Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж,

Шүүгдэгч У.Батболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Улаанхүүгийн Батболдод холбогдох эрүүгийн 201719000060 дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус задгайн 33 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан Боржигон овгийн Улаанхүүгийн Батболд РД/СУ87072477/

 

Холбогдсон хэргийн талаар /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч  У.Батболд нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний шөнийн 22 цагийн орчимд согтуугаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Цомбо толгой орчим засмал зам дээр иргэн Д.Оюунболдтой маргаж  бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч У.Батболд нь хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэрт байх найз Батсүрэнгийнд эхнэр Ариунчимэг, Сүрэнжав нарын хамт ирсэн. Тэндээ 3 шил архи хувааж уугаад оройдоо Багануур орох гээд засмал замд ороод явж байтал өөдөөс машин тулаад ирэхээр нь зөрөөд өнгөрч зогссон. Нөгөө машинаас хоёр хүн буугаад ирэхээр нь та нар яаж байгаа юм бэ гэж манай эхнэр Ариунчимэг хэлтэл түлхээд замын хажуу руу унагахаар нь би бууж эрээн хувцастай ахыг барьж авч нэг өшиглөсөн. Тэгээд толгойгоороо бас мөргөсөн. Удалгүй цагдаа ирж бид нарыг Багануурт эрүүлжүүлсэн. Би Оюунболд гуйгаас уучлалт гуйсан. Би хохирогч Д.Оюунболдод шүдний мөнгийг нь өгсөн хохирогч гомдолгүй болсон гэв.

 

 Хохирогч Д.Оюунболд хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчим Хэнтий аймгаас хот орох гээд хүргэн ах Норовсамбуу, дүү Оюун нарын хамтаар Төв аймгийн Баяндэлгэр сумын урд талын засмал замаар явж байтал гэнэт өөдөөс машин гараад ирсэн. Ах Норовсамбуу зүүн гар тийш дараад тойрон гарч замын хажуу руу гарч зогсоод нөгөө машин дээр ах бид хоёр явж очтол нэг үл таних согтуу эмэгтэй гарч ирээд та нар чинь яаж яваад байгаа юм бэ гээд дайраад тэгээд өөрөө замын хажуу руу халитраад цасан дээр унасан. Тэгтэл машин дотроос нэг сахалтай залуу гарч ирээд чи муу яагаад манай авгайг яагаад зодоод байна аа гээд надруу дайрч ам руу мөргөсөн. Энэ үед дүү Оюун ирж та нар болиоч гээд хэлтэл өнгөө залуу манай дүүг утсаар бичлэг хийлээ гээд дайрч хацар луу нь алгадсан. Машин дотроос нэг өндөр залуу гарч ирээд бид нарыг согтуу байна цагдаа дуудна гээд машинд ирээд суучихсан. Удалгүй цагдаа ирээд юу болсон талаар асууж байтал нөгөө сахалтай залуу надруу дайрч энэ их зэвүүн гар гээд дахин мөргөөд хамраас цус гаргасан. Мөргүүлснээс болж миний үүдэн нэг шүд хөдөлсөн. Эмчид үзүүлж байж өөр шүд суулгах юм байна гээд нөгөө залууг хараад сууж байна уг нь хоорондоо яриад шүд хийлгэх мөнгө өгч авалций гэж тохирсон. Хиймэл шүд хийлгэх мөнгө өгье гэсэн юм миний хувьд шүдээ хийлгээд авчихвал гомдол санал гэх зүйл байхгүй. .. ББатболд надаас уучлал гуйж, бид хоорондоо ярилцаж тохиролцоод сайн дураар эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 хуудас/

 

Гэрч П.Норовсамбуу хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу эхнэр дүү Оюунболд, Оюун нарын хамт машинтай Төв аймгийн Баяндэлгэр сумын урд засмал замаар явж байтал нилээн зайтай өөдөөс машин замаас орж гаран ирэхээр нь зам нь харж байгаад зөрж өнгөрсөн. Тэгээд буугаад байтал өөдөөс нэг эмэгтэй ирээд та нар яаж яваад байгаа юм бэ гээд ирсэн. Нилээд согтуу хүмүүс байсан. Жолооч дээр нь очиж машиныхан зургийг дүү Оюунтай автал наад нөхөдүүд чинь зураг аваад байна гэж хэлсэн. Жолооч бууж ирээд миний нүүр лүү цохиод газар унасан. Замын хажуу руу цасанд зоогдож дүү Оюуныг араас явчихаар нь замын хажуугаар алхаж машиндаа очиж суусан. Араас дүү нар маань машиндаа сууж цагдаа ирж байгаа гээд хэлтэл нэг өндөр залуу та нарыг шалгуулна гээд машинд орж суусан. Удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд асуудлыг зохицуулах гэтэл бид нар луу ирж дайраад байсан. Жолооч нь болох залуу нэг удаа нүүр лүү цохисон. Санал гомдол алга байна гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15-16 хуудас/

 

Гэрч Д.Оюун хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчим Хэнтий аймгаас хот орох гээд ах Оюунболд, хүргэн ах Норовсамбуу, эгч Оюунбилэг нарын хамтаар Төв аймгийн Баяндэлгэр сумын урд талын засмал замаар явж байтал гэнэт өөдөөс машин чиглээд гараад ирсэн. Хүргэн ах Норовсамбуу зүүн гар тийш дарж нөгөө машинтай зөрж өнгөрөөд зогссон. Тэгээд хүргэн ах, ах хоёр буугаад явсан. Би машины тольд харж байтал машин дотроос эрэгтэй, эмэгтэй хүмүүс бууж ирээд манай хоёр ахтай зууралдаад маргалдахаар нь цагдаад дуудлага өгчихөөд утсаараа зураг аваад байж байтал нэг согтуу залуу намайг яасан их зураг авдаг юм бэ утсаа өг гээд сахалтай залуу намайг цохиж замын хажуу руу унагаасан босоод зогсож байтал нөгөө залуу намайг заамдаж автал нэг өндөр залуугийн эхнэр нь бололтой хүүхэн нөгөөх сахалтай залууг чи болохгүй гэж болиулсан. Энэ хооронд би машиндаа орж суугаад энэ хороонд ахыг маань нөгөө сахалтай залуу цохиод байсан. Тэгтэл машин дотроос нэг сахалтай залуу гарч ирээд чи муу яагаад манай авгайг зодоод байна аа  гээд ах Оюунболдруу дайрч мөргөж цохисон гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 хуудас/

 

Гэрч С.Ариунчимэг хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ ..Засмал зам нийлээд явж байтал өөдөөс нэг машин гарч ирээд зөрж зогссон. Машиндаа байж байтал хоёр хүн ирээд та нар чинь яаж яваад байгаа юм бэ гэтэл та нар харин яаж яваад байгаа юм бэ гэтэл та нар харин яаж яваад байгаа юм бэ согтуу юмуу гэхээр нь гарч маргалдаж байтал нэг эрээн хувцастай хүн нь намайг замын хажуу руу түлхэж унагаасан. Тэгтэл нөхөр маань гарч ирж чи миний эхнэрийг цохилоо гээд нөгөө хүнийг барьж авч зодолдсон. Тэгээд бид нарыг хоорондоо маргалдаж байтал цагдаа нар ирж л Багануур дүүргийн эрүүлжүүлэх байранд нөхөр Сүрэнжав нарыг хийсэн. Мэдэхгүй хоорондоо зууралдаад байсан. Сүүлд нь харин шүд рүү нь мөргөсөн гэсэн дараа нь хохирогч Оюунболд гуайтай ярьсан.  .. Хохирогч Оюунболд болон бусад хүмүүсээс нь уучлалт гуйсан. Хоорондоо сайн дураараа эвлэрсэн хиймэл шүднийхэн мөнгийг өгөхөөр болсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

 

 -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1418 тоот шинжээчийн дүгнэлтэд

1.Д.Оюунболдын биед тархи доргилт, үүдэн 1 шүдний хугарал, дээд уруулд шарх, цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 24 хуудас/

 

-У.Батболдын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан гэх лавлагаа /хх-37 тал/,

 

-У.Батболдыг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр /хх-31 тал/, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-36 тал / тус тус байцааж авсан тэмдэглэл зэрэг болно.

 

Шүүгдэгч У.Батболд нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний шөнийн 22 цагийн орчимд согтуугаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Цомбо толгой орчим засмал зам дээр иргэн Д.Оюунболдтой маргаж  бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Д.Оюунболдын мэдүүлэг, гэрч Б.Норовсамбуугийн мэдүүлэг, гэрч Д.Оюуны мэдүүлэг, гэрч С.Ариунчимэгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1418 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч У.Батболдын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Төв аймгийн Прокурорын газраас У.Батболдод холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд зааснаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

У.Батболд нь Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор заасан байх бөгөөд У.Батболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар буюу хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байх ба түүнийг ялтай гэж дүгнэхээр байгаа боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг ялтай байдлыг өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж түүний ялтай байдлыг хэрэгсэхгүй болгож, У.Батболдыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Оюунболд нь шүүгдэгч У.Батболдоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүх хуралдаанд судалсан нотлох баримтаар  буюу хохирогч Д.Оюунболдоос ирүүлсэн хүсэлтээр хохирогч Д.Оюунболд нь  шүүгдэгч У.Батболдтой сайн дураар эвлэрсэн  болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

Шүүгдэгч У.Батболдын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэх үндэслэлээр   шүүгдэгч У.Батболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч  Боржигон овогт Улаанхүүгийн Батболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батболдын Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсанаас хойшхи Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн У.Батболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.Батболд нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.У.Батболдод авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        6.Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Батболдод оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ