| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0107/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/145 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/145
2024 02 06 2024/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г-ийн М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 00000 0014 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч мэргэжилтэй, ........................ ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..............................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Г-ийн М /РД.............................. /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн................................. тоотод хохирогч А.Атай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа, нүүр хэсэгт цохих зэргээр хүч хэрэглэн халдаж, мөн түүний эхнэр болох Х.Эын нүүр, цээж хэсэгт гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Э-ын өгсөн: "... Би 2023 оны 12 дуаар сарын 02-ны өдөр 18 цаг 30 минутын үед М гэх манай нөхрийн найзынд очсон тэгээд М эхнэртэйгээ хамт байсан бид хоёр гаднаас 6 лааз Сэнгүр пиво авч орж ирсэн.Бид дөрөв 21 цаг хүртэл пиво ууж юм ярилцаж суусан, тэгээд байж байхад М Ф руу залгаад “гэр лүү хүрээд ирээ Аийн төрсөн өдрийг тэмдэглэж байна” гээд ярьсан.Тэгээд төд удалгүй Ф, Л гэх дүүтэйгээ цуг ирсэн Ф тэгээд Мын цаагуур хэвтээд өгсөн. Тэгээд тавуулаа суугаад юм ярилцаж байсан чинь гэнэт М сефэн дотроос жижигхэн буу гаргаж ирээд Леонийг “яв” гээд хөөсөн тэгээд Леон шууд яваад өгсөн тэгээд М Л-ийг гаргасны дараа А /Э-ын нөхөр/-рүү “танай дүү Л чинь миний 12 ширхэг сум аваад явчихлаа” гэж хэлсэн чинь манай нөхөр Л-ийг өмөөрөөд “манай дүү чиний сумыг авах хүн биш ээ” гээд хоорондоо маргалдаад М шууд манай нөхрийг доороо хийгээд зодож эхэлсэн тэгээд би “болиоч” гээд хэлэхэд М-ын эхнэр “зүгээрээ наад хоёр чинь учраа олчихно” гээд байлгаад байсан би нэг өндийгөөд харсан чинь манай нөхрийн нүд хэсгээр хавдсан байсан. Тэгээд тэр хоёр үүдний тэнд чимээгүй болохоор нь би очоод харсан чинь манай нөхөр байгаагүй.Би М-оос манай нөхөр хаана байгааг асуухад М “би гаргаад явуулцан” гэж хэлсэн тэгээд би “чи манай нөхрийн нүүрийг яагаад ийм болгож байгаа юм бэ” гэхэд намайг “чи яасан нөхрөө өмөөрөөд байгаа юм уу” гээд хуруундаа нэг зүйл хийчхээд хана руу хэд хэд цохиод намайг доошоо харуулаад толгой хэсэг рүү цохисон тэгээд би гэнэт нэг мэдсэн чинь орцон дотор манай нөхөр Леон хоёр нүүр лүү алагдаад сэрээж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А-ын өгсөн: "... Би 2023 оны 12 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө эхнэр бид хоёр найз Мын гэрт зочилж очсон. Тэгээд тэндээ 1 шил тикилла уугаад дуусахаар нь гарч 1 шил архи нэмж аваад уусан. Тэгээд уугаад сууж байхдаа найз Ф-ыг дуудахад Леон бас хамт ирсэн. Тэгээд ууж сууж байгаад М Л-ыг “чи энд байх, эрхгүй одоо яв” гэж хэлсэн. Тэгсэн чинь Л хариуд нь “би чам дээр ирээгүй ах дээрээ ирсэн” гэж хэлсэн чинь М Л-ыг хөөгөөд гаргачихсан. Тэгээд М бид хоёр үүдэнд “тамхи татъя” гэж хэлээд гарах гэж байгаад маргалдахад М намайг хэд хэдэн удаа нүүрэнд тус газарт цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд цээж хэсэгт нь цохиод бид хоёр зодолдож эхэлсэн. Тэгээд нэг мэдсэн би орцонд байсан. Гэнэт ухаан орох үед Л ирчихсэн бид хоёр хаалга нүдэж байсан. Манай эхнэр Э дотор орилоод байсан. Тэгсэн чинь М хаалга онгойлгоод над руу дайраад бид хоёр дахиад зодолдож эхэлсэн. Тэгж байтал хаалгаа М дахиж онгойлгоод Э-ыг шидэж гаргаад тэгээд Ф-ын куртикийг шидээд тэгээд хаалгаа хаагаад би цагдаагийн байгууллага болон түргэн дуудсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дэх тал/, Гэрч М.Ф-ын өгсөн: "2023 оны 12 дугаар сарын 02-ноос 03 шилжих шөнө 00 цагийн үед С, М хоёр намайг дуудаад би Мын гэрт очих гээд явж байхад Л-ны болох Дарь-Эхийн орчимд С-ийн дүү Л-той таараад Л “би таныг хүргээд өгье” гэж хэлээд бид хоёр хамтдаа М-ын гэрт орсон. Орж ирэх үед С, Э, Мө, М нар гэрт нь юм яриад сууцгааж байсан. Тэгээд Л бид хоёр орж ирээд ширээн дээр суусан чинь С 2 хундага архи өгсөн. Тэгээд би пиво ууж байгаад цаг гарны дараа нойр хүрээд би унтсан. Унтаж байхад цаана хүмүүс хашхиралдаад байхаар нь би гайхаад сэрэхэд С орилж байсан. Хүмүүс рүү хашхичаад байсан. Би тэгээд босоод очсон чинь С гэрийнх үүдэнд ганцаараа зогсож байсан. Тэр үед С, Л нар байгаагүй. Би “юу болоод байгаа юм” гэж асуусан чинь маргалдсан талаараа хэлсэн. Тэгж байтал М-ын гэрийн хаалгыг цаанаас нь хүн балбаад байхаар нь М болиулах гээд гарах гэхээр нь би гаргаагүй. Тэгээд удаагүй М, Мө хоёр гараад явсан. Гэрт би ганцаараа үлдээд унтсан. Өглөө 8-9 цагийн үед гаднаас М, Мө хоёр орж ирсэн." гэх мэдүүлэг, /хх-19 дэх тал/ Гэрч Э.Мө-ийн өгсөн: "2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр С-ийн эхнэр над руу залгаад “ахынхаа байрны найрнаас гарч байна. Танайд явууд очъё” гэхээр нь би жоохон дургүй “дараа болъё” гэж хэлсэн чинь зүгээрээ гээд ирсэн. Ирэхээр нь хоол цай хийж өгсөн. С эхнэрийн хамт манайд ирэхдээ “юу авахаа мэдсэнгүй” гээд 1 чипс, 6 пиво, 1 сүү бариад орж ирсэн. Тэгээд архи уухгүй байгаа учраас С бид 2 авчирсан пивог уусан. Харин нөхрийн задалж өгсөн Тикиллаг С ганцаараа шахуу уусан. Ууж идээд байж байтал шөнийн 00 цагийн үед Фёдр болон С-гийн дүү Л нар манай ирсэн. Тэгээд өмнө нь авсан 1 шил архийг С Л нар хувааж уусан. Харин Ф унтлагын өрөөнд унтаж байсан. Манай нөхөр зурагт үзээд хуучин зурагнуудаа компьютер дээрээсээ үзүүлээд сууцгааж байсан. Тэгээд архи дуусаад унтах гээд манай нөхөр Л-ыг ахыг “эрт харьж амар” гэж хэлээд гаргах гэсэн чинь Л явахгүй байсан. Харин С “чи манай дүүг хөөлөө” гээд уурласан. Тэгээд нэг мэдсэн манай нөхрийг нийлж зодоод байсан. Би тэгэхээр нь алуулах юм байна гэж бодоод нөхрийгөө дагуулаад машиндаа орж сууж байгаад гараад явахаар нь эргэж гэртээ орсон." гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай "..Ч А А-ийн биед зүүн нүдний доод зовхины өнгөц шарх, 2 нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна." гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай "..Х.Эын биед эрүүний шарх, зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүний шарх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүний зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна." гэх дүгнэлт /28-29 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э болон А.А нар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь хохирогч нарт 500,000 төгрөгийг төлсөн, хохирогч нар гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн /хх-ийн 44, 51 дэх тал/ байх тул шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Мыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Мод оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА