Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/78

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,улсын яллагч Б.Хосбаяр, хохирогч З.*******, шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******гийн *******өд холбогдох эрүүгийн 2436000000055 дугаартай,178/2024/0068/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ховд  аймгийн Чандмань суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-1 тоотод оршин суух,урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Будуулынхан ургийн овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ний шөнийн 01 цагийн орчимд З.*******той үл ялих зүйлээр шалтаглан түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

            1.1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас)

            -Гэрч З.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...”эмнэлэг дотор хүлээгээд байж байсан чинь манай дүү над руу залгахаар нь юу болсон талаар асуухад “ өнөө шөнө 2 цагийн үед Итгэл баарнаас гараад явж байсан чинь ******* гэдэг залуу хүрч ирээд намайг хавсарч унагаад цохих гэж байхад нь надтай хамт явж байсан хүмүүс салгасан. Намайг хавсарч унагахад миний толгой эргээд манарч байгаад  гараараа тулаад босох гэтэл зүүн талын хөл эвгүй болоод тулж чадахгүй байхаар нь шууд эмнэлэг дээр ирлээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас)

            - Гэрч Б.Мөнгөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнө 01 цагийн үед Итгэл бааранд найз *******, Ганболд нарын хамт сууж байгаад баар хаах болохоор нь бид нар гарч явсан. Манай хоёр найз түрүүлж гараад би бие засчихаад араас нь гараад очтол З.******* нэг залуутай маргалдаад 4,5 эмэгтэй бөөгнөрсөн байдалтай зогсож байсан. Намайг ойртох үед нөгөө залуу З.*******той ноцолдоод газар унагаад нэг хоёр цохих шиг болсон. Би очоод тэр залуугийн араас барьж аваад салгах үед хамт явж байсан эмэгтэйчүүд нь аваад явсан. Тэднийг явсны дараа найзыгаа босгох гэтэл “ хөл гэмтчихлээ” гээд хэвтээд байсан.Тэгээд 103 руу дуудлага өгөөд 20-иод минут хүлээгээд ирэхгүй болохоор баарны эзэн залуу өөрийнхөө машинаар бид нарыг эмнэлэгт хүргэж өгсөн.Эмнэлэгт очиход гэмтлийн эмч үзээд “ хөл нь хугарсан байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас)

            -Гэрч А.Чулуунборын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...баар хаах болоод бид нар баарнаас гараад явж байтал бааранд манай нөхөртэй уулзаж байсан залуучууд араас ирэхэд нь манай нөхөр тэр хүмүүс рүү яваад өгсөн.Тэр хүмүүстэй ойртож очоод барьцалдаж авахад нэг залуу газарт унасан. Бид нар салгах гээд голоор нь ороод хоёр тийш болгосон.Тухайн үед сүртэй зодоон болоогүй, үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн.Тэгээд нөхрөө салгаж аваад явсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас)

            -Гэрч Б.Мөнхдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...баар хаах болоод бид нар гараад явж байтал нэг залуу араас “хөөе байж бай *******өө” гэж орилоод бид нартай цуг явж байсан  Чулуунборын нөхөр  Ц.*******тэй ойртож ирээд  “ чи ямар том болсон юм бэ” гээд хэрүүл маргаан үүсгэсэн.Тэр хоёр маргалдаад байхаар нь бид нар салгах гээд очтол  ******* тэр залууг заамдаж барьж байгаад цохиод унагачих шиг болсон.Тэр залуу гурвуулаа явж байсан болохоор зодоон болох нь гэж айгаад *******ийг шууд чирч аваад машинд суулгаад аваад явсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас)

            - Хохирогч З.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн орой найзуудтайгаа Итгэл бааранд сууж байгаад баар хаах болохоор нь гараад явж байтал манай нутгийн ******* гэдэг залуу хэсэг хүмүүсийн хамт баарны үүдэнд зогсож байсан.Тэд намайг хараад над руу ойртохоор нь  би өөдөөс нь очсон чинь  нэг  ч үг хэлэхгүйгээр шууд намайг хавсарч унагаад  цээж хэсэг рүү хальт өшиглөх шиг болсон. Тэгээд манай хоёр найз болон тэнд байсан хүмүүс *******ийг салгаж машинд суулгаад явуулсан. Би босох гэсэн чинь босож болдоггүй, надтай хамт явж байсан 2 найз маань дуудлага дуудаад ирэхгүй удаад байхаар нь  баарны эзэн залуу гарч ирээд машинаараа эмнэлэгт хүргэж өгсөн.Эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд  миний хөлийг хугарсан байна гэсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байсан Ц.*******  эмчилгээний мөнгө, хөл хадуулсан хадаасны мөнгө, эм тарианы мөнгө зэргийг төлсөн, машинаараа үйлчилсэн, надаас уучлал гуйсан.Бид хоёр эвлэрсэн.Би хөл хугарснаас үүдээд 2 сар орчим ажлаа хийж чадаагүй тиймээс 2 сарын цалингаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас)

            - Итгэл баарны камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 25 дугаар хуудас)

-Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны  өдрийн 188 дугаартай шинжээчийн “З.*******ийн биед зүүн шилбэ ясны дээд болон доод 1/3 хэсгийн ташуу далд хугарал,духны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар)

            -Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид Итгэл бааранд сууж байгаад баар хаах болохооор нь гараад иртэл миний араас Мийгаа ах / *******/ гараад ирэхээр нь би шууд очоод элэгдээд заамдаж аваад татаад газарт унагасан. Өөр биед нь халдаагүй. Тэрьд хавд байсан хүмүүс бид хоёрыг салгаад  би гэртээ харьсан. Би өмнө нь Мийгаа ахтай нэг удаа муудалцаж байсан. Би тухайн үед Мийгаа ахыг харчихаад бухимдаад хавсарч унагаасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид 1,084,300 төгрөгийг төлсөн байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй” гэх,

            Хохирогч З.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ эмч намайг 5 сар хүртэл хөлөө бүрэн эдгэртэл ажил хийж ачаалал авч болохгүй гэсэн тул 2024 оны 2,3,4,5 дугаар саруудын цалинг дунджаар бодоход 8,947,624 төгрөг болж байгаа. Үүн дээр 1 сард авч чадаагүй цалин 726,908 төгрөгийг нэмээд нийт 9,674,532 төгрөгийг нэхэмжилж байна” гэх тайлбар тус тус гаргасан.

            Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл баарны гадна З.*******ийг хавсарч унагаасан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.*******ийн хөл хугарч түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

          2.1.Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн  дүгнэлтээр хохирогч З.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон.

 

          Шүүгдэгч Ц.*******ийн хохирогч З.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх шинжийг хангаж байна.

2.2. Шүүгдэгч Ц.******* нь хохирогчийг хавсарч унагаасан үйлдэл нь түүнд гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...” гэх гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

2.3. Шүүгдэгч хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зүй бус харилцсанаас үүдэн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

 

2.4.Шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.5. Шүүгдэгч Ц.******* хохирогчид 1,084,300 төгрөгний хохирол төлснийг хохирогч З.******* хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохиролгүй гэж үзнэ.

Харин хохирогч З.******* нь шүүгдэгчээс ажиллаагүй хугацааны цалин 9,674,532 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримт дутуу, хэрэгт цугларсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

1.Шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Ц.*******ийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 86-93 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 78-р хуудас),нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас) гэрч М.Бөхтөр,Г.Түвшинтөгс нарын мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь эхнэр нэг хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-1 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

 

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний урьд ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогчийн нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлтэй холбоотой 9,674,532 төгрөгнөөс нотлох баримтаар тогтоогдсон хэсгийг гаргуулж үлдсэн хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбатаас “ шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 1,084,300 төгрөгний хохирол төлсөн.Харин хохирогчийн нэхэмжилсэн ажиллаагүй хугацааны цалин гэх 9,674,532 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчоос ирүүлсэн баримтуудаас үзэхэд хохирогч нь 01 сарын 23-ны өдрөөс хойш ажиллаагүй боловч нийгмийн даатгал нь төлөгдөөд явж байгаа. Шүүхэд ирүүлсэн баримтуудаас дээрх цалингийн байдлыг тооцож үзэхэд 4,794,018 төгрөг болж байна, мөн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалингийн дунджийг тооцоход 2,725,040 төгрөг болохоор байна. 5 сар хүртэлх хугацааны цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй харин 1 сарын 23-наас өнөөдрийг хүртэлх цалинг бодитой тооцож гаргавал түүнийг төлөхөд татгалзах зүйлгүй.Ял шийтгэлийн тухайд хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх утга бүхий тайлбар  тус тус гаргасан

Шүүхээс: шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Будуулынхан ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Будуулынхан ургийн овогт *******гийн *******ийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******өд оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг 1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******өд тайлбарласугай.

5.Шүүгдэгч нь хохирогчид 1,084,300 төгрөгний хохирол төлснийг дурдаж, хохирогч З.*******  нь нотлох  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******өд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС