Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/00412

 


 

 

 

 

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/00412

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Б.Ө холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.133.357 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, түүний өмгөөлөгч Т.У, нарийн бичгийн даргаар Ш.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ө нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай байгууллагад биечлэн хандаж, Б.Ө эзэмшлийн Renault Kaptur маркийн, *****УБО улсын дугаартай автомашиныг барьцаалж, 25.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг бид хүлээн авч, 25.000.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд 50-***** дугаартай фидуцийн гэрээг байгуулсан. Зээлдэгч Б.Ө зээл авснаас хойш удаа дараа хугацаа хэтрэлттэй зээлээ төлж байсан ба зээлээ яаралтай төлөх талаар удаа дараа сануулж байсан ч 2020 оны 5 дугаар сараас хойш нэг ч төгрөгийн зээл төлөлт хийгдээгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 17.372.800 төгрөг, зээлийн хүү 2.384.378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 376.178 төгрөг, нийт 20.133.357 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Өийн эзэмшлийн Renault Kaptur маркийн, *****УБО улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Өд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.133.357 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Б.Ө, “П ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 50-********* дугаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “П ББСБ” ХХК нь 25.000.000 төгрөгийг нэг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч Б.Өд шилжүүлсэн, зээлдэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 17.372.800 төгрөг, зээлийн хүү 2.384.378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 376.178 төгрөг, нийт 20.133.357 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтаар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Б.Өээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд   20.133.357 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй болно.

 

Мөн “П ББСБ” ХХК, Б.Ө нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 50-********* дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ээр үүрэг гүйцэтгэгч Б.Ө нь *****УБО улсын дугаартай, Ренаулт /Renault/ маркийн автомашины өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгч “П ББСБ” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар хариуцагч Б.Ө нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй болно.

 

Шүүхээс хариуцагч Б.Өд нэхэмжлэлийн хувийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцов.

 

Түүнчлэн, шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын   дагуу   мэдэгдсэн   боловч   хариуцагч нь “өөрийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тухай” хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Өээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.133.357 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Ө нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Фидуцийн гэрээний зүйл болох *****УБО улсын дугаартай, Ренаулт /Renault/ маркийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 258.620 төгрөгийг, 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Өээс улсын тэмдэгтийн хураамжид 328.816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД