Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 126/ШШ2022/0012

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 108 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

“Хөвсгөл Гурил Тэжээл” хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох,

“Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд байсан тус үйлдвэрийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м2 газрыг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэх/-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал, нэхэмжлэгч “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ш.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

     1.Нэхэмжлэгч “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд байсан тус үйлдвэрийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м2 газрыг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэх/-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдлын талаар:

2.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд байсан тус үйлдвэрийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м2 газрыг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэх/-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлжээ.

3.Нэхэмжлэгч “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Б Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн газар эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар “Хөвсгөл Дулаан станц” ТӨХК-д шилжүүлснийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/108 тоот албан бичгийг хүлээн авснаар мэдсэн байна.

Нэхэмжлэгч “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.“Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Лувсандорж овогтой Ганбат нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр компанийн дүрмийг 1 хүнтэй, 1 үүсгэн байгуулагчтай болгон өөрчилж бүртгүүлсэн 2004 оны дүрмийн бүртгэлийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний 20 тоот шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосноор хувьцаа эзэмшигчдийн өмчид халдан ганцаар шийдвэр гаргаж, үйлдвэрийн дундын эзэмшлийн хөрөнгө, газрыг гэрээ байгуулан бусдад шилжүүлсэн явдал нь хууль зөрчиж байсан гэж үзэж байна.

5.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20 тоот шийдвэрээр Хөвсгөл Гурил Тэжээл ХХК-ийн 1999 оны 03 дугаар сарын 25-нд хуралдсан хуралдааны тогтоолууд, дүрэм хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба улмаар компани ТУЗ-тай, 4 үүсгэн байгуулагчийн хамтарсан өмч гэдэг нь баталгаажсан тул 2021 оны 10 дугаар сарын 25-ны 02, 03 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Л.Гыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Д.Бг гүйцэтгэх захирлаар томилсныг Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 25-нд бүртгэж гэрчилгээг шинэчлэн олгосноор эрх нь зөрчигдөж байсан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, өмчийн эзэд холбогдох байгууллагуудад хандан компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, лавлагаа авах боломжтой болсон.

6.Компанийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 22/12 тоот лавлагаа, мэдээлэл авах тухай албан хүсэлт өгч, үүний хариу Хөвсгөл аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 4/108 тоот албан бичгээр 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газрын хувийн хэргийн материалын хуулбар 40 хуудас хуулбарын хамт ирүүлснээр компанийн эзэмшил газарт удаа дараа өөрчлөлт орсныг анх мэдэж баримтжуулсан болно.

7.Газрыг дураар бусдад шилжүүлэх үед 1 үүсгэн байгуулагч, 1 эзэнтэй болгон бүртгэлийн байгууллагад шургуулсан дүрэм гэгчийг илт хууль бус гэдгийг тогтоосон дээрх шүүхийн шийдвэр холбогдох нотлох баримтыг үндэслэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-д зааснаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд уг хуулийн 14.5-д зааснаар 14.1-14.4-д заасан хугацааг үл хамаарах заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна.

8.Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн газрын улсын байцаагч Г.Мөнгөнзулын 2021 оны 12 дугаар сарын 30-ны 6827 тоот дүгнэлтээр уг компанийн 4 үүсгэн байгуулагчаар иргэн Д.Б, Л.Г, Д.Н, Х.Д нар хувьцааны дийлэнхийг эзэмшигч бөгөөд удирдлагын багийн бүрэлдэхүүн байгааг нотолж 2022 оны 01 сарын 25-нд нэмэлт залруулга хийж, бүртгэлийг мэдээллийн санд оруулсан байгаа.

9.“Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Г нь үйлдвэр барьцаалсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хадгалуулсан будаанаас 1300 шахам тонн будааг дур мэдэн спиртийн үйлдвэрт зарж хувьцаа завшсан үйлдэл ил болоход 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр компанийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргаж данс битүүмжилж, тамгыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад шилжүүлсэн. Компанийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрээр гаргах эрх зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөлд байсан. Гэтэл хаясан, гээсэн гэх үндэслэлээр хуурамч тамга хийлгэсний дараа 625,2 м2 газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн байна.

10.Компанийн дүрмийн 4.2-ийн а, 6.9-ийн г, 8.3, 8.4-ийн д-г тус тус зөрчсөн, Компанийн тухай хуулийн 76.1.13, 90.1 заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа:

11.“Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өмчид халдах эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй. Хувь нийлүүлэгчдийн хурал болон түүний чөлөөт цагт төлөөлөн эрх бүхий Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргаагүй байхад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Г нь орон нутгийн удирдлагатай үгсэн хуйвалдаж үйлдвэрийн өмч газрыг бусдад зарсан, хувьдаа завшсан үйлдэлдээ Засаг даргын эрх мэдлийг ашиглан захирамж гаргуулж Компанийн тухай хууль болон дүрмийг ноцтой зөрчсөн тул хууль зөрчиж гаргасан Засаг даргын захирамж нь илт хууль бус гэж үзэж байгаа. Засаг даргын захирамж гарах үед төрийн болон хуулийн байгууллагуудыг ганц эзэнтэй, ганц үүсгэн байгуулагчтай хэмээн төөрөгдүүлж байгууллагын эрх мэдлийг Л.Г ганцаар хэрэгжүүлсэн үйлдлийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан” гэжээ.

Нэхэмжлэгч “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

12.“Анх 1998 онд төрийн өмчлөлийн хорооноос хувьчлал зарлаж төрийн мэдлийн тавин нэгэн хувийг хувьчилж авахад нэр бүхий дөрвөн хүн 97,000,000 төгрөгөөр 51 хувийн багцыг худалдаж авсан. 49 хувийн багцыг цэнхэр, ягаан тасалбарын тархалтаар Хөвсгөл аймгийн хэмжээнд байгаа иргэдэд тараасан. Энэ хувьчлал явагдсанаас хойшхи хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл болоод Гурил, тэжээлийн үйлдвэр удирдаж байгаа хүмүүсийн нэгдмэл  зорилготой 51 хувийн эзэмшигчид жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах ажиллагаа явагдсан. Худалдан авахдаа өөрсдийн дүрмийн санд дундын санд худалдаж авах эрх байгаа. Тийм учраас үйлдвэрт хадгалагдаж байсан машин техник, тоног төхөөрөмж, мал, хадгалагдаж байсан гурил, тэжээлүүдийг иргэдэд 7000 төгрөгтэй дүйцүүлэн өгөх замаар хувьцааг цуглуулсан. Энэ хувьцаа цуглуулах процесст 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бүх гишүүдийн хуралдаанаар нийт 1600 хүний хувьцаа үйлдвэрийн дундын санд ирц тэмдэглээнд бүртгэгдсэн. Тооллогын комисс бүх дүгнэлтийг хийсний дараа үүний цаана бас үлдсэн гэх үндэслэлээр том хувьцаа эзэмшигчид өөрсдөө хувьцааг худалдан авах ажиллагааг 2006 он хүртэл хэвлэл мэдээлэл болон иргэдээр дамжуулан хэлж тасралтгүй явуулсан.

13.2006 оноос хойш манай үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Улаан буудай байхгүй, ургац алдсан, аймгийн газар тариалангийн байгууллагууд манайд будаагаа өгөхөө больсон, өгөх үнэ хөлсний тохирол байхгүй. Энэ нөхцөл байдлын улмаас үйлдвэр 2011 он хүртэл зогссон.

14.Тэгээд үйлдвэрээ зогсоох шийдвэрээ хамтарч гаргаад, хадгалалт хамгаалалтыг зохицуулж байх хооронд нэг мэдэхэд үйлдвэр ганцхан эзэнтэй, ганцхан үүсгэн байгуулагчтай болсон байсан. Үүнийг мэддэг хүн Л.Г гэж хүн болсон.

15.Жижиг тархалтад анх 4000 гаруй иргэний нийт 764,025 ширхэг хувьцааг 100 төгрөгөөр үнэлсэн үнэтэй хувьцаа мөн 6,5 га газартай энэ үйлдвэр, компанийн дансанд 4000 шахуу мал, үл хөдлөх болоод эргэлтийн тоног төхөөрөмж хангалттай байсан. Энэ бүх зүйл тарааж дууссаны дараа ганц эзэнтэй болсон.

16.Би 1998 онд 85,000,000 төгрөг тушаасан. Өнөөдрийн зах зээлийн үнээр бодоход 20 ширхэг байрны мөнгө тушааж авсан миний хувьцаа 24,98 буюу 25 хувийн хувьцаа байсан.

17.Тэгээд би нэг ч хувьцаагүй болсон учраас шүүхэд хандаад 2021 онд шүүхийн шийдвэр гарсан. Илт хууль бус дүрэм, ганц эзэнтэй гэдэг худлаа, цаана хувьцаа эзэмшигчид байна гэсэн шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар манайд дөрвөн том хувьцаа эзэмшигч дээр миний бэлэглэлийн гэрээгээр хүүхдэдээ 5 хувийн хувьцаа өгсөн. Нийтдээ таван том хувьцаа эзэмшигч цаана нь жижиг хувьцаа эзэмшигч гэсэн ойлголт байна. Жижиг хувьцаа эзэмшигч шүүхэд материал бүрдүүлж өгч чадаагүй учраас албажаагүй. Тэр хүмүүс өөрсдийн төлөө явах эрх нь нээлттэй, үйлдвэрийн дундын санд 49 хувь гээд бүртгэгдсэн байна. Энд хэдэн хүн байсан ч гэсэн дундын өмч юм.

18.Явцын дунд ганц эзэнтэй гэж байх үед газрыг хоёр удаа зарсан. Эхний удаа дулааны станцад зарсан байдаг. Өгсөн тайлбарт 30,000,000 төгрөгөөр зарсан гэсэн материал хэрэгт байна. Л.Гад 30,000,000 төгрөгөөр газар зарах эрх байгаагүй. Тамгыг 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аваад явсан байсан. Хуурамч тамга хийлгээд дахиад хууль зөрчсөн байна. Энэ Засаг дарга А.Эрдэнэбаатар байсан үеийн захирамж юм. Өнөөдөр Ш.Идэрбаясгалан Засаг дарга учраас хариуцагчаар татагдаж байна. Засаг даргыг төөрөгдүүлсэн хангалттай бичиг баримт гарах хүртэл ганц эзэнтэй, ганц үүсгэн байгуулагчтай, өөрөө үүнийг зарах гэсэн гэрээ хэлцлээ хийсэн байна.

19.Ийм учраас төөрөгдүүлсэн Л.Гын золиос болоод бүх хувьцаа эзэмшигчид хохирсон. Энэ хувьцаа эзэмшигчдийн хууль бусаар халдсан Л.Гын өөрийн хувьцаагаар компанид үүсгэсэн хохирлыг хариуцах заалт байдаг. Л.Г өөрийн хувьцаагаа зарсан бол өөр хэрэг. Гэтэл 1000 гаран үлдсэн жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдлийг ганцаараа мэдээд зарсан.

20.Хууль бус дүрэм, тамга, данс ашигласан учраас илт хууль бус байна. Илт хууль бус баримтад суурилж гарсан захирамж хэрэгжих боломжгүй илт хууль бус юм. Тэгээд энэ хүний тамга хуурамчаар хийлгэсэн, данс нээлгэсэн, улаан буудайн сан гэсэн есөн зүйл ангиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Танай прокурорт хийсэн 620 хэдэн мгазар дээр эрүүгийн хэрэгт татагдаагүй байгаа нь үнэн юм. Гэхдээ улаан буудайн санд үйлдвэрийн талыг зарсан хэрэг дотор газар хамт явж байгаа. Тийм учраас бидний өмчийг хууль бусаар эзэмшсэн эрүүгийн хэрэгт татагдсан энэ хүний үйлдлийг та бүхэн хуулийн хүрээнд зөв шийдэж, энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

21.Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Процесс нь илт хууль бус байна. Манайд тамга байгаагүй. Гэтэл эд нар хаанаас юу аваад Л.Г гэдэг захирамж гаргаж өгөөч гэж хэлээд байгааг мэдэхгүй байна. Таны энэ барьж байгаа хуулийг би мэдэхгүй өмгөөлөгч авах гэсэн боловч зардлыг өгч чадахгүй байна. Тэгэхээр хууль бус бүх шийдвэрийг тамга хуурамч, шийдвэр гарч байгаа нь хуурамч, бүх зүйл хуурамч байхад шийдвэр гарч байгаа нь хүртэл хуурамч гэж ойлгож байна. Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна ...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

22.Нэхэмжлэгчийн зүгээс үйл баримтуудыг ялгаж, салгаж чадахгүй. Тусдаа болсон үйл баримтуудыг нэг багц болгож яриад ойлгохгүй байгаа нь харагдаж байна. Нэгдүгээр асуудал Л.Гтай холбоотой тамга, тэмдэгийн асуудал юм. Хоёрдугаарт, улсын бүртгэлийн газрын дүрмийн асуудал юм байна. Гуравдугаарт, захирамж гаргасан асуудал юм байна. Үүнийг үндэслээд ийм гэж яриад байна.

23.Тамга, тэмдэг дүрмийн асуудал бол аймгийн Засаг даргатай ямар ч хамааралгүй асуудал. Тэр бол аймгийн Засаг дарга хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүрэгт хамаарахгүй, холбогдох байгууллагуудын чиг үүргээр хүлээгээд тусдаа явуулдаг үйл ажиллагаа юм.

24.Захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж маргаж байна. Захирамжийг гаргахад Засаг даргын зүгээс ямар баримт бичиг шалгах вэ гэхээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заагаад өгсөн байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар Засаг дарга үүнийг хянан шалгана.

25.2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-аас, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дулаан станц ТӨХК-аас мөн хүсэлт ирүүлсэн. Үүнийг үндэслэн захирамж гаргасан. Гэхдээ тухайн үед буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн газрын бүртгэлийн гэрчилгээ дээр тухайн компанийн гүйцэтгэх захирал Л.Г гэж хүн байсан. Тэр хүний хүсэлтийг хүлээж аваад газрыг шилжүүлж байгаа.

26.Тухайн “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Г гэж хүсэлт ирүүлсэн байхад тэрийг Засаг дарга олохгүй гэсэн үндэслэл байхгүй. Тэгэхээр газрын гэрчилгээг шилжүүлэхгүй гэх эрх Засаг даргад байхгүй. Энэ хүрээнд тухайн хүний эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна.

27.Нэхэмжлэгч бидний өмчлөх эрх рүү халдсан, компанийн дүрэм, Компанийн тухай хуулийг зөрчсөн гэсэн зүйл яриад байна. Энэ нь иргэний эрх зүйн харилцаа тул захиргааны байгууллагын хууль бус ажиллагаа гэж үзэхгүй.

28.Тэгэхээр аймгийн Засаг даргын 2016 оны А/491 гэсэн захирамж хууль зөрчөөгүй, илт хууль бус гэх үндэслэл байхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

29.Анх манай байгууллага дээр “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн албан тоот буюу 2016 оны  07 дугаар сарын 25-ны өдөр 22 тоот хүсэлтийг захирал Л.Гын гарын үсэг, тамга тэмдэгтэй ирүүлсэн. Мөн нөгөө  талаас Хөвсгөл “Дулааны станц” төрийн өмчит компани 2016 оны 07 дугаар сарын 27-ны  өдөр 58 тоотын албан хүсэлтийг өгсөн. Албан хүсэлтүүд дотор холбогдох материалуудыг хавсаргаад 625,2мгазрыг хэсэглэж, тасалж шилжүүлэх хүсэлтийг өгсөн. Энэ хүсэлтүүдийг үндэслээд аймгийн Засаг даргын захирамж гарсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг хангаж байгаа учраас захирамж гарсан. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. ...” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан тайлбартаа болон захирал Д.Цанлигрэнчин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

30.“Хөвсгөл дулааны станц” ТӨХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн түгээх үйл ажиллагаа явуулдаг улсын онцгой обьект юм. Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу дулаан дамжуулах төв, дулааны шугам сүлжээ нь эзэмшил болон хамгаалалтын зурвас газартай байх бөгөөд засвар үйлчилгээ хийж гүйцэтгэж болохуйц байхаар тусгаж өгсөн байдаг. Манай байгууллагын дулаан дамжуулах төв №6 нь “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн хашаанд байрладаг тул 2 байгууллагын комисс гарч ажиллан харилцан зөвшилцөн “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн эзэмшлийн 625 м.кв газар, дулаан дамжуулах төвийн барилгыг тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр үнэлэн “Хөвсгөл дулаан станц” ТӨХК-д шилжүүлэхээр гэрээ байгуулж холбогдох байгууллагад хандан хууль журмын хүрээнд шийдвэрлүүлсэн байдаг. Тус газрыг шилжүүлэн авснаас хойш өртөг болох 30.000.000 /гучин сая/ төгрөгийг манай байгууллагын зүгээс төлж барагдуулсан байна.

31.Өдгөө Дулаан дамжуулах төв №6-аас нийт 94 хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай тасралтгүй ханган ажиллаж байгаа бөгөөд “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК ч мөн дулаанаар хангагдан ажиллаж байгаа болно.

32.Иймд тус газрыг манай байгууллага нь хууль журмын хүрээнд эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дээрх газрын эзэмшлийг түдгэлзүүлэх болон ямарваа өөрчлөгдсөн шийдвэр гарвал манай байгууллага төдийгүй тус төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 94 хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөх, цаашлаад улсын онцгой обьектын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зэрэг эрсдэлтэй байна гэдгийг харгалзан үзэхийг хүсье.

33.Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь 100 хувийн төрийн өмчит хувьцаат компани юм. Манай компани Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, түгээх, дулаанаар хангах гэсэн тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг улсын онцгой обьект юм. Дулаан дамжуулалтын зургадугаар төвийг шугам сүлжээг үндэслээд барьж гүйцэтгэсэн. Нэхэмжлэлтэй холбоотойгоор холбогдох шаардлага гарахад дулааны эрчим хүчээр хангах 94 хэрэглэгч мөн манай байгууллагын эрх маш их хөндөгдөх учраас шүүхээс харгалзан үзнэ үү. Хууль журмын дагуу эзэмшүүлэх, шилжүүлэх, худалдаалах, худалдан авах үйл ажиллагаа явагдсан гэж үзэж байна” гэв.          

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

34.Нэхэмжлэгч “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд байсан тус үйлдвэрийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м2 газрыг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэх/-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан.

35.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

36.Илт хууль бус захиргааны акт гэдэг нь эрх зүйт төрийн зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд тухайн захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргааны түүнийг хэрэгжүүлэх ёсгүй байдаг[1]. Үүнийг хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.

37.Нэхэмжлэлийн зүйл нь илт үгүйсгэгдэх буюу ЗЕХ-ийн §47.1.1-47.1.7-д заасан эрх зүйн алдааг агуулсан “илт хууль бус захиргааны акт” байх ёстой[2].

38.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:

47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;

47.1.2.бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;

47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;

47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;

47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;

47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;

47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан.

39.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд байсан тус үйлдвэрийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м2 газрыг “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн.

40.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт эрх зүйт төрийн “хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаанууд хамаарна[3].

41.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ... 4.2.1.хуульд үндэслэх” гэж заасан бөгөөд хуульд үндэслэх зарчим гэдэгт захиргааны тодорхой үйл ажиллагаанд шаардагдах эрх мэдлийг эрх зүйн хэм хэмжээнд тусгаж өгсөн байхыг ойлгоно[4].

42.Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагад шийдвэр гаргахад үндэслэл болох эрх мэдлийг хууль тогтоомжоор олгосон байхыг хуульд үндэслэх зарчмын хүрээнд авч үзнэ.

43.Газрын тухай хууль /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”,

38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:

38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ

38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо

38.2.3.хураамж төлсөн тухай баримт”,

38.3-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна:

38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх

38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх

38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”,

38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан байна.

44.Тодруулбал Хөвсгөл аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд зааснаар “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м2 газрыг “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлсэн байх тул хуульд үндэслэх зарчмыг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

45.Нэхэмжлэгч “... компанийн үйл ажиллагаатай холбоотой эрх зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөлд байсан. Гэтэл хаясан гээсэн гэх үндэслэлээр хуурамч тамга хийлгэсний дараа 625,2 м2 газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй газрыг бусдад шилжүүлж байгаа Л.Гын үйлдэл хууль бус учраас түүнээс үүдэн гарсан Засаг даргын шийдвэр хууль бус болно” гэж маргасанд дараах тайлбар өгье.

46.Хариуцагч аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргах үүрэгтэй.

47.Ингэхдээ Газрын тухай хууль /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/-ийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримт, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулна.

48.Харин газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж байгаа компанийн гүйцэтгэх удирдлага төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөл авсан эсэхийг шалгах, компанийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага нарын хооронд байгуулсан гэрээгээр компанийн захирал компанийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй эсэх, гүйцэтгэх удирдлага мөн эсэхийг хянах эрх Засаг даргад хуулиар олгогдоогүй байна.

49.Нийтийн эрх зүйд зөвшөөрөөгүй бүхнийг хориглох зарчим үйлчлэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчим нь захиргааны байгууллага зөвхөн хуулийн хүрээнд ажиллах агуулгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хуулиар олгогдоогүй эрх хэмжээг захиргааны байгууллага хэрэгжүүлэхгүй тул хүсэлт ирүүлсэн компанийн дотоод асуудал руу орох эрхгүй юм.

50.Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”,

84.4-т “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь дараах үүрэгтэй:

84.4.1.хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх;

84.4.2.үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх;

84.4.3.компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах;

84.4.4.шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх;

84.4.5.өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн этгээдээс бэлэг, урамшуулал авахгүй байх;

84.4.6.компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх.

84.6-д “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө”,

84.7-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”,

86 дугаар зүйлийн 86.1-д “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан байх компанийн эрх бүхий албан тушаалтны компанид учруулсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.

51.Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,

3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж заасан.

52.Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх нь зөвхөн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд харин захиргааны байгууллага бус этгээд болох компанийн эрх бүхий албан тушаалтан эсхүл иргэний компанид учруулсан хохирлын асуудлыг шийдвэрлэхгүй юм.

53.Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр дээд шатны захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаагүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзлээ.

54.Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан тул шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байна.

55.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хуулийг би мэдэхгүй” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хөвсгөл Гурил Тэжээл” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд байсан тус үйлдвэрийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м2 газрыг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэх/-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

[1] Захиргааны процессийн эрх зүй. Г.Банзрагч. Улаанбаатар 2019. 204 дэх тал

[2] Мөн тэнд

[3] Захиргааны процессийн эрх зүй. Г.Банзрагч. Улаанбаатар 2019. 206 дахь тал

[4] Захиргааны эрх зүйн ерөнхий анги. П.Одгэрэл. Улаанбаатар 2016 он. 83 дахь тал