| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0125/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/302 |
| Огноо | 2024-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/302
2024 3 22 2024/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч З.Хүслэн,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ын От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 03837 1569 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн .......................тоотод оршин суух хаягтай, Урьд
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1174 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, тус ялаас эдлээгүй үлдсэн 487 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн.
Б овогт Б-ын О /РД:............................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Синглэс" бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Хтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар пивоны шилээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Хгийн өгсөн: "... тэгээд шууд “Синглэс” нэртэй баар луу бүгдээрээ орсон. Ороод шууд бүжгийн талбай бүжиглэж эхэлсэн. Бүжиглэж байсан чинь нэг эгч намайг толгойгоо саваад мөргөсөн. Намайг цохидог эгч “миний дүү гоё байна шүү, миний залуу насыг санагдуулж байна шүү” гэж хэлсэн. Тэгээд хамт бүжиглээд, ширээ рүүгээ намайг авч яваад би юу ч уугаагүй байсан. Тэгээд ширээнээс босоод явсан чинь хар фудволктой эмэгтэй буюу тэр эгчтэй хамт явж байсан эгч нөгөө хамт бүжиглэж байсан эгчтэй “битгий бүжиглэ, надтай бүжиглэ” гэхээр “тантай бүжиглэмээргүй байна аа” гэж хариуд нь хэлсэн. Хамгийн анх бүжиглэж эхэлсэн эгчийг 00 орох гэхээр нь “хамт бүжиглэе” гээд татахад “тэгье тэгье” гээд бүжиглээд үлдсэн. Тэгээд ганцаараа хэсэг бүжиглээд байж байсан чинь нөгөө эгч "чи ганцаараа энэ талбайд бүжиглэдэг нь үү, чи од нь юм уу, чи яасан олон залуутай явдаг юм бэ” доромжлоод байсан. Тэгэхээр нь би “юу хуцаад байгаа юм, чи юу мэдэх юм, хөгшин авгай" гэж би хэлсэн. Тэгээд манай найз залуу бид хоёрыг тэр эгч байхгүй байж байгаад 1-2 минутын дараа ирээд пивоны шилээр миний толгой руу 2-3 цохисон.Тэгээд шууд цус гоожиж эхэлсэн. Тэгээд надад хүмүүс салфетка олж ирээд, би цусаа хараад шокт орсон байсан. Би “цагдаа дууд” гэж орилоод, хүмүүс ч дуудсан байх.Тэгээд би өөрөө ч гэсэн дуудсан" гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10336 дугаартай "...Т.Хгийн биед тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 19-21 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10614 дугаартай "Б.Оийн биед эрүү, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/,
2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Синглэс баарны бүжгийн талбай руу харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 30 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Б.О нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Синглэс" бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Хтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар пивоны шилээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналтай байна. Хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.” гэв.
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Синглэс" бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Хтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар пивоны шилээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Синглэс" бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Хтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар пивоны шилээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Хгийн өгсөн: “"... Тэгээд ганцаараа хэсэг бүжиглээд байж байсан чинь нөгөө эгч "чи ганцаараа энэ талбайд бүжиглэдэг нь үү, чи од нь юм уу, чи яасан олон залуутай явдаг юм бэ” доромжлоод байсан. Тэгэхээр нь би “юу хуцаад байгаа юм, чи юу мэдэх юм, хөгшин авгай" гэж би хэлсэн. Тэгээд манай найз залуу бид хоёрыг тэр эгч байхгүй байж байгаад 1-2 минутын дараа ирээд пивоны шилээр миний толгой руу 2-3 цохисон.Тэгээд шууд цус гоожиж эхэлсэн. Тэгээд надад хүмүүс салфетка олж ирээд, би цусаа хараад шокт орсон байсан. Би “цагдаа дууд” гэж орилоод, хүмүүс ч дуудсан байх.Тэгээд би өөрөө ч гэсэн дуудсан" гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10614 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/, Синглэс баарны бүжгийн талбай руу харсан хяналтын камерын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 30 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч Б.О нь хохирогч Т.Хд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй,
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Х нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ дээрх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацагаанд хэрэгт хавсаргуулах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Б.От ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч урьд өмнө ял эдэлж байсан байдалд дүгнэлт хийгээгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан, ял эдэлсэнд тооцож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 30 хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оийн цагдан хоригдсон 30 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, ял эдэлсэнд тооцсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА