2021 оны санхүүгийн хяналт шалгалт хийгдэхээр төлөвлөгдөөгүй байсан. Гэтэл Засаг дарга хэлсэн ёсоороо надаас нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг авахын тулд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А/18 тоот захирамж гарган шалгалт хийх хүмүүсээ өөрөө нэр заан томилсон. Ингэхдээ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитор А.Догсмааг хувийн сонирхлоор шалгалтын бүрэлдэхүүнд оруулан манай байгууллага дээр “Санхүүгийн хяналт, дотоод аудит”-ын хяналт шалгалт хийлгэж, их хэмжээний санхүүгийн зөрчил илрүүлсэн дүр үзүүлсэн тайлан бичиж, 11 акт тавьж 3 албан шаардлага гаргуулахдаа “Хөвсгөл ард түмний телевиз”-ээр нэвтрүүлэг бэлдүүлэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийж буй Санхүүгийн шалгалт удаашралтай байна гэх утга бүхий нэвтрүүлгийг өөрийн намын гишүүн Ж.Эрдэнэцэцэгээр 2 удаа бэлтгүүлэн цацуулсан. Ингээд шалгалт дуусаагүй байхад аудитор А.Догсмаа нь манай ажилтнуудыг дарамтлан 4 актыг төлүүлсэн, улмаар фэйсбүүкээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын нэр төрд халдсан бичлэг тавин уг санхүүгийн шалгалтын үр дүн баталгаажаагүй байхад намайг ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй болсон мэт ойлголт олон түмэнд өгч өөрийн хууль бус үйлдлээ хаацайлахыг оролдсон.

15.Би дээрх актуудыг үл зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамнаас хянаж үзээд Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас гаргасан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 36-05/19, 36-05/21, 36-05/23, 36-05/27, 36-05/28, 36-05/29,  дугаартай актуудыг илт хууль бус болохыг тогтоож, аудитор А.Догсмаагийн ажилчдыг дарамтлан төлүүлсэн 36-05/20, 36-05/26, 36-05/26 дугаартай актууд нь биелэгдсэн болохыг дурдсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 13-2/3363 тоот хариу бичиг ирсэн болно.

16.Засаг дарга Ш.Идэрбаясгалан нь сайн, муу аргынхаа нэгийг болгож миний дуудлага худалдаагаар авсан грашийн газрын эзэмших эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А/36 тоот захирамж гарган цуцалсан бөгөөд би Захиргааны хэргийн шүүхээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулсан.

17.ЭМЯ-ны сайдаас Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх эмнэлгүүдийн бие даасан удирдлагын тогтолцоонд /ТУЗ байгуулах/ шилжүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гарган, төсөв орон тоог нь Сангийн яамаар батлуулахын тулд ээлж дараалалтайгаар төлөвлөж, ТУЗ байгуулах бэлтгэл ажил хангах, сургалт явуулах зэрэг бэлтгэл ажил хийх тухай эмнэлгийн бие даасан байдлыг хэрэгжүүлэх тухай А/334 тоот тушаал гарган ирүүлсэн. Манай Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ТУЗ байгуулах асуудал ЭМЯ-ны 2021-2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2021 онд Төв, Увс, Сэлэнгэ гэсэн 3 аймгийн нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ыг эхэлж байгуулах талаар ЭМЯ-ын төлөвлөгөөнд тусгагдсан байсан.

18.Гэтэл Сангийн яам болон ЭМЯ-аас Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн ТУЗ байгуулах талаар төсөв, орон тоог нь батлаагүй байхад Засаг дарга Ш.Идэрбаясгалан нь надаас сайн, муу аргаар миний ажлыг авах санаа зорилгын нэг болгон хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлсэн дүр үзүүлж Нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг надаас авч өөрийн АН-ын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Оюунжаргалд өгөхийн тулд өмнө Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ын гишүүдийг сонгосон аймгийн ИТХТ-ын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон.

19.Хөвсгөл аймгийн ИТХТ-ын дарга нь ИТХТ-ийн 2019 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалт нь “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухай асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн заалт болохоос биш дуртай үедээ хууль зүйн үндэслэлгүйгээр өмнөх тогтоолоо хүчингүй болгоод байж болно гэсэн заалт биш гэж би бодож байна. Би үүнийг захиргааны байгууллагын дур зоргын илэрхийлэл бөгөөд надаас миний ажлыг авахын тулд ИТХ-аас Засаг даргад үзүүлж байгаа дэмжлэг гэж би харж байна.

20.Ингэж хуучин ТУЗ байгуулсан 80 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор Засаг даргад нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийг шинээр байгуулах боломж бүрдсэн. Тиймээс аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/197 тоот захирамж гарган Нэгдсэн эмнэлгийн  төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон.

21.ТУЗ-ын гишүүд, бүрэлдэхүүнийг харахад дийлэнх олонх нь ашиг сонирхлын зөрчилтэй, тухайлбал тус эмнэлэгт ня-бо-гоор ажиллаж байгаад өмч хөрөнгө завшин халагдсан Энх-Амгалан, архи ууж ажлаас халагдсан боловч шүүхийн шийдвэрээр ажилд эргэн орсон Жүгдэрнамжил гэх мэт иргэдийг оролцуулснаас гадна зарим нь Улаанбаатар хотод амьдардаг эмнэлгийн чиглэлийн бус хүмүүс байна. Эдгээр хүмүүс нь сайн дураараа ТУЗ-ын гишүүн болохоос татгалзах хүсэлгүй байхыг бодоход надаас өс авах зорилготой, Засаг даргын санаа зорилгыг үг дуугүй даган биелүүлэх, өөрөөр хэлбэл Нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг надаас авах, намайг ажлаас халах, солих ганцхан зорилгоор байгуулагдсан. Энэ ТУЗ байгуулсан өмнөх ИТХТ-ийн тогтоолыг хүчингүй болгож байгаа ИТХТ-ийн тогтоол, ТУЗ байгуулаад байгаа Засаг даргын захирамж нь хөндлөнгөөс харахад хэдийгээр Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан миний субьектив эрхийг зөрчөөгүй мэт харагдаж байгаа боловч намайг ажлаас халахын тулд л Засаг дарга нь ТУЗ-аар дамжуулан өөрийн санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хийж байгаа үйл ажиллагаа юм.

22.Энэхүү шинээр байгуулсан ТУЗ нь Нэгдсэн эмнэлгийн даргын ажлын байрыг 5 дугаар сард шалгаруулахаар зарласан. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ТУЗ нь ковид-19 цар тахлын хөл хорионы дэглэм тогтоосон үед Нэгдсэн эмнэлгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь ямар үндэслэлээр уг ажлын байрыг зарлах болсон шалтгаан нь тодорхой бус /нас барсан уу, чөлөөлөгдсөн юм уу, ямар тохиолдлоор орон тоо гарсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүйгээс гадна Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж зөвхөн надаас ажил авч Г.Од өгөхөд зориулагдсан гэж би үзэж байгаа.

23.Ийнхүү манайд нэгдсэн эмнэлгийн захирал гэсэн шинэ орон тоо нэмэгдэж батлагдаагүй, ТУЗ-ын гишүүдийн цалин, орон тоог төсөвт суулгаж өгөөгүй, би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, ажлаа хэвийн хийж, албан тушаалд ажиллаж байгаа, намайг байсаар байтал Нэгдсэн эмнэлгийн ТУЗ гэх нөхдүүд Засаг даргын захиалгаар хууль хэрэгжүүлсэн дүр үзүүлэн тоглолт хийж, миний эрхийг зөрчиж, Нэгдсэн эмнэлгийн даргын ажлын байрыг зарлан, сонгон шалгаруулалт явуулсан дүр үзүүлэн бичиг баримт цуглуулж, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 тоот тогтоол, “Г.Оыг ажилд томилох тухай” №07 тоот тогтоол гаргаж байгаа нь миний эрх, хууль ёсны  сонирхлыг зөрчин намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөллөө.

24.Хүнийг ажлаас чөлөөлж, нэгэнт хууль хэрэгжүүлж байгаа бол яагаад Сангийн яамаар төсөв орон тоог нь батлуулж, ЭМЯ-тайгаа зөвшилцөн ажлаа уялдуулан төлөвлөж болдоггүй юм бэ?

25.Нэгэнт Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн холбогдох заалтыг буюу ТУЗ байгуулах, гүйцэтгэх захиралтай болох гэсэн заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон бол ЭМЯ-аас энэ жил манай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ТУЗ байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. СЯ-аас төсөв орон тоо нь ингэж батлагдаж ирлээ, ийм боллоо гэж танилцуулах юм бол хэн ч дургүйцэхгүй шүү дээ. Тэгэхгүйгээр хүчээр л намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх болж байгааг хэлж ойлгуулахгүйгээр хүчээр Төрийн албаны буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлахгүйгээр ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна.

26.Би Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах гэтэл урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай байсан тул энэхүү захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан боловч хариу ирүүлээгүй болно. Ингээд би ээлжийн амралтаа амарч дуусаад ажилдаа орсны дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буюу нэг дэх өдөр миний нэр дээр хаяглагдсан албан бичиг ирсэн байхад нь үзсэн чинь миний гомдлын хариуг ЭМЯ руу шилжүүлсэн гэсэн албан бичиг ирүүлсэн байна.

27.ТУЗ байгуулсан тогтоолыг хүчингүй болгож, шинээр ТУЗ байгуулж байгаа нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 17.4-т “... суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд нэгдсэн эмнэлэг нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар заасан байх бөгөөд тус хуулийн 15.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна, 15.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, залгамж чанарыг хадгалах зорилгоор анхны гишүүнээс дөрвийг буюу өмчлөгчийн төлөөллөөс бусад төлөөллийн тус бүр хоёр гишүүнийг гурван жилээр, бусад таван гишүүнийг зургаан жилээр сонгож, цаашид энэ хуулийн 15.2-т заасан хугацааг баримтлан баталгаажуулна, 15.12.”Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 15.10, 15.11-д зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татах болон чөлөөлөхийг хориглоно” гэсэн хуулийн олон олон заалтыг зөрчсөн тул хууль бус байна.

28.Хэдийгээр дээрх хуулийн заалтаар Нэгдсэн эмнэлэг нь ТУЗ-тай байх, ТУЗ-аас томилогдсон гүйцэтгэх захиралтай байхаар байгаа нь үнэн боловч хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох СЯ болон ЭМЯ-ууд нь холбогдох төлөвлөгөө төсвөө батлуулан, зохих бэлтгэл хийсний дараа шаардлагатай арга хэмжээ авах нь зайлшгүй болохоос биш, улс төрийн албан хаагчид асуудлыг улс төрийн өнцгөөс харж бие биенээ ажилтай болгохын тулд хэрэгжүүлсэн дүр үзүүлэн гэмгүй мөрөөрөө ажлаа хийж байгаа миний эрхийг зөрчин, ажлыг минь хүчээр булаан авч ажилгүй болгож, улмаар хувийн өмч болох газар эзэмших эрхэнд минь халдан шударгаар олж авсан газар өмчлөх эрхийг цуцлах зэргээр дураараа авирлаж байгааг зөвтгөх аргагүй байна.

29.Мөн 2021 оны 10 сард намайг цус сэлбэлтийн чиглэлээр төрийн сангаар сурах хуваарь батлагдаж ирсээр байтал тус сургалтанд намайг явуулахгүй, Батсайхан надтай 4-5 жил хамтран ажиллана, мэргэжилтэн бэлтгэх шаардлагагүй гэж суралцах эрхийг минь боогдуулж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5 зөрчсөн, Оюунжаргал захирал нь миний ажлыг аваад намайг зүрхний эхо-ны эмчээр ажиллах тушаал гаргасан, цаашид эхо оношилгоо эмчилгээний төвийг ахлаж ажиллуулна гэж албан тушаалын амлалт, улс төрийн тохироо хийн намайг хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан. Иймээс би аргагүйн эрхэнд хувийн зардлаар сурахаар 1 жилийн чөлөө авах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүйгээр хясан боогдуулж байна. 2021 онд төрийн сангийн батлагдаж ирсэн хуваарьт сургалтанд явуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан хууль бус үйл ажиллагаанд гомдолтой тул ажилгүй байх үеийн цалингаа нэхэмжилж байна.

30.Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгуулах тухай” №04 тоот тогтоол,

31.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” А/197 дугаар захирамж,

32.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” №04 тоот тогтоолуудыг гаргах хууль зүйн үндэслэлгүй байхад Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан миний эрхийг хууль бусаар намайг албан тушаалаас чөлөөлөхөд чиглэгдсэн тул дээрх тогтоол захирамж, ТУЗ-ын тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, намайг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, Г.Оыг миний албан тушаал дээр томилсон Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол, “Г.Оыг ажилд томилох тухай” №07 тоот тогтоолуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

33.Нэгдсэн эмнэлгийн ТУЗ намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. ТУЗ нь дээд шатны байгууллага байх тул би гомдлоо шүүхэд гаргалаа. Иймд:

1.Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” №04 тоот тогтоолыг,

2.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” А/197 дугаар захирамжийг,

3.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” №04 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоож,

4.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол, “Г.Оыг ажилд томилох тухай” №07 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, намайг Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 16 409 470 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

34.Нэхэмжлэгч С.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “С.Ч би Хөвсгөл аймгийн ИТХ болон Хөвсгөл аймгийн Засаг дарга, Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-д холбогдуулан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” №04 тоот тогтоолыг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 05 сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол, “Г.Оыг ажилд томилох тухай” №07 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 16 409 470 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийнхээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад холбогдох хэсгээс буюу Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” №04 тоот тогтоолыг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 18-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” А/197 дугаар захирамжийг тус тус илт хууль бусад тооцуулах гэсэн хэсгээс татгалзаж, үлдэх ТУЗ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж, нэхэмжлэлдээ дараах өөрчлөлтийг оруулж байна.

35.Нэхэмжлэлийн шаардлага:

1.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” №04 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,

2.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол, “Г.Оыг ажилд томилох тухай” №07 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 16 409 470 төгрөг гаргуулах тухай.

36.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмнөх нэхэмжлэлд тодорхой дурдсан. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 17.4-т “... суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилогдсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд Нэгдсэн эмнэлэг нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар заасан бөгөөд хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд ЭМЯ-наас төлөвлөгөө гарган уг төлөвлөгөөндөө ээлж дараатайгаар ТУЗ байгуулах талаар тусгаж, СЯ-аас төсөв, орон тоо нь батлагдан, бэлтгэл хангагдсаны дараа ТУЗ байгуулан Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгох гэсэн зорилго чиглэлтэй байхад, ЭМЯ-ны төлөвлөгөөг зөрчиж, СЯ-аар төсөв орон тоо нь батлагдаж ирээгүй байхад, Нэгдсэн эмнэлгийн захирал гэсэн шинэ орон тоо гарсан мэтээр “Нэгдсэн эмнэлгийн захирал” гэсэн ажлын байр зарлан, Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

37.Нөгөө талаар сонгон шалгаруулалт явуулж Г.Отгонжаргалыг шалгаруулсан дүр үзүүлсэн шийдвэр гаргасан нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болж намайг Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалаас чөлөөлж, миний Нэгдсэн эмнэлгийн дарга гэсэн ажлын байрыг, орон тоо нь батлагдаагүй Нэгдсэн эмнэлгийн захирал гэсэн ажлын байраар сольж байгаа Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

38. 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр, цаг хугацаа нь өөр байж магадгүй. Сайн санахгүй байна. Энэ үед би буяны ажлаар нутаг руугаа явсан байсан. Намайг ирэхэд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсан, ажлын байрыг зарлаад 10 гаруй хоносон байсан. Энэ асуудлыг Засаг даргын эрх мэдлийн хүрээнд хийж болно.

39.Гэхдээ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль бол эмнэлгийн бие даасан байдлыг хангах, санхүүжилтийн тухайд бие даасан байдлыг хангах, аль болох тогтвортой хөгжлийг хангах, улс төрөөс хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэхээр 2016 онд батлагдсан хууль юм. Эрүүл мэндийн сайдын тушаал дээр тодорхой үе шаттай байгуулъя, эхний удаад тодорхой хяналт дор Улсын гурван эмнэлгийг Төлөөлөн удирдах зөвлөлтэй болгоод 2019 оноос хойш ажиллуулсан. 2019 оноос энэ хуулийг хэрэгжүүлэх байсан ч бусад хуультай нийцээгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, санхүүжилтийн бэлэн байдлыг хангах тал дээр зөрчилдөөн байсан.

40.Иймд хөдөө орон нутагт хэрэгжүүлэх боломжгүй юм байна. Эхний удаад ямар ч байсан улсын гурван эмнэлэг дээр, дүүргийн 4 эмнэлгийг, Төв, Сэлэнгэ аймгуудад, ялангуяа зам сайтай ойролцоо тодорхой хэмжээний хяналттай хэрэгжүүлэх байдлаар 2020 онд яригдсан. Тийм ч учраас төсөв мөнгөнд суугдсан зүйл байхгүй байсан. 2020 оны төсөв бол 12 дугаар сарын 10-ны өдөр гэхэд хуваарилагдаж, Улсын Их Хурлаар батлагдаж, Эрүүл мэндийн сайдын төсвийн хуваарь ирсний дагуу 2021 оны орон тоо бүтцээ зохион байгуулаад, Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар баталсан. Цаашдаа 384 орон тоотойгоор хуучин бүтцээрээ ажилласан. Бүтцийн хувьд Нэгдсэн эмнэлгийн удирдлага, гүйцэтгэх ажилтан, бусад ажилтан гэх төсөв батлагдаж ирсэн учраас Нэгдсэн эмнэлгийн дарга үүний дагуу тушаал гаргасан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг 6-10 жилийн хугацаанд хэрэгжүүлж бие даасан байдлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэл өгсөн байсан.

41.Ийм байдлаар иргэдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгож, Засаг даргын захирамж гарч Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулсан. Буяны ажил явдалд оролцоод ирэхэд ажлын байрыг зарлаад 10 шахам хоносон байдалтай байсан. Тэгээд ажлын байр зарлагдсан байхад би яагаад сонгон шалгаруулалтад ороогүй юм бэ гэхээр ... Би Нэгдсэн эмнэлгийг 8 жил удирдсан хүний хувьд ямартай ч 90 жилийн ой тэмдэглээд, хэдэн ажилчдаа өөрийн биеэр шагнаж урамшуулъя, энэ байгууллагыг ямар ч байсан одонтой эмнэлэг болгоё гэсэн байр суурьтай байсан. Тийм ч учраас 10 сар хүртэл хүлээнэ үү. Би 10 дугаар сард курст явна. Улсын төсөвт төсөвлөгдсөн байгаа гэхэд тэрийг хүлээх боломж байгаагүй байсан юм байлгүй гэж бодож байна. Ийм амжилттай ажиллаж байсан хүний ажлын байрыг шууд зарласан. Надад урьдчилж мэдэгдээгүй. Иймд миний эрх ашиг хөндөгдөж байна гээд энэ сонгон шалгаруулалтад ороогүй гэдгээ хэлэхийг хүсэж байна.

42.Тэгээд 6 дугаар сарын 01-ний өдөр ажил хүлээлцсэн. ... Эмчээр ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал улс төрийн намын гишүүн бус байна гэж заасан. Өнөөдөр захирлаар сонгогдсон хүн нь орон нутгийн төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн гэх зэрэг албан тушаалуудыг хашиж улс төрийн байдлаар энэ үйл ажиллагааг явуулж Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан төсөв дээр захирал гэдэг орон тоо байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн орон тооны нарийн бичгийн дарга гэх орон тоо байхгүй. Мөн 9 хүнийг цалинжуулдаг төсөв, санхүү байхгүй.

43.Эрүүл мэндийн сайдын тушаал дээр Эрүүл мэндийн газрын дарга нь сайдтай зөвшилцсөний үндсэн дээр гэж журамд заасан. Бие даасан байдлын хувьд засаг захиргааны нэгжийн хуульд хамааралтай зүйл биш юм.

44.Засаг дарга нь сонгон шалгаруулалт явуулахдаа эмнэлгийн гурван төлөөлөгчийг сонго гэж өөрийн удирдлага дор байсан хүмүүсийг явуулсан. Нөгөө гурван хүн нь сонгон шалгаруулалт явуулсан. Уг нь Эрүүл мэндийн газар нь санаачлаад яамтай зөвшилцөөд хуулийг хэрэгжүүлэх талаар мэдэгдэх ёстой талаар хуульд тусгасан. Нэгдсэн эмнэлгийн хурал хийгээд төлөөлөгчдийг сонгосон. Улс төрөөс хараат бус байдал байх ёстой. Шударга ёс гэж зүйл байх ёстой. Төрийн бус байгууллагын гурван хүний нэг нь манайд нягтлан хийж байсан бөгөөд хүний нэр дээр цалин авсан болохоор нь ажлаас нь би халж байсан. Нэг нь ажлын байр дээрээ архи ууж байгаад халагдсан хүмүүс байсан. Тэгээд сонгон шалгаруулалтад ороод ялалт байгуулдаг. Тэр хүмүүсийг шийтгэл оногдуулж байсан хугацаа нь байхгүй байж болно. Гэхдээ ийм илт шударга бус зүйл байж болохгүй байх гэж тайлбар хийхийг хүсэж байна.

45.Би 5 дугаар сарын 25-нд ээлжийн амралтаа авсан. Ирж ажлаа хүлээлгэж өг гээд 5 дугаар сарын 31-ний өдөр намайг чөлөөлсөн тушаалыг өгч ажил хүлээлцсэн. Г.Оыг хэзээнээс томилсон гэдгийг 9 дүгээр сард орж ирээд мэдсэн.

46.Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн 04 дүгээр тогтоолыг мэдээгүй. Надад танилцуулаагүй. 2021 оны 04 дүгээр сарын 28, 29 үед ажилдаа ирэхэд сонгон шалгаруулалт зарласан байсан. Тухайн үед нь би мэдээгүй. Манай ажилтан Мөнхдалай сонгон шалгаруулалт зарласан байна, би оролцоно гэж хэлснээр мэдсэн. Сонгон шалгаруулалт зарласныг дүрс оношилгооны эмчээс мэдсэн. Сонгон шалгаруулалт явуулах тухай тогтоолыг сонгон шалгаруулалт явсны дараа мэдсэн.

47.Би тухайн албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд минь сонгон шалгаруулалт явуулах тухай тогтоолыг надад мэдэгдэх байх гэж бодож байсан. Би Сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг албан ёсны сайт руу орж хараагүй. Сонгон шалгаруулалт явуулах тухай  мэдээлэл тавьсан гэж хариуцагч ярьж байна. Маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

48.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 04 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох  гэж нэхэмжлэлдээ бичсэн байгаа. Илт гэх үг нь бичиг техникийн алдаа байна. Иймд уг тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Бусад Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Г.Оыг ажилд томилох тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн “Сэнгийг Чагнаадоржийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

49.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан С.Чийг ажлаас чөлөөлж, Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор сонгон шалгаруулалт явуулаад Нэгдсэн эмнэлгийн даргаар Г.Оыг ажилд томилох тухай тогтоол ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн, хоёрдугаарт С.Чийн ямар эрх ашгийг хөндөж байгааг хэлье.

50.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиник нь энэ хуулийн 18.1, 18.2-т заасан тусламж, үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэх бөгөөд санхүүжилт авах журам, гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “... гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг Засгийн газар батална” гэж заасан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.20-д Төлөөлөн удирдах зөвлөл орон тооны нэг ажилтантай байна. 15.21-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ. 15.22-т Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын жишиг хэмжээ, олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан.

51.Үүнтэй холбогдуулан Засгийн газрын гишүүд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүү  төрийн сангийн тусгай асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд Төлөөлөн удирдах зөвлөлийн орон тоо, цалин урамшуулалтай холбоотой зардал мөнгийг төсөвлөөгүй. Төлөөлөн удирдах зөвлөл байгуулаагүй байгаа учраас 2021 оны төсөвт суугдаагүй байгаа нь нотлох баримтаар харагдаж байна.

52.Эмнэлгийн дарга гэх орон тоо хэвээрээ байгаа тохиолдолд нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлага буюу захирал гэсэн орон тоог шинээр бий болгож сонгон шалгаруулалт зарлаж, уг  сонгон шалгаруулалт явуулах тухай даргадаа өөрт нь хэлж танилцуулж, ойлгуулахгүй, сонсох зарчим алдагдсанаас болоод С.Ч өөрийн ажлын байран дээр сонгон шалгаруулалт яваад байгаа, өөр хүнийг ажилд томилоод байгаа энэ асуудал байна.

53.Тухайн 2021 оны шүүх хуралдааны явцад Төлөөлөн удирдах зөвлөлийн 04 тоот тогтоолыг мэдэж гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргаж өгөхөд ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор шүүх 14 хоног үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ байдлуудыг тодорхой хэмжээгээр бичээд дахиж нэхэмжлэлийг нь аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нэлээн сүүлд гаргаж өгөхдөө яагаад гэдгийг тайлбарласан баримт хэрэгт авагдсан байгаа.

54.Хэрвээ Нэгдсэн эмнэлгийн даргыг ажлаас чөлөөлөх гэж байгаа бол таныг ажлаас чөлөөлөх гэж байна. Таны орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах гэж байна гээд цахим сүлжээнд нийтэд мэдээлсэн байж. Уг хүн рүү нь хандаж эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүнд хандаж яагаад сонсох ажиллагаа явуулдаггүй юм бэ? Энэ нөхцөл байдлаас болоод өнөөдрийн маргаан үүсээд байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байна гэж харж байна.

55.Төлөөлөн удирдах зөвлөлийн Сонгон шалгаруулалт явуулах тухай 04 тоот тогтоол, С.Чийг ажлаас чөлөөлөх тухай тогтоолууд нь С.Чийн эрх ашгийг хөндөж байгаа учраас хууль бус байна. Хүчингүй болгох хууль зүйн үндэс байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 07 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар давхар шаардлага гаргасан учраас үүнийг тусад нь бичиж оруулсан байгаа.

56.Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалаас өнөөдөр ч гэсэн цалин, орон тоо, Төлөөлөн удирдах зөвлөл, тус зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал гэсэн орон тоо байхгүй. Зөвхөн Нэгдсэн эмнэлгийн дарга гэсэн орон тоо байгаа учраас энэ байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

57.Нэхэмжлэгчийн зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч ямар хуулийн ямар зүйл заалт зөрчсөн талаар дурдаагүй. Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсанаас хойш гарсан бүх шийдвэрүүд бүгд салбарын хуулийн дагуу гарсан.

58.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30-д Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, дүүргийн Засаг дарга шууд батламжилна гэж заасан.

59.Үүний дагуу аймгийн Засаг дарга Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах журмын дагуу шалгаруулж 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А/197 дугаар тушаалаар батламжилсан.

60.Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ гэж заасан. Үүний дагуу сонгон шалгаруулалт зарласан. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээг заасан. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5-д Эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан.

61.Энэ журмыг сая өмгөөлөгчийн хэлснээр батлахгүй удааширсны улмаас хуулийн хэрэгжилт удааширсан. Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 тушаалаар баталсан Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд сонгон шалгаруулах зарыг нээлттэй байдлаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хаяг болон Эрүүл мэндийн яамны цахим хуудсаар хүргэсэн.

62.Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулах зарыг мэдээгүй гэх зүйл хэлж байна. Гэвч өөрөө мэдсэн байдаг. Мэдсэний улмаас өөрийнх нь гарын үсэг бүхий хойшлуулах тухай өргөдөл хүсэлтийг Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан байгаа юм. Төлөөлөн удирдах зөвлөл 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцэж байсан байдаг.

63.Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн яамны 454 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг зарлаж энэхүү хугацаанд 2 оролцогч материалаа ирүүлсэн. Үүний дагуу сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж одоогийн захирлыг томилсон байгаа.

64.Хуулийн дагуу томилогдсон иргэнийг бид нар Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлж, хариу аван, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5-д заасныг үндэслэн Нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд томилсон байгаа.

65.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 4 дүгээр сард байгуулагдсан цагаас хойш 1 жил 2 сар гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийг үгүйсгэн маргаж байгаа С.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.С шүүхэд гаргасан тайлбартаа:

66.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлд 2 нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг сайн шалгаж өгөөсэй. Хэрвээ хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны албан тушаалтан байвал түүнд хандаж залруулахтай холбоотой захиргааны дотоод процесс явагдах ёстой. Дээд шатны байгууллага байхгүй гэж үзвэл өөрт нь хандаад тэгээд шүүхэд хандана.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т зааснаар энэ ажиллагаа нь 30 хоногийн хугацаатай.

67.Хариуцагч талын зүгээс харахад нэхэмжлэгч сүүлд гаргасан хүчингүй болгуулах тухай 2 шаардлагатай холбоотой урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийхгүйгээр хуулийн шаардлага хангахгүйгээр дураараа шаардлага гаргаад байгаа. Үүнийг шүүхээс шийдвэр гаргахдаа харгалзаж үзээсэй гэж  хүсэж байна.

68.Эрүүл мэндийн сайд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болохоос хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг одоо хэрэгжүүлнэ, байж байгаад хэрэгжүүлнэ гэж дураараа зүйл хийгээд байдаг зүйл биш юм. Хуулийг батлагдсан, хүчин төгөлдөр болсон цагаас нь мөрдөх ёстой байдаг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиуд нь 2011, 2016 онд батлагдсан хуулиуд байна. Бид нар хэрэгжиж, үйлчилж эхлээгүй хуулийн талаар яриагүй юм.

69.Өмнө нь Эрүүл мэндийн яам болон түүний харьяа байгууллагуудад байсан чиг үүргийг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу орон нутгийн захиргааны байгууллага руу шилжүүлсэн юм. Энэ заалтыг Эрүүл мэндийн яам удаашруулсан. Учир нь энэ хуульд Эрүүл мэндийн сайдад тодорхой нэг чиг үүрэг шилжүүлсэн нь Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах болон сонгон шалгаруулалтын журам юм. Сайд энэ чиг үүргээ хэрэгжүүлэхдээ журмаа батлахгүй удааширсан учраас орон нутгийн байгууллагууд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг томилох, сонгон шалгаруулалт яаж явуулах, хэрхэн зохион байгуулах гэх мэт зохион байгуулалтын асуудал нь тодорхойгүй байсан учраас томилохгүй удсан.

70.Батлагдсанаас хойш Хөвсгөл аймгийн орон нутгийн байгууллагын зүгээс хууль тогтоомжид заасны дагуу эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулаад, Төлөөлөн удирдах зөвлөл нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан чиг үүрэг болон хуульд заасан эрх хэмжээний хүрээнд эмнэлгийн захирал, удирдлагуудыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

71.Нэхэмжлэгч болохоор нэхэмжлэлийн шаардлагад огт хамаагүй, улс төрийн зүйл яриад байна. Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн даргыг солихын тулд байгуулагддаггүй юм. Эмнэлгийн бие даасан байдлыг бий болгох зорилготой. Гэтэл өнөөдөр би 8 жил ажилласан, би үргэлжлүүлэх ёстой, сонгон шалгаруулалт явуулах ёсгүй мэтээр нэхэмжлэл гаргасан. Нэг удирдлага баталгаатай 5 жил байхаар адилхан стандарт тогтоох байдлаар баталсан хууль юм.

72.Гэтэл өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбарлахдаа надад мэдэгдэх ёстой гэж байгаа юм. Энэ сонгон шалгаруулалтын журамд өмнөх даргад мэдэгдэнэ гэсэн заалт байхгүй. Энэ сонгон шалгаруулалтын журам нь Төлөөлөн удирдах зөвлөл өөрөө хугацаа болсон тохиолдолд захиралд нэр дэвших боломжтой хүмүүсээ нэр дэвших боломжийг нь хангаад олон нийтэд зарлана. Эрүүл мэндийн яамны сайт дээр хүртэл зарласан. Бүх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

73.С.Ч анхны хурал дээр энэ сонгон шалгаруулалтын талаар мэдээгүй гэж маргаж байсан боловч өөрөө тухайн сонгон шалгаруулалтын хугацааг хойшлуулаад өгөөч гээд гараар бичсэн өргөдөл өгсөн байдаг. Тэгсэн мөрлөө би мэдээгүй гэдэг. Ер нь С.Ч гэх хүнд ганцаарчлан өөрт нь давуу байдал олгож байгаа юм шиг сонгон шалгаруулалтын талаар мэдэгдэх шаардлага байхгүй. Энэ шаардлагыг хангасан хүмүүс сонгон шалгаруулалтад оролцох боломжийг хангах үүрэгтэй байдаг. Тэр хүрээндээ бид нар сонгон шалгаруулалтаа зохион байгуулсан.

74.Нэхэмжлэгч 3 ширхэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм байна. 2021 онд гаргасан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 04, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шаардлага гаргаж байна гэж ойлгож байна.

75.Энэ шаардлагын хүрээнд асуулт хариулт явахад уг тогтоолын нэг нь 4 дүгээр сард, үлдсэн хоёр нь 5 дугаар сарын 28-ны өдөр гарсан байдаг. Энэ тогтоолуудтай маргасан хугацаа 9 дүгээр сарын 29-ний өдөр гэж хэлсэн. Энэ хооронд мэдсэн мэдээгүй, мэдэх боломжтой байсан гэх мэт олон асуудал яригдсан. Мөн олон нийтэд зарласан, өөрөө хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан, өөрт нь ажил хүлээлцэх талаар хэлж байсан. Энэ мэт олон үйл баримтууд хэрэгт цугларсан байна.

76.Маргахдаа 9 дүгээр сард шүүхэд шууд хандсан. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд асуудал байна. Төлөөлөн удирдах зөвлөлд дээд шатны байгууллага байхгүй тул шууд шүүхэд хандаж байгаа бол тухайн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор маргасан, маргаагүй юу гэдгийг шүүхээс харгалзаж шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэж байна.

77.Ерөөсөө энэ гурван тогтоолоо Эрүүл мэндийн тухай хууль, эсхүл Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгох буюу Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гарсан гэж үзэж байвал Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн аль заалт нь энэ хүний эрх ашгийг зөрчсөн, хариуцагчийн хувьд хуулийн зүйл заалтыг зөрчиж тэр нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл хүчингүй болгох шаардлагыг гаргаж байгаагаа тодорхойлох ёстой.

78.Гэтэл Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн аль заалтыг бид нар зөрчсөн юм бэ гэдгийг энэ хуралдааны туршид, нэхэмжлэл дээрээ ч бичихгүй байгаа, мэтгэлцэхгүй байгаа, зүгээр л үйл баримт яриад байгаа. Би анхнаасаа л аль зүйл заалтыг зөрчөөд байгаа юм бэ гэдгийг асуусан. Тэгвэл бид нар яагаад зөрчөөгүй вэ гэдгээ тайлбарлах гээд байтал тайлбарлах боломж олгохгүй яваад байна. Бид нар хүчингүй болгохын тулд ямар нэгэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байх ёстой.

79.Гэтэл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль энэ сонгон шалгаруулалтыг яаж явуулах ёстойг маш нарийн заасан журмын дагуу хуулийн хугацаа алдалгүйгээр зөв зохион байгуулж хэрэгжүүлсэн.

80.Энэ сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч С.Ч оролцох боломжтой байсан. Оролцох боломжтой байна гэдэг нь С.Чид өөрт нь давуу тал юм. 8 жил ажиллаад дахиад 5 жил нийт 13 жил эмнэлгийн удирдлага хийх боломжтой байсан. Гэтэл өөрөө болохоор Төлөөлөн удирдах зөвлөл надад мэдэгдэх ёстой байсан гэх тайлбар гаргадаг.

81.Эмнэлгийн тогтолцооны шинэчлэл явагдаад байгаа юм. Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг нь эмнэлгийн удирдлагын дээд буюу хараат бусаар удирдах ёстой бүтэц бий болоод байхад Төлөөлөн удирдах зөвлөл С.Чид ямар үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэгдэх ёстой юм шиг хандлагын асуудал өөрт нь байна.

82.Төсөв санхүүтэй холбоотой асуудал дээр тайлбар хэлэхэд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд батлагдсан төсвийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрийнхөө тухайн жилийн төсөв, орон тоогоо батлаад явах бүрэн боломжтой. 2021 онд яагаад тэгж гараагүй юм бэ гэхээр Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрөө 4 дүгээр сард байгуулагдсан. Он эхэлснээс хойш байгуулагдсан. 2022 оноос эхлээд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан журмын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд шилжсэн гэдэг утгаараа бүх зүйлийг хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа. 2021 онд тухайн асуудал байгаа байхгүйгээс болоод энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх гэдэг үндэслэл байж болохгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэх албан тушаалд төсөв бичигдээгүй байна гээд эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт явуулахгүй гэх үндэслэл байхгүй.

83.Мөн нэхэмжлэлийн шаардлагад техникийн олон асуудал байна. Одоо эмнэлгийн дарга гэдэг нэр томьёо сүүлд батлагдсан салбар хуулиудад огт байхгүй. Гүйцэтгэх удирдлага, захирал, төлөөлөн удирдах зөвлөл гэх мэт нэр томьёо хэрэгжээд бараг 8 жилж болж байна. Гэтэл дарга гэж яриад байдаг. Дарга гэдэг нь хууль тогтоомжийн шинэчлэлээр бүгд хасагдсан. Таны нэхэмжлэлийн шаардлага нь би эмнэлгийн дарга буцаад болмоор байна гэж байна. Энэ нь хэрэгжих боломжтой юу гэх зэрэг олон асуудал байгаа. Үүнийг шүүх харгалзаж үзээсэй.

84.Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсан нь орон нутгийн бие даасан байдлыг хангах, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэл явагдаад мөн зарим нэг салбарын хуулиудын орон нутаг дахь захиргааны байгууллагад шилжүүлсэн эрх хэмжээг хэрэгжүүлж эхэлснээрээ орон нугийн бие даасан байдал болон тухайн орон нутагт байрлаж байгаа захиргааны байгууллагуудын бие даасан байдал улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нь бүрдэж байгаа юм.

85.Энэ хүрээнд 2021 онд сонгон шалгаруулалт явагдсан. Хууль тогтоомжийн хувьд хүчин төгөлдөр байсан. Энэ хууль тогтоомж хэрэгжихгүйгээр хойшлуулах ямар ч үндэслэл байхгүй байсан учраас бид нар Хөвсгөл аймгийн Засаг даргын зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулаад Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрөө хууль тогтоомжид заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн учраас хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагч нарын хууль ёсны шийдвэрийг хамгаалж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Г.О шүүхэд гаргасан тайлбартаа

86.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дугаартай тушаалаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар Г.О миний бие анх томилогдсон байдаг. Гэтэл 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.

87.Уг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй хэмээн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 974/А дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Мөн Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхгүй байсаар өдийг хүрсэн байдаг.

88.Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. Мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулйн 15, 16 дугаар зүйлд зааснаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас сонгон шалгаруулж, аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь айгмийн Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу зохион байгуулсан гэж үзэж байна.

89.Миний бие хуулийн дагуу байгуулагдсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцож эмнэлгийн захиралд нэр дэвшигчээс хамгийн өндөр оноог авсан байдаг. Үүний дагуу Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолоор намайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилсон. Иймд С.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна” гэжээ.

90.Иргэдийн төлөөлөгч Р.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Тухайн үеийн засаг захиргааны үйл ажиллагааны заалтаар албан газрын дарга эрхлэгч нарыг ажлаас чөлөөлсөн бол буруу гэж бодож байна. Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чийг ажлаас чөлөөлсөн иргэдийн төлөөллөөс буруу гэж бодож байна” гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

91.Нэхэмжлэгч С.Ч анх Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн С.Чийг ажлаас чөлөөлөх тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан.

92.Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” №04 тоот тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” А/197 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” №04 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол, “Г.Оыг ажилд томилох тухай” №07 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгууж, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 16 409 470 төгрөг гаргуулах” гэж нэмэгдүүлэн, хариуцагчаар Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг тус тус тодорхойлсон байсан.

93.Гэвч нэхэмжлэгч С.Ч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудынхаа зарим хэсэг болох “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” №04 тоот тогтоол болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” А/197 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлүүдээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

94.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах …”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, ... ” гэж заасан.

95.Иймд нэхэмжлэгч С.Чийн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” №04 тоот тогтоол болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” А/197 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагуудаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

96.Нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдуулан маргаж буй үндэслэлүүдэд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдъя.

97.Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” №04 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах /нэхэмжлэгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” №06, “Г.Оыг ажилд томилох тухай” №07 тоот тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 16 409 470 төгрөг гаргуулах тухай” шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

а/ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” №04 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

98.Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “н”, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг үндэслэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулсныг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 04 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байна.

99.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/197 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5. “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/334 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшиж сонгогдсон гишүүдийг батламжилжээ.

100.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 29.1.5.хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар: а/нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион байгуулах”, 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 11.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30-д “... орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, дүүргийн Засаг дарга шууд батламжилна” гэж тус тус заасан байна.

101.Аймгийн Засаг даргын дээрх захирамжаар байгуулагдсан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 04 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн материал хүлээн авах хугацааг 2021 оны 04 сарын 22-ны өдрөөс 05 сарын 12-ны өдрийн 18 цагаар дуусгавар болохыг тогтоож, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах тухай зар хүргэх загвар, мэдээллийг хавсралтаар баталж, материал ирүүлэх хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

102.Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.

103.Эрүүл мэндийн сайдын 2018 оны 454 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын Нэг дэх хэсгийн 1.1-д “Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана. Энэхүү зарыг Эрүүл мэндийн яамны болон Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын цахим хуудсанд байршуулна” гэжээ.

104.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 04 дүгээр тогтоолын дагуу Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтын зарыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Эрүүл мэндийн яамны цахим хуудаст тус тус байршуулсан бөгөөд энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

105.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж заасан.

106.Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 454 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-д захиргааны актыг нийтэд мэдэгдэх талаар заасан байх тул нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.

107.Тодруулбал: Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” тогтоолыг хамгийн сүүлд Эрүүл мэндийн яамны цахим хуудаст 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байршуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч С.Чид мэдэгдсэнд тооцох юм.

108.Иймд нэхэмжлэгч С.Чийн “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” тогтоолыг надад танилцуулаагүй, мэдэгдээгүй хууль бус” гэж маргасныг хүлээж авах үндэслэлгүй байна.

109.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргах боломжтой байжээ.

110.Харин нэхэмжлэгч С.Ч нь анх 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 04 дүгээр тогтоолын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ажээ. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: ... 54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг нь энэхүү нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

111.Тиймээс С.Чийн “Сангийн яам болон Эрүүл мэндийн яамнаас төсөв батлагдаагүй байхад, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 дахь заалтыг зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй ...” гэх үндэслэлээр маргаж буй Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

б/ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

112.Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. 17.10.Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна: 17.10.5.эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх” гэж заасан.

113.Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ” гэжээ.

114.Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн зохион байгуулна гэж заасан.

115.Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлагдаж Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2016 оны 33 дугаарт нийтлэгдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж, дагалдан гарсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн өдрөөс зэрэгцэн үйлчилж эхэлсэн байна.

116.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ”, 17.10-т “Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна: ... 17.10.5.эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх гэсэнтэй нийцэж байна.

117.Нэхэмжлэгч С.Ч “... үр дүнтэй ажиллаж байтал намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлснийг ойлгосонгүй, ямар ч байгууллагын удирдлага нь ажилтныг ажлаас халах, чөлөөлөхдөө Төрийн албаны буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан яагаад ямар үндэслэлээр халж, чөлөөлж байгаагаа тодорхой заах ёстой. Гэтэл энэ талаар би ТУЗ-ын тогтоолоос харсангүй” гэж маргасан.

118.Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

119.Тус хуулийн  4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: ... 14.1.2. ... эрүүл мэнд, ... зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэжээ.

120.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино” гэж заасан.

121.Харин Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ”, 17.10-т “Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна: ... 17.10.5.эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх”,

122.Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ”, 16.4-т “Эмнэлгийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл таван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно”, 16.7-д “Эмнэлгийн захирал дараахь нийтлэг үүрэгтэй байна: 16.7.1.төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллах” гэж тус тус заажээ.

123.Түүнчлэн сүүлд батлагдан хүчин төгөлдөр болсон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн үзэл баримтлалаас үзэхэд хууль санаачлагч эмнэлгийн даргыг томилох үйл явц ил тод биш, улс төрийн нөлөөнд автах боломжтой байгаа зэрэг нь эмнэлгийн засаглалыг сулруулж, улмаар тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна гэж үзээд эмнэлгийг төлөөлөн удирдах зөвлөлтэй болгож, төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирлыг 5 жилийн хугацаатай томилохоор өөрчилсөн байна.

124.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан.

125.Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах боловч нэгдсэн эмнэлгийн захирлыг томилж, чөлөөлөх харилцааг Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байх тул тухайн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй.

126.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль гэж батлагдсан. Энэ хууль батлагдангуут Эрүүл мэндийн газрын даргад байсан нэгдсэн эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудалтай холбоотой харилцаа эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд шилжсэн. Хуулиар Төлөөлөн удирдах зөвлөлд шилжсэн учраас анхны томилж байсан эрх зүйн нөхцөл байдал нь өөрчлөгдсөн гэдэг үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр чөлөөлсөн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

127.Нэхэмжлэгч С.Ч, түүний өмгөөлөгч нар “Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан төсөв дээр захирал гэдэг орон тоо байхгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль байгаа боловч уг хуулийг хэрэгжүүлэх төсөв орон тоо нь батлагдаж ирээгүй байхад сонгон шалгаруулах зар тавиад сонгон шалгаруулаад ажлаас чөлөөлөөд байгаа нь хууль бус“ гэж маргасанд дараах тайлбар өгье.

128.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ” гэж тус тус заасан.

129.Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь тус тус Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2016 оны 33 дугаарт албан ёсоор нийтлэгдэж хүчин төгөлдөр болсон талаар өмнө тайлбарласан.

130.Харин хуулийг төсөв батлагдаагүй тохиолдолд хэрэгжүүлэхгүй байхаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заагаагүй тул Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд гаргасан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

в/ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

131.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зарласан аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад Г.О 75.9, Б.Мөнхдалай 61.5 оноо авч, Г.О Нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд томилогдох болзол шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтын /хэргийн 1 дэх хавтасны 80-135 дугаар хуудас/ баримтаар нотлогдож байна.

132.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.18-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн, санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал, санал хураалтын дүн, гаргасан шийдвэрийн тухай тэмдэглэл хөтөлж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд удирдах зөвлөлийн дарга хуралдааны тэмдэглэл, тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулна”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ” гэж заасантай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар “Г.Оыг ажилд томилох тухай” тогтоолууд нийцэж байна.

134.Нэхэмжлэгч С.Ч “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал улс төрийн намын гишүүн бус байна гэж заасан. Нэгдсэн эмнэлгийн захирлаар сонгогдсон Г.О аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн тул хуулийг зөрчсөн” гэж маргасан.

135.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараахь шаардлагыг хангасан байна: ... 16.3.5.улс төрийн намын гишүүн бус. ... 16.3.7.бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй” гэжээ.

136.Нэхэмжлэгч С.Ч нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтын талаар мэдсэн боловч сонгон шалгаруулалтад оролцоогүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “Сонгон шалгаруулалт зарласан талаар дүрс оношилгооны эмч Мөнхдалайгаас сонссон. Миний эрх ашиг хөндөгдөж байна гээд энэ сонгон шалгаруулалтад ороогүй” гэсэн тайлбараар нотлогдож байна.

137.Нэхэмжлэгч С.Ч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтын талаар мэдсэн боловч тус шалгаруулалтад оролцоогүй тул түүнд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд томилогдохоор шаардах эрх үүсэхгүй. Г.Оыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилсон хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд тус шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн гэж үзэхгүй.

138.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3"нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 106 дугаар зүйлийн 106.3.1захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор тус тус заасан.

139.Тодруулбал маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгодог. Харин Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байх тул Г.Оыг томилсон Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй.

140.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Г.Оыг ажилд томилох тухай” тогтоолыг хариуцагч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч С.Ч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх журмыг хангах шаардлагагүй гэж үзлээ.

141.Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            142.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Р.Оюунбилэг нь Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чийг ажлаас чөлөөлснийг буруу байна гэж дүгнэснийг дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

            143.Шүүх хэргийн 1 дэх хавтасны 170 дугаар хуудаст авагдсан “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн дарга Т.Ууганбаяр танаа хүсэлт гаргах нь” гэсэн 2021 оны 05 сарын 08-ны өдрийн Д.О, Б.Л, С.Ч нарын гарын үсэг бүхий баримтыг нэхэмжлэгч С.Ч миний гарын үсэг биш гэж маргасан тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ач Хариад С.Чийн Хөвсгөл аймгийн Засаг дарга, холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” А/197 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 04 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол, “Г.Оыг ажилд томилох тухай” 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 16 409 470 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ГАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА

ШҮҮГЧ                                                           Б.БАТЧИМЭГ