| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
2024 02 06 2024/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шинжээч эмч Б.Цолмон /цахимаар/
гэрч Ч.О
хохирогч С.О, түүний өмгөөлөгч Ц.Оргил,
шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Д-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 02130 3042 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн.................. суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ..................................................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Ө овогт Д-ийн Б /РД:........................... /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн ............................. тоотод зүс таних С.О-тай үл ялих зүйлээс болж маргалдан нүүр, цээжин тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “О манай нөхрийг түрүүлээд хашаа руугаа аваад орсон. О дандаа нөхөртэйгөө зодоон хийдэг. Намайг Оыг цохисон гэж хэлээд байгаа боловч яг намайг цохисон гэдгийг яаж нотолж байгаа юм бэ. Энэ талаар сайн шалгаад өгөөч гэж мөрдөгч, прокурорт хэлэхэд шалгаж өгөөгүй. О нөхөртэйгөө зодолдчихоод дандаа тэр хавийн хүмүүсийг буруутгаж цагдаад дуудлага өгдөг. Манай ажил дээр худлаа яриад явж байсан. Нөхөртэй зодуулчхаад өмнөөс нь би хариуцлага хүлээх гээд зогсож байгаадаа гомдолтой байна. Манай нөхрийг хашаа руугаа авч ороод дайраад байсан нь О юм. Сүүлд нь намайг цохисон гэж хэлж байна. Би нохойнд хазуулаад гомдолтой гэж хэлэх байтал би гомдолгүй гэж хэлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О мэдүүлэхдээ: “2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа тараад гэртээ орох гээд явж байхад нөхөр нь машинтайгаа ирсэн. Би нөхцөл байдлын талаар хэлсэн. Б гэх айл 5, 6 жилийн хугацаанд нойлын асуудлаа шийддэггүй. Удаа дараа нойл нь задраад манай хашаа руу угаадас нь орж ирээд байдаг байсан. Миний хүүхдийн тоглодог алгын чинээ газарт угаадас нь хальж орж ирээд байдагт эмзэглээд би удаа дараа хэлж байсан. Б өөрөө хүрз бариад орж ирдэг байсан. Нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Юун сүртэй юм гэж хэлж байсан. Мэргэжлийн хяналт татан буухаас өмнө манайх гомдол гаргаж байсан. О нөхцөл байдлынх нь талаар хэлэхээр “та нар надтай ингэж ярихгүй шүү, чамаас цаадах нь барьж дийлдэггүй юм” гэж хэлээд орилоод машинаасаа бууж ирэхэд нь би айгаад хашаа руугаа орсон. Манай нөхөр дэлгүүр ороод хашаандаа нохойгоо салхилуулаад явж байсан. Оч шууд намайг цохиод авсан. Манай нөхөр аргаа бараад нохойгоо сул тавьсан. Өс хонзон санасан хүн шиг манай нөхрийн гар утсыг аваад дээр нь гараад хоолойг нь боогоод суучихсан.Би эмэгтэй хүн учраас салгаж дийлэхгүй байсан. Араас нь Бгийн аав болох Д орж ирээд салгах үйлдэл гаргаагүй. Би гар утсан дээрээ хангалттай бичлэг хийсэн. Б нөхрөө салгахгүй миний биед халдсан. Нохойгоо сул тавьсан тулдаа бид хоёр гайгүй үлдсэн. Би “та нар болиоч ээ” гэж хэлсэн. Оч танай нохойг ална гээд дайраад байсан. Бгийн өмгөөлөгч О хүлээн зөвшөөрөөд 100,000 төгрөг төлсөн гэж гуйвуулаад байна. Орчиндоо нохойгоо сул тавьсандаа 100,000 төгрөгөөр торгуулсан болохоос биш Бг зодсон гэж торгуулаад байгаа зүйл биш юм. Шүүх хуралдаан болгон дээр Б манай нөхрийг хашаа руугаа чирч оруулсан гэдэг. Одоо хариуцлага хүлээх үү. Би өөрөө Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хашаанд үйл явдал болж байхад Урангоо гэдэг хүн хараад дуудлага өгч байсан. Цагаа тулахаар хүн амьд үлдэх арга хайна. Би утсан дээрээ 3 бичлэг хийхэд 2 бичлэгийг нь Б устгасан. Сэтгэл санааны хямралд орсон. Би гомдолтой байна. Д нь архи уудаг. Хашаанд орж ирж агсам тавьдаг. Нэг ч удаа ирж уучлалт гуйж байгаагүй. О нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хосбаяр гээд манай дүү байгаа, та нарыг хангалттай барна” гэж хэлсэн. Д нь манай нөхрийг гар утсаараа цохисон. Бгийн маажсан сорви нь арилахгүй байгаа. Би залуу хүн, надад бодож санаж мөрөөддөг зүйл байгаа. 3 сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн боловч сорви нь арилаагүй. 2,176,000 төгрөгийн хохирол гарсан. Би мөрдөгчид баримтаа эх хувиар нь өгсөн боловч мөрдөгч хаясан гэсэн учраас дахиж баримтаа бүрдүүлж өгсөн. Би тухайн өдөр болсон зүйлийн талаар үнэнийг хэллээ.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.О мэдүүлэхдээ: “Манайх 3 настай хүүхэдтэй. Аав ээжийндээ хүүхдээ харуулаад эхнэр бид 2 ажилдаа явдаг. Тухайн өдөр эхнэр маань намайг хүлээгээд сууж байсан. Миний машины урдуур О машин хөндөлсөж зогсоод буугаад ир гэж хэлсэн. Тухайн өдөр О-ын нүүр нь зулгарсан байсан. Тэгээд би нөхөртэй зодуулсан юм болов уу гэж бодсон. Гар утсан дээрээ бичлэг хийсэн гэж хэлсэн. Би анх өгсөн мэдүүлэгтээ дурдсан. О Б нарын хооронд үсдэлцсэн зүйл болсон. Та нарыг онигоо болгоод өгье лайв хийнэ гэхээр нь би цагдааг ирэхээр нь өгнө гээд халаасандаа хийсэн. Тухайн бичлэг дээр ямар нөхцөл байдал үүссэн талаар хэлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Цолмон мэдүүлэхдээ: “Зүүн өвдөгний ард няцарсан шарх, зүүн өвдөгний цус хуралтын хэмжээ нь бага учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзсэн. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Эрүүл мэндийг сарниулах хугацаанаас гадна биед үүссэн нийт гэмтлийн хэмжээгээр үнэлдэг. Баруун бугалга дунд хуруунд үүссэн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар талбай нь жижиг байгаа учраас гэмтлийн зэрэгт хамаараагүй. Гэмтэл гэж тогтоогдсон. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно гэж заасан байдаг. Шарх зулгаралт нь хөнгөн зэрэгт хамаарч байсан. Тус тусад нь асуугаагүй учраас нийтэд нь хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Гудамжинд явж байгаад нохойнд хазуулаад гэмтэл тогтоолгохоор ирдэг олон тохиолдол байдаг.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О-ын өгсөн: "Манай хажуу айлын угаадас хашаа руу орж ирээд байдаг бөгөөд би хүний машины урд очоод цонхоо буулгачих гэсэн. Тэгээд “танай бохир чинь манай хашаанд ороод ирлээ энийг одоо яах вэ” гэсэн чинь “хуцаад байгаарай, чи надтай ийм юм ярихгүй” гэсэн бөгөөд би буцаад явсан болно. Тэгээд тус залуу араас орж ирээд “хаана байна пизда минь” гэж хэлээд маргаан болсон. ...Тэгээд манай нөхөр хүрч ирээд тус залууг “хашаанаас гар” гээд тус залуутай барилцаж авсан.Тэгээд тэр залуу манай нөхрийг багалзуурдаад доороо хийгээд суусан болно. ...Б гэх эмэгтэй намайг хоёр гурван удаа нүүр хэсэгт цохиж нүүр самардаад байсан болно. ...Намайг 102-т дуудлага өгсний дараа О-ийн эхнэр надад шууд ирээд миний биеийн нүүр хэсэгт гараараа олон удаагийн давтамжтай цохиж гар, нүүр, зэргийг минь маажсан..." гэх мэдүүлэг, /1 хх-ийн 15 дахь тал/,
Гэрч Ч.О-ийн өгсөн: "Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа тараад 21 цаг өнгөрч байх үед хадмынх буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон 10-298 тоотод очсон. Тухайн үед манай эхнэр намайг тосох гээд урдаас гарч ирсэн. Тэгээд манай эхнэр Б намайг тосох гээд гараад иртэл О гэх эмэгтэй миний машины урдуур дайруулах шахаад орж ирээд “цонхоо буулга” гээд байсан. Би цонхоо буулгатал намайг “буугаад ир” гэхээр нь би гайхаад буусан. Би уг эмэгтэйг танихгүй, манай хадмын хажуу талын айлын хүн гэж мэднэ. Тэгээд машинаасаа буугаад уулзтал “танай жорлонгийн шороо манай хашаа руу асгарчихлаа, ороод хар” гэсэн би гайхаад “энэ асуудал надад хамаагүй” гэтэл “чи орж хар” гээд хувцаснаас татаад явсан. Би тухайн айлын хашаа руу орох гэж байхад манай эхнэр Б гараад ирсэн гарч ирээд “яах гэж байгаа юм” гэсэн тэгтэл тухайн О гэх эмэгтэй манай эхнэрийг бас “орж хар” гэсэн. Тэгээд эхнэр бид хоёрыг хашаа руу аваад орсон. Тэгээд хартал шорооны жижиг нуралт үүссэн байсан. Би “наадах чинь надад ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл тухайн О гэх эмэгтэй хэл амаар дайрч “та нар яах гэж энд амьдраад байгаа юм зайлцгаа” гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр уурлаад өөдөөс нь “чи яагаад манай нөхөр лүү дайраад байгаа юм” гэтэл цаанаас О гэх хүний нөхөр Ж гэх эрэгтэй гар утсаараа бичлэг хийгээд ирсэн. Тэгэхээр нь би утсыг нь булааж аваад халаасандаа хийсэн. ...Тэгтэл Ж гэх залуу манай эхнэрийг түлхсэн. Тэгээд үгийн зөрөөгүй манай эхнэр, О хоёр үсдэлцээд авсан." гэх мэдүүлэг, /1 хх-ийн 18-19 дэх тал/
Гэрч Н.Д-гийн өгсөн: "2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн амьдардаг гэр болох Баянзүрх дүүргийн ........................................тоот хашаанд байж байхад гадаа хүмүүс маргалдсан шуугиан гарахаар нь би гэрээсээ гараад хартал манай хөрш болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагддаг Ж гэх айлын хашаан дотор манай охин Б, хүргэн Оч.., мөн хөрш болох , түүний эхнэр О нар нь хоорондоо маргалдаад барьцалдсан байдалтай байж байсан. Тухайн үед намайг гэрээсээ гараад хөршийн хашаа руу ороход манай охин Бгийн хоёр гараас О гэх хөрш эмэгтэй барьчихсан хөрш айлын нохой нь манай охин Б-гийн хөлөөс нь хазсан байдалтай байсан. Мөн манай хүргэн О нь хөрш Ж-той барьцалдсан газар байж байсан. Хүргэн О нь Ж-ийн дээр нь гараад суусан байдалтай байж байсан. Тэгээд би хөршийн хашаанд ороод охин Бг хазсан байсан айлын нохойг хөөж явуулаад О Б хоёрыг салгасан." гэх мэдүүлэг, /1 хх-ийн 53-54 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5259 дугаартай "..С.Оын биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /1 хх-ийн 56-57 дахь тал/,
Шинжээч эмч Б.Цолмонгийн өгсөн: “Бусад хэсгийн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлтэд заасан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх мэдүүлэг /1 хх-ийн 100 дахь тал/,
Шинжээч эмч Б.Цолмонгийн дахин өгсөн: "Д.Б-гийн биед "Зүүн өвдөгний ар хэсэгт няцарсан шарх" нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн ба нохойд хазуулсны улмаас үүссэн байх боломжтой." гэх мэдүүлэг /1 хх-ийн 163-164 дэх тал/,
Хохирогч С.О-ын дахин өгсөн: "Тухайн гэмтлийг хэн хэрхэн яаж учруулсан талаар би сайн мэдэхгүй байна. ...Хашааны хаалгаар цувж орж ирсэн. Хамгийн түрүүнд Оч.. орж ирээд араас нь Д түүний араас Б гэх дарааллаар цуварч орж ирсэн. ...Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр .................... шалгалтыг төв оффис дээр нь очиж өгөөд тэгээд би шалгалтдаа тэнцэж гарч ирээд шалгалтдаа тэнцсэн хүмүүстэйгээ хоолонд ороод тэгээд гэртээ ирсэн. ...Д нь Бг “боль” гэх үедээ өмсөж байсан цамцнаас хэд хэдэн удаа татаж охиноо холдуулсан. О-ийг “боль тавь” гээд Д хэлээд байсан. Яаж салгасныг нь би мэдэхгүй байна." /1 хх-ийн 210 дахь тал/,
Гэрч Т.Ж-ийн дахин өгсөн: "Би өөрөө тухайн маргааны үед О-тэй зууралдаж байсан болохоор Бгийн биед үүссэн гэмтлийг хэн учруулсан талаар мэдэхгүй байна. ...Хашааны хаалга хүчтэй савагдах чимээ гарч тэр үед манай эхнэр “намайг хүн цохиод байна шүү дээ” гэж орилсон. Тэр үед би нохойгоо байшингийн хойд талд бие засуулах гээд аваад явж байсан. Тэгээд би эхнэрийг орилохоор нь нохойгоо орхиод гар утасны гэрлээ асаагаад гүйгээд очсон тэгтэл хашаанд О ганцаараа ороод ирсэн байсан. Түүний араас Д орж ирсэн, тэгээд Б хашаанд орж ирсэн. …Тэр үед Д охиндоо хандан “чи цаашаа байж бай, гэртээ ор, би нөхрийг чинь холдуулъя” гэж хэлээд Б-гийн цээж хэсэг рүү хэд хэдэн удаа түлхээд байсан. Тэр үед Б аавдаа дийлдэхгүй байсан. Тэр үед Д нь Бгийн биед гэмтэл учруулсан байж магадгүй гэж бодож байна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 211 дэх тал/,
Шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны дахин өгсөн: "Д.Бгийн биед учирсан зүүн өвдөгний ар хэсэгт няцарсан шарх зулгаралтууд нь нохой хазсаны улмаас үүссэн байх боломжтой. Мөн өвдөгний цус хуралт нь нохойны хазах үед үүссэн байх боломжтой дээрх шарх, цус хуралт, зулгаралтууд нь нохойны хазах үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Дээрх хэсэг гэмтлүүд нь нэг хэсэг газар үүссэн тул ингэж үзэж байна. Бусад хэсгийн буюу цээж, шуу, бугалга, баруун бугалга, зүүн ядам хурууны 2 дугаар үений зулгаралт цус хуралтууд нь хүний мөрөөр үүсгэгдсэн байх боломжтой. …Зүүн өвдөгний шарх, зулгаралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэх мэдүүлэг, /2 хх-ийн 13-14 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн .............................. тоотод зүс таних С.О-тай үл ялих зүйлээс болж маргалдан нүүр, цээжин тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс 1,480,070 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж: “Шалгалт өгөөд хоолонд орсон гэж мэдүүлж байна. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Хэн альныг нь нөхрүүд нь гэрчилж байгаа. Оыг Ж гэрчлэхдээ бичлэг гаргаж өгөх ёстой. Нотлох баримтаар тогтоогдох ёстой. Хэрэгт ач холбогдолтой зүйлсийг нотолсон эх сурвалж болох бичлэгээ гаргаж өгөөгүй. Зөрчлийн шүүх хуралдааны тэмдэглэлд Ж би утсаа асаагаад гүйгээд очсон. Тухайн нөхцөл байдлыг бичсэн гэж хэлсэн. Зөрчлийн шүүх хуралдаанд өөр бичлэг байдаг. Маргаан дууссаны дараах бичлэг байсан. 3 бичлэг хийсэн гэж хэлж байна. Шүүхэд гаргаж өгөөгүй бичлэг дээр хэрэгт ач холбогдолтой зүйлс байсан. Оын нүүрэнд гоо сайхны хагалгаа хийлгэхээр зүйл харагдахгүй байна. Од нэрлэгдээд байгаа гэмтлийн хэмжээ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна. .................... ярилцлага өгсөн гэж хэлсэн. Тухайн үеийн зургаа аваад хэрэгт хавсаргах боломжтой байсан. Өмнө нь зөрчлийн шийтгэл авч байсан. О зодоон болно гэж мэдээгүй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Оргил: “Улсын яллагчийн зүгээс 1,480,070 төгрөг гаргуулахаар дүгнэлтээ хэлж байна. Бидний зүгээс тооцоолж үзэхэд 2,176,000 төгрөг болж байгаа. Зүс царайнд учирсан гэмтэл нь эдгэдэг боловч үр дагавар буюу сорви нь эдгэдэггүй. О-ыг өмнө нь биедээ гэмтэл авсан байсан гэж гэрч худал мэдүүлж байна. О нь хэрэг гарахын өмнөх өдөр .................. компанид төлөөлөгчөөр шалгалт өгөхөөр очсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О-ын биед гэмтэл учирсан байсан гэдэг зүйл тогтоогдоогүй. Бгийн биед учирсан гэмтлийн талаар шинжээч эмч Цолмон 3 удаа тайлбарлаж, мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч гэмтлийн талаар хэмжиж тайлбарлаж хэллээ. Зүс царайнд учирсан гэмтэл хэмжигдэхгүй. Ялгамжтай байдлыг өмгөөлөгч ойлгох хэрэгтэй. Хохирогч гэрч нарын мэдүүлгээр О Б нарын хооронд үсдэлцээд маргалдсан болох нь тогтоогдож байна. Иймд гэм буруутайд тооцож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн ............................................ тоотод зүс таних С.Отай үл ялих зүйлээс болж маргалдан нүүр, цээжин тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн ..................................................... тоотод зүс таних С.О-тай үл ялих зүйлээс болж маргалдан нүүр, цээжин тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 7 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О-ын өгсөн: "...Б гэх эмэгтэй намайг хоёр гурван удаа нүүр хэсэгт цохиж нүүр самардаад байсан болно. ...Намайг 102-т дуудлага өгсний дараа О-ийн эхнэр надад шууд ирээд миний биеийн нүүр хэсэгт гараараа олон удаагийн давтамжтай цохиж гар, нүүр, зэргийг минь маажсан..." гэх мэдүүлэг, /1 хх-ийн 15 дахь тал/, Гэрч Ч.О-ийн өгсөн: "... Тэгтэл манай эхнэр уурлаад өөдөөс нь “чи яагаад манай нөхөр лүү дайраад байгаа юм” гэтэл цаанаас О гэх хүний нөхөр Ж гэх эрэгтэй гар утсаараа бичлэг хийгээд ирсэн. Тэгэхээр нь би утсыг нь булааж аваад халаасандаа хийсэн. ...Тэгтэл Ж гэх залуу манай эхнэрийг түлхсэн. Тэгээд үгийн зөрөөгүй манай эхнэр, О хоёр үсдэлцээд авсан." гэх мэдүүлэг, /1 хх-ийн 18-19 дэх тал/, Гэрч Н.Д-гийн өгсөн: "...Тухайн үед намайг гэрээсээ гараад хөршийн хашаа руу ороход манай охин Б-гийн хоёр гараас О гэх хөрш эмэгтэй барьчихсан хөрш айлын нохой нь манай охин Бгийн хөлөөс нь хазсан байдалтай байсан. Мөн манай хүргэн О нь хөрш Ж-той барьцалдсан газар байж байсан. Хүргэн О нь Ж-ийн дээр нь гараад суусан байдалтай байж байсан. Тэгээд би хөршийн хашаанд ороод охин Бг хазсан байсан айлын нохойг хөөж явуулаад О Б хоёрыг салгасан." гэх мэдүүлэг, /1 хх-ийн 53-54 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5259 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 56-57 дахь тал/, Шинжээч эмч Б.Цолмонгийн.." Бусад хэсгийн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлтэд заасан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 100 дахь тал/, Шинжээч эмч Б.Цолмонгийн дахин өгсөн: "Д.Б-гийн биед "Зүүн өвдөгний ар хэсэгт няцарсан шарх" нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн ба нохойд хазуулсны улмаас үүссэн байх боломжтой." гэх мэдүүлэг /1 хх-ийн 161-162 дахь тал/, Хохирогч С.О-ын дахин өгсөн: "...Д нь Бг “боль” гэх үедээ өмсөж байсан цамцнаас хэд хэдэн удаа татаж охиноо холдуулсан. О-ийг “боль тавь” гээд Д хэлээд байсан. Яаж салгасныг нь би мэдэхгүй байна." /1 хх-ийн 210 дахь тал/, Гэрч Т.Ж-ийн дахин өгсөн: "…Тэр үед Д охиндоо хандан “чи цаашаа байж бай гэртээ ор би нөхрийг чинь холдуулъя” гэж хэлээд Б-гийн цээж хэсэг рүү хэд хэдэн удаа түлхээд байсан. Тэр үед Б аавдаа дийлдэхгүй байсан. Тэр үед Д нь Бгийн биед гэмтэл учруулсан байж магадгүй гэж бодож байна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 211 дэх тал/, Шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны дахин өгсөн: "…Зүүн өвдөгний шарх, зулгаралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэх мэдүүлэг, /2 хх-ийн 13-14 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч С.О-ын биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Б нь нь хохирогч С.О-д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна. Шүүгдэгчээс хавтас хэргийн 113 дахь талд 240,000, 114 дэх талд 800,000 төгрөг, 115 дахь талд 516,000, 116 дахь талд 240,000 нийт 1,556,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.
Хөнгөн гэмтэл гэдэг нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” байдаг тул хохирогч С.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн толгой нурууны MRI харуулсан 620,000 төгрөгийн баримтыг болон 2022 оны 4 дүгээр сарын 02-ны Л........... 240,000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, “...........” ХХК-ийн ..................... н эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1,316,000 төгрөгийн сорвины тарилга хийлгэсэн талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иймд хохирогч С.О нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг гаргасан ” гэх.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх
Хохирогчийн өмгөөлөгч: “Уг хэрэгт 2 жил мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ өдөр хэрэг шийдвэрлэгдэж байна. Улсын яллагчийн торгуулийн ял шийтгэл тохиромжгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан үзэж 1,000,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Д.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтнй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Д-гийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА