Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/00415

 

 

2021 оны 02 сарын 24-ний өдөр         Дугаар 183/ШШ2021/00415                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 118.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нарийн бичгийн дарга Ш.Б оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А-И” ХХК нь “Н” ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, манай компаниас гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 30.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 4.600.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4.800.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.300.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, нийт 78.700.000 төгрөгийг “Н” ХХК-д төлсөн. Гэтэл “Н” ХХК-ийн барилга дээр дөнгөж ажлаа эхлүүлчхээд, үргэлжлүүлэн хийлгүй ажлаа орхиод худлаа хэлээд яваад өгсөн, мөн бараа материал нийлүүлнэ гэж 33.400.000 төгрөг аваад одоог хүртэл нийлүүлэхгүй манай компанийг хохироож байна. “Н” ХХК-ийн хийж гүйцэтгэх байсан ажлыг өөр компаниудтай гэрээ хийж, ажлыг гүйцэтгэж дуусгасан. Иймд “Н” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, цахилгаан кабель нийлүүлэхэд төлсөн 78.700.000 төгрөг, алданги 39.350.000 төгрөг, нийт 118.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас манай шилжүүлсэн гэх 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 30.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 4.600.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны  өдөр 14.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4.800.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.300.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, нийт 70.700.000  төгрөг нь манай дэлгүүрээс бараа материал авч байсан мөнгөө шилжүүлж байсан болно. Энэ нь баримтаар нотлогдох боломжтой тул манай байгууллагын зүгээс өр төлбөргүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

“А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 118.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. “Н” ХХК, “А-И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Н” ХХК нь ****** аймаг, ******сумын нутаг дэвсгэрт баригдах 100 ортой эмнэлгийн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажлыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, мөн барилгын цахилгаан холбоо дохиололд шаардлагатай утас, кабелиудыг нийлүүлэх, захиалагч “А-И” ХХК нь ажлын хөлсөнд 46.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг талууд байгуулжээ.

2. “Н” ХХК, “А-И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Н” ХХК нь ****** аймаг, ******сумын нутаг дэвсгэрт баригдах 100 ортой эмнэлгийн барилгын 21 ширхэг цахилгааны самбарыг иж бүрнээр угсрах ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, захиалагч “А-И” ХХК нь ажлын хөлсөнд 14.600.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу захиалагч “А-И” ХХК-иас ажлын хөлсөнд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 30.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 4.600.000 төгрөг,  2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4.800.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.300.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, нийт 70.700.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Н” ХХК-д шилжүүлсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн “Мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Олгох зөвшөөрлийн цохолт” гэсэн баримтаар нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.

Нэхэмжлэгч талын “...гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн тайлбар, мөн хариуцагч талын “...манай байгууллага нь өр төлбөргүй, “А-И” ХХК-ийн худалдан авсан бараа материалыг шилжүүлж байсан” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Уг ажил гүйцэтгэх хоёр гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Н” ХХК нь гэрээгээр тохирсон “****** аймаг, ******сумын нутаг дэвсгэрт баригдах 100 ортой эмнэлгийн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажил гүйцэтгэх, эмнэлгийн барилгын 21 ширхэг цахилгааны самбарыг иж бүрнээр угсрах ажлыг гүйцэтгэх, /өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх/ буюу барилгын цахилгаан холбоо дохиололд шаардлагатай утас, кабелиудыг нийлүүлэх” гэсэн үүргээ тус тус гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “А-И” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” баримтад “...“Н” ХХК нь гэрээгээр ажил гүйцэтгэж, ажлаа хийж чадахгүй, худлаа хэлж олдохгүй болсон тул 78.7 сая төгрөг авснаа яаралтай 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдэж байна.” гэсэн, “А-И” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар “Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах тухай” баримтад “...манай компаниас “Н” ХХК нь ажил гүйцэтгэнэ, барилгын бараа материал нийлүүлнэ гэж 78.7 сая төгрөг авсан боловч, худлаа ярьж, хуурч мэхлэн одоог хүртэл ажлаа хийхгүй, бараа материалаа өгөөгүй тул шалгаж өгнө үү” гэсэн, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/407 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-т “...“А-И” ХХК, “Н” ХХК-ийн хооронд үүссэн асуудал нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүссэн маргаан байх тул иргэний эрх зүйн журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх маргаан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв...” гэсэн баримт, Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/1649 дүгээр “Гомдолд хариу өгөх тухай”-д “...гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, иргэний хэргийн шинжтэй маргаан үүссэн тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв” гэсэн баримтаар нотлогдож байна.

Дээрх үйл баримтаар ажил гүйцэтгэгч “Н” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооход ямар нэгэн үр дүн гаргахгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.2-т зааснаар захиалагч “А-И” ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу “А-И” ХХК-иас гэрээний дагуу “Н” ХХК-д шилжүүлсэн 70.700.000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “А-И” ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч “А-И” ХХК нь алдангид 39.350.000 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас шаардах эрхгүй юм.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.2, 232 дугаар зүйлийн 232.7, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн 70.700.000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “А-И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47.350.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.2, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-иас 70.700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А-И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47.350.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А-И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 748.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 511.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-И” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖ