Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 119/ШШ2022/0024

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Гомдол гаргагч: иргэн Д.Г, 

            Хариуцагч: ОБГ-ын ГТУХБ Л.Б,

           Гомдлын шаардлага: “ОБГ-ын ГТУХБ-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0031951 дугаар шийтгэлийн хуудас, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0262417 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.Г, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч Д.Г нь “ОБГ-ын ГТУХБ Л.Б-ийн 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0031951 дугаар шийтгэлийн хуудас, 0262417 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар  шүүхэд гомдол гаргасан.

            2. Хариуцагч Л.Б нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4 дүгээр хороолол .. дугаар байрны .. тоотод оршин суугч Д-ийн Г-ийн “ Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-... байр .. тоот Д.Г, ... тоот Б.Э, ... тоот Д.А нарын тагтны хэсэгт гал гарч бусад өрөө тасалгаанд тортог үүссэн” гэх асуудалд зөрчлийн 2225000303 дугаартай хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, “Д.Г-ийг галын аюулгүй байдлаа хангаагүй болох нь фото зураг, оролцогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэн Д.Г-ийг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр торгох, бусдад учруулсан хохирлын 8.176.900 /найман сая нэг зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөгийн төлбөр төлүүлэх шийтгэл оногдуулсан байна.

            3. ОБГ-ын ГТУХБ, ахмад Л.Б 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, иргэн Д.Г, хохирогч Д.А болон гэрч нараас мэдүүлэг авч, Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын нэгдсэн төвөөр шинжээчийн дүгнэлт гаргуулж, Орхон аймгийн Онцгой байдлын газар ГТУХБ-аар дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг явуулсан байна.

            Гомдол гаргагч иргэн Д.Г нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандсан байна.

            4. /Гомдлын үндэслэл/ Гомдол гаргагч Д.Г нь Орхон аймгийн ОБГ-ын ГТУХБ Л.Б-ийн 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0031951 дугаар шийтгэлийн хуудас, 0262417 дугаар шийтгэлийн хуудсуудыг дараах үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. Үүнд:

4.1. Гомдол гаргагчаас: “2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 4-.... дугаар байрны 6, 7, 8 дугаар давхрын тагтанд гал гарсан тус байрны 6 давхарт манайх оршин суудаг. Тухайн галын дүгнэлт нь манай тагтнаас гал эхэлж гарсан гэж шийтгэлийн хуудас ирсэн. Манай тагтан дээр махтай хөлдөөгч байсан дээшээ дамжиж асах ямар нэгэн материал байгаагүй. Мэргэжлийн цахилгаанчин ирж үзэхэд давхрын шийт болон гэр доторх цахилгаан хэвийн ажиллагаатай байсан. Иймд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шалгуулах хүсэлттэй байна.” гэжээ.

4.2. Гомдол гаргагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гал гардаг өдөр би ажил дээрээ ээлжинд гарч байсан. Тэр асуудлыг ээлжийн даргаасаа сонсоод ирэхэд онцгой байдлынхан ирсэн, тагтан дээр байсан юм шатсан, таньж мэдэхгүй хүмүүс манай гэрт орж гарсан байдалтай байсан. Онцгой байдлын дарга гэж өмнө нь таньдаг залуу аягүй сонин, Д.Г-оо чи хоёр айлын өрөнд орчлоо гээд орж ирсэн хүмүүст тийм ойлголт төрүүлж байсан. Тагтан дээр байсан шатсан хөлдөөгчөө асууж асууж хаячихсан чинь хаана хаясан бэ гэсэн. Хаях хэрэггүй байсан юм болов уу. Байцаагч дуудаад 2 айлд гал гарсан, тэр айлын хүмүүс намайг буруутай, танайхаас гарцаагүй, уучлалт ч гуйгаагүй гээд байгаа. Би энэ шийдвэрийг дахиж шалгуулмаар байна.” гэв.

            5. Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 43 минутанд 4-…. байрны 6 давхарт гал түймэр гарч гэсэн дуудлагыг оператор 101-ийн дуудлагын дагуу очсон. Тэгээд очиход гал унтраах бүрэлдэхүүн очсон ажиллаж байсан. Би хэргийн газрын үзлэг хийхэд 6, 7 давхрын айлууд цоожтой, 8 давхрын айл хүнтэй байсан. Үзлэг хийх явцад прокурортой зөвшилцөөд зөрчлийн хэрэг нээгээд оролцогч нарт тухай бүрт мэдэгдэж ажилласан. Хамгийн гол нь хөлдөөгч хаясан, хаяагүй талаар надаас асуусан гэж байна. Өрөө тасалгаанаас авсан уртасгагчийг тагтны цонхонд нүх гаргаад хөлдөөгчөө цахилгаанаар хангасан байгаа. Тэгэхээр гамшиг судлалын хүрээлэнд ямар дээж материал шаардлага хангахуйц байдаг вэ гэхээр цахилгаан дамжуулагч утас байдаг. Яг хөлдөөгчний мотортой холбоотой зүйл дээжинд тэнцэхгүй гэж үздэг. Би хөлдөөгчний дээж авъя гэж байгаад болиод Д.Г-ийг байлцуулаад цахилгааны утасны дээжийг авч гамшиг судлалын хүрээлэн рүү явуулсан.Хүрээлэнгээс тухайн цахилгааны утсанд богино холболт үүссэн байна гэсэн дүгнэлт гарсан учраас оролцогч нарт танилцуулсан.” гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

1.  Гомдол гаргагч Д.Г нь  “Орхон аймгийн ОБГ-ын ГТУХБ-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0031951 дугаар шийтгэлийн хуудас, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0262417 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад гомдол гаргагч Д.Г гомдлын шаардлагаа өөрчлөн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0031951 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг дэмжсэн.

3. Орхон аймгийн ОБГ-ын ГТУХБ 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хүрэнбулаг баг 4-.... байрны 6 давхарт гарсан галын зөрчилд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0262417 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас гаргасан нь ГТУХБ, ахмад Л.Б-н алдаа байсныг залруулж, дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон ба энэ талаар нэхэмжлэгч маргаангүй нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.   

4. Гомдол гаргагч Д.Г-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.  Орхон аймгийн ОБГ-ын ГТУХБ Л.Б нь 2022 оны 04 дүгээр 02-ны өдрийн 12 цаг 43 минутанд Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4 дүгээр хороолол .... дугаар байрны 1 дүгээр орц 6 давхрын .... тоотын иргэн Д.Г, 7 дугаар давхрын .... тоотын иргэн Б.Э, 8 дугаар давхрын ... тоотын иргэн Д.А-ын тагтны хэсэгт вакум хаалга, цонх, эд хогшил шатаж гал түймрийн улмаас хохирол үүссэн гэх асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг явуулжээ.

6. ГТУХБ Л.Б Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 хороолол .... дугаар байрны 1 дүгээр орц ..... тоот Д.Г нь “Галын аюулгүй байдлаа хангаагүй болох нь фото зураг, оролцогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт” зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №0031951 тоот шийтгэлийн хуудсаар 100.000 /нэг зуун мянган төгрөгөөр торгох, хохирлын 8.176.900 /найман сая нэг зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.  

7. Гомдол гаргагч Д.Г нь ГТУХБ 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0031951 тоот шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шалгуулах хүсэлттэй байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлын шаардлагын тухайд:

7.1. Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа /гадагш чиглэсэн/ шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэснийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

7.2. Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 43 минутанд Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр хороолол ..... дугаар байр 1 дүгээр орцны 6, 7, 8 дугаар давхруудын тагтанд гарсан гал түймрийн  хэрэгт хяналт шалгалтын ажиллагааг хэрэгжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчлийн 2225000303 дугаар хэргийн “Зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны материал”-аар нотлогдож байна. Үүнд:

1/ Иргэн Д.Г-ийн оршин суух Орхон аймгийн Баян-Өндөр сум 4 хороолол, .. дугаар байр ... тоот 6 давхрын тагтны хэсэгт гал түймрийн голомт үүссэн болох нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Орхон аймгийн Онцгой байдлын газар ГТУХБ-ийн 06/08 дугаар дүгнэлтээр

 2/ Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12/73 дугаар шинжээчийн “ ...иргэн Д.Г-ийн тагтан дээр ажиллаж байсан хөлдөөгчний цахилгаан дамжуулах утсанд “ ...бөмбөлөг үүссэн, бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх ...” гэсэн дүгнэлтээр

3/ “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0-24 дугаар тэмдэглэл, гал түймэр унтраасан тухай 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 56/03 дугаар нотломж, болон гэрч нарын мэдүүлэг зэргээр иргэн Д.Г-ийн тагтнаас гал түймэр гарсан болох нь нотлогджээ. 

            8. Хариуцагч зөрчлийг хянан шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.” 2-д “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.” заасныг хэрэгжүүлэн зөрчлийг шалгаж тогтоосон байна  гэж шүүх үзлээ.

Иймд Орхон аймгийн ОБГ-ын ГТУХБ Л.Б-н 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "Зөрчилд  шийтгэл оногдуулах тухай" №0031951 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэн Д.Г нь улсын байцаагчийн болон шинжээчийн дүгнэлттэй тус тус танилцсан гэж тайлбарласан ба гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасны удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн ОБГ-ын ГТУХБ Л.Б-н 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0031951 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.БОЛОРМАА