Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/11

 

   Н.М холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Ш.Б, шүүгдэгч Н.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.А даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолтой, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Н.М холбогдох 201708000018Т дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.М гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Н.М нь Э.Б бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Тэрэгтийн тал гэх газраас хохирогч Л.Т 26 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 11,260,000  төгрөгний буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.1, 36.2-т заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б овогт Н М бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэн хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.М эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь зааснаар шүүгдэгч Н.М хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн мотоциклийн үнэ болох 150 000 төгрөгийг шүүгдэгч Н.М хувь тэнцүүлэн 75.000 төгрөгийг гаргаж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өндөр настай аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж минь тал харавсан, бие нь муу байгаа. Би ийм хэрэг үйлдэж, хүний юм авсандаа гэмшиж байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Тиймээс ялыг минь багасгаж өгнө үү гэжээ.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Н.М гомдол гаргасан. Шүүгдэгчийн өөрийнх нь санал хүсэлтийг дэмжиж байна. Мөн Н.М нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн өөрийнх хэлснээр ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаан байх тул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

         Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргсан тайлбартаа: Шүүгдэгч Н.М нь Э.Б бүлэглэн иргэн Т олон тооны мал буюу 26 тооны мал хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр  тогтоогдсон. Шүүгдэгч нь хэдийгээр хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан ч тухайн олон тооны мал буюу 26 тооны адуунаас хохирогч нь үр төл, ашиг шим авах байсан гэж үзсэн. Мөн тухайн гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн тул анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч Н.М гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:      

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М давж заалдсан гомдлыг шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Шүүгдэгч Н. М нь Э. Б бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг Тэрэгтийн тал гэх газраас Л.Т  26 тооны адууг буюу олон тооны малыг мотоцикль ашиглан хулгайлж 11260000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч  Н.М бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэн хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй буюу түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан ял хүнд биш байна гэж  үзлээ.

            Зүйлчлэлийн хувьд 2002 оны эрүүгийн хуулийн зүйл заалтыг баримталсан нь эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан  “...оногдуулах  ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэснийг зөрчөөгүй байна. Учир нь  2015 оны хуулиар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 2002 оны хуультай харьцуулан үзэхэд хүндэрсэн байх тул 2002 оны эрүүгийн хуулийг  баримтлах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

           Мөн анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтээс 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.1, 36.2 –т заасныг тус тус журамлаж ирүүлснийг хасч хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34, 36 зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох болон түүний хэлбэрийг журамлах шаардлагагүй буюу шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдлаар тусгагдсан байгаа болно.

           Шүүгдэгчийн зүгээс хорих ялын хэмжээг багасгаж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан боловч шүүгдэгчид оногдуулсан ял нь хүнд биш бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэрэг, хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ. Учир нь  анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн байх ба  хүндрүүлэн үзэх  нөхцөл байдлыг дурьдаагүй байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 болон 6 дугаар заалтанд адил агуулга бүхий зүйлийг давхардуулан бичсэн байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

             Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь  сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  гомдол гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

    ШҮҮГЧИД                                                Х.БАЙГАЛМАА

                                                                     Г.ТЭГШСУУРЬ