| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0176/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/212 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/212
2024 03 01 2024/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Х-ийн Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 00000 0078 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ..................................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Т овогт Х-гийн Г /РД:................................. /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн......................................... тоотод хохирогч Г.Ттэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа, түүний хамар хэсэг рүү мөргөж, улмаар биед нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: “2023 оны 12 дугаар сарын 19-нд орой 3 цаг 30 минутын үед дээд талын айл дуулаад байсан. Тэгээд би тэр айл руу ороод “бид нар амармаар байна” гэсэн чинь “чи хаусандаа амьдрахгүй юу” гэж хэлж чинь миний хоолойг багалзуурдаад байсан учраас цагдаа дуудсан. Манай дээд талын айл өмнө ус алдаад тэгсэн манайх руу ус нь орж ирсэн тэгэхээр нь би мөнгөө хэзээ төлөх вэ гэсэн чинь л намайг зодсон. Энэ айлд ямар арга хэмжээ авах вэ” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Тгийн өгсөн: ".. Би өөрийн авга ах болох Г-ын хүүхэд болох Т-тэй 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр уулзаад жаахан пиво хамт уугаад түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Г ах над руу залгаад “чи манай хүүг гэрт нь хүргээд өгөөрэй” гэсэн тул би түүнийг Баянзүрх дүүргийн ........................................ тоот байр руу хүргэж өгсөн. Тухайн үед цаг шөнийн 00 цаг өнгөрч байсан. Тэгээд би Г ахын гэрт ороод Г ахтай хамт пиво уусан. Бид хоёр ууж байхад дуулж хөөрсөн. Тэгэхэд цаг 03 цаг өнгөрч байсан байх. Гэтэл гэнэт хаалга тогшсон ба Г ах хаалга тайлахад хаалганы цаана 50 орчим насны 165 см орчим өндөртэй, уртавтар үстэй эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд “унтуулсангүй, амгалан тайван байдал алдагдууллаа” гэсэн. Би хажуугаас нь ороод уучлалт гуйгаад учирлаад хэлэхэд нөгөө хүн уурлаад хараагаад эхэлсэн ба ус алдсан тухай яриад эхэлсэн. Хариуд нь би дуугаа өндөрсгөөд “бид нар буруугүй” гэж хэлэхэд тэр хүн ахиж уурлаад харааж эхэлсэн. Би түүнтэй маргахад тэр хүн уурлаж намайг харааж эхэлсэн тул би түүнийг “цагдаа дуудаад асуудлаа шийд” гэж хэлсэн. Гэтэл тэр эрэгтэй хүн Г ахын гэрт дайрч орж ирээд байхаар нь би түүнийг түлхэж Г ахын гэрээс гаргахад тэр хүн эргэж над руу дайраад миний хамар руу нэг удаа мөргөсөн. Мөргүүлээд салсан ба Г ах бид хоёрыг салгаад намайг харахад миний хамар далийж мурийсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 9 дэх тал/,
Гэрч Д.Г-ын өгсөн: "Тухайн залуу өмнө “манай гэрт ус алдлаа” гэж уурлаад орж ирсэн. Тэгэхдээ бас шууд ирээд гэрийн хойморт гараад “чамайг хэн гэдэг юм” гээд над руу уурлаад “утсаа өг” гэхээр нь би айгаад өгсөн. Манай 2 охин амьдардаг гэтэл тухайн залуу үе үе орж ирээд хаалга үүд балбаад байдаг гэж байсан. Угаалгын өрөөнд хүчээр орох гээд дайраад байхаар нь Т оруулахгүй гээд хаагаад зогсоход доод айлын залуу Т-гийн нүүр рүү нь шууд мөргөчихсөн чинь хамраас нь цус гарчихсан харагдсан 00 цаасаар бөглөөд угаалгын өрөөнд орж гарч ирээд “ах миний хамар далийчихсан байна ш дээ” гэж хэлээд цагдаагийн газар руу явсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 588 дугаартай шинжээчийн "..Г.Т-гийн биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................................... тоотод хохирогч Г.Т-тэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа, түүний хамар хэсэг рүү мөргөж, улмаар биед нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.” гэв.
Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................................... хохирогч Г.Т-тэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа, түүний хамар хэсэг рүү мөргөж, улмаар биед нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ................................................. хохирогч Г.Т-тэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа, түүний хамар хэсэг рүү мөргөж, улмаар биед нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Т-гийн өгсөн: “... Гэтэл тэр эрэгтэй хүн Г ахын гэрт дайрч орж ирээд байхаар нь би түүнийг түлхэж Г ахын гэрээс гаргахад тэр хүн эргэж над руу дайраад миний хамар руу нэг удаа мөргөсөн. Мөргүүлээд салсан ба Г ах бид хоёрыг салгаад намайг харахад миний хамар далийж мурийсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 10 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 он 12 дугаар сарын 19-ний өдрийн 588 дугаар дүгнэлт /хх-ийн 15-16 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Г.Т-гийн үйлдэл биед нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Х.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Г нь хохирогч Г.Тд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас гэмт хорын хохиролд 500,000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул /хх-ийн-43 дахь тал/ шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна. ” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч Х.Гд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Х-ийн Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Гд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА