Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 01164

 

            Б.А, П.М, П.Х, П.Г нарын нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А, П.М, П.Х, П.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.П-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүү П.Г-ын сургалтын болон амьжиргааны зардалд 49 537 346 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, “Найман тахил” дэлгүүрийн орлогын 50 хувь болох 122 710 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, П.М, П.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И, хариуцагч Л.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А, П.М, П.Х, П.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А миний бие 1987 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Л.П-той гэр бүл болсон. Бидний дундаас 1988 онд 2 ихэр хүү П.М, П.Х, 1992 онд хүү П.Г нар төрсөн. Нөхөр Л.П 1998 оноос олон хүнтэй далдуур явалдаж, улмаар гэрийнхээ өмч хөрөнгийг цааш нь зөөж, 2002 оноос нууц амьдрал зохиож хүүхэдтэй болж, надаас салахын тулд намайг үргэлж хардаж зодож, байнга хэл амаар доромжилж, дарамталж, 2010 оноос тусдаа амьдарч байна. Намайг зодож, хүчирхийлсний улмаас 2 удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байсан. Одоо эвлэрч амьдрахгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Бага хүү П.Г 2012 оны 05 дугаар сараас АНУ-ын Миссурийн их сургуульд суралцаж байгаа боловч П.Г-ын урилга, виз, онгоцны зардал, зуучлалын хөлс, 2 жил 3 сарын сургалтын зардал, байр, хоол хүнс, амь насны даатгал, эмнэлгийн шинжилгээ, ном сурах бичиг, хувцас, интернет, нотебүк зэрэг бусад хэрэглээнд зарцуулсан мөнгөний 50 хувь болох 49 537 346 төгрөг гаргуулна. Нөхөр Л.П-д Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 25 тоот 3 өрөө орон сууц, Туулын 10 дугаар гудамжны 189 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 216 м.кв газрыг өгнө. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүнээс гараагүй, орлогогүй хүүхдээ эцэг эх нь адилхан тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд хүү П.Г-ын оюутан байх хугацааны бүх зардлыг цаашид хувааж гаргуулж өгнө үү. 

     Ц.А, П.М, П.Х, П.Г нарын өмчлөлд Чингэлтэй дүүргий 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 187А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 484 м.кв газар, түүн дээр байрлах эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд байршилтай, амины сууцны зориулалттай, 2 давхар сууц, хашаа, газар, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10-195 тоотод байрлах, модны цехийн 32 000 000 төгрөгийн үнэлгээтэй, 11 ширхэг тоног төхөөрөмжөөс ногдох хэсэг болох 25 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нар хамтдаа хуваарилуулна гэжээ.

    Хариуцагч Л.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А-тай 1987 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бүл болж, бидний дундаас хүү П.М, П.Х, П.Г нар төрсөн. Эхнэр Б.А-гийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Миний бие Санхүү эдийн засгийн дээд сургуулийн БНХАУ-ын Далианы Их сургуультай хамтарсан Бизнесийн бакалаврын зэрэг олгох ангид хүү П.Г-ыг оруулсан боловч, ээж нь хүү П.Г болон бусад хүмүүстэй тохиролцон, надад хэлэлгүй эрүүл мэндийн улмаас цаашид суралцах боломжгүй гэсэн өргөдөл гарган нэг жилийн чөлөө авч, Миссурийн их сургуульд явуулсан. Би хүү П.Г-тайгаа утсаар ярьж, байнгын холбоотой байдаг.

    Б.А 2010 оноос Баянмонгол хороололын 416 дугаар байрны 44, 45 тоот 2 өрөө хоёр байрыг худалдан авч хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Энэ хоёр байр болон Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 3-1, 3-1а тоотод байрлах газар бидний өмчлөлд байх ёстой үл хөдлөх хөрөнгө гэж үзэн өмчлөлийг хуваах эрхтэй. Үүнийг эхнэр, хүүхдүүдээ дагуулж очоод сонгож авсан. Би хүүхдүүдээсээ энэ байрыг хэний нэр дээр авсан бэ гэж асуухад хоёр ихэр хүү бид хоёрын нэр дээр авсан гэж хэлж байсан. Гэтэл Б.А үүнийг үгүйсгэж хүний гэрт байгаа мэтээр бичсэн байна. Энэ мэт дундын хөрөнгүүд Б.Агийн ах дүүгийн нэр дээр аман хэлцэлтэй байгаа болно. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4-74 тоот хашааны газрыг худалдан авахаар болж, тухайн үед өөрсдийн нэр дээр авах боломжгүй байсан учир Д.Батжаргалын нэр дээр байршуулж шүүхээр шийдүүлэн бидний нэр дээр шилжсэн. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36А дугаар захирамжаар Б.А, П.Х, П.М, П.Г нартай хариуцагч Л.А, Л.П нар эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсан. Б.А зөвхөн гэр бүлийн дөрвөн хүний нэр дээр авахаар улайран, хэл амаар доромжилж, миний өмчлөх эрх, эвлэрлийн гэрээгээр тохирсон хугацааг зөрчиж байгаад гомдолтой байна. Уг хөрөнгө миний авьяас чадвар, хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон тул хуваарьт хөрөнгө юм.

 Иймд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамж 74 тоот хаягт байрлах 18641311665318 нэгж талбарын дугаар бүхий 672 м.кв гэр бүлийн зориулалттай газар, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 25 тоот, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот орон сууцыг олгож өгнө үү. Уг 2 орон сууцыг нийлүүлж, 5 өрөө болгон засварласан болно. Мөн хүүхдүүдэд хөрөнгийг нэр заан хуваарилуулах хүсэлтэй байна гэжээ.

 Хариуцагч Л.П шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний дундын өмчид багтаж буй Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамж 74 тоот хаягт байрлах 18641311665318 нэгж талбарын дугаар бүхий 672 м.кв гэр бүлийн зориулалттай газрыг Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөр тогтоосон. Уг газрын 50 хувь буюу 336 м.кв талбайтай өмчлөх хэсгийг Л.П-ийн нэр дээр хуваарилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Дундын эд хөрөнгийг хуваахдаа Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар оруулсан хувийг харгалзан хүүхдүүдэд хуваарилуулахгүй. Мөн миний авьяас чадвар, хүч хөдөлмөрөөр энэ хөрөнгийг бий болох гол үндэс болсон тул миний хуваарьт хөрөнгө юм. Одоо энэ газарт Б.А үйл ажиллагаа явуулж байгаа.

   Мөн 2005-2009 оныг дуустал хугацааны дэлгүүрийн орлого 245 416 469 төгрөгийг Б.А хувьдаа завшсан тул 50 хувь болох 122 710 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Үүнийг “Найман тахил” дэлгүүрийн орлого, зарлагын товьёог гэх баримт болон хэрэгт хавсаргасан татварын тайлангаар нотолно. Тухайн үед дэлгүүрийн орлогыг Татварын өршөөлийн хуулиар багасгаж мэдүүлсэн тул одоо нотлох боломжгүй гэжээ.

     Нэхэмжлэгч Ц.А, П.М, П.Х нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамж 74 тоот хаягт байрлах 672 м.кв гэр бүлийн зориулалттай газар, хашаа байшин бидний гол амьжиргааны зүйл тул хуваан авч, зэрэгцэн орших боломжгүй. Миний бие хүү П.Х-ын хамт дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа, Л.П энд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэгч нарт хуваарилж өгнө үү. Дэлгүүрийн орлогыг нуун дарагдуулж, хувьдаа завшсан гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэжээ.

       Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Л.П, Тавууд овогт Б.А нарын гэрлэлтийг цуцалж,  

       Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч Б.А, П.М, П.Х, П.Г нарт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 187А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 484 м.кв газар, түүн дээр байрлах сэндвичэн барилга, шпалиар барьсан байшин, блокон болон төмөр сараалжин хашаа, 40 тоннын контейнер, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд байрлах амины орон сууц, граж, төмөр сараалжин хашаа, сул чөлөөтэй газар, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 189 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 216 м.кв газар, түүн дээр байрлах хашаа, байшин, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 672 м.кв газар, үйлдвэрлэлийн зориулалт бүхий 22 ширхэг тоног төхөөрөмжийг олгож, хариуцагч Л.П-д Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 25 тоот 3 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг олгож, хариуцагч Л.П-оос 14 121 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д 3 530 300 төгрөг, П.Х-т 3 530 300 төгрөг, П.Мт 3 530 300 төгрөг, П.Гт 3 530 300 төгрөгийг тус тус олгож, хариуцагчийн гаргасан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 672 м.кв газрыг өөрт хуваарилуулах, дэлгүүрийн орлогын 50 хувь 122 710 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

          Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү П.Г-ын сургалтын зардалд 49 537 346 төгрөгийг хариуцагч Л.Поос гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 661 217 төгрөг, хариуцагч Л.П-оос төлсөн 841 700 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.А, П.Х, П.М, П.Г нараас 2 188 376 төгрөгийг хувь тэнцүүлэн, Л.П-оос 591 750 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсвийн орлогод, Л.П-оос 2 258 576 төгрөг гаргуулж, Б.А-д 617 294 төгрөг, П.Х, П.М, П.Г нарт тус бүр 547 094 төгрөг олгож шийдвэрлэжээ.

       Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүх гэр бүлийн гишүүдийи хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Үүнд:

       1. Хариуцагч Л.П бүх амьдралын туршид хийж бүтээсэн ажлын туршлага, мэдлэг, авьяас чадвар дээрээ тулгуурлан "Монголын зүрхэн шүтээн-Гандан тэгчэнлин хийд” цогцолбор төслийг санаачлан Гандан хийдтэй хамтран хэрэгжүүлэхээр зураг төслийн ажил хийгдэж техникийн нөхцөл бэлэн болсны дээр Монгол Улсын Ерөнхий сайд дэмжин баталгаажуулагдсан байна. Энэ ажил маш удаан хугацаанд төлөвлөж хийгдсэн, нүсэр ажил бөгөөд Монгол улсын шашны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл гэж хэлж болно. Төслийн талаарх танилцуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү төслийг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 4-74 тоот хаягт байрлах 18641311665318 нэгж талбарын дугаар бүхий 672 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хариуцагч уг газрыг худалдаж авахад 520 000 000 төгрөг, төсөл боловсруулах болон үйл ажиллагааны зардалд 400 орчим сая төгрөг, нийт 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг уг газартай холбоотой үйл ажиллагаанд зарцуулсан байхад шүүх гэр бүлиин гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо насанд хүрсэн хүүхдүүдийн хувьд Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн шийдвэр гаргалаа.

     Хариуцагч өөрийн авьяас чадвараар эдгээр үл хөлдлөх хөрөнгүүдийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн байхад шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт заасныг харгалзан үзээгүй. Эд хөрөнгийг хуваарилахдаа гэр бүлийн гишүүдийн цаашдын амьжиргааны эх үүсвэрийг харгалзан үзсэнгүй. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө миний хөдөлмөрийн үр дүнд бий болсон талаар талууд маргаагүй. Гэтэл шүүх хөрөнгийн эх үүсвэрт хамаарал бүхий Засгийн газар болон Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас батлагдаж, хэрэгжиж эхлээд байгаа төслийн ажлын гол түшиц болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоот газрыг нэхэмжлэгч нарт хуваарилснаараа хариуцагчийн эрх тэгш байх эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн нэхэмжлэгч март хуваарилах хөрөнгийг шүүх тодорхойлж чадсангүй. Хариуцагчаас хүүхэд тус бүрт эд хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоот газрыг үнэлүүлэх хүсэлтийг шүүх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11529 дүгээр захирамжаар хангаж, "Хөрөнгийн үнэлгээний төв"-ийг шинжээчээр томилсон байна. Нэхэмжлэгчээс дээрх газар дээр байрлах дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаа байшингийн зах зээлийн үнэлгээг хийлгэх хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоот хаягт байршилтай 672 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн өнөөгийн зах зээлийн үнэ 201 600 000 төгрөг, дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаа 248,17 м.кв талбайтай байшингийн зах зээлийн үнэ 86 860 000 төгрөг нийт 288 460 000 төгрөгөөр тодорхойлжээ. Газар болон түүн дээрх эд хөрөнгө салгаж үл болох эд хөрөнгө бөгөөд шүүх газрыг гэр бүлийн гишүүдэд хуваарилахдаа 86 860 000 төгрөгийн үнэтэй байшингийн үнэлгээг орхигдуулснаараа гэр бүлийн гишүүдэд ногдох хөрөнгийг зөв хуваарилж чадсангүй. Шүүх эд хөрөнгийг орхигдуулах болон үнийн дүнг бууруулан тооцсоноор нэг хүнд оногдох хувь хэмжээ багассанаар хариуцагчид хохиролтой шийдвэр гаргахад хүргэсэн. Тооцоог шүүх үндэслэлтэй гаргасан бол нэг хүнд 249 358 800 төгрөгийн эд хөрөнгө оногдох байтал 189 678 800 төгрөгийн эд хөрөнгийг оногдуулж хариуцагчид оногдох хөрөнгийн хэмжээг 59 679 200 төгрөгөөр бууруулан шийдвэрлэжээ. Хариуцагчид газрыг хуваарилж Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар ногдох хэсгийн үнийг нь хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэх бүрэн боломжтойг шүүх харгалзан үзээгүй шийдвэр гаргасан.

          2. Хариуцагч Л.П дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 122 710 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор хариуцагч Л.П "Найман тахил” дэлгүүрийг ажиллуулснаар 2005-2009 оныг дуусталх хугацаанд нийт 245 416 169 төгрөгийн орлого олсон талаар "Найман тахил" дэлгүүрийн орлого, зарлагын товьёог, Хувь хүний орлогын албан татварын тайлан болон дэлгүүрийн орлого хүлээлцсэн 2000 хуудас баримтыг эх хувиар нь хэрэгт өгсөн. Мөн шүүх хуралдааны явцад татварын тайлангаар уг шаардлагаа нотолж байгаа гэж тайлбарласан. Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн дэлгүүрийн орлого хүлээлцсэн 2000 хуудас баримтыг шүүх хүлээж авсан атлаа хуульд нийцүүлэн шинжлэн судлуулаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй, шүүх хэрэгт aвагдсан баримтуудтай танилцаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Дээрх баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн байхад шүүх хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шааардлагыг хангахгүй гэж ерөнхийлөн дүгнэснээр шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон эх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох зарчим алдагдсан гэж үзнэ.

       3. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10-195 тоот хашаанд байрлах 32 000 000 төгрөгийн балансын үнэ бүхий хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр анх Ү.Х бүртгэлтэй байсан боловч Б.А, П.М, П.Х, П.Г нар хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг Ү.Х хүлээн зөвшөөрч Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 862 дугаар шийдвэрээр хамтран өмчлөгчөөр тогтоосон. Гэтэл шүүх хамтран өмчлөгч Ү.Хүрэлтулгын өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, бусад өмчлөгч нарт хувааж шүүхийн өмнө гаргасан алдааг залруулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх заалтыг зөрчсөн байна. Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагаа "Баянгол дүүргийн 16 сугаар хороо, Туулын 10-195 тоот хашаанд байрлах Модны цехийн 11 ширхэг тоног төхөөрөмжийн ногдох хэсэг болох 25 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах" гэж нэмэгдүүлсэхдээ зарим эд хөрөнгийг биетээр заримыг мөнгөн хэлбэрээр авахаар шаардсан байх бөгөөд нэхэмжлэгч өөрт оногдох хувиа авахаар нэхэмжилсэн байхад шүүх санаачилгаараа эд хөрөнгийг бүхэлд нь гаргуулж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргалаа. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт эд хөрөнгийн хуваарилалтын талаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.П-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү П.Г-ын сургалтын төлбөрт 49 537 346 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.А, П.М, П.Х, П.Г нар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Л.П хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг, “Найман тахил“ дэлгүүрийн орлогын 50 хувь 122 710 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Л.П, Б.А нар 1987 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж,  иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн, 1988 оны 03 дугаар сарын 15-нд хүү П.М, П.Х, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүү П.Г нарыг төрүүлсэн байна. Гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч Л.П гэр бүлийн дундын өмчийг хуваарилах талаар давж заалдах гомдлын агуулгын хүрээнд маргааны зүйл болсон 74 тоот 672 м.кв  газар түүн дээрх дэлгүүрийн зориулалттай байшинтай холбоотой гомдол гаргасан. Уг газар, байшинг  өөрийн, хувийн чадвараар бий болгосон гэдэг агуулгаар өөрт хуваарилуулахаар гомдлын үндэслэлээ заажээ.

Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 4 гудамж 74 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар 2014 оны 08 дугаар сарын  05-ны өдрөөс Л.П-ийн, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Б.А, П.М, П.Х, П.Г нарын нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Маргаж буй тус газар түүн дээр явуулж байгаа үйл ажиллагаа нь хариуцагчийн авъяас чадвар шаардах эсвэл хариуцагчид зориулж олгосон байдлаар хуваарилагдсан хөрөнгө биш байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А, П.М, П.Х, П.Г нарт энэ хөрөнгийг хуваарилан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 Шинжээчийн дүгнэлтээр 672 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн өнөөгийн зах зээлийн үнийг 201 600 000 төгрөг, газар түүн дээрх дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаа байшингийн зах зээлийн үнэлгээг 86 860 000 төгрөг нийт 288 460 000 төгрөгөөр үнэлсэн байхад анхан шатны шүүх дэлгүүрийн зориулалттай байшингийн үнэлгээ болох 86 860 000 төгрөгийг оролцуулахгүйгээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваарилсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

    Харин уг газар, дэлгүүрийн зориулалттай байшинг анх худалдан авсан үнэ болох 520 000 000 төгрөгөөр үнэлж хуваагдана гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн энэ үнэлгээ нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үнэ байсан бөгөөд гэр бүлийн дундын хөрөнгийг хуваахад тухайн үед бодитоор тогтоогдсон зах зээлийн үнэлгээгээр шийдвэрлэх учраас өмнөх гэрээний үнийн дүнгээр тодорхойлохгүй. Энэ үндэслэлээр дээрх эд хөрөнгийн үнэлгээг 520 000 000 төгрөгөөр тодорхойлогдох байсан гэсэн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй юм.

         Нэхэмжлэгч Б.А-гийн тайлбарт уг газар дээр байгаа дэлгүүрийн зориулалттай байшинг ашиглах боломжгүй болсон гэх байдал тогтоогдохгүй байх тул хөрөнгө биш гэж үзэх үндэслэлгүй.

          Хариуцагч Л.П нь давж заалдах гомдол гаргахдаа дурдсан 672 м.кв талбай бүхий хөрөнгийн 50 хувийг өөрийн эзэмшил ашиглалтанд хуваарилуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 122 710 000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж үзсэн учир энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээж аваагүй болно.

      Түүнчлэн тэрээр шүүх гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь гуравдагч этгээдийн буюу Ү.Х-гын эрх, ашиг сонирхолыг хөндсөн гэх байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн хөрөнгийн асуудлаар шүүх шийдвэр гаргаагүй.

      Нэхэмжлэгч гэр бүлийн дундын хөрөнгө болох 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнийг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх уг эд хөрөнгийг олгохоор шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч тал маргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ шийдлийг хэвээр үлдэв. Харин шүүхийн шийдвэрт 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийн тоог 22 гэж андуурч бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулан боломжтой.

          Давж заалдах гомдолд дурдсан дэлгүүрийн зориулалттай байшингийн үнэ 86 860 000 төгрөгийг гэр бүлийн дундын хөрөнгөнд оруулж тооцоход нийт хөрөнгийн дүн 1 035 254 000 /119 600 000+84 200 000+ 296 264 000+111 907 000+102 823 000+32 000 000+201 600 000+86 860 000/ төгрөгөөр тодорхойлогдож байна.

      Нийт  хөрөнгийн дүн болох 1 035 254 000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд хувааж, 1 хүнд ногдох хэмжээ 207 050 800 төгрөгөөс хариуцагчид хуваарилагдсан 203 800 000 төгрөгийг хасч тооцон, нэхэмжлэгч Б.А, П.Х, П.М, П.Г нараас 3 250 800 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Л.П-д олгох нь зүйтэй.

         Ийм учраас гэр бүлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд өөрөөр хуваарилах байсан гэх нөхцөл байдал тогтоогдоохгүй байх тул анхан шатны шүүх гэр бүлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд ногдох хэмжээгээр ижил тэнцүү хувааж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

         Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “22 ширхэг тоног төхөөрөмж” гэснийг “11 ширхэг тоног төхөөрөмж” гэж, “хариуцагч Л.П-оос 14 121 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д 3 530 300 төгрөг, П.Х-т 3 530 300 төгрөг, П.М-т 3 530 300 төгрөг, П.Г-т 3 530 300 төгрөгийг тус тус” гэснийг “нэхэмжлэгч Б.А, П.М, П.Х, П.Г нараас 3 250 800 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч Л.П-д” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгч нараас тус бүр 66 963 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.П-д олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 830 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                            ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА