Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1333

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны сарын 102/ШШ2018/00960 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Д-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 820 155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэтогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.П-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С,

Хариуцагч З.Д-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би З.Д-д 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн, төлөлтийг өдөр бүр 40 000 төгрөг төлөхөөр бичгээр гэрээ хийсэн. З.Д- надад 430 000 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийн 3 649 000 төгрөг, зээлийн хүү 364 900 төгрөг, алданги 1 820 255 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 600 000 төгрөг нийт 6 420 155 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д- нь С.П-аас 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2 сарын хугацаатай, нэг өдөрт 40 000 төгрөг төлөхөөр, 10 хувийн хүүтэй 2 000 000 төгрөгийг зээлж авсан ба зээлийн гэрээг бичгээр хийсэн боловч зээлдэгчийн эрхийг зөрчиж өдөрт 40 000 төгрөгийн хүү авахаар тохирсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр арилжааны банк болон барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүү 6 хувь байна, өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан З.Д-гээс 3 255 000 төгрөгийг гаргуулан С.П-т олгож, үлдсэн 3 165 155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар С.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, З.Д-гээс 67 030 төгрөгийг гаргуулан С.П-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. С.П-аас З.Д- нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлсэн. Гэтэл шүүх З.Д-гээс 3 255 000 төгрөг гаргуулсны зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр бичгээр гэрээ хийсэн гэх боловч нэг өдөрт хүүнд 40 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг багасгуулах хүсэлтийг хүлээн аваагүйн учир дутагдалтай. Хариуцагч хүү багасгаж өгөхийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, зохигчид дээрх асуудлын талаар харилцан тохиролцсон байхад зээлийн хүүгийн хэмжээг багасгах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн. Шүүх алданги 1 085 000 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч С.П- хариуцагч З.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 820 155 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 600 000 төгрөг, нийт 6 420 155 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үндсэн зээл 2 000 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч З.Д- нь нэхэмжлэгч С.П-аас 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж авсан болох нь талуудын хооронд хийгдсэн хэлцлээр нотлогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр байх ба хариуцагч уг хэлцлийн агуулгын талаар маргаагүй байна. /хэргийн 7 дугаар тал/

 

Дээрх хэлцлээр хариуцагч зээл, хүүгийн төлбөрт өдрийн 40 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид эгүүлэн төлөхөөр бичгээр тохиролцсон байдал болон талуудын тайлбараар нэхэмжлэгч зээлийн гэрээний 2 сарын хугацааны зээл, хүүгийн төлбөрт хариуцагчаас 2 400 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч зээлийн төлбөрт 430 000 төгрөг эгүүлэн төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Харин талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэлцлийн доод талд “Сунгалт-2 376 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгав. Энэ хугацаанд төлж дуусаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож авна” гэж бичсэн хэсэгт, хариуцагч З.Д- дангаар гарын үсэг зурсан байгаа нь хэзээ бичсэн нь тодорхойгүй байх тул зээлийн гэрээг сунгасан буюу хүү, алданги нэмж тооцохоор тохиролцсон гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд анз, хүү тохиролцсон гэрээг бичгээр хийх болон мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.” гэж заасныг тус тус зөрчжээ. /хэргийн 7 дугаар тал/

 

Иймээс нэхэмжлэгч хугацаа сунгасан хүү, хэтрүүлсэн хугацааны алдангийг нэхэмжлэгч С.П- нь хариуцагч З.Д-гээс шаардах эрхгүй. Гэтэл анхан шатны шүүх зээл, хүү, алданги нийт 3 255 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Харин нэхэмжлэгчийн шаардаж буй өмгөөлөлийн үйлчилгээний хөлс 600 000 төгрөгийн зардлыг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан зайлшгүй зардал гэж тооцолгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой. Үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч З.Д- үндсэн зээл 2 000 000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 400 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг нэхэмжлэгч С.П-т төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 430 000 төгрөгийг хасч, хариуцагчаас 1 970 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны сарын 102/ШШ2018/00960 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Д-гээс 1 970 000 төгрөгийг гаргуулан С.П-т олгож, үлдэх 4 450 155 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “67 030” гэснийг “46 470” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                        Ч.ЦЭНД

 

                                                                            С.ЭНХТӨР