Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/351     

 

                                                   2024          4           03                                    2024/ШЦТ/351          

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч З.Өлзийхүү,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б-ын Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 01913 0374 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ".........." авто угаалгын газарт угаагч ажилтай. Ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн .............................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Т  овогт Б-ын М, /РД:........................ /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаппи" бааранд хохирогч Х.Т-ийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Тийн өгсөн:  "... Би 2023 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө эхнэрийн хамт Сансарт байх бааранд үүрээр 02 цагийн үед ороод Сэнгүр нэртэй пиво 4 ширхгийг аваад эхнэрийн хамтаар 2, 2-оор нь авч уусан. Тэгээд байж байтал 03 цагийн үед хажуугийн ширээнд суусан залуус надтай гэнэт яагаад байгаа юм гэж хэлээд маргалдсан. Маргалдаад над руу намхан биетэй залуу нь цохих гээд дайраад байхаар нь би гараараа түлхээд зайгаа авсан. Тэгсэн чинь цуг байсан өндөр залуу нь миний толгой хэсэгт гараараа миний зүүн хацарт цохисон. Тэгээд тэр өндөр залуу нь намайг доошоо дарахад намхан залуу нь бас цуг дээрээс дараад доошоо тонгойлгож байгаад нүүр болон гэдэс рүү хоёулаа өшиглөсөн. Намайг бас унагах гээд 2-лаа өшиглөөд байсан. Тэр хүмүүстэй цуг явсан гэх эмэгтэй хажуугаар орж ирээд бас давхар цохиод маажих гээд дайраад байсан. Тэгэхээр нь манай эхнэр тухайн эмэгтэйг болиулах г очсон чинь манай эхнэр лүү дайраад байсан. Тэгээд тэр хоёр залуу хоёр луу намайг баарнаас чирч гаргаад баарны үүдэнд гар барьж байгаад зодож өшиглөсөн. Тэгээд би тэр хоёроос зайгаа аваад холдоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Э-ын өгсөн: "... Би 2023 оны 4 дүгээр сарын 01-ний үүрээр 03 цагийн үед нөхөртэйгөө Сансарын тунелийн дээр байх бааранд сууж байхад хажуугийн ширээний хүмүүс манай нөхөртэй маргалдсан. Тэгэхэд жижиг биетэй залуу нь босож ирээд манай нөхөр лүү дайрсан чинь манай нөхөр босоод маргалдаж хоорондоо барьцалдсан. Тэгж байтал нөгөө өндөр биетэй залуу нь хажуугаас нь орж ирээд манай нөхрийн толгой хэсэгт цохисон. Тэгээд ноцолдоод зууралдаад үүдний хэсэгт очсон чинь бааранд байсан хүмүүс гар гэж хэлээд үүдээр гарцгаасан. Тэр болтол манай нөхөр нөгөө хоёр залуутай “чи тавь, би тавь” гээд зууралдаад гадаа гарсан. Тэгээд гадаа үүдэнд нөхөр болохоор “гарахгүй” гээд нөгөө хоёр залуу “чирээд гаргаад ир, гарч байгаад наадахыг чинь зодчихъё” гэж хэлээд гарцгаасан. Тэгтэл нэг эмэгтэй манай нөхрийн нүүрэнд цохиод би “болиоч” гээд татаад болиулсан. Тэгээд гадаа нөгөө хоёр залуу манай нөхрийг цохиод байсан харин манай нөхрийн хоёр гараас нөгөө хоёр залуу барьсан байсан учраас хариу үйлдэл үзүүлж чадахгүй цохиулаад байсан. Тэгж байтал манай нөхөр өөрөө сулраад цагдаад дуудлага өгөөд цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/, Гэрч А.С-ийн өгсөн:  "... Хариулт: Би 2023 оны 4 дүгээр сарын үеэр Сансарт 2 охины хамтаар манай үеэл М бид хоёр цуг нэрийг нь санахгүй байна бааранд ороод хүний 2 шил пиво аваад ширээнд сууж байсан. Тэгтэл. бүжгийн ая явсан чинь бид нар босож бүжиглэсэн. Тухайн ая нь хамгийн сүүлийн ая байсан. Тэгээд үүрийн 04 цагт тухайн баар хааж байна гээд хүмүүс дургүй байсан. Гэтэл хажуу ширээнд сууж байсан ах эгч хоёр дахиад нэг ая тавьчхаач гэж хэлээд бид нарын ширээний ярианд оролцоод байсан. Тэгэхээр нь М “та больчих, бид нар хоорондоо юм ярьж байна ш дээ” гэж хэлсэн чинь нөгөө ах “чи ер нь яагаад урдаас томроод байна” гэж хэлээд уурлаж босож ирээд М-тай барьцалдаж авсан чинь нөгөө ах М-ын нүүрэнд цохиод түлхээд сандал мөргүүлээд дээр нь гараад суусан. Тэгэхээр нь би очиж салгах гэж нэлээн ноцолдсон. Салгаж аваад ширээндээ очсон чинь нөгөө маргалдсан хүн “та хоёр нийлээд намайг зодчихлоо” гэж хэлээд эхнэр нь “цагдаа дуудна” гэж хэлээд цагдаа дуудаад бид нар явах гэсэн чинь эхнэр нь хаалга хааж зогсоод явуулахгүй байсан. Тэгсэн чинь М бид хоёртой хамт явсан охид түлхээд гараад явсан чинь нөхөр нь бид нарын араас гарч ирээд баарны DJ хийж байсан залуу, баарны зөөгч охин нэг эгчийн хамтаар “та нар гарахдаа хаалга эвдэлчихлээ” гэж хэлээд байж байсан. Би бааранд буцаж ороод цүнхээ аваад гарч ирэхэд гадаа зодоон болж байсан. Тэгээд цагдаа ирсэн. Би тухайн зодуулсан хүний биед салгах гэж хүрсэн цохиж зодоогүй. Намайг баарнаас гараад ирэхэд Т гэх ах М-тай зууралдаад заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрыг зодолдсон талаар сайн хараагүй. Бааранд байхад тэр хоёр доор дээрээ ороод ноцолдоод зууралдаад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн "...Х.Тийн биед доод зүүн 2 дугаар шүдний эмтрэл, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх 4512 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, ямар нэг санал хүсэлт байхгүй гэдгээ /хх-ийн 85 дахь тал/ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА