Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

шүүгдэгч Б.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэлх овогт Болдын Батболдод холбогдох эрүүгийн 201619000773 дугаартай 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймаг  Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 2 дугаар баг 7-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бэлх овогт Болдын Батболд /РД:НМ89111611/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Батболд нь Төв аймгийн Жаргалагт сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Дэлгэр булаг” гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,6м3  нойтон нарс мод бэлтгэн уг газраас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн “Хюндай маяти” маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 1230809 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь:

Шүүгдэгч Б.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Иргэний нэхэмжлэгч Д.Дарьсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Гэм буруутай этгээдүүд ойн санд учруулсан экологи эдийн засгийн хохиролоо нөхөн төлөх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэм буруутай этгээд ойн учруулсан хохиролыг "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49-р зүйлийн дахь заалтыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж манай орон нутгийн төсөвт оруулах шаардлагатай. Төв аймгийн Жаргалант сумын иргэдэд нойтон мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй юм” гэсэн мэдүүлэг /хх-24 тал/,

Гэрч Т.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны оройн 21 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт байдаг "Баянхошууны ар булаг" гэх газар эргүүл шалгалтын үүрэг байгаль хамгаалагч Ууганбаярын хамт гүйцэтгэж байхад цагаан өнгийн Маяти маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоон шалгахад иргэн Батболд, үл таних залуугийн хамт зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй 20 орчим тооны мод ачиж явсан. Тухайн үед Батболд би уг моднуудыг "Хурах" гэх газраас бэлтгэбайсан ба тус залуугийн хамт өөр ямар нэгэн зүйл яриагүй. Байгаль хамгУуганбаяр тэд нарыг аваад сумын төврүү хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн еявсан ба харин би тус газар эргүүл шалгалтын үүргээ гүйцэтгээд үлдсэн байгаа. Ойролцоогоор 2 метрийн урттай нойтон нарс мод ачаад явж байсан хэдэн ширхэг мод байсныг тоолох боломж байгаагүй. Яагаад гэвэл тээврийн хэрэгслийн тэвш хэсэг нь амбаартай байсан бөгөөд ямарч л гэсэн барагцааг орчим тооны мод ачаад явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-26 тал/,.

 

Гэрч Л.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны оройн 21 цагийн орчим цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Бат-Эрдэний хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг “Баянхошууны ар булаг” гэх газар эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад цагаан өнгийн Маяти маркийн 21-73 УНЭ улсын дугаартай тэвш нь бүхээгтэй тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоон шалгахад нутгийн зүс таньдаг Батболд гэх залуу нэг залуугийн хамт явж байсан. Тухайн үед Батболд гэх залуу гарал үүслийн гэрчилгээгүй 20 орчим тооны нойтон нарс мод ачаад явж байсан болохоор би тэр хоёрыг хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байгаа. Батболд гэх залуу тухайн үед “Хурах” гэх газраас мод бэлтгэсэн гэж байсан. Нөгөө залуу нь ямар нэгэн зүйл яриагүй. Тоолж үзээгүй ямар ч л гэсэн барагцаагаар 20 орчим тооны нойтон нарс мод бэлтгээд явж байсан. Тухайн үед ойн сан хаасан байсан учир сумаас мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоогүй. Ойн сан хаасан үед ойгоос мод бэлтгэж болохгүй. Монгол Улсын ойн тухай хуулиар жил бүрийн намрын хуурайшилтын үеэр буюу 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 сарын 10-ны өдрийг хүртэл мод бэлтгэхийг зогсоосон байсан” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...”Хюндай Маяти” маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол “Монгорүматрикс” ХХК-ын нэр дээр байдаг боловч миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг тээврийн хэрэгслийг 2012 онд худалдан авсан ба уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч “Монгорүматрикс” ХХК-ыг 2013 оноос хайгаад олохгүй байгаа юм. Батболд надад төмс ногоо хураахад тусласан ба 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Батболд надад хэлэхдээ “дүү нь өөрийнхөө хураасан нүхэн зооринд хийсэн байгаа юм тэгээд машин хэрэг болоод байна. Та надад машинаа өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд түүнд Хюндай Маяти маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгсөн юм. Батболд надаас төмс, ногоогоо нүхэн зооринд хийх хэрэгтэй байна гэж хэлсэн ба түүнийг би хууль бусаар модонд явна гэдгийг мэдээгүй. Би түүнийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж яваад баригдсан талаар тухайн өдрийн шөнө нь мэдсэн байгаа. Би гомдолтой байна. Өөрийн машинаа буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-66 тал/, 

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-10 тал/,

-модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/,

-Б.Батболдын хууль бусаар тээвэрлэн явсан модонд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-12 тал/,

-бичиг баримт түр хурааж авсан тэмдэглэл /хх-13 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-18 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-19 тал/,

-хураан авах тогтоол /хх-20 тал/,

-хураан авсан тухай тэмдэглэл /хх-21 тал/,

-Төв аймгийн Жаргалант сумын засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/882 дугаар захирамж /хх-22 тал/,

-Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт /хх-30 тал/,

-Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-33-34 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-37 тал/,

-21-73 УНЗ улсын дугаартай “Хюндай Маяти” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-73 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-79 тал/,

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-80 тал/,

-сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай/хх-89 тал/,

 

-Шүүгдэгч Б.Батболдыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр /хх-48 -49 тал/, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-50-51 тал/, тус тус байцаасан тэмдэглэл, 

 

-Шүүгдэгч Б.Батболдыг ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад” ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-59 тал/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.Үүнд:

Б.Батболд нь Төв аймгийн Жаргалагт сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Дэлгэр булаг” гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,6м3  нойтон нарс мод бэлтгэн уг газраас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн “Хюндай маяти” маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 1230809 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Дарьсүрэнгийн мэдүүлсэн Гэм буруутай этгээд ойн учруулсан хохиролыг "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49-р зүйлийн дахь заалтыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж манай орон нутгийн төсөвт оруулах шаардлагатай. Төв аймгийн Жаргалант сумын иргэдэд нойтон мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй юм”, /хх-24 тал/, гэрч Т.Бат-Эрдэнэгийн мэдүүлсэн “Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны оройн 21 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт байдаг "Баянхошууны ар булаг" гэх газар эргүүл шалгалтын үүрэг байгаль хамгаалагч Ууганбаярын хамт гүйцэтгэж байхад цагаан өнгийн Маяти маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоон шалгахад иргэн Батболд, үл таних залуугийн хамт зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй 20 орчим тооны мод ачиж явсан” /хх-26 тал/, гэрч Л.Ууганбаярын мэдүүлсэн “Тухайн үед Батболд гэх залуу гарал үүслийн гэрчилгээгүй 20 орчим тооны нойтон нарс мод ачаад явж байсан болохоор би тэр хоёрыг хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байгаа. Батболд гэх залуу тухайн үед “Хурах” гэх газраас мод бэлтгэсэн гэж байсан. ... Тоолж үзээгүй ямар ч л гэсэн барагцаагаар 20 орчим тооны нойтон нарс мод бэлтгээд явж байсан. Тухайн үед ойн сан хаасан байсан учир сумаас мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоогүй. Ойн сан хаасан үед ойгоос мод бэлтгэж болохгүй. Монгол Улсын ойн тухай хуулиар жил бүрийн намрын хуурайшилтын үеэр буюу 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 сарын 10-ны өдрийг хүртэл мод бэлтгэхийг зогсоосон байсан” /хх-28 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаатарын мэдүүлсэн “..2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Батболд надад хэлэхдээ “дүү нь өөрийнхөө хураасан нүхэн зооринд хийсэн байгаа юм тэгээд машин хэрэг болоод байна. Та надад машинаа өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд түүнд Хюндай Маяти маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгсөн юм. Батболд надаас төмс, ногоогоо нүхэн зооринд хийх хэрэгтэй байна гэж хэлсэн ба түүнийг би хууль бусаар модонд явна гэдгийг мэдээгүй. Би түүнийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж яваад баригдсан талаар тухайн өдрийн шөнө нь мэдсэн байгаа. Би гомдолтой байна. Өөрийн машинаа буцааж авмаар байна”  /хх-66 тал/ гэх мэдүүлгүүд, -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-10 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/, Б.Батболдын хууль бусаар тээвэрлэн явсан модонд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-12 тал/, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт /хх-30 тал/, Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-33-34 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-37 тал/, шүүгдэгч Б.Батболдын дээрх үйлдлийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Б.Батболдыг Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батболдод ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн” 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” гэж тус тус заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

Шүүгдэгч Б.Батболд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж шүүх дүгнэж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Батболд нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул  энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Эд мөрийн баримт болон битүүмжилсэн эд зүйлийн талаар

2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 23 ширхэг хэрэглээний нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 21-73 УНЗ улсны дугаартай “Хюндай Маяти” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн бариултай цахилгаан хөрөө зэргийг  улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 21-73 УНЗ улсын дугаартай Хюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийн АЯ№0342492 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

      

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бэлх овогт Болдын Батболдыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж ойн санд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батболдод оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 23 ширхэг хэрэглээний нойтон нарс мод, Хюндай Маяти маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батболдод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батболдод тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Батболд нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэхь хэсэгт зааснаар Х.Маяти маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилэх тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Х.Маяти маркийн 21-73 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ№0342492 дугаартай гэрчилгэээг хууль ёсны эзэмшигч Б.Ууганбаатарт буцаан олгосугай.

 

10.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батболдод урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13.Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батболдод урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ