Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/12

 

О.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Ш.Б, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Б, хохирогч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.А холбогдох 2017000520022 дугаартай 2 хавтас 298 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч О.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, хохирогч Б.Д нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч О.А нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын цагдаагийн постын орчим Тоёота приус 20 маркийн 01-13 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох бололцоотой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Шивээговь сумын замын цагдаагийн постыг мөргөж улмаар онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.М эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч П.Т амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт О А хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Шүүгдэгч О.А нь хохирогч Б.Д 3 405 000 төгрөгийн хохирол, хохирогч Э.П 500 000 төгрөгийг хохирол төлснийг, хохирогч Т.М төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч О.А 5 074 879 /таван сая далан дөрвөн мянга найман зуун далан ес/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 12-5 тоотод оршин суух хохирогч Б.Д, 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст тус тус олгож, хохирогч Б.Д хохирлоос зээл 5 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Д оршуулгын зардалд 3 520 121 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг, тэжээгчээ алдсны тэтгэмж 61 760 000 төгрөгийг, хохирогч Э.П эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч О.А 1000295 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ээж дүүгийн хамт амьдардаг. Би гэрээсээ ганцаараа орлого олдог. Ээж маань ажилгүй. Ээж дүү хоёроо асарч хамгаалдаг. Хохирогч талын ар гэрийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулна гэсэн хүсэлтээр эгч маань өөрийн эд зүйлээ барьцаанд тавьж мөнгийг нь барагдуулая гэсэн боловч банкны зээл бүтэхгүй хойшлогдож сунжирсаар байгаа. Хохирогч талд ямарч байсан гомдол саналыг нь барагдуулая гэсэн хүсэл эрмэлзэл их байгаа. Ямар нэгэн ял шийтгэлгүй гарах юм бол хохирогч талынхаа санал гомдлыг хэдэн жил ч байсан хамаагүй барагдуулна гэсэн хүсэлтийг тавьсан гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд О.А хууль ёсны эрх ашиг сонирхолыг нь хамгаалаж өмгөөлөгчөөр оролцож байна. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

О.А хувьд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүний амь нас болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогдсон.

Анхан шатны шүүхээс 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь хэргийн нөхцөл байдалд холбогдуулаад үзэхэд шийдвэрлэх боломжтой гэсэн үүднээс өмгөөлөгч миний зүгээс давж заалдах гомдол гаргасан юм. Чухам яагаад гэхлээр тухайн гэмт хэрэг маань өөрөө болгоожгүйгээр үйлдэгдсэн. О.А хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөр бол хүний амь нас хохирсон. Хохирол төлбөрийг төлөх гэж маш их хичээж ирсэн. Тухайн гэмт хэрэг  гарснаас хойш ах, дүү, хамаатан садан, бүхий л найз нар нь банкны зээл хөөцөлдсөн өөрт оногдох эд хөрөнгө болгоныгоо зарж үрж хохирол төлбөрийг төлөх гэсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд бүрэн дүүрэн хохирлыг төлж барагдуулж чадаагүй. Өнөөдрийн байдлаар О.А ар гэрийнхэн амьдарч байгаа гэр орон, эд хогшил, амбаар сав, эд хогшил бүгдийг нь зарж байж энэ хүний хохирол төлбөрийг барагдуулахын тулд хичээж зохих хэмжээнд төлж барагдуулсан байгаа. Хамгийн гол нь өнөөдрийн хувьд гэм хор, оршуулгын зардлыг төлөөд бид боллоо гээгүй цаашид нэхэмжлээд байгаа мөнгийг зохих хэмжээнд төлнө. Өөрөө ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн бол тодорхой нөхцөлд сар сард нь гэрээ байгуулан энэ хүний гэм хорыг арилгая их хэмжээгээр бол чадахгүй өөрсдийнх нь хүсээд байгаа 27 000 000 төгрөгийг ямар нэгэн байдлаар төлж барагдуулахаа бол өөрөө илэрхийлж байгаа. О.А хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөчээ гэсэн санал хүсэлт яагаад гаргаад байгаа юм гэхлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд тухайн гэмт хэрэг маань өөрөө хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулахын тулд хичээсэн байгаа. Мөн тухайн гэмт хэрэг маань өрөө болгоомжгүйгээр үйлдэгдсэн байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн гомдлыг өмгөөлөгчийн хувьд гаргасан гэжээ.

Хохирогч Б.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О.А нь бид нарыг хүн гэж боддоггүй өөрөө огт ярьдаггүй. Би өөрөө Амгалан руу залгаж, араас хөөцөлдөж байж ярьдаг байсан. Тиймээс би үнэхээр гомдолтой байгаа. Би анхан шатны шүүх хуралдаанаар нийгмийн даатгалыг нь үндэслэж 61 761 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 188 000 төгрөгийг миний охин авч байгаа. Үүнийг хасаад 312 000 төгрөгийг ой 2 сартай хүүхдэд нь нэхэмжилнэ. Шүүгдэгчийн талаас миний хүүгийн ажил явдал болон бусад үед уулзаж үзээгүй. Тэгсэн хэрнээ шүүгдэгчийн талаас анхан шатны шүүхийн дараа намайг хоолонд ороод байж байхад О, О гэж 2 хүн очиж уулзаад 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 20 000 000 төгрөгийг бэлнээр өгнө. Харин үлдэгдэл 7 000 000 төгрөгийг гэрээ байгуулж төлнө. Та миний хүүхдийн ялыг хөнгөвчилөх талаас нь бодож үзээч гээд гуйгаад байсан. Би хэдийгээр хүүгээ алдсан ч гэсэн та нарын байдлыг харгалзан үзээд зөвшөөрлөө гэж хэлээд явсан. Тэрнээс хойш нэг ч удаа над руу залгаагүй би л залгадаг. Ээж рүү нь залгаад ярихаар өөр хүнээр яриулаад байдаг. Би энэ айлд үнэхээр гомдолтой байна. Ар гэрээ тэжээ, бид нарын түшиг тулгуур болж явсан хүүг минь алчихаад санамсаргүй, болгоомжгүй гэсэн зүйлийг яриад сууж байгаа өмгөөлөгчийг хүртэл гайхаж байна. Мөн оршуулгын зардал 3 сая гаран төгрөг гарсан. Бид нар хүүгээ Өвөрхангай аймгийн Хархорин суманд нутаглуулсан. Гэхдээ бүх зардлыг тэр болгон нэхэмжлээгүй. Тэгсэн тамга, тэмдэг байхгүй гэсэн нилээн хэдэн баримт хасагдсан байсныг 2 сая гаран төгрөгийн баримтыг эх хувиар нь авч ирсэн. Одоо манай зүгээс анхан шатны шүүх дээр нэхэмжилж байсан  мөнгийг нэхэмжилнэ. Яагаад гэхээр үр хүүхдэд нь үлдээнэ. Бид нарын хувьд амьдралын бололцоо тааруу хүмүүс байдаг. Миний хүү амьд сэрүүн байхдаа Замын-Үүд болон Алагтолгойд том тэрэг баридаг байсан. Бидний ганц түшиг байсан. Шүүгдэгчийн талаас хохирол төлбөр ярихаар нэг хашаа байшин ярьдаг өөр зүйл ярьдаггүй. Хүний амь гэдэг малын амьнаас хямдхан болчихсон юм уу? би огт ойлгохгүй байна. Шүүгдэгч талын давж заалдах гомдол дээр санамсаргүй болгоомжгүй гэсэн байгаа. Миний хүү энэ хүнд мөнгө төлөөд явсан. Амгалан хүн тээвэр хийж явж байсан хэрнээ яагаад гэрээ байдаггүй, хулгайн тээвэр хийж явсан гэдэг нь дурдагдахгүй байгаа вэ?  Вокзал дээрээс миний хүүг авч явахдаа аман гэрээ хийж авч явсан. Ажил дээр нь хүргэж өгөх байтал алчихаад санамсаргүй, болгоомжгүй гэж яриад байгаа. Би үнэхээр гомдолтой байна гэжээ.

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О.А тухайд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн байгаа. Энэ гэмт хэрэгт Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан байгаа. Шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгчөөс хорих ялаар шийтгэлгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. О.А нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр төлөхийг оролдож, зарим хэсгийг төлсөн боловч хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулаагүй, орлогын тодорхой эх үүсвэр байхгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Мөн шүүх хуралдааны явцад эгчийн хашаа байшинг хохирогч талын нэр дээр болгож өгөх талаар ярьж байна. Гэтэл үүний ард өчнөөн хүний амьдрал ахуй байгаа. Тэгэхээр дээрх тайлбарыг хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байна гэж ойлгох үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг баримтаар бүрдүүлснийг хянан хэлэлцсэн. Харин нотлох баримт дутуу гэж үзсэн төлбөрийг баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Тиймээс өнөөдрийн шүүх хуралдаан авч ирсэн баримтыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зөв  гэж үзэж байна. Тиймээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч О.А нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын цагдаагийн постын орчим Тоёота приус 20 маркийн 01-13 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох бололцоотой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Шивээговь сумын замын цагдаагийн постыг мөргөж улмаар онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.М эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч П.Т амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч О.А түүний өмгөөлөгчийн: ... хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч О.А хэргийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд биш байх тул ялыг тэнсэх үндэслэлгүй байна.

       

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                              О.ОДНЯМАА