Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00180

 

2021 оны 01 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2021/00180 УлаанБ.. хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, орцонд байрлах, Т.. СӨХ /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Х.. овогт Ө..тийн Б.. /РД:.../-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 397 200 төгрөг гаргуулахыг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.. нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол,  байрны ... тоотод оршин суудаг. Б.. нь 2016 оны 04 сараас 2020 оны 7 сарыг дуустал нийт 52 сарын СӨХ-ны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 386 400 төгрөгийг төлөлгүй СӨХ-ны бүх гишүүдийн эрх ашгийг хохироож байгаа. Иргэн Б.. нь тухайн байрны өмчлөгч байх учраас Иргэний хуулийн 144 дүгээр зүйл, СӨХ засвар үйлчилгээ нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.2-д зааснаар өмчлөгчөөс шаардах эрхтэй тул ****раас СӨХ-ийн төлбөрийг шаардаж байна. Хариуцагчийг СӨХ-ны хуралдаа оролцохыг удаа уриалж байсан боловч хуралдаа оролцдоггүй байсан. Мөн нотариатын үйлчилгээний зардал 10 800 төгрөг, нийт 397 200 төгрөгийг хариуцагч Б..аас гаргуулж өгнө үү... гэв.

 

Зохигчийн тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.. СӨХ нь хариуцагч Ө.Б..т холбогдуулан 2016 оны 04 сараас 2020 оны 07 сар хүртэлх нийт 52 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 386 400 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10 800 төгрөг, нийт 397 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.. СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу байгуулагдсан болох нь тогтоогдож байх тул шаардах эрхтэй байна.

 

Өмчлөгч гэж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээдийг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан 2019 оны 4 сарын 06-ны өдрийн 01 дугаар Т.. СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолын хавсралт гэх баримтад нэхэмжлэлд заасан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, * дүгээр байрны ... тоотын оршин суугч **** Б.. гэж бүртгэгдсэн, хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн хаяг болон Иргэний үнэмлэх дэх бүртгэлтэй хаяг нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** байрны ... тоот гэснээс үзэхэд хариуцагч Ө.Б.. нэхэмжлэлд заасан орон сууцны өмчлөгч, ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл баримтаар нотлогдохгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Т.. СӨХ-ны хариуцагч Ө.Б..т холбогдуулан гаргасан 2016 оны 04 сараас 2020 оны 07 сар хүртэлх нийт 52 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 386 400 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10 800 төгрөг, нийт 397 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сууц өмчлөгч этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 566 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй ба шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг баримтланТ.. СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 397 200 төгрөг гаргуулах тухай Ө.Б..т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ********* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ