Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2021/00379

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2021/00379

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/01755/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот Б... дүүрэг ...дугаар хороо ... дүгээр байр ... дүгээр орцны ... тоотод түр оршин суух, регистрийн дугаар РЛ..., Ц... овогт Д. Х. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ш... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар РУ.......3, Б... овогт Х.Б.. холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Д.Х.. /zoom.mn программ ашиглан Улаанбаатар хотоос цахимаар/, хариуцагч Х.Б.../zoom.mn программ ашиглан Хөвсгөл аймгийн Ш... сумаас цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Х. нь иргэн Х.Б. 2017 онд танилцан, үерхэн дотносож эхэлсэн. Бидний энэхүү дотно харилцааны явцад буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Б. төрсөн. Х.Б. Б.Б. өөрийн төрсөн охин мөн болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэр ч утгаараа өөрийн нэрээр овоглож, төрсний гэрчилгээ авсан. Охиноо төрөх үед Х.Б. бид хоёр тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй байсан бөгөөд хэн, хэнийхээ гэрт ээлжлэн ирэн, очиж амьдарцгааж байсан. Охин Б.Б...г төрснөөс хойш Х.Б..н ааш зан эрс хувирч, эцэг хүний үүргээ умартан, үр хүүхэд, хань ижлээ хайрлаж, халамжлан, тэжээн тэтгэхээс зайлсхийх болсон. Шалтгаан нь тэрээр өөр эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн байсан бөгөөд цаашид охин бид хоёртой нэг гэр бүл болж амьдарч чадахгүй гэдгээ илэрхийлсэн.

Иймд охин Б.Б...д эцэг Х.Б...с нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Х.Б.. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: Би Д.Х... 2017 онд танилцан, үерхсэн. Бид үерхэж байснаас цаашгүй нэг гэртээ ороогүй хааяадаа уулздаг л байсан. Х... үерхэж байх явцад би жирэмсэн болсон гэсэн ба чиний хүүхэд гэхээр нь тийм юм болов уу? гээд өөрийнхөө нэрээр овоглохыг зөвшөөрсөн. Нутгийн залуучууд Д.Х...н талаар янз бүрийн зүйл яриад байсан тул би түүнээс хөндийрөх болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Б...г миний хүүхэд мөн эсэхэд эргэлзэж, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн юм. Хүүхдийн эцэг тогтоох шинжилгээгээр миний хүүхэд мөн болох нь тогтоогдсон тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х. нь хариуцагч Х.Б. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Б...г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, зохигчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан охин Б.Б...н төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр: 1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S13588 THO18 D21S11, D18S51, D13S317, D16S539, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Х.Б... нь Б.Б...н биологийн эцэг байх боломжтой байна.

2. Х.Б.... нь Б.Б....н биологийн эцэг байх магадлал нь 99.99% байна. гэсэн утга бүхий Шинжээчийн дүгнэлт зэргээр нэхэмжлэгч Д.Х.., хариуцагч Х.Б... нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас охин Б.Б... төрж, эцгээрээ овоглогдсон болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заасан байх тул 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, охин Б... овогт Б.Б.д эцэг Х.Б...с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хүүхэд ээжийнхээ асрамжид өсөн хүмүүжиж байгаатай талууд маргаагүй тул шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Д.Х...н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б...с 34.215 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х..д олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РЛ...., 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, охин Б... овогт Б.Б...д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Б...с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Х....н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б....с 34.214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х....д олгосугай.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА