| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/04226/И |
| Дугаар | 183/ШШ2021/00570 |
| Огноо | 2021-03-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2021/00570
| 2021 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2021/00570 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Г.Б холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У миний бие 2013 онд Г.Б танилцаж, хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Бгийн Б, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин Бгийн Ц нар төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2019 оноос салж, тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин, хүү хоёр маань миний асрамжид амьдарч, эрүүл бойжиж байгаа. Г.Б бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Г.Бгээс хүү Б.Б, охин Б.Ц нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хоёр хүүхэд болох хүү Б.Б, охин Б.Ц нарт хүүхдийн тэтгэлэг төлнө. Би ажилтай байгаа тул намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Уын нэхэмжлэлтэй, Г.Бд холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.У, Г.Б нарыг хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Боржигон овогтой, Бгийн Б, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин Боржигон овогтой, Б Ц нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, Төрсний бүртгэлийн 112 дүгээр, 11220 дугаар гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд хүү Б.Б, охин Б.Ц нар эрүүл бойжиж байгаа, эхийн хамт амьдарч байгаа болох нь “Уясах” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар дунд сургуулийн тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Боржигон овогтой, Бгийн Б, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Боржигон овогтой, Бгийн Ц нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Бгээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нь “өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Боржигон овогтой, Бгийн Б, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Боржигон овогтой, Бгийн Ц нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Бгээс тэтгэлэг гаргуулсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уын улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 59.110 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 59.110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД