Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/00643

 


 

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр

      Дугаар 183/ШШ2021/00643

    Улаанбаатар хот

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Б.Т нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Б.Г холбогдох,

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Б.Г, түүний өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т миний бие нь 2007 онд Б.Г танилцаж, 2014 оноос хамтран амьдарсан ба бид 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хүү Т.И 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. Б.Т би Б.Гийн биед гэмтэл учруулж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор торгуулийн ял шийтгүүлсэн. Ингээд бид 2018 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү, хүү Т.Иийг Б.Гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Г нь Б.Ттэй 2014 оноос эхлэн хамт амьдарч, 2015 онд гэрлэлтээ батлуулсан.  Бидний дундаас 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүү Т.И төрсөн. Биднийг хамт амьдрах хугацаанд Б.Т нь гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж, би айдас хүйдэстэй амьдарч байсан. Б.Т нь огцом ууртай, уурлахаараа биеэ барих чадваргүй болдог. Б.Т нь сүүлд буюу 2018 оны 7 дугаар сард намайг хардсаны улмаас зодож, түүнээс хойш бид тусдаа амьдарч байгаа ба одоо Б.Т нь өөр хүүхэнтэй хамт амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүү Т.Иийг би өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.  

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Б.Тий нэхэмжлэлтэй, Б.Гт холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Балжид онход овогтой, *****ын Т, ***** овогтой, *****ийн Г нар 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн ***** дугаарт бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, мөн “...2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй...” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Т, Б.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн Б.Г нь Б.Тий хүчирхийлэл, дарамтаас болж түүний эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолоор нотлогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах шаардлагагүй болохыг дурдав.

 

Гэрлэгчдийн дундаас 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүү Балжидонход овогтой, Тий И төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн***********дугаар гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд хүү Т.И эрүүл бойжиж байгаа, эхийн хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, “Амгалан өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогджээ.

 

Зохигчид хүү Т.Иийг эх Б.Гийн асрамжид үлдээхээр тохиролцсон байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Балжидонход овогтой, Тий Иийг эх Б.Гийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Т.Иийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Тээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Балжид онход овогтой, *****ын Т, ***** овогтой, *****ийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Балжидонход овогтой, Тий Иийг эх Б.Гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн төрсөн хүү Т.Иийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Тээс тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Тий 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч Б.Гийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД